2014-02-13

Амьдралын зураг зурахыг хүсэх л байх ...

Амьдралыг ойлгох гэсэн бяцхан зүрхэнд ийм л гэрэл тусч, ийм л гэрэл гэгээнд тэмүүлж, ийм л сэтгэлийн үрийг тарих гэж, буй болгосон бүхэндээ жаргал цуглуулж, буй болох бүхэндээ гэрэл нэмэх гэж хичээж явна.

Зөв буруу зөндөө л бий
Зүгээр л сэтгэлээс урсах
Зүгээр л хэдхэн үгсийн хэлхээгээр
Зүрхээн чөлөөлж, сэтгэлээн илэрхийлэх гэж оролдлоо. 

Яруу сайхан үгийн урлагт шунан дурладаг ч
Ямар би шүлэг бичиж чадах биш дээ
Яахав ээ, зүрхний гүнээс нууцхан эгшиглэх
Сэтгэлийн аялгуу хөглөгдсөн, энэ биз ээ.

2014-02-11

Би өөрийнхөө бүх зүйлд хайртай



Би өөрийнхөө бүх зүйлд хайртай
Аз жаргал, гуниг харуусалд хайртай
Алдаа бүрийнхээ дараа ухаарч сэргэдэг сэтгэл зүрхэндээ хайртай
Амьдрал таны бүтээсэн бүхий л орчлонд хайртай

Эхэлж буйгаас үхэж, сэхэж, цэцэглэх энэ ертөнцөд дуртай
Эгэл хүмүн таны инээж, уйлж, үдэх хүртэлх сэтгэлийн гоо сайханд дуртай
Инээмсэглэн буй хүүхэд бүрийн гэнэн цайлган сэвтээ нь үгүй бүхэнд дуртай
Эрхлэж тоглох хөөрхөн бяцхан амьтан бүрт дуртай

2014-01-21

Уулын орой

Өндөр уулын орой руу гарахад маш их эрч хүч мэдрэгдэж би хязгааргүй аз жаргалд умбан улам их тэмүүлэлээр урагшилдаг. Түүний сүр хүч, ертөнцийн гоо сайханд мэхийн ёсолж, шагшин гайхширч уулга алдан, хэсэг бүрийг нь мэдэрч, уусан орохыг хүсдэг. 

Цасанд дарагдсан уулсын орой
Цаанаа л нэг сэвтээ нь үгүй тансаг
Үргэлжлэн буй давтагдашгүй үзэгдэл нь
Үнэхээр сэтгэлийн хөг аялгууг донсолгоно.


Дэлхий дээр ургасан мод

Эх дэлхий дээр түм түмэн моддод. Ургаж буй, унаж буй, цасанд дарагдсан ногоон гацуур, хатаж хорчийсон мөчир, биенээн түшиж салаалсан хос мод, шатаж түлэгдсэн хар мод, ховхорч гэмтсэн хус, ер бусын хэлбэр дүрс үүсгэсэн моднууд Богд-Уул руу өгсөх замаар тааралдана. Ижилхэн л мод, юуны учир ийм их ялгаатайн бол?

Газраас үндэслэн биежсэн хар том модноос салаалсан олон олон мөчир, мөчир бүр ч өөрийн хэр хэмжээгээр салбарлан тэнгэр өөд тэмүүлнэ. Модны орой дээрх мөчрүүд, модны хамгийн доор байрлах мөчрүүд урт, богино, өргөн, бүдүүн, нарны тусгал хүртэх, агаарын солбилцолд оролцох болон хүмүүсийн хайр энэрэл хүртэх өнцгөөрөө ялгарна. Нэг модноос ургасан олон мөчрүүд ч бас өөр. Хүртэх, мэдрэх, харах, сонсох хэлбэр нь ч өөр. Сайн төрлийг олж авсан мөчрүүд цаг хугацаанд үнэлэгдэн өгсөж, тэнгэрийн нэгэн хэсэгт уусан одохдоо дараагийн мөчрүүддээ байраа баяртай үлдээнэ. Тэр их ялалтын цуурай хангинан ирэхдээ ч эх дэлхийнхээ салхи, бороо, цас, аянга, шуурга гэх мэт сорилтуудыг даван гарч дараагийн төрөлдөө хүн төрхийг олдог мэт. 

Үндэс мод

Таныг инээж баяр хөөртэй байхад таны мод дэлгэрч,  өнгөө нэмэн байгаль дэлхийгээ баярлуулж байдаг. Таны уурлаж бухимдахад хэн нэгэн нь таны модны мөчрийг хугалж, шатаан сүйтгэж байдаг. Таны үндэс мод таны илэрхийлэл, дуу хоолойгоор амилж, таны хийсэн үйл хэргээр батжин бэхждэг. Хайрласандаа уйлахад бороо асгарч таны үндэс модыг тэтгэж, улам өндөрт нарны тусгал хүртээн, гомдож уйлахад дотроосоо үхэж, хүчтэй салхинд унахад бэлэн болчихдог.

