2013-01-22

Гантулга - Хүсэл мөрөөдөл, зорилго

Хүн болгон өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй.Тэрхүү хүсэл мөрөөдлөөс нь амьдралын зорилго нь ундарч урган гардаг. Хугацаа тавьсан хүсэл мөрөөдөл бол зорилго юм. Энэхүү зорилгоо бид зураглан харж чадсанаараа өөрийн амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийн авчирдаг билээ.

Хурдтайгаар өргөжин тэлж байгаа пүүс компаниудын гол нууц нь алсын хараагаа гол зорилгоо болгосонд байгаа юм.Энэ бүгдээс үзэхэд зорилго тавьсан хүн рүү амжилт татагддаг ажээ.Судалгаанаас аваад үзэхэд судалгаанд оролцсон хүмүүсийн 3 хувь нь л өөрийн зорилгыг цаасан дээр бичиж тэмдэглэсэн, 10 хувь нь тодорхой зорилго төлөвлөгөөтэй боловч бичиж үлдээгээгүй. 60 хувь нь зорилгоо жаахан бодож үзсэн, үлдсэн 27 хувь нь ойрын ирээдүйн, зорилго төлөвлөгөөний талаар онцгой авч үзсэн удаагүй байсан. Эдгээрээс 3 хувь нь өөрийн зорилгоо бичсэн хүмүүс байсан бөгөөд тэд маш их эд хөрөнгө нэр хүнд, эрх мэдэлтэй байв. Харин 10 хувь нь харьцангуй сайн амьдралтай, 60 хувь нь жирийн амьдралтай ба үлдсэн хувь нь бусдын тусламжийг аван арай ядан амиа зогоож амьдарч байгаа хүмүүс байлаа.


Хамгийн гол үнэн гэвэл 2 дахь хүмүүс болох 10 хувь нь дээрх 3 хувь хүмүүсээс мэдлэг, авъяас чадварын талаар ямар ч ялгаагүй байсан юм. Тэд нар ч гэсэн өөрийн гэсэн алсын хараатай одоогийн байдал ба хүрэх газраа мэддэг хүмүүс юм. Гагцхүү энэ 2 хэсэг хүмүүсийн ганцхан ялгаа гэвэл 3 хувь нь өөрсдийн зорилгоо бичиж тэмдэглэсэн, 10 хувь нь бичиж тэмдэглээгүй гэдэгт л байгаа юм.

Тиймээс бид өөрсдийн зорилгоо тодорхойлох зайлшгүй шаардлагатай бөгөөд аливаа зүйл энгийнээс эхэлдэг.  

АНУ-ын нэгэн баян залуугийн тухай түүх байдаг. Тэр энгийн адуучны хүүхэд байсан ба дунд сургуульд байхад багш нь мөрөөдөл болон ирээдүйн зорилгоо тодорхойлсон зохион бичлэг хийх даалгавар өгчээ. Тэрээр бүх л шөнийн турш зохион бичлэгээ бичээд маргааш нь багшдаа долоон хуудас зохион бичлэг аваачиж өгсөн байна. Тэрээр зохион бичлэгтээ “Би 200 га газартай, 1000 м2 эдлэнтэй адууны жүчээ барина гэж бичээд жүчээнийхээ зургийг хүртэл зурсан” байжээ. Харамсалтай нь тэр хичээл дээрээ 0 авсан. Тэгээд их гайхаж багшаасаа асуухад, “Энэ мөрөөдөл чамд дэндүү томдох юм байна” гэж хэлсэн. Багш нь зүгээр л адуучны хүүхэд байж яаж 200 га газар, 1000 м2 эдлэнтэй болох юм бэ гэж бодсон байна. Хүү гэртээ ирээд аавдаа хэлэхэд, “Энэ бол чиний хувьд хамгийн том сонголт, миний хүү өөрөө сонго” гэж хэлжээ. Маргааш нь нөгөө хүү зохион бичлэгээ багш дээрээ дахин авч очоод, “Багшаа та дүнгээ битгий өөрчлөөрэй. Би ч гэсэн зорилгоо өөрчлөхгүй” гэж хэлсэн гэдэг. Одоо тэрээр АНУ-д 1000 м2 эдлэнтэй, 200 га адууны жүчээтэй нэлээн баян нэгэн болсон. 

Тэгэхээр зорилго, тэмүүлэл гэдэг бол чухал зүйл бөгөөд ирээдүй рүү тэмүүлэн харсан зорилгоо тодорхойлж, өөрийнхөө чаддаг бүхэнд зориулалтаа нэмэгдүүлж, бүхнийг чаддаг болохын тулд өөрийгөө 99% ашиглах хэрэгтэй юм. Та юу хүсч байна түүнийгээ зорин тодорхой алхам хий. Ингэхийн тулд төлөвлөсөн зорилгоо  бичиж тэмдэглээд өдөр бүр нүдэнд харагдах газар тавих хэрэгтэй бөгөөд хүн бодлоо бичгээр илэрхийлэх үед бодол бодитоор тодорхой ухаалаг болдог. Бүх зорилгодоо хамгийн эцсийн хүсэл цаг хугацааг төлөвлөхөөс гадна таамаглагдаж буй саад тотгор түүнийг шийдэх арга замыг хүртэл тооцоолон тэр даруй шийдэж болохоор хийх нь чухал.

Төлөвлөсөн хугацааны дараа нэг бүрчлэн шалгаж, шалгасны үр дүнд улам илүү батжуулж байгаарай. Зорилгынхоо тухай зургийг толгой дотроо байнга зурж бодож байх хэрэгтэй бөгөөд та зорилго тавьсан цагаасаа дахин төрж зорилготойгоо нас чацуу байдаг. Хэрвээ хүн зорилгогүй бол  амьдрал нь хоосон яриа, хов үг, хумхай шунал болж хувирдаг. Зорилгогүй хүн гэдэг бол үндэсгүй модтой адил.

Хатуухан хэлэхэд зорилготой хүний хоолны шавхруугаар зорилгогүй хүн хооллож амьдардаг. Зорилготой хүн таваг дүүрэн боломжийг  олж хардаг бол зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээлийг олж хардаг. Залуус бид улс эх орныхоо хөгжлийн  түлхүүрүүд мөнөөс мөн. Тиймээс өнөөдөр хийж чадах зүйлээ маргааш гэж хойшлуулалгүй өнөөдөртөө амьдарцгаая. Маргааш хураахыг хүсэж буй зүйлээ өнөөдөр тарья. Өнөөдөр бол тарих цаг хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна.

Танд амжилт хүсье!

No comments:

Post a Comment