2013-02-07

Далай ламын сургаал - Эерэг оюуны хандлага

Николас Врийланд, “Нээлттэй зүрх” номноос
 орчуулсан Ц.Хулан
 
Эерэг оюуны хандлага
Аливаа хүн аз жаргал, сайн сайхныг эрэлхийлж, зовлон зүдгүүрээс ангид явахыг хүсдэг нь хүний төрөлх чанар мөн билээ. Ийм ч учраас хүний амьдралын зорилго нь энэхүү аз жаргалыг олж авах ч гэж хэлж болно. Хүн бүрт өөрийн дотоод амар амгаланг бий болгох адилхан чадвар байдаг бөгөөд энэ чадвараараа амьдралын аз жаргал, баяр баясгаланг олж авч чадна хэмээн би итгэдэг.
 
Бид баян уу ядуу юу, боловсролтой юу боловсролгүй юу, хар арьстан уу цагаан арьстан уу гэдгээс үл хамааран бидэнд аз жаргалаа өөрөө бий болгох чадвар бий. Өөрөөр хэлбэл хүмүүн төрөлхтөн бид оюун ухааны хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч ав адилхан юм. 
 
Давтан хэлэхэд, бидэнд бүгдэд маань санаа сэтгэлийн зовиураа ялж, өөрийн дотоод хүч чадал, амар амгаланг авчрах эрч хүч заяасан байдаг. Ийм учраас өөрийнхөө энэхүү хүч чадлыг ойлгон мэдэрч, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх нь хамгаас чухал билээ. Заримдаа бид юмны сөрөг талыг олж хараад итгэл найдвар маань багасдаг. Энэ бол нөгөө сэтгэлийн зовиур, сөрөг оюуны хандлага маань биднийг дийлээд байна гэсэн үг юм.
 
Хэрхэн аз жаргалд хүрэх талаар та бүхэнд санал болгох ямар ч ид шид надад байхгүй гэдгийг хэлмээр байна. Хэрвээ хэн нэгэн хүнд ийм ид шидийн хүч байх бөгөөс би ч гэсэн тэр хүний тусламжийг гуймаар байна. Ний нуугүй хэлэхэд би ч гэсэн иймэрхүү ер бусын далдын хүчинд үл итгэгч билээ. Гэхдээ уйгагүй хичээл зүтгэл, оролдлогын хүчээр бид оюун санааны хандлагаа өөрчилж чадах бөгөөд энэ нь бидний амьдралыг аз жаргалтай болгож өөрчилж чадна гэдгийг хэлмээр байна.
 

2013-02-03

Өөдрөг явах 25 зарчим - 6-10

6
Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.
Үнэхээр боломжгүй, амжихгүй бол үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрийнхөө болон найзынхаа цагийг үрж, үл итгэлцэл үүснэ. Мөн чухал ажилтай үед бусад жижиг зүйлүүдээс татгалзаж, үндсэн ажилдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингэснээр та мөрөөдөл, хүсэлдээ хөрөнгө оруулалт хийж, ахиц дэвшил гаргах болно. Мэдээж сайхан сэтгэл, хүн чанар бол маш сайн хэдий ч цагаа олоогүй, үр дүнгүй нөхцлүүд нь хий хоосон цаг үрэхээс хэтрэхгүй тэр цаг хугацаандаа л үлдэн мартагдана. 

7
Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.

Өөдрөг явах 25 зарчим - 1-5

1
Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд, өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан, бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. 

