2015-09-10

Аз жаргалыг алсаас бүү хай

Ингэхэд ер нь аз жаргал хаана байдаг юм бол. Хаана ч юм байгаа тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Тэрний  л төлөө тэмүүлж амьдардаг. Энэ ертөнц тэр чигээрээ л аз жаргалын эрэл. Аз жаргалыг  хайж амьдарч байгаа түм,  буман хүмүүсээр дүүрэн.

Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Аз жаргалыг ихэвчлэн өнгөрсөн,  ирээдүй цагт дээр л бодоод байдаг нь хачин. Яагаад ч юм хийсвэрээр бодож сэтгэдэг.  Тэгвэл тэр хайгаад, алсад одсон гэж бодоод байгаа, ирээдүйд  ирнэ гэж хүсээд байгаа аз жаргал үргэлж дэргэд байдаг. Цаг мөч бүрт бид аз  жаргалыг  амсч л байдаг. Гол нь түүнийг мэдрэх нь л чухал.  Хажуугаар нь таагүй, тавгүй зовлонтой зүйл болж л байдаг. Хожим тэр зовлон гэж бодоод байсан зүйл жаргал юм шиг санагдах үе бий. Хүн эрүүл байхдаа аз жаргалтай байгаагаа анзаардаг ч үгүй. Харин өвдөхөөрөө эрүүл байсан үе нь хамгийн жаргалтай байж гэж боддог. Дурлаж байхдаа  үүлэн дээр хөвөх мэт сайхан мэдрэмж төрнө. Дурлал нь бүтэлгүйтвэл тэрнээс  илүү зовлон үгүй мэт санадаг. 

Хүүхэд байхдаа том хүмүүс аз жаргалтай мэт санагдана. “Том болвол гоё”  гэж хүүхэд болгон хэлдэг шүү дээ. Том болсон хойноо  “Хүүхэд байхдаа хамгийн аз жаргалтай байж” гэцгээдэг.  Ахимаг настнууд  залуу насны аз жаргалын тухай ярьдаг. Эцсийн мөч тулж ирээд эрлэгт явахын өмнө  амьдралын аз жаргал хичнээн сайхныг хэлдэг. Амьдрал хичнээн үнэтэйг мэддэг. Тэгээд бодохоор амьд явна гэдэг, амьдарна гэдэг өөрөө аз жаргал юм. Аз жаргалыг холоос хайх хэрэггүй, хажууд чинь л байж. Хорвоо дээр өдөр бүр   жаргал, зовлон ээлжилж байдаг. Зовлонг хүндээр хүлээж авах хэрнээ бид жаргалыг анзааралгүй өнгөрөөдөг. Зовохоосоо жаргах нь бидний хувьд хавьгүй их байдаг.

Оюутан байхдаа аавдаа нэг алгадуулж билээ. Дүүгээс болсон хэрэг л дээ. Хорвоо ертөнц тэр чигээрээ харанхуйлсан мэт санагдав. Өөрөө буруугүй хэрнээ аавдаа  алгадуулсандаа жигтэйхэн гомдож  нэг их зовлон амссан хүн шиг шөнөжин уйлав. Тэр үед аавын найз нь намайг тайвшруулж “Алгадуулах аавтай байх сайхан шүү дээ. Чи хожим ойлгоно. Надад бол алгадуулсандаа гомдоод эрхлэх аав ч алга” гэж билээ.  Одоо бол алгадуулах аавтай байсан тэр үе хичнээн сайхан байсан юм бэ. Хэд ч алгадуулсан яадаг юм, аавтайгаа байхад аз жаргалтай л байсан байж гэж боддог юм. Аавын найзын хэлсэн үг орой руу минь орж байгаа хэрэг л дээ.  Тухайн цагт зовлон гэж бодсон зүйл аз жаргал байсан нь тэр.   Хүүхэд байхдаа би аз жаргалтай л байсан. Оюутан байхдаа ч тэр, одоо ч тэр би аз жаргалтай л хүн. Мэдээж хүн бүрт тохиолддог хэзээ ч бултахын аргагүй үнэн бол өвчин, үхэл. Гэлээ гээд  дуусашгүй зовлон гэж үгүй.  Үхэх, төрөх ээлжилдэг хорвоо.  Өнөөдөр хорвоогоос хэн нэгэн явж байхад өөр нэгэн төрж байдаг. Зовлон ирлээ ч түүний дараа жаргал заавал ирнэ. Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг хойно сайн сайхан ирнэ гэдэгт хэзээд би итгэдэг.