2014-01-15

Үндэс цэцэг

Би хүсэлд умбасан далайн завь
Хүслийн түлхүүрээ хайж
Холын холыг зорьсон
Өөрөөсөөн алдуурсан гэнэн сэтгэл ээ. 


Учир юуг үл ойлгож
Удаан зогсож, бас гансарч суусан
Хувь тавилангийн оч хаана байдгыг олох гэж
Хүн зангаараа түшиж явсан мөрөөдөл.


Өөртөө зориулсан шүлэг

Энгийн даруу эгэл жирийн бүсгүй.
Итгэл, сэтгэл, өөдрөг үзэлтэй нэгэн.
Амьдралыг дэндүү олон өнгөөр хардаг болохоор
Алхам тутамд минь цэцэг ургаж байна гэж төсөөлдөг.

Гэрэлтэн цацрах солонгын долоон өнгийг
Гэнэн багын мөрөөдөлтэйгээн хамт
Гэгэлзсэн сэтгэлийн бяцхан ертөнцөөс
Гийн мишээсээр түгж байна гэж баярладаг.

Аз жаргалын элч гэж би өөрийгөөн тунхагладаг.
Амирлангуй оршихуйн тэнгэрлэг нэгэн бодь сэтгэлт.
Алс тэртээх ертөнцийн чинад дахь аялгууг эгшиглүүлсээр
Алагхан зүрхний цохилт бүрийн үнэ цэнийг мэдрүүлэх гэж би
Энэ ертөнцөд хүмүн биеийг олсоон.

2013-03-02

Өөрчлөлтийг өөрөөсөө - Сайхан үгс

Блог руугаа орохгүй ямар ч их удаа вэ, за хөө амьдралд урам зориг, хүсэл мөрөөдөл хурцлах сайхан үгсийг оруулъя даа. Цаг нь болоход чиний урд уншихыг ч хүсдэггүй, хийхийг ч хүсдэггүй зүйл нэг л өдөр дуртай зүйл болон хувирч, чи өөрөөсөө өөрчлөлтийг хүсэх болно. Санаандгүй туссан бүхэн амжилт, аз жаргалыг бэлэгдэж байвал тийм ээ танд амжилт, ирээдүй ирэхэд тун ойрхон болжээ. Үүнээс өмнө та энэ бүх зүйлд бэлэн биш, магадгүй та ойлгох ч үгүй байсан байж болохы. Уншиж ойлгож, таалагдаж, баяр баяслыг мэдэрч байвал яг одоо эхэл. 

Танд амжилт хүсье.
Том мөрөөдөлтөй хүн
Жижиг чулуунд бүдэрдэггүй.

2013-02-07

Далай ламын сургаал - Эерэг оюуны хандлага

Николас Врийланд, “Нээлттэй зүрх” номноос
 орчуулсан Ц.Хулан
 
Эерэг оюуны хандлага
Аливаа хүн аз жаргал, сайн сайхныг эрэлхийлж, зовлон зүдгүүрээс ангид явахыг хүсдэг нь хүний төрөлх чанар мөн билээ. Ийм ч учраас хүний амьдралын зорилго нь энэхүү аз жаргалыг олж авах ч гэж хэлж болно. Хүн бүрт өөрийн дотоод амар амгаланг бий болгох адилхан чадвар байдаг бөгөөд энэ чадвараараа амьдралын аз жаргал, баяр баясгаланг олж авч чадна хэмээн би итгэдэг.
 
Бид баян уу ядуу юу, боловсролтой юу боловсролгүй юу, хар арьстан уу цагаан арьстан уу гэдгээс үл хамааран бидэнд аз жаргалаа өөрөө бий болгох чадвар бий. Өөрөөр хэлбэл хүмүүн төрөлхтөн бид оюун ухааны хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч ав адилхан юм. 
 
Давтан хэлэхэд, бидэнд бүгдэд маань санаа сэтгэлийн зовиураа ялж, өөрийн дотоод хүч чадал, амар амгаланг авчрах эрч хүч заяасан байдаг. Ийм учраас өөрийнхөө энэхүү хүч чадлыг ойлгон мэдэрч, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх нь хамгаас чухал билээ. Заримдаа бид юмны сөрөг талыг олж хараад итгэл найдвар маань багасдаг. Энэ бол нөгөө сэтгэлийн зовиур, сөрөг оюуны хандлага маань биднийг дийлээд байна гэсэн үг юм.
 