Хүссэн зүйлээ хийж эхлэхийн өмнө сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Би үүнийг хийж чадна гэж эхлэсэн зүйл тань, буруу төлөвлөлтөөс болж бүтэлгүйтвэл сэтгэл санаагаар унаж, өөртөө итгэх итгэлээ алдан гонсойх болно. Энэ нь тийм ч хүсэх зүйл биш, эрч хүчээ алдана гэдэг нь эрсдэл юм. Хийх гэж буй зүйлээ эхлээд судлан, дараа нь түүнийгээ хэрхэн хийх талаар төлөвлөгөө гарга. Мөн бусдын хийхийг ажиглан харж, яаж хийвэл илүү үр дүнтэй, цаг хугацаа хэмнэх вэ гэж дүгнэн, өөрийн арга барилд тохирох хэлбэрийг сонгох хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт хэн нэг нь гарч ирэн таны хүслийг биелүүлнэ гэж битгий зүгээр суу. Тухайн зүйлийнхээ талаар мэдээлэл цуглуулж, хийж үзэх гэж хичээвэл үр дүн нь заавал гарна. Хамгийн гол нь та уйгагүй хөдөлмөрлө. Зүгээр л суух юм бол таны хүсэл хий хоосон зүйл болон үлдэнэ. Тиймээс үргэлж эрэл хайгуул хийж, хүссэн зүйлийнхээ үр дүнг үзэхэд цаг зориул.

2
Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.

2013-01-28

Миний худалдаж авсан нөхөр №12

Тэр толгойгоо гудайлгаж гарыг маань үнсээд 
- Яв даа одоо, чи миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл байсан шүү!, Ирина." гэж доор дуугаар шивнэсэн. Тэр толгойгоо өргөж нүд рүү маань хараад
- "Надад эцсийн удаа ганц ч гэсэн юм хэлэхгүй юм уу?" гэхэд нь би түүнийхээ нүд рүү нь харж байгаад хамаг сэтгэлээсээ нэг л хариулт хэлсэн."Би чамайг хайрласан шүү, Гэнри!" Гэнри гарыг маань дахин үнсээд 
- "Би жаргалтай байх болноо. Гэхдээ хэзээ ч тэр эмэгтэйтэй учраагүй байсан ч болоосой гэж хүсэх үе ч надад ирнэ. Амьдрал чинь хатуу шүү дээ" гэж сул дуугаар шивнэлээ.
- "Тийм ээ Гэнри!" гэж би товчхон хариулсан.

Гэнри намайг өргөж үнсэж билээ. Түүний уруул нь миний уруул дээр, харин 2 гар маань түүний хүзүүг ороосон байсан. Хэзээ энэ хамгийн сүүлчийн удаа байсан ч ямар ч гэсэн болсон юм. Одоо хэн ч надаас тэр хормыг булааж авч чадахгүй. Гэнри надтай хамт гадаа гарлаа. Би хөлсний тэрэг дуудаж дотор нь суугаад, цонхоор нь харахад тэр довжоон дээр зогссоор л байсан юм. Зөөлөн салхи үсийг нь үлээж, харин тэр хөшсөн адил зогсож байсан. Ингэж би хамгийн сүүлчийн удаа түүнийг харсан юм. Нүдээ аниж нулимсаа залгиад хичнээн ч явсан юм бүү мэд. Ямар ч гэсэн нүдээ нээхэд маань такси аль хэдийн буудал дээр ирж зогссон байлаа. Би мөнгөө төлж, цүнхээ аваад галт тэрэг рүү явав.

Миний худалдаж авсан нөхөр №11

Тэр орой Ноён Барнс намайг дуудлаа. Тэр сүүлчийн нэг сар хотоос гадуур байсан бөгөөд дөнгөж өнөөдөр л буцаж ирсэн байлаа. Тэгээдхамаг юмыг сонсчээ.
- "За Ирина минь би маш сонин юм сонссон. чи надад тэр тухай ярих уу?" гэж тэр хоолойгоо чичрүүлэн байж хэлж билээ.
- "Яасан гэж Ноён Барнс. Ямар ч сонин хачин юм энд байхгүй гэж би бодож байна. Би саяхан Гэнриэс салсан." гэж би тайвнаар хариулсан. 
- "Гэхдээ. ммм... Энэ бүгд нээрээ чиний буруугаас болж гэж үү? Чи үнэхээр буруутай юм уу?"
- "Хэрвээ та үүнийг гэм буруу гэж дуудмаар байвал тэг л дээ. Би Гералд Грэйд хайртай. Тэгээд л тэр."Ноён Барнсийн царай нь эхлээд улаан, дараа нь хөх дараа нь цав цагаан болов. Тэр удаан дуугүй зогссоны эцэст
- "Чи нөхөртөө хайргүй юм уу?" гэж асуусан.
- "Та Гэнри Стаффордын тухай ярьж байна уу? Тэр одоо миний нөхөр байхаа нэгэнт больсон. Тэгээд ч би түүнд хайргүй.
- "Ирина..." гээд тэр цааш нь үргэлжлүүлэх гэсэн боловч нэг л болж өгөхгүй байгаа нь илт. "Ирина. энэ бүгд үнэн байж яасан ч таарахгүй. Чамайг ийм юм хийгээгүй гэдгийг чинь би хүн бүрт хэлнэ.

