2015-09-02

Ертөнцийг үзэх үзэл

Оюуны нарийн төвөгтэй үзэгдэл болсон ертөнцийг үзэх үзэл өөртөө: итгэл үнэмшил, чин хүслэн, зорилго, зан үйлийн шалтгаан, сонирхол, үнэт чиг баримжаа, танин мэдэхүйн зарчим, зан суртахууны хэм хэмжээ, гоо зүйн үзэл зэргийг багтааж байдаг. 

Ертөнцийг үзэх үзлийн эдгээр элементүүд нийлбэр цогцолбороороо зөвхөн тусгай бие хүмүүсийн төдийгүй, нийгмийн бүлэг, ангиуд, үндэстний, бүхэлдээ улс нийгмийн оюуны дүр төрх амьдралын байр суурийг тодорхойлж байдаг. Ертөнцийг үзэх үзэл бол хүн хүрээлэн буй ертөнцийг эзэмших, өөрчлөх анхны гараа, оюуны идэвхтэй хүчин зүйл юм.
Ертөнцийг үзэх үзлийг ганц философи биш, харин байгаль, техник, нийгэм тэр ч байтугай ухамсрын улс төр, шашны хэлбэрүүд гэх мэт шинжлэх ухаан төлөвшүүлж байдаг. Гэхдээ философи л түүнийг бүхэл хүний ухамсарт томьёологдсон ертөнцийг үзэх үзлийн баримтлалыг цогцолборлон нэгтгэж, дүгнэдэг. Ертөнцийг үзэх үзэл нь:

- Хүрээлэгч бодит байдлыг урсгалаар тусган мэдрэхүй 
- Үзэгдэл, үйл явдлуудыг логикоор хураангуйлан сэтгэж ойлгосон мэдлэг гэсэн хоёр төвшинд оршдог.
Ертөнцийг үзэх үзэл бол ертөнц гэж юу болохыг, түүнтэй хүн ямар холбоотойг, улмаар хүний амьдралын утга учир ба зохистой байр суурь нь юу вэ? гэдгийг хамгийн ерөнхий байдлаар илэрхийлж буй хоорондоо уялдаатай янз бүрийн үзлийн цогц юм. Ертөнцийг үзэх мифологи үзэл бол хүн төрөлхтний оюуны соёлын хамгийн анхны хэлбэр байсан юм. Энэ үзлийн төлөвшил нь овгийн байгууллаас төрт ёсны байгуулалд шилжиж байсан нэн эртний үед хамаардаг. Ард түмэн бүр туулсан амьдралынхаа үйл явдлын зүйлээс домоглон оруулсан тийм уран яруу мифүүд шидэт домгууд зохиож иржээ. Ертөнцийг үзэх мифологи үзлээс хальж үүний сацуу түүний зарим элементийг нь өөртөө шингээх замаар үүссэн ертөнцийг үзэх үзлийн өөр хоёр хэв маяг нь шашин, философи юм. Ийнхүү философи, ертөнцийг үзэх үзэл нь яг адил биш юм. Ертөнцийг үзэх үзэл нь ерийн ухамсрын төвшинд илэрч байдаг, харин философи нь ердийн төвшний мэдлэг хэзээ ч биш. Ертөнцийг үзэх үзэл нь явцуу утгаараа онтологи гэдэгтэй ижил агуулгатай. Онтологийг товчоор ахуйн тухай сургаал гэж тодорхойлдог. Онтологи сургаалд гурван хэв маяг онцгой нөлөө бүхий байдаг.
- Материализм биет гэсэн латин үг. Энэ бол аливаа юмын ахуйн үндэс, субстанци бол материаллаг эхлэл, матери мөн хэмээдэг ертөнцийг үзэх үзэл юм.  
- Идеализм санаа гэсэн грек үг. Энэ бол ертөнцийн байгууламж, түүнийг хэрхэн танин мэдэх ёстойг тайлбарлахдаа ямар нэгэн санаалаг зүйлийг үүтгэл, зонхилох эх сурвалж мөн гэдэг ертөнцийг үзэх үзлийн танин мэдэхүйн ба үнэлэмжийн ойлголт мөн. Идеализмын үндсэн хоёр хэлбэр байдаг.
1. Обьектив идеализм бол хүн төрөлхтнөөс үл хамаармал /ерөнхий санаа, туйлын санаа/ ямар нэг санааг үүтгэл болгон тунхаглахдаа материаллаг ертөнцийг тэрхүү санааны сүүдэр, унац гэж үздэг философи баримтлал юм.
2.  Субьектив идеализм нь хүний мэдрэхүй, сэтгэхүй, авир үйлдэл зэргийн аль нэг элементийг үүтгэл гээд юмс бол тэр элементээс хамаармал хэмээдэг философи үзэл.
3.       Шашны трансцендентализм нь бурхан тэнгэрийн буюу бурхан тэнгэрлэг далд байгаагийн мөн чанараас нь шууд, зайлшгүй байдлаар урган гардаг үндсэн тодорхойлолтууд, иймд танин мэдэхүйн ерөнхий ойлголтууд ба категориудаас дээгүүр байдаг зүйлс юм.
Ертөнцийг үзэх философийн үзэл түүхэн ёсоор философи мэдлэгийн хөгжилтэй холбоотойгоор төлөвшсөн байна. Хүй нэгдлийн хүмүүст ертөнцийг үзэх баримтлал философийн өмнөх түвшинд домог, хууч үг, үлгэр зэрэг хэлбэртэй байжээ.  Түүнээс хожим хойно шашин үүссэн, тэр нь ертөнцийг бурхан бүтээсэн тухай, хүн ба амьтаны үүсэл гарал үхлийн тухай төсөөлөлтэй холбож ертөнцийг үзэх үзэл баримтлалаа томьёолжээ. Хүн бол нийгмийн ухаантай амьтан. Түүний үйл ажиллагаа зүй зохистой. Хүн нарийн төвөгтэй бодит ертөнцөд зүй зохистой ажиллаж амьдрахын тулд зөвхөн ихийг мэдэх төдийгүй хийж бүтээж чаддаг байх ёстой. Үүний тулд нэн тэргүүн ээлжинд ертөнцийн тухай гүн гүнзгий, үнэн зөв мэдлэг буюу ертөнцийг үзэх үзэл хэрэгтэй. Үүний үндсэн дээр түүнд зөв итгэл үнэмшил, үнэлэмж, чиг баримжааны систем төлөвшиж үйлчилдэг. Чухамдаа хүн үүнээс өөрөөр бусад хүмүүс, гэр бүл, хамт олон, үндэстэнтэй тодорхой харьцахгүйгээр оршин тогтнож чадахгүй. Энэхүү харилцаа нь ертөнц гэж юу вэ? гэсэн хамгийн гол асуултанд тулгуурладаг. Уг асуултанд бүх төрлийн шинжлэх ухаан хариулт өгдөг боловч хамгийн гүнзгий, зөв зохистой хариултыг философи өгдөг. Философи:
1. Ертөнцийг бүхэл бүтэн байдал, нэгдэлд нь
2. Түүнийг хүнтэй, хүний танин мэдэх, өөрчлөн хувиргадаг үйл ажиллагаатай холбож үздэг.
Философийн бүх асуудлуудын дунд ертөнцийг үзэх үзлийн тухай, түүний ерөнхий дүр зургийн болон гадаад ертөнцөд хүний харьцах харилцааны тухай, уг ертөнцийг түүний танин мэдэх, түүнд нийцтэй үйл ажиллагаа явуулах чадварын тухай асуудал оршиж байдаг. Ертөнцийг үзэх үзэл бол хүн төрөлхтний ухамсрын суурь юм. Хүний олж авсан мэдлэг, бүрэлдэж тогтсон итгэл үнэмшил, сэтгэц, мэдрэмж, сэтгэл санаа ертөнцийг үзэх үзэл болж нэгдээд ертөнцийн болон өөрийнхөө тухай хүний ойлголтын тодорхой систем болж байдаг.
 Ертөнцийг үзэх үзэл бол хүн төрөлхтний туршлагын давхаргуудын хураангуйлан баяжуулсан нэгдмэл бүтэц мөн. Тэр нь 