Үр хүүхдээ төрөхөд бүгд л баярладаг. Хорвоод ирсний утга учир үр удмаа үлдээх. Ертөнцийн жамаар хэн нэгэнтэй учирч гал голомтоо бадрааж, түүнийхээ төлөө амьдардаг. Гэр бүлийн аз жаргал хамгаас сайхан. Туньж гомдоллоод аргадаж, аргадуулж  тайвшраад, эвлэрэх сайхан. 

Өглөө ажилдаа ирж хамт олныхоо дунд дуртай ажлаа хийж суух сайхан. Нэг сайхан сенсаац материал хийчихвэл бүр ч догь.  Гэртээ хариад хүүхдийнхээ хөөрхөн аяглахыг харж суух, дуртай хоолоо хийж бусдыг дайлах сайхан. Цэцэг тарьж, дэлбээлэхийг нь харах ч аз жаргал. Сайхан ном унших аз жаргал. Горхины чимээ, шувуудын шулганаан, моддын шуугианыг сонсох аз жаргал.  Монгол хүн болж төрөх аз жаргал. Хэн нэгэнд дурлах аз жаргал.  Аз жаргалыг холоос хайх хэрэггүй юм байна. Тэр  таны дэргэд, таны дотор, таны сэтгэлд байдаг.

Жижигхэн зүйлээс болж андтайгаа муудалцаад дараа нь ойлголцож суух ч сайхан. Хажуугаар өнгөрөх сайхан бүсгүйг харах ч аз жаргал. Аз жаргалд хүний сэтгэл ханана гэж үгүй. Гэхдээ яг тэр тухайн цаг үед нь аз жаргалаа мэдэрч байя.

Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүйтэй адил аз жаргалд  хүний сэтгэл ханана гэж үгүй.  Хэтэрхий их хүсч, тэр нь биелэхгүй бол бас зовлон болж хувирах нь бий.  Хүн өөрөө  ханахгүй л бол. Бурхны номонд бол үүнийг хүсэл шунал гэж тайлбарладаг. Тэр хүсэл шунал нь биелэхгүй бол хүн зовж шаналдаг байна. Тэгэхээр ертөнц дээр яг одоо өөрт чинь байгаа аз жаргалыг мэдрээч.

Яруу найрагч Ц.Хулангийн ”Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан” гэж хэлсэн үг хүмүүсийн сэтгэлд тэгтлээ хүрч афоризм болсон нь   эгэл жирийн амьдрал гэдэг өөрөө аз жаргал гэдгийг хүмүүс мэддэг хэрэг. Түүнийг нь найрагч бүсгүй яг олоод  хэлчихсэн  байгаа юм.  Амьдрал гэдэг  тэр чигээрээ аз жаргал, баяр баяслаар дүүрэн байдаггүй ч түүнийг хором бүрт мэдрэх нь л чухал.

Мөнгөтэй болчихвол аз жаргалтай болчихно гэдэг бас өрөөсгөл ойлголт. Мөнгө хэдий аз жаргалд нөлөөлөх боловч төгс зүйл биш. Гэхдээ л дуунд гардаг аз жаргалын нэг түлхүүр. Нөгөө талаар их мөнгө бас зовлон авчирдаг. Аз жаргал авчрах гээд байгаа  мөнгө зүгээр нэг тэнгэрээс буучихдаггүй. Өнөөдөр жишээ нь Монголд хэн их аз жаргалтай вэ. Мөнгө их олсон нь уу, мөрөөрөө явж байгаа нэгэн нь үү.   Хамгийн баян, хамгийн үнэтэй байшинтай, хэний ч унаагүй машинтай байлаа гээд сэтгэлийн аз жаргалтай байж чаддаг уу. Буруу аргаар олсон мөнгөнөөсөө айж,  баригдах вий гэж  амьдрах аз жаргал мөн үү. Ингээд бодохоор эгэл жирийн амьдрах сайхан.

Бусдад хор хүргэхгүй,  урдах ажлаа сайн хийгээд, тэрнээсээ таашаал авч, хууль зөрчихгүй,  хүн чанартай амьдрахад аз жаргал чамаас айхтар зугтаад байхгүй л болов уу.

Аз жаргалыг алсаас бүү хай. Зөв амьдарвал аз жаргал гэдэг та өөрөө юм. 
http://mungundalai.niitlelch.mn/content/4791.shtml

No comments:

Post a Comment