Монголын уламжлалт сурган
хүмүүжүүлэх арга ухааныг "Ардын сурган хүмүүжүүлэх зүй" гэж нэрлэдэг
бөгөөд энэ нь орчин үеийн багшлах арга зүйн үндэс болох ёстой юм. Багш хүн
өөрөө ёс зүйтэй байж чадвал сурагчид ч мөн ёс зүйтэй төлөвшдөг.
Ёс зүйд
суурилсан мэдлэг, мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх чадвар зэргийг Монголын
уламжлалт ухаанд гурван суртахуун гэж нэрлэдэг. Түүнээс гадна шавиасаа
илүү эрдэмтэй байж, түүнийгээ нотолгоо, ишлэлд тулгуурлаж заах хэрэгтэй. Мөн
багш хичнээн эрдэмтэй байлаа ч шавь нартаа ойлгуулж чадахгүй бол тусгүй.
Багшийн мэдлэг шавь нарт хүрсний эцэст эрдэм бий болдог.
Монгол уламжлалд шавийн дөрвөн эрдэм гэж бий.
Багш хүн эхлээд савыг бэлдэх ёстой. Сурагчийн оюун сэтгэхүй гэдэг нэг ёсны сав
байдаг учраас түүн рүү мэдлэг оруулахын тулд эхлээд бэлдэх хэрэгтэй гэсэн үг.
Сав нь дотроо хэд хэдэн янз бий.
Нэгдүгээрт шавь хүн хөмөрсөн аяга шиг байж
болохгүй. Өөрөөр хэлбэл юу ч хэлээд хүлээж авдаггүй, ойлгодоггүй шавьд эрдэм
заана гэдэг бэрхшээлтэй. Багш хүний гол зорилго тэр аягыг дээш нь харуулах.
Хоёрдугаарт цоорхой аяга шиг байж болохгүй. Сургасан эрдмийг нэг чихээрээ
оруулаад нөгөө чихээрээ гаргадаг сурагчид байдаг.
Гуравдугаарт хиртэй аяга шиг
байж болохгүй. Хиртэй аяганд ямар ч идээ будаа хийсэн өвчний шалтгаан болдогтой
адил сурагч хүн мэдсэнээ буруу зүйлд ашиглаад байж болохгүй. Ийм л гурван
зарчмыг багш хүн анхаарч ажиллах хэрэгтэй.
Уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд багш төв,
шавь төвийн аль нь ч байгаагүй. Учир нь шавийн дөрөв, багшийн арван эрдэм
гэдгийг чанд сахидаг байсан. Багш, шавь болно гэдэг их нарийн шалгууртай ажил
байсан юм. Нэгэнт шавь орсон цагт багшаа бурхан мэт шүтсэн ч болно гэж үздэг
байв. Үүний зэрэгцээ багш, шавь хоёр нэг нэгнээ эрхэмлэж байж эрдмийг
цогцлоодог. Харин багш, шавь болсны дараа шавь хүн өөрийгөө өвчтэй хүн гэж
бодох ёстой. Өөрөөр хэлбэл мэдлэггүй, мунхагийн харанхуйгаар өвдсөн гэсэн үг.
Тэгэхээр багш бол эмч хүн юм. Харин анагаах эм нь ном.
Ийм гурван зарчмаар
багш, шавь хоёр ажилладаг байсан. Эрт дээр үеэс Монголчууд багшийг хүндэлж, багш
дор мөргөмүй гэж ярьдаг байсан нь ийм учиртай. Мэдлэг галд шатахгүй, үерт
урсахгүй. Эзэн нь байгаа цагт мөнгө ч болдог, орон сууц болдог. Ийм нандин
зүйлийг хүний оюунд суулгаж өгдөгөөрөө багш бол юунаас ч илүү
эрхэм.
No comments:
Post a Comment