Миний худалдаж авсан нөхөр №10

Яг энэ мөчид Гэнри дээшээ хамаг хурдаараа гүйж ирэн хаалга тогшиж
- "Яасан, юу болов?" гэж хамаг байдагаараа хашхирав.
- "Зүгээр ээ! Би хулгана хараад" гэж аль болох тайван дуугаар хэллээ.

Би хөдлөхийг оролдсон ч газар хөлийн маань доор эргэлдээд болсонгүй. Доошоогоо л унаад байсан. Өрөөг маань хурднаар эргэлдэх хар утаа бүрхсэн мэт. Би уналаа. Хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бүү мэд, нүдээ нээхэд маань би газар хэвтэж байлаа. Өрөө хав харанхуй, бас нилээд жихүүн байх аж. Цонх онгорхой, хөшиг нь салхинд зөөлөн тийрүүлж хөдлөнө. "Би чинь ухаан алдчихсан байжээ." гэж би өөртөө хэлээд хөл дээрээ босохыг оролдов. Өвдөг маань хугарчихсан юм шиг өвдөж  өөрийн эрхгүй дахин газар уналаа. Би тэгээд газар хэвтэж байгаа түүний зургийг харлаа. Цахилгаан биеэр маань гүйгээд өнгөрсөн.

Миний худалдаж авсан нөхөр №09

"Тийм ээ, Грэй, ингэсэн нь ч дээр байсан юм" гэж би чимээгүйхэн хэлсэн. Бид 2 буцаж ширээндээ суун, чимээгүйхнээр хоолоо идэж дуусгалаа. Миний бүх ухаан санаа тогтуун тайван байлаа. Би инээмсэглэн ярьж хажуугаар нь зөөлхөн сээтэгнэж байсан тул Грэй нөгөө ичгэвтэр явдлын тухай нэг их санаа зовж байгаа янзгүй сууна. 10.30-ын үед би түүнийг гэрт маань хүргэж өгөхийг хүслээ. Тэр ингэж түргэн салах болсондоо сэтгэл дундуур байгаа нь илт боловч юм хэлсэнгүй эелдэгээр машиндаа суулган гэрт маань хүргэж ирлээ. "Хоёулаа удахгүй дахиж уулзана биз дээ?" гэж гарыг маань атган байж асуув. "Тэгэлгүй яахав. Тун удахгүй, ойр ойрхон уулзах болно." гэж намайг хариулахад Грэй баяр хөөрөөр дүүрэн яваад өгөв. Би гэртээ орж ирлээ. Хичнээн ч удсан юм бүү мэд ямар ч гэсэн би хөдлөлгүй удаан зогсов. Бүх юм нэгэнт ард хоцорчээ. Би Гэнригийн ажлын өрөөнд нь орлоо. Газар хэвтэх хэдэн цаасыг авч ширээн дээр, өрөөний голд тавьсан сандлыг байранд нь тавив. Буйдан дээрхи дэрнүүдийг засч дараа нь Гэнригийн ширээн дээрх зураг төсөл гэх мэт зүйлсийг янзлав. Түүнийг шугам, гортиг, бусад хэрэглэл нь газраар нэг тарж.