Хэрхэн аз жаргалд хүрэх талаар та бүхэнд санал болгох ямар ч ид шид надад байхгүй гэдгийг хэлмээр байна. Хэрвээ хэн нэгэн хүнд ийм ид шидийн хүч байх бөгөөс би ч гэсэн тэр хүний тусламжийг гуймаар байна. Ний нуугүй хэлэхэд би ч гэсэн иймэрхүү ер бусын далдын хүчинд үл итгэгч билээ. Гэхдээ уйгагүй хичээл зүтгэл, оролдлогын хүчээр бид оюун санааны хандлагаа өөрчилж чадах бөгөөд энэ нь бидний амьдралыг аз жаргалтай болгож өөрчилж чадна гэдгийг хэлмээр байна.
 

2013-02-03

Өөдрөг явах 25 зарчим - 6-10

6
Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.
Үнэхээр боломжгүй, амжихгүй бол үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрийнхөө болон найзынхаа цагийг үрж, үл итгэлцэл үүснэ. Мөн чухал ажилтай үед бусад жижиг зүйлүүдээс татгалзаж, үндсэн ажилдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингэснээр та мөрөөдөл, хүсэлдээ хөрөнгө оруулалт хийж, ахиц дэвшил гаргах болно. Мэдээж сайхан сэтгэл, хүн чанар бол маш сайн хэдий ч цагаа олоогүй, үр дүнгүй нөхцлүүд нь хий хоосон цаг үрэхээс хэтрэхгүй тэр цаг хугацаандаа л үлдэн мартагдана. 

7
Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.

Өөдрөг явах 25 зарчим - 1-5

1
Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд, өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан, бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. 

Хүссэн зүйлээ хийж эхлэхийн өмнө сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Би үүнийг хийж чадна гэж эхлэсэн зүйл тань, буруу төлөвлөлтөөс болж бүтэлгүйтвэл сэтгэл санаагаар унаж, өөртөө итгэх итгэлээ алдан гонсойх болно. Энэ нь тийм ч хүсэх зүйл биш, эрч хүчээ алдана гэдэг нь эрсдэл юм. Хийх гэж буй зүйлээ эхлээд судлан, дараа нь түүнийгээ хэрхэн хийх талаар төлөвлөгөө гарга. Мөн бусдын хийхийг ажиглан харж, яаж хийвэл илүү үр дүнтэй, цаг хугацаа хэмнэх вэ гэж дүгнэн, өөрийн арга барилд тохирох хэлбэрийг сонгох хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт хэн нэг нь гарч ирэн таны хүслийг биелүүлнэ гэж битгий зүгээр суу. Тухайн зүйлийнхээ талаар мэдээлэл цуглуулж, хийж үзэх гэж хичээвэл үр дүн нь заавал гарна. Хамгийн гол нь та уйгагүй хөдөлмөрлө. Зүгээр л суух юм бол таны хүсэл хий хоосон зүйл болон үлдэнэ. Тиймээс үргэлж эрэл хайгуул хийж, хүссэн зүйлийнхээ үр дүнг үзэхэд цаг зориул.

2
Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.

2013-01-28

Миний худалдаж авсан нөхөр №12

Тэр толгойгоо гудайлгаж гарыг маань үнсээд 
- Яв даа одоо, чи миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл байсан шүү!, Ирина." гэж доор дуугаар шивнэсэн. Тэр толгойгоо өргөж нүд рүү маань хараад
- "Надад эцсийн удаа ганц ч гэсэн юм хэлэхгүй юм уу?" гэхэд нь би түүнийхээ нүд рүү нь харж байгаад хамаг сэтгэлээсээ нэг л хариулт хэлсэн."Би чамайг хайрласан шүү, Гэнри!" Гэнри гарыг маань дахин үнсээд 
- "Би жаргалтай байх болноо. Гэхдээ хэзээ ч тэр эмэгтэйтэй учраагүй байсан ч болоосой гэж хүсэх үе ч надад ирнэ. Амьдрал чинь хатуу шүү дээ" гэж сул дуугаар шивнэлээ.
- "Тийм ээ Гэнри!" гэж би товчхон хариулсан.

Гэнри намайг өргөж үнсэж билээ. Түүний уруул нь миний уруул дээр, харин 2 гар маань түүний хүзүүг ороосон байсан. Хэзээ энэ хамгийн сүүлчийн удаа байсан ч ямар ч гэсэн болсон юм. Одоо хэн ч надаас тэр хормыг булааж авч чадахгүй. Гэнри надтай хамт гадаа гарлаа. Би хөлсний тэрэг дуудаж дотор нь суугаад, цонхоор нь харахад тэр довжоон дээр зогссоор л байсан юм. Зөөлөн салхи үсийг нь үлээж, харин тэр хөшсөн адил зогсож байсан. Ингэж би хамгийн сүүлчийн удаа түүнийг харсан юм. Нүдээ аниж нулимсаа залгиад хичнээн ч явсан юм бүү мэд. Ямар ч гэсэн нүдээ нээхэд маань такси аль хэдийн буудал дээр ирж зогссон байлаа. Би мөнгөө төлж, цүнхээ аваад галт тэрэг рүү явав.