2013-02-03

Өөдрөг явах 25 зарчим - 6-10

6
Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.
Үнэхээр боломжгүй, амжихгүй бол үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрийнхөө болон найзынхаа цагийг үрж, үл итгэлцэл үүснэ. Мөн чухал ажилтай үед бусад жижиг зүйлүүдээс татгалзаж, үндсэн ажилдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингэснээр та мөрөөдөл, хүсэлдээ хөрөнгө оруулалт хийж, ахиц дэвшил гаргах болно. Мэдээж сайхан сэтгэл, хүн чанар бол маш сайн хэдий ч цагаа олоогүй, үр дүнгүй нөхцлүүд нь хий хоосон цаг үрэхээс хэтрэхгүй тэр цаг хугацаандаа л үлдэн мартагдана. 

7
Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
Би чадахгүй, мэдэхгүй гэх тусам та өөрийгөө алдаж байдаг. Хүн бүхэн энэ дэлхий дээр өөрийн гэсэн хийх зүйлтэй учраас л тэр олон эсээс сонгогдон илгээгддэг. Тиймээс өөрийнхөө сайн чанарыг, би юу хийж чадахаа олох хэрэгтэй. Өдөр бүр өөрөөсөө чи юу хийж чадах вэ, юу хийхийг хүсч байна вэ, юу хийвэл аз жаргалтай сэтгэл хангалуун байх вэ гэж асууж бай. Энэ болгонд бодол орж ирэн, өөрийн тань нуугдсан увидас чадварууд аажмаар нээгдэх болно. Үргэлж өөртөө хайртай байж, өдөр бүр өөртөө дурла. Өөртөө таалагдахын тулд өөртөө зориулж бэлэг бэлд, өөрийгөө баярлуулаад үз. Та ч бас баярлах ёстой хүн. 


8
Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
Өөрийнхөө муу зуршлыг мэдэж байгаа бол түүнээс салах арга замыг хай. Энэ чамд ямар хэрэгтэй, чамайг хэрхэн эвдэж байгааг анзаар. Өнгө алдан, гундуухан явахыг хүсэхгүй байгаа биз дээ. Тэгвэл зогс. Яг одооноос муу зуршлаасаа салж эхэл. Чамд сайхан боломж байна, харин таны муу зуршлууд тэр боломжуудыг чинь хааж, чамайг өөрийнхөө эрхшээлд оруулахаар шийджээ. Ихэнх тохиолдолд хүмүүс дутагдлаа мэдэхгүй, хүлээн зөвшөөрөөгүйгээс болж маш их эрсдэл амсдаг. Сайн ч, муу ч шүүмжлэл бол амжилтын үндсийг тавьдаг. Харин та өөрөө аль замыг сонгохоос л асуудал шийдэгдэнэ. Маш энгийн. Та өглөө би 06.00 цагт босно гээд өөртөө амла. Өглөө бүр амлалтаа биелүүлж байна уу, тийм бол маш сайн. Дахин нэг амлалт өг. Иймэрхүү маягаар амлалтаа хувь хүнээс эхлээд хэвшил дадлаа болгон заншуул. Өөрийгөө зөвшөөрөхгүй байж бусдад таалагдах гэж оролдох нь өөрийгөө үл хүндэтгэн, алиа салбадай болсонтой адил. Өөртөө үнэнч бай, өөрийгөө битгий хуур. Бусад хүмүүс таныг хуурч, таны итгэлийг эвдэж байвал та ядахдаа л өөртөө үнэнч бай.

9
Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. 
Чухам тэр цагийг амрах, хооллоход бүү зориул. Цагаа зохицуулж сур.
Энэ үнэхээр маш чухал. Та өөрийгөө нээх, бүтээн байгуулалт хийх цагаа оллоо. Танд олдсон бүхэл бүтэн өдрийн тэр хэсэг хормыг нандигна, бас бүтээ, урла. Дараа нь дүгнэ, бахарх. Цагийн хувиарлалтаа зөв зохицуулснаар танаас гарах үр дүн маш их байх болно. Магадгүй хойч үе тань таниар бахархаж үлдэх сайхан зүйлсийг бүтээ. 

10
Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
Таны өмнө маш олон хэрэгтэй зүйл байна. Гэтэл та үнэхээр чухлыг нь барьж авсан уу, үгүй бол түр азна. Хамгийн чухал ажлаа эхлэ. Дараа нь бусад ажлууд хялбар санагдана.

No comments:

Post a Comment