2015-09-11

Нарны мөргөл

Ведийн зурхайд заслын олон янзын аргачлалууд байдаг бөгөөд эдгээрийн дотроос өнөөдөр та бүхэнд Врата-катха буюу ведийн яруу сайхан үлгэр түүхийг сонсох нь хувь хүний сөрөг муу үйлийн үрийг засан сайжруулах онцгой сайн аргачлал болдог тухай танилцуулья. Монголчууд эрт дээр цагт орой үдэш айл саахалтаараа нийлж үлгэр домог ярих, тууль хайлах, маань хөгжөөдөг байсан нь өвөг дээдэс маань түүнийг сонсож байгаа ба ярьж байгаа аль алинд нь ач тусаа өгөх үйл гэдгийг сайн мэддэг байсныг нотлоно. 
Врата гэдэг нь ам тангараг гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл энэ нь тэвчил наминчлал юм. Та энэ тэвчил наминчлалыг үйлдвэл өөрийн тэвчлийн үр дүнг тодорхой байдлаар хүртэх эрхтэй болно.
Жишээ нь таны төөрөг зурлага дээр Нар сул, сөрөг нөлөөтэй байршиж байжээ гэж бодъё. Түүний шинж тэмдэг нь нүдний хараа муу, ходоод өвдөмтгий, тархи толгойн өвчнөөр өвддөг, шийд гаргахдаа муу гэх мэт эрүүл мэндийн ба зан чанарын дутагдал байгаа бол таны төөрөг дээр Нар сөрөг байршжээ гэсэн үг юм. Тийм учраас та Нарны нөлөөний өдөр болох Ням гариг бүр Бурхан болоод Нарыг магтан алдаршуулсан үлгэр түүхийг сонсох эсвэл ярих, эсвэл унших хэрэгтэй. Энэ Ням гаригуудын тоо нь таны одоогийн насан дээр 1-ийг нэмсэнтэй тэнцэх тийм тоотой байна. Жишээ нь та 30 настай бол түүн дээр 1-ийг нэмбэл 31 болох ба та тасралтгүй 31 Ням гаригт дээрхи үйлийг хийхээр ам тангараг өмнө нь тавих ёстой.


Ам тангараг тавихдаа жишээ нь бидний энэ тохиолдлын тухайд өөрийн тэвчил наминчлал буюу Ням гариг бүр энэхүү үлгэр түүх сонсох, ярих үйлийн үр дүнг таны хувь тавилан дээр илэрч байгаа Нарны сөрөг нөлөөллийг арилгаж, эерэг нөлөөллийг сайжруулахад чиглүүлж өгөхийг өөрийн чихэнд сонсогдохоор хэлж ам өчгөө өгөх ёстой.


Атаач хөрш



Нэгэн настай эмэгтэй Ням гариг бүр Наранд мөргөх ам тангаргийг өгсөн ба энэ нь түүнд үр нөлөөгөө өгч эд баялаг, хангалуун амьдралыг авч иржээ. Үүнийг харсан хөрш эмэгтэй нь түүний хөлжин чинээлэгжиж байгаад атаархаж энэ нь  өөрийх нь үнээний баасыг хатааж хийсэн аргалыг зарж арилжсанаар ийм болсон хэмээн тооцов. Тэгээд тэрээр үнээгээ гэрийнхээ гадаа байнга уяж хөрш эмгэнийг түүний баасыг авч чадахааргүй болгов. Дараагийн Ням гаригт үхрийн баас түүх боломжгүй болсон эмгэн сэтгэлээр маш их унасан. Ариун ам тангаргаа биелүүлэх замд нь учирсан энэ саадыг хэрхэн даван гарах вэ?
Одоо тэрээр шалаа шинэхэн үнээний баасаар арчиж чадахгүй болсон,  тэгснээрээ Наранд өргөх өргөлөө өгч чадахгүй болсон тул тэрээр бүтэн өдрийн турш юу ч үл идэв. Ийнхүү юуг ч үл бодон, юу ч үл идэн өлсөх, цангахаас болж шаналан шөнө дунд хүргэжээ. Гэтэл шөнө зүүдэнд нь Нарны бурхан өөрөө залран ирж түүний зовлон шаналлын шалтгааныг асуув. Эмгэн өөрийн барьж байсан ам тангаргаа тасарснаас болж шаналж буйг мэдээд тэрээр түүнийг өрөвдөн энэрч, дахин тийм таагүй зүйл бүү учиртугай хэмээгээд нэгэн үнээг бэлэглэжээ. Энэ хөгшин эмэгтэй хэрхэн итгэл зүтгэлтэйгээр ам тангаргаа биелүүлж байгааг мэдсэн тэрээр түүний үр удам хэзээ ямагт баян чинээлэг, олон үр хүүхэдтэй байх адис ерөөлийг хайрлаад Нарны бурхан алга болов.

