2014-10-08

Дэлхийн боловсролын түүх 03

3. Эртний Египет
 
Одоогоос 5000 орчим жилийн тэртээд өнөөгийн Египетийн нутаг дэвсгэр дээр манай гаригийн хамгийн ууган соёл иргэншлийн нэг үүсэн бий болжээ. Энэхүү түүхэн баримт бий болохоос өмнө бие даасан улс төрийн жижиг байгууламжуудын ноёрхолоо тогтоох зорилготой бидэнд үл мэдэгдэх тэмцэл олон зуун жил үргэлжилсэн үргэлжилсэн байна. Энэ тэмцэл ойролцоогоор МЭӨ IY-III зуунд төгсгөл болж, 40 орчим жижиг улсууд нэгдэн Дээд Египетийн хаант улс, Доод Египетийн хаант улс гэсэн хоёр том төрт улс байгуулагджээ. Эцсийн дүндээ Дээд Египет нь Доод Египетээ өөртөө нэгтгэн нийт Египет даяараа нэг хаан буюу фараоны захиргаанд оржээ. Нэгдсэн Египетийн түүх нь 3000 орчим жилийг хамарсан маш урт хугацааг эзэлдэг. Шинжлэх ухаанд тогтсон үечлэл ёсоор Египетийн түүхийг Эртний хаант үе, анхны шилжилт, Дундад хаант үе, хоёрдахь шилжилт, Шинэ хаант үе, сүүл үе хэмээн ангилдаг. МЭӨ 332 онд Египет Македоны Александрийн захиргаанд орж, МЭӨ 30 онд Ромын эзэнт гүрний нэг муж болсон байна. Ингэснээр үе залгамжилсан шинж Египетийн түүхийн үечлэлд төдийгүй мөн түүний соёлын түүхэд үргэлжилсэн байна. 

Дэлхийн боловсролын түүх 02

2. Эртний Рим

2.1. Эртний Рим дэхь сургалт, хүмүүжлийн тогтолцоо
Римийн төрт ёс тогтнож байсан эхний 2 зуунд боловсролын ямар тогтолцоо оршиж байсан талаар мэдээ түүхэнд үлдээгүй байна. Сургууль, сургалтын тухай анхны мэдээ МЭӨ 449 оны үед хамаарах бөгөөд залуу Вергиний өдөр бүр асрагчаа дагуулан сургуульд явж байсан тухай тэмдэглэгдэн үлджээ. Камилла хааны үед Италийн жижиг хотуудад баян иргэдийн хүүхдүүд суралцдаг сургууль ажиллаж байсан байна.

Тухайн үеийн римчүүдийн хүмүүжлийн тухай төсөөллийг өөрийн хүүг Катон хэрхэн хүмүүжүүлж байсан тухай өгүүлсэн Плутархийн зохиолуудаас олж үзэж болно. Катонд мэдлэг боловсролтой боол байсан бөгөөд тэрээр хүүхдүүдийг сургах үүрэгтэй байсан боловч Катон түүнд өөрийн хүүгээ сургах ажиллагааг итгэж өгөөгүй байна. Тэрээр хүүгээ хүмүүжүүлэх ажлыг өөртөө хүлээж, түүнийг бичиг үсэг, эрх зүйд сурган биеийн тамираар хичээллүүлж байжээ. Тэрээр хүүдээ зориулж олон дэвтэр дүүрэн зүйл бичжээ. Гэхдээ өөрийн үлгэр жишээгээр гүнзгий нөлөөлж байв. Тэр жишээнд нь морь унах, зэвсэг хэрэглэх, тэмцэх, гол хэрхэн гатлах, халуу, хүйтнийг хэрхэн тэсвэрлэх зэрэг орж байсан нь жинхэнэ рим хүн болон төлөвшихөд шууд нөлөөлж байв. Хүмүүжлийн ийм практик тогтолцоо тэр үеийн язгууртан римчүүдэд түгээмэл байжээ. Хэрэв тухайн хүүхэд эцэггүй байсан ч хүмүүжүүлж, чиглүүлэх ахмад насны хэн нэгэн заавал олдоно. Хөвгүүд эцгийн бүрэн хяналтан дор өсөж, торнино.         

Дэлхийн боловсролын түүх 01

Нэг. Эртний үе
1. Эртний Грек

1.1. Афины хүмүүжил
Эртний Грект бүр анхнаасаа хүүхдийн хүмүүжилд ихээхэн анхаарал тавьж байв. Афин дахь хүмүүжлийн гол зорилго оюун ухаан, гоо зүй, бие бялдрын хөгжилтэй, биеийн гоо сайхныг ёс суртахууны сайн үйлтэй хослуулсан Афины чөлөөт нийгмийн хүнийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байжээ. Бүр МЭӨ Y зуун гэхэд Афины чөлөөт иргэдийн дунд бичиг үсэг мэддэггүй хүн алга байв. Энэ үед гэрийн сургалт сургууль уруу шилжиж, Хөвгүүд өөрийн “багшийн” (итгэлтэй боолуудын) хяналтан дор грамматист, кифарист, палестр сургуульд явах болов.