Миний худалдаж авсан нөхөр №08

Яг л миний хүлээж байснаар. Гэхдээ орж ирсэн хүн нь Гэнри биш Клэйр байлаа. Тэр ганцаараа орж ирэв. Цул хар өнгөтэй сатин даашинз нь түүний биеийг зөөлнөөр ороожээ. Толгой дээрээ тавьсан гоёмсог алмаазан зүүлт нь гялалзаж, сайхан мөрөн дээгүүр нь гялалзах чулуунууд гүйх нь дуу алдмаар үзэсгэлэнтэй. Клэйр орж ирмэгцээ тээнэгэлзэж танхимыг тэр чигт нь гүйлгэн харав. Гэнриг ирээгүйг мэдмэгцээ уруул нь уураа дааж ядсан бололтой чичирч байна. Гэвч яая гэхэв тэр танхимыг туулаад нэг ширээнд очиж суув. Түүний суусан ширээ нь миний байрлалаас сайн харагдаж байлаа. 9.15... Том шилэн хаалга онгойх нь улам л олширч костюмтай залуус, үслэг эдлэл даашинз болсон хүүхнүүд чимээгүйхэн орж ирж шуугилдах олонтой нийлж байв. Би хаалганы өмнө дэвссэн зөөлөн хивсэн дээгүүр эцэсгүй мэт урсах ширэн гутал, мөнгөлөг шаахайнуудын урсгалыг ширтэж суулаа. Ядаж байхад ямар олон хүн орж гарсан гэж бодно, тэр хаалгаар. Хаалга нээгдэхийг сонсох бүрт хүйтэн айдас нуруу руу минь шургаж өвдөг рүү маань урсаж байлаа. Гэвч би хаалга руу харалгүй нэг ч хором сууж чадаагүй юм. "Болгоомжтой, Хатагтай Стаффорд" гэж Грэйн хэлэх нь зүүд зэрэглээ шиг хол сонсогдов. Учир нь би барьж байсан усаа даашинз руугаа асгачихаж. Би гэхдээ тоосон ч үгүй аяган дахь мөснөөс нэгийг авч ам руугаа хийлээ. Грэй над руу гайхал дүүрсэн нүдээр харж байсан юм.

Миний худалдаж авсан нөхөр №07

Гэнри Клэйрийг ширтэн хэсэг зогссоноо түүн рүү нэг алхам ойртов. Түүний цайж цонхийсон нүүрнээс нь ялгаран харагдах уруул нь хаалганы нүхээр харж буй надад хүртэл харагдахаар чичирч байлаа."Яв даа!" гэж тэр хачин хахирган дуугаар шивнэв. Тэгэхэд нь Клэйр нүдээ том болгон бүрэн нээхэд, түүний өөрөөсөө хүртэл нуух гэж ядсан хүслэн, омог бас асар эмзэг сэтгэл нь харагдаж байлаа."Гэнри..." гэж хэлэхэд түүний хоолой нь яагаад ч юм бие шигээ үзэсгэлэнтэй сонсогдоно. "Хатагтай Клэйр..." гэж Гэнри арай ядан хэлээд хойш ухрав. Клэйр түүн рүү дөхөнгөө 

"Гэнри... Чи ингэж 2 биенээ зовоох ямар хэрэг байгаа юм бэ?... Би чамд хайртай... Чамтай л байхыг хүсч байна" гэж хэлж байна. 

Гэнри үг ч дуугарах сөхөөгүй байхыг харсан Клэйр дуугаа өндөрсгөн муухан инээмсэглэж "Чи надад хайртай гэдгийг бид 2 хоёулаа сайнаас сайн мэдэж байгаа шдээ. Чи арай үгүй гэхгүй биз дээ?" гэж хэлэв. Гэнригийн нүдэнд зовлон тарчлал илээс ил харагдаж байхыг нь би удаан харж тэсэмгүй байлаа.

Миний худалдаж авсан нөхөр №06

Тэр дотроо хичнээн их зовж байсан ч ганц ч үг дуугарсангүй. Зүрх зүссэн тэр өдрүүд намайг бас шууд зүгээр орхисонгүй. 