1. Мэргэжлийн болон практик үйл ажиллагааны үр дүнд олж авдаг ерөнхийлөн дүгнэсэн мэдлэг
2. Зан суртахуун, гоо зүйн чин хүслэнгийн төлөвшлийг нөхцөлдүүлэгч оюуны үнэт зүйлс юм.
Ертөнцийг үзэх үзлийн бүтцийн тухай ойлголт нь түүний төвшинг:
Элемент, концептуаль /хүний ой ухаанд бодит байдлын тухай мэдлэгийн онцгой хэлбэрүүд болсон ерөнхий ойлголтууд байдаг гэсэн үзэл/, арга зүйн гэж ангилах боломж олгодог.
Элементийн төвшин нь ердийн ухамсарт бүрэлдэн тогтож, үйлчилж байдаг ертөнцийг үзэх үзлийн ойлголт, үзэл санаа, үзэл, үнэлэмжүүдийн цогцолбор юм.
Концептуаль төвшин нь ертөнц, орон зай, цаг хугацаа, нийгмийн хөгжил, хүний болон түүний үйл ажиллагаа, танин мэдэхүй, ирээдүйн хүн төрөлхтөн гэх мэтийн тухай янз бүрийн үзэл онол байж болно.
Арга зүйн төвшин нь ертөнцийг үзэх үзлийн дээд шат мөн бөгөөд ертөнцийг үзэх үзлийн цөмийг бүрдүүлэгч үндсэн ойлголтууд, зарчмуудыг агуулж байна. Тэдгээр зарчмууд жирийн мэдлэг, төсөөллийн үндсэн дээр биш, харин ертөнц, хүний үнэт зүйлсийг харгалзан байж боловсруулагддаг байна. Ертөнцийг үзэх үзэлд багтаж орсон мэдлэг, үнэт зүйлс, зан үйлүүд сэтгэл хөдлөлөөр өнгөлөгдөж хүсэл зоригтой хосолж, бие хүний итгэл үнэмшлийг төлөвшүүлж байдаг юм. Итгэл бишрэл бол ертөнцийг үзэх үзлийн зайлшгүй чухал хэсэг мөн. Тэр нь онолын сэтгэлгээний ч, шашны ч байж болно. Ийнхүү ертөнцийг үзэх үзэл нь үзэл, үнэлэмж, зарчмуудын цогцолбор, ертөнцийн тодорхой дүр, ойлголт, түүнчлэн хүний үйл байдал, үйл ажиллагааны хөтөлбөр мөн болно. Хүмүүс шинжлэх ухааны, нэн ялангуяа философийн мэдлэг, арга зүйг эзэмшснээр өөртөө ертөнцийг үзэх үзэл төлөвшүүлж нийгмийн харилцаанд зохих байр сууриа эзэлж эрх ба эрх чөлөөгөө зөв эдлэх, үүргээ биелүүлж түүний үнэлэмж буюу шалгуур болсон хариуцлага хүлээх ухамсар, чадвартай болж, өөрийн болон хамт олон, нийгмийнхээ хүч бололцоо, ирээдүйд итгэх итгэл үнэмшил, өөдрөг үзэлтэй болж чаддаг. Үүгээр философийн ертөнцийг үзэх үзэл тайлбарлагдана.


Хүний мэдлэгийг ердийн /практик туршлагын/ шинжлэх ухааны гэсэн хоёр төвшинд авч үздэг. Энд шинжлэх ухааны танин мэдэхүйн тухай өгүүлж байгаа болохоор түүнийг арга зүйгээр гүнзгий ойлгож мэдэх бололцоогүй юм. Философийн арга зүй бол онолын үйл ажиллагааны байгууламж, зохион байгуулалтын баяжуулан дүгнэсэн аргууд, анхдагч зарчмуудын систем, уг системийн тухай сургаал юм. Хүний хүмүүжил, мэдлэг хоёр салшгүй холбоотой, бие биесээ харилцан нөхцөлдүүлж байдаг жамтай. Хүмүүжил нь дээр дурдсан мэдлэгийн хоёр төвшинд буюу нэгдэхэд нь заавал тулгуурлаж төлөвшин бэхждэг ёсон буй. Гагцхүү шинжлэх ухааны мэдлэгт тулгуурласан хүмүүжил ухамсарт шинж чанартай, бат бэх, чиглэсэн тодорхой зорилготой, үйл бүтээлч, үр өгөөжтэй. Ер нь тухайлбал орчин үеийн ардчиллын нөхцөл дэх хүний зөв боловсон хүмүүжлийн нэг гол үндсэн үзүүлэлт буюу шалгуур бол түүний нийгэмшилтийн хэр хэмжээ юм. Философи өмнө өгүүлсэн үүрэг, мэдлэгүүдээрээр дамжуулан хүмүүжүүлэх үүргэээ биелүүлж хүмүүнлэг шинж чанараа илэрхийлж байна. Философи нь үнэн зөв нь практик, амьдралаар шалгагдан нотлогдсон шинжлэх ухааны мэдлэгүүдийн системийг үнэнд тооцдог. Энэ нь үнэн ба худал хуурамч, төөрөгдлийг тохируулж, үнэнд хүрэх замыг зааж, хураангуйлж өгдөг.

No comments:

Post a Comment