Грамматист сургуульд хөвгүүд эрдэм мэдлэгийг ивээн тэтгэгч охин тэнгэрийн хөргөн дор уншиж, бичиж, тоолж сурдаг байв. Сургуульд гол төлөв лааны тосон самбар болох диптих хэмээн нэрлэдэг ном шиг нээгддэг нэг талаар нь нугалсан холбоотой хоёр самбарыг ашиглаж байжээ. Энэ самбарын дотор талд лааны тос түрхээд түүн дээрээ төмөр саваагаар үсэг, тоо бичих ба түүнийгээ амархан арилгадаг байв. Бичиж дуусаад самбараа хоёр нугалан эвхэх нь хялбар байсан байна. 

2014-09-08

Талархал

Өнгөрсөн цаг хугацаа минь таньдаа баярлалаа, та бол миний өнөөдөр өгсөхөд түших шат минь боллоо. Та бол агуу туршлагын надад олдсон дурсамжийн хуудасны минь нэгэн хэсэг билээ. Таны буй нь миний оршин буйн үндэс, мөрөөдлийн минь түлхүүрийг тайлж, ирээдүйд хурдан хүргэх галт тэрэг мэт чин их хайр халамж юм. Таны өмнө мэхийн ёсолж, өнгөрсөнг минь цэвэрхэн байлгаж өгсөнд талархая. Ирээдүй минь ч таны ачаар намайг үргэлж гэгээлэг сайхнаар угтан авна гэдэгт итгэнэм. Та миний нэгэн хэсэг билээ. Танд талархаж буй сэтгэлийн илэрхийлэл ирээдүйд хийж, бүтээсэн бүхнээр минь илрэн гарах болно.

2014-06-11

Эрх чөлөөнийхөө төлөө асгартал уйлсан

Аз жаргал өөрт минь байдаг. Бид өөрт байгаа зүйлээ мэддэггүй, учир нь түүнийг бусад зүйл шиг өмнөөн дэлгэж үл болно.

Тиймээс байгаа мөртлөө байдаггүй. Би аз жаргалтай байна уу гэж хэн ч асуудаггүй, гуниг бидэнд байгаа бүхнээ мэдэх боломж олгодог. Хэтэрхий жаргалд хүн юу ч үгүй байдаг. Харцанд нь хүртэл хайр алга болчихдог. Харин өөрийнхөө бүтээсэн бүхний өмнө өөрийгөөн бүтээсэн бүхнийг өвдөг сөхрүүлдэг.

Тэр бардам зан хаана байна, цагтаан ирж үнэлэмжээн өсгөхгүйн бол бид чамаар гоёх хэрэг байна уу.

Зөндөөн их уйлсан яады. Яг л бороо шиг, ус шиг урссан. Худлаа хэлэхгүй ээ. Гунигаан нулимс болгон урсгах сайхан юм байна лээ. Гудамжинд би санаад нүдэндээ нулимстай алхсан яады.

Урсах ёстой зүйлийг хадгалах сав байсан бол ч яахав
Урсаад ундраад хөглөгддөг хүмүний заяагаа мэдрий л дээ.
Гоё байсан, дараа нь би өөрийгөө шоолсон.

Хохо хохо, чи хэн бэ, үүхаха
Утгатай мэт урсах нулимстай үг гэж байх юм аа
Уяраахдаа халигуулдаг сайхан бүхэнд нугасгүй дурладаг
Сэтгэлээ би яагаад дандаа нуух ёстой гэж

Чадахгүй ээ, сэтгэлдээ ч бас эрх чөлөөтэй баймаар байна, намайг өөрт минь бүү хүлэх гэж оролд
Одоо чадахгүй, өмнө чадсан бүхэн гайхах хэрэггүй ээ.

2014-02-13

Амьдралын зураг зурахыг хүсэх л байх ...

Амьдралыг ойлгох гэсэн бяцхан зүрхэнд ийм л гэрэл тусч, ийм л гэрэл гэгээнд тэмүүлж, ийм л сэтгэлийн үрийг тарих гэж, буй болгосон бүхэндээ жаргал цуглуулж, буй болох бүхэндээ гэрэл нэмэх гэж хичээж явна.

Зөв буруу зөндөө л бий
Зүгээр л сэтгэлээс урсах
Зүгээр л хэдхэн үгсийн хэлхээгээр
Зүрхээн чөлөөлж, сэтгэлээн илэрхийлэх гэж оролдлоо. 

Яруу сайхан үгийн урлагт шунан дурладаг ч
Ямар би шүлэг бичиж чадах биш дээ
Яахав ээ, зүрхний гүнээс нууцхан эгшиглэх
Сэтгэлийн аялгуу хөглөгдсөн, энэ биз ээ.