Тэр юу вэ гэхээр Гералд Греи Англи язгууртан залуу байлаа. 30 эргэм насны, дэгжин, сайхан хувцасладаг, ихэмсэг, эелдэг, сээтэгнэхээс өөр мэргэжил байхгүй тэр залуу манай хотод зочилж ирсэн байлаа. Манай хотын олон бүсгүйчүүд түүнд дурласан. Харин тэр яагаад надад тэгж их татагдаад байсныг нь би мэдэхгүй ч тэр дургүйцлийг минь үл ойшоон над руу залгаж ярилцах гэж оролдсоор байлаа. Өглөө сэрэх бүртээ одоо л Гэнригийн үгийг дуулах болов уу гэж горьдсоор босч ирдэг байсан тэр өдрүүдэд надад тэр залуу бас л нэг ачаа болж байлаа. Би Гэнрийг тэр тухайгаа ярих болов уу гэж удаан хүлээсэн. Гэвч тэр юу ч хэлсэнгүй. Клэйр Гэнритэй уулзах бүх нүх сүвийг хайж эрэлхийлж байсан боловч тэр Клэйртэй уулзаж болох бүх л боломжуудаас зайлсхийж байлаа. 

Миний худалдаж авсан нөхөр №05

Тэр орой Клэйр Гэнри 2 хэнээс ч илүүтэйгээр бүжиглэв. Клэйр нуруу нь ил гарсан даашинз өмссөн байсан бөгөөд би Гэнригийн гар түүний торгон зөөлөн арьсанд үе үе хүрээд байгааг ажиглаж байв. 

Гэнригийн нүд рүү ямар ч саадгүй ширтэх тэр хар сормууст нүд намайг гайхшруулж билээ. Ширээн дээр хүртэл тэр хоёрыг нэг нэгэнд нь ойрхон суулгажээ. Yдэшлэгийг зохион байгуулагчид Клэйрийг баярлуулахыг хүссэн нь тэр байлаа.Yүний дараагаар Гэнри Клэйрийн очсон нэг ч үдэшлэгийг алгасангүй. Тэр түүнийг машинаар дагуулан явж, түүний амьдардаг хамаатных руу нь хүртэл утасддаг байв.

Миний худалдаж авсан нөхөр №04

Би түүний амьдралыг нь романс болгож чадсан. Би амьдралын өдөр хором бүрийг өөр өөр, сэтгэл хөдлөм болгож чадсан. Гэр маань амарч, идэж унтдаг газар бус, тэр маань тэмцэж, хожиж, эзлэн авах тоглоомыг тоглодог сэтгэл хөдөлгөсөн ордон байлаа. 

"Чам шиг бүсгүйг бүтээх гэж хэн бодож олдог байна аа, Ирина." 

гэж тэр маань заримдаа хэлдэг байв. "Миний амьдарч байгаа нь зөвхөн чиний хүчээр юм шүү дээ" гэж хэлээд миний мөр хүзүүг маань гал халуун үнсэлтээр төөнөдөг байлаа. Би түүнд хэзээ ч сэтгэлээ бүхлээр нь үзүүлж байгаагүй юм. Эр хүн бүсгүй хүний бүх амьдрал гэдгийг мэдээд хэрэггүй байдаг юм. Гэхдээ л Гэнри үүнийг мэдэрдэг байсныг нь би мэднэ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа биднийг үл ойшоосон өнгөөр угтсан хотынхон маань арай эелдэгээр хандаж эхлэв. Гэхдээ тэмцэл, хөдөлмөр, ганцаардлаас өөр зүйлгүй байсан эхний хэдэн жилүүдэд би ганцаархнаа л Гэнриг хөтөлж явсан юм. Тэр жилүүдэд түүнд надаас өөр хэн ч байгаагүй гэдгийг ам бардам хэлнэ. Манай гэрээр байнга ирдэг зочдын нэг нь миний сайн анд ноён Барнс бөгөөд тэр бидний амьдралыг анхааралтай ажиглаж, бидний үл бүтэх аз жаргалыг гайхдаг байв. Нэг удаа тэр "Ирина, хэрвээ тэр чамд хайртай байхаа больчихвол яах вэ?" гэж асуусан юм. Би хамаг хүчээ гарган байж "Дахиж наад тухайгаа битгий дурс, зарим юмнуудыг ярих ч хэрэггүй дэндүү муухай байдаг юм" гэж хэлж билээ. 

Миний худалдаж авсан нөхөр №03


Гэсэн ч би түүний нүдэнд нь асар хүчтэй хайр хэвээрээ байсныг олж харсан. Тийм учраас явах тухай бодсон ч үгүй. Би түүний хөлд нь сууж “Гэнри Гэнри… Би чамгүйгээр амьдарч чадахгүй шүү дээ… чадахгүй” гээд уйлж байлаа. Гэхдээ л түүнийг намайг сонстол нь бас л зөндөө удсан… Гэхдээ цөхрөл ямагт замаа олдог юм билээ… Эцсийн эцэст тэр бууж өгсөн юм. 
Тэр гэнэт намайг тэвэрч нүүрийг минь нулимс, үнсэлт хоёроороо будаад “Тэгнээ… Ирина. тэгнэ” гэж хэлээд чичирч билээ.
 

Түүний их хайр нь бүгдийг нь дуусашгүй их сэтгэл хөдлөлөөр дүүргэсэн байлаа. Манай бяцхан хотынхны гайхшрал Гэнригийн дампуурлаар дууссангүй. Тэд бид хоёрын тухай дуулахдаа ёстой нэг дэлбэрэх шиг болж байлаа. Эхлээд түүнд хэн ч итгэсэнгүй. Итгэх ч аргагүй байсан юм чинь. Тэд бүгд намайг галзуу солиотой мэтээр бодож байв. Би хайрандаа галзуурчихсан байсан юм. Хатагтай Хью хүртэл над дээр гүйж ирээд “Чи чинь галзуураа юу?

Миний худалдаж авсан нөхөр №02

Амьсгалж ч чадахгүй, тэр хурц наранд байхдаа би өмнөө байгаа залуугаас өөр юуг ч мэдрэхгүй байж билээ. Дараа нь хэн хэндээ юу ч хэлэлгүйгээр савлуурын хамгийн өндөр цэгээс хамаг хурдаараа үсрэн буусан. Газарт унахдаа бид 2 гар хөлөө бяцхан шалбалсан боловч тэр тухай хэн маань ч бодох сөхөө байсангүй. Тэр намайг тэвэрч савлуур дээр байхад ч мэдрэгдээгүй тэр их галзууралтайгаар үнссэн юм. Энэ нь бидний анхны удаа үнсэлцэж байсан явдал биш боловч, би тэр үнсэлтийг хэзээ ч мартахгүй. Түүний гарт байгаагаа бодохоор би бараг ухаан алдчихаж байлаа. Би түүнйи мөрийг чанга гэгч нь базаж (урт хумс маань цусийг нь гартал хүчтэй базсан байлаа.) түүнийгээ үнссэн. Дараа нь хүзүүг нь... цамцных нь онгорхой заханд хүртэл үнссэн... Тэр үед бидний бие биендээ хэлсэн ганц л үг нь түүнээс гарсан байлаа... 

Зөөлхөн шивнээ... "Yүрд ийм байна гэж хэлээч... Ирина... Yүрд".

Дараагийн өдөр тэр ирсэнгүй. Yдэш хүртэл сэтгэлээ чилээн хүлээлээ. Байхгүй. Дараагийн өдөр нь ч бас тэр үзэгдсэнгүй.

Миний худалдаж авсан нөхөр №01

Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм...


Зөвхөн чив чимээгүй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахын тулд магадгүй энэ хорвоо дээрхи ямар ч бүсгүй туулж гараагүй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо- би ярьж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь утгагүй ч гэсэн надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг үлдээгүй байгаа.