Өглөө нь боллоо. Эмгэн гэрээсээ гараад үүдэн дээр нь тугалтай үнээ зогсож байгааг харж гэнэ. Тэр даруй зүүдээ эргэн санаад тэрээр яаран үнээгээ уяж, үнээгээ аятай тухтай байх бүх зүйлүүдийг бэлтгэв. Атаархуу хөрш эмэгтэй нөгөө эмгэний гадаа үнээ бий болсныг хараад түүний гайхал эргэлзээнд хэмжээ хязгаар байсангүй. Түүний нүдэн дээр мөнөөхь үнээ сүүлээ өргөн баасан ба баасны оронд цэвэр алтыг газраар нэг цацаж байгааг хараад гайхаж алмайрснаасаа болоод бараг л ухаан алдах шахав. Арайхийн ухаан сэхээ орсон тэрээр ийш тийш харж, сэмхэн гэтсээр хөрш эмгэнийхээ хаалган дээр хүрч очин, нөгөө алтыг нь аваад оронд нь өөрийнхөө үнээний баасыг тавьчихжээ. Ийм маягаар хэдэн өдөр өнгөрөв. Нарны Бурхан “Яаж ийм юм болдог байнаа? Яагаад миний үнээ одоо болтол энэ эмгэнийг ядуу зүдүү байдлаасаа гарахад нь туслаж чаддаггүй билээ?” хэмээн гайхав гэнэ. Юу болж байгааг эцэст нь ойлгосон тэрээр өөрийн ид шидийн хүчээр нэгэн хуурмаг үзэгдлийг бий болгосон ба энэ нь аймшигтай хар шуурга  ба салхины эрч ургаа модыг булга татах тийм хүчтэй байлаа. Энэ үзэгдэлд итгэсэн эмгэн үнээгээ үүдэндээ уясан байснаа хөтлөн гэртээ оруулж уяжээ. Маргааш өглөө  үнээ нь алтаар баасанд маш ихээр баярласан эмгэн үнээгээ баттай хамгаалахын тулд гэртээ байлгах болов.
Ийнхүү хөрш эмэгтэй эмгэний үнээний алтан баасыг хулгайлах боломжоо алджээ. Гэвч шуналдаа хөтлөгдсөн тэрээр алтыг залилж авах арга сүвлэв. Атаач эмэгтэй хаан дээрээ очоод түүнд: “Ай их хаантан минь! Манай хөршийн эмгэн нэгэн алтан баас өгдөг үнээтэй юмаа. Хэрэв та түүнийг авбал энэ үнээ манай хаант улсад ямар их ач тусыг авч ирэх нь дамжиггүй билээ” хэмээн өчив. Үүнийг сонссон хаан өөрийн цэргүүддээ тэр үнээг өөрт нь авч ирж өгөхийг тушаав. Үнээг ч авч ирж, түүнийг маллагч нарт нөгөө үнээнээс гарсан ганц  өчүүхэн баасыг хаяхгүй байхыг тушаажээ. 

     Тэр шөнөө хаан догдолсноосоо болоод унтаж ч чадсангүй. Гэвч өглөө нь болоход тэрээр үнээний саравчин дотор жирийн үнээний бааснаас өөрийг юу ч олж харсангүй. Уур хилэн нь бадарсан хаан нөгөө эмгэнийг барьж ирэх тушаал буулгав. “Чиний үнээ алтаар баадаггүй юм уу ? Яагаад тэр алтаар баахгүй байна?” хэмээн уурсан хашгирав. Гэвч эмгэн өөрт тохиолдсон бүх түүхээ ярисны дараа хаан маш ихээр ичсэн бөгөөд хүлцэнгүй даруугаар: “Уучлаарай намайг хөгшин эх минь, би таны үнээг мунхгаасаа болж авчээ. Үүнд танай хөрш л буруутай, би түүнийг шийтгэх болно” гэв. Дараа нь тэрээр өөрийн бүх иргэдэд ням гариг бүр Нарны мөргөл хийж байхыг тушаасан байна. Үүний үр дүнд энэ хаант улс бүх дайснуудаа даран ялалт байгуулж, хааны эрх мэдэл бүх зүгт өргөжин тэлсэн гэдэг.

No comments:

Post a Comment