2014-02-11

Би өөрийнхөө бүх зүйлд хайртай



Би өөрийнхөө бүх зүйлд хайртай
Аз жаргал, гуниг харуусалд хайртай
Алдаа бүрийнхээ дараа ухаарч сэргэдэг сэтгэл зүрхэндээ хайртай
Амьдрал таны бүтээсэн бүхий л орчлонд хайртай

Эхэлж буйгаас үхэж, сэхэж, цэцэглэх энэ ертөнцөд дуртай
Эгэл хүмүн таны инээж, уйлж, үдэх хүртэлх сэтгэлийн гоо сайханд дуртай
Инээмсэглэн буй хүүхэд бүрийн гэнэн цайлган сэвтээ нь үгүй бүхэнд дуртай
Эрхлэж тоглох хөөрхөн бяцхан амьтан бүрт дуртай

2014-01-21

Уулын орой

Өндөр уулын орой руу гарахад маш их эрч хүч мэдрэгдэж би хязгааргүй аз жаргалд умбан улам их тэмүүлэлээр урагшилдаг. Түүний сүр хүч, ертөнцийн гоо сайханд мэхийн ёсолж, шагшин гайхширч уулга алдан, хэсэг бүрийг нь мэдэрч, уусан орохыг хүсдэг. 

Цасанд дарагдсан уулсын орой
Цаанаа л нэг сэвтээ нь үгүй тансаг
Үргэлжлэн буй давтагдашгүй үзэгдэл нь
Үнэхээр сэтгэлийн хөг аялгууг донсолгоно.


Дэлхий дээр ургасан мод

Эх дэлхий дээр түм түмэн моддод. Ургаж буй, унаж буй, цасанд дарагдсан ногоон гацуур, хатаж хорчийсон мөчир, биенээн түшиж салаалсан хос мод, шатаж түлэгдсэн хар мод, ховхорч гэмтсэн хус, ер бусын хэлбэр дүрс үүсгэсэн моднууд Богд-Уул руу өгсөх замаар тааралдана. Ижилхэн л мод, юуны учир ийм их ялгаатайн бол?

Газраас үндэслэн биежсэн хар том модноос салаалсан олон олон мөчир, мөчир бүр ч өөрийн хэр хэмжээгээр салбарлан тэнгэр өөд тэмүүлнэ. Модны орой дээрх мөчрүүд, модны хамгийн доор байрлах мөчрүүд урт, богино, өргөн, бүдүүн, нарны тусгал хүртэх, агаарын солбилцолд оролцох болон хүмүүсийн хайр энэрэл хүртэх өнцгөөрөө ялгарна. Нэг модноос ургасан олон мөчрүүд ч бас өөр. Хүртэх, мэдрэх, харах, сонсох хэлбэр нь ч өөр. Сайн төрлийг олж авсан мөчрүүд цаг хугацаанд үнэлэгдэн өгсөж, тэнгэрийн нэгэн хэсэгт уусан одохдоо дараагийн мөчрүүддээ байраа баяртай үлдээнэ. Тэр их ялалтын цуурай хангинан ирэхдээ ч эх дэлхийнхээ салхи, бороо, цас, аянга, шуурга гэх мэт сорилтуудыг даван гарч дараагийн төрөлдөө хүн төрхийг олдог мэт. 

Үндэс мод

Таныг инээж баяр хөөртэй байхад таны мод дэлгэрч,  өнгөө нэмэн байгаль дэлхийгээ баярлуулж байдаг. Таны уурлаж бухимдахад хэн нэгэн нь таны модны мөчрийг хугалж, шатаан сүйтгэж байдаг. Таны үндэс мод таны илэрхийлэл, дуу хоолойгоор амилж, таны хийсэн үйл хэргээр батжин бэхждэг. Хайрласандаа уйлахад бороо асгарч таны үндэс модыг тэтгэж, улам өндөрт нарны тусгал хүртээн, гомдож уйлахад дотроосоо үхэж, хүчтэй салхинд унахад бэлэн болчихдог.

2014-01-15

Үндэс цэцэг

Би хүсэлд умбасан далайн завь
Хүслийн түлхүүрээ хайж
Холын холыг зорьсон
Өөрөөсөөн алдуурсан гэнэн сэтгэл ээ. 


Учир юуг үл ойлгож
Удаан зогсож, бас гансарч суусан
Хувь тавилангийн оч хаана байдгыг олох гэж
Хүн зангаараа түшиж явсан мөрөөдөл.


Өөртөө зориулсан шүлэг

Энгийн даруу эгэл жирийн бүсгүй.
Итгэл, сэтгэл, өөдрөг үзэлтэй нэгэн.
Амьдралыг дэндүү олон өнгөөр хардаг болохоор
Алхам тутамд минь цэцэг ургаж байна гэж төсөөлдөг.

Гэрэлтэн цацрах солонгын долоон өнгийг
Гэнэн багын мөрөөдөлтэйгээн хамт
Гэгэлзсэн сэтгэлийн бяцхан ертөнцөөс
Гийн мишээсээр түгж байна гэж баярладаг.

Аз жаргалын элч гэж би өөрийгөөн тунхагладаг.
Амирлангуй оршихуйн тэнгэрлэг нэгэн бодь сэтгэлт.
Алс тэртээх ертөнцийн чинад дахь аялгууг эгшиглүүлсээр
Алагхан зүрхний цохилт бүрийн үнэ цэнийг мэдрүүлэх гэж би
Энэ ертөнцөд хүмүн биеийг олсоон.