2014-01-21

Уулын орой

Өндөр уулын орой руу гарахад маш их эрч хүч мэдрэгдэж би хязгааргүй аз жаргалд умбан улам их тэмүүлэлээр урагшилдаг. Түүний сүр хүч, ертөнцийн гоо сайханд мэхийн ёсолж, шагшин гайхширч уулга алдан, хэсэг бүрийг нь мэдэрч, уусан орохыг хүсдэг. 

Цасанд дарагдсан уулсын орой
Цаанаа л нэг сэвтээ нь үгүй тансаг
Үргэлжлэн буй давтагдашгүй үзэгдэл нь
Үнэхээр сэтгэлийн хөг аялгууг донсолгоно.


Дэлхий дээр ургасан мод

Эх дэлхий дээр түм түмэн моддод. Ургаж буй, унаж буй, цасанд дарагдсан ногоон гацуур, хатаж хорчийсон мөчир, биенээн түшиж салаалсан хос мод, шатаж түлэгдсэн хар мод, ховхорч гэмтсэн хус, ер бусын хэлбэр дүрс үүсгэсэн моднууд Богд-Уул руу өгсөх замаар тааралдана. Ижилхэн л мод, юуны учир ийм их ялгаатайн бол?

Газраас үндэслэн биежсэн хар том модноос салаалсан олон олон мөчир, мөчир бүр ч өөрийн хэр хэмжээгээр салбарлан тэнгэр өөд тэмүүлнэ. Модны орой дээрх мөчрүүд, модны хамгийн доор байрлах мөчрүүд урт, богино, өргөн, бүдүүн, нарны тусгал хүртэх, агаарын солбилцолд оролцох болон хүмүүсийн хайр энэрэл хүртэх өнцгөөрөө ялгарна. Нэг модноос ургасан олон мөчрүүд ч бас өөр. Хүртэх, мэдрэх, харах, сонсох хэлбэр нь ч өөр. Сайн төрлийг олж авсан мөчрүүд цаг хугацаанд үнэлэгдэн өгсөж, тэнгэрийн нэгэн хэсэгт уусан одохдоо дараагийн мөчрүүддээ байраа баяртай үлдээнэ. Тэр их ялалтын цуурай хангинан ирэхдээ ч эх дэлхийнхээ салхи, бороо, цас, аянга, шуурга гэх мэт сорилтуудыг даван гарч дараагийн төрөлдөө хүн төрхийг олдог мэт. 

Үндэс мод

Таныг инээж баяр хөөртэй байхад таны мод дэлгэрч,  өнгөө нэмэн байгаль дэлхийгээ баярлуулж байдаг. Таны уурлаж бухимдахад хэн нэгэн нь таны модны мөчрийг хугалж, шатаан сүйтгэж байдаг. Таны үндэс мод таны илэрхийлэл, дуу хоолойгоор амилж, таны хийсэн үйл хэргээр батжин бэхждэг. Хайрласандаа уйлахад бороо асгарч таны үндэс модыг тэтгэж, улам өндөрт нарны тусгал хүртээн, гомдож уйлахад дотроосоо үхэж, хүчтэй салхинд унахад бэлэн болчихдог.

2014-01-15

Үндэс цэцэг

Би хүсэлд умбасан далайн завь
Хүслийн түлхүүрээ хайж
Холын холыг зорьсон
Өөрөөсөөн алдуурсан гэнэн сэтгэл ээ. 


Учир юуг үл ойлгож
Удаан зогсож, бас гансарч суусан
Хувь тавилангийн оч хаана байдгыг олох гэж
Хүн зангаараа түшиж явсан мөрөөдөл.


Өөртөө зориулсан шүлэг

Энгийн даруу эгэл жирийн бүсгүй.
Итгэл, сэтгэл, өөдрөг үзэлтэй нэгэн.
Амьдралыг дэндүү олон өнгөөр хардаг болохоор
Алхам тутамд минь цэцэг ургаж байна гэж төсөөлдөг.

Гэрэлтэн цацрах солонгын долоон өнгийг
Гэнэн багын мөрөөдөлтэйгээн хамт
Гэгэлзсэн сэтгэлийн бяцхан ертөнцөөс
Гийн мишээсээр түгж байна гэж баярладаг.

Аз жаргалын элч гэж би өөрийгөөн тунхагладаг.
Амирлангуй оршихуйн тэнгэрлэг нэгэн бодь сэтгэлт.
Алс тэртээх ертөнцийн чинад дахь аялгууг эгшиглүүлсээр
Алагхан зүрхний цохилт бүрийн үнэ цэнийг мэдрүүлэх гэж би
Энэ ертөнцөд хүмүн биеийг олсоон.