2013-01-28

Миний худалдаж авсан нөхөр №11

Тэр орой Ноён Барнс намайг дуудлаа. Тэр сүүлчийн нэг сар хотоос гадуур байсан бөгөөд дөнгөж өнөөдөр л буцаж ирсэн байлаа. Тэгээдхамаг юмыг сонсчээ.
- "За Ирина минь би маш сонин юм сонссон. чи надад тэр тухай ярих уу?" гэж тэр хоолойгоо чичрүүлэн байж хэлж билээ.
- "Яасан гэж Ноён Барнс. Ямар ч сонин хачин юм энд байхгүй гэж би бодож байна. Би саяхан Гэнриэс салсан." гэж би тайвнаар хариулсан. 
- "Гэхдээ. ммм... Энэ бүгд нээрээ чиний буруугаас болж гэж үү? Чи үнэхээр буруутай юм уу?"
- "Хэрвээ та үүнийг гэм буруу гэж дуудмаар байвал тэг л дээ. Би Гералд Грэйд хайртай. Тэгээд л тэр."Ноён Барнсийн царай нь эхлээд улаан, дараа нь хөх дараа нь цав цагаан болов. Тэр удаан дуугүй зогссоны эцэст
- "Чи нөхөртөө хайргүй юм уу?" гэж асуусан.
- "Та Гэнри Стаффордын тухай ярьж байна уу? Тэр одоо миний нөхөр байхаа нэгэнт больсон. Тэгээд ч би түүнд хайргүй.
- "Ирина..." гээд тэр цааш нь үргэлжлүүлэх гэсэн боловч нэг л болж өгөхгүй байгаа нь илт. "Ирина. энэ бүгд үнэн байж яасан ч таарахгүй. Чамайг ийм юм хийгээгүй гэдгийг чинь би хүн бүрт хэлнэ.


- "Би чинь бурхан биш шүү дээ."Тэр буцаж ухраад саарал толгойгоо харамсалтайгаар сэгсэрч 
- