2013-01-28

Миний худалдаж авсан нөхөр №03


Гэсэн ч би түүний нүдэнд нь асар хүчтэй хайр хэвээрээ байсныг олж харсан. Тийм учраас явах тухай бодсон ч үгүй. Би түүний хөлд нь сууж “Гэнри Гэнри… Би чамгүйгээр амьдарч чадахгүй шүү дээ… чадахгүй” гээд уйлж байлаа. Гэхдээ л түүнийг намайг сонстол нь бас л зөндөө удсан… Гэхдээ цөхрөл ямагт замаа олдог юм билээ… Эцсийн эцэст тэр бууж өгсөн юм. 
Тэр гэнэт намайг тэвэрч нүүрийг минь нулимс, үнсэлт хоёроороо будаад “Тэгнээ… Ирина. тэгнэ” гэж хэлээд чичирч билээ.
 

Түүний их хайр нь бүгдийг нь дуусашгүй их сэтгэл хөдлөлөөр дүүргэсэн байлаа. Манай бяцхан хотынхны гайхшрал Гэнригийн дампуурлаар дууссангүй. Тэд бид хоёрын тухай дуулахдаа ёстой нэг дэлбэрэх шиг болж байлаа. Эхлээд түүнд хэн ч итгэсэнгүй. Итгэх ч аргагүй байсан юм чинь. Тэд бүгд намайг галзуу солиотой мэтээр бодож байв. Би хайрандаа галзуурчихсан байсан юм. Хатагтай Хью хүртэл над дээр гүйж ирээд “Чи чинь галзуураа юу?
Чи түүнтэй гэрлэж болохгүй, Ирина. Энэ чинь тэнэг хэрэг. тэнэг.” гэж үнэн сэтгэлээсээ хэлж байсан. Тэр бүүр хэлэх үгээ ч олохгүй байв. Түүний найз, өөрийгөө нэг их илэрхийлээд байдаггүй ноён Броган хүртэл “Наадах чинь солиорчихож” гэж хэлж байсан юм. Ноён Дэвис манай эцэг эх хоёрын хуучин анд надтай ярихаар ирлээ. Тэр намайг дахин энэ шийдвэрээ бодож үзэхийг хүсэв. Би өөрийнхөө ирээдүйг нөхрийнхөө өрийг төлөхдөө зарцуулах юм бол юу ч үгүй үлдэж хамраараа газар хатгана гэнэ. Би үүнийг сонсоод инээхээс өөр юу ч хэлсэнгүй. Би дэндүү их жаргалтай байлаа.
Хамгийн холын хараатай үгийг Ноён Барнэс хэлсэн юм. Тэр над руу бодлогоширсон нүдээр удаан ширтэж амьдрал таньсных нь ул мөр болж үлдсэн уйтгартай зөөлөн инээмсэглэлээр мишээж 
"Чамайг дандаа ийм их баяртай байхгүй л болов уу 
гэж би айж байна, Ирина. Ийм их хүсэл мөрөөдөл, дэврүүн тэмүүлэл сайн юм 
авчирдаггүй юм шүү!" гэж хэлсэн юм.
  
Дараагаар нь тэр Гэнри руу эргэж "Стаффорд! чи өөрийнхөө алхах гишгэхийг мэдэж л яваарай даа." гэж хүйтэн өнгөөр хэллээ. "Надад тэгж хэлэх тань илүүц биз дээ!" гэж Стаффорд түүнээс дутахгүй хүйтэн өнгөөр хариулсан юм. Ингээд бид гэрлэлээ. Зарим хүмүүс төгс аз жаргал хэзээ ч байдаггүй гэж хэлэх нь бий. Гэхдээ би тэр төгс аз жаргалыг амссан юм. Миний мэдэрч байсан тэр мэдрэмжийг аз жаргал гэхэд ч багадна. Би Гэнригийн эхнэр нь боллоо. Би одоо Ирина Вилмэр биш Ирина Стаффорд. Би гэрлэчихээд яг яаж байснаа санадаггүй юм. Ер нь юу ч санадаггүй юм. Хэрвээ хэн нэг нь ирээд надаас гэрлэчихээд яаж байсан, ямар байсныг маань асуувал би ганцхан л үг хэлж чадна: "Гэнри". Тэр үргэлж тэнд байсан, надад өөр юу хэрэгтэй байх билээ дээ. Би өөртөө байсан бүхнийгээ зарж түүний өрийг дарж нэг ёсондоо түүнийг аварлаа. Бид одоо зөвхөн 2 биенийхээ төлөө амьдрах л үлдлээ. Өөр хэн ч биднийг ядраахгүй, зөвхөн бид хоёр. Хамтдаа туулж болох хамгийн агуу амьдрал. Гэхдээ нэг их удалгүй ирээдүйнхээ тухай бодохоос өөр аргагүй болсон юм. Бид нэгэнт надад байсан хамаг мөнгийг үрж, миний байшин сав, үнэт эдлэлийг бүгдийг нь зарчихсан байсан учраас, өөр орлогын эх үүсвэр олох шаардлагатай болов. Гэнри их сургуулиа инженер мэргэжлээр төгссөн учраас энэ чиглэлээрээ ажиллах болов. Хэдий нэг их сүртэй ажил биш байсан ч урьд нь мэргэжлээрээ ажиллаж байгаагүй түүнд дажгүй л эхлэл байлаа. Манайх гэдэг айл нэгэн бяцхан сууцанд амь зогоох болов. Тэгээд л амьдрал эхэлсэн дээ. Түүнийг зохих ёсоор амьдруулах гэж би өөртөө байдаг хамаг хүчээ шавхаж байв. Гэнри маань заримдаа эрч хүчээ хуваарьлаж чаддаггүй учир, би түүний ажилд нь ч хүртэл тусалж байсан. Маш чухал ажлынхаа тэг дунд нь явж байж, буйдан дээр хэвтэж сонирхолтой ном уншин тамхи баагиулан хэвтэх нь түүний хувьд байнга тохиолддог байв. 

Гэсэн ч би түүний ажлыг нь хийлгэх аргуудыг үргэлж олж чаддаг байсан бөгөөд тэр маань улам л илүү амжилттай ажилласаар байлаа. Би түүний энгийн нэгэн найз нь юм уу зарц нь болж хувирахгүйг хичээж байв. Би түүний эхнэр нь бас амраг нь байж чадсан гэж итгэдэг. Би өөртөө тодорхой бус жихүүн байдлыг бий болгоcoн нь намайг түүнээс үл мэдэг холдуулж, түүний сонирхолыг нь улам хөдөлгөж чаддаг байсан. Гэрийн бүх ажлыг чухам хэзээдээ хийгээд байгааг минь тэр хэзээ ч анзаарч байгаагүй. Би түүний хувьд баталгаат бараа биш гэрийнхээ хатан хаан, нэгэн нууцлаг оршин тогтногч болж чадаж байлаа. Бид 2 гэрийн амьдралыг хэзээ ч анзаарч байгаагүй гэж би итгэл дүүрэн хэлнэ. Бид асар хүчтэй сэтгэлээр жигүүрлэсэн амрагууд байлаа...

No comments:

Post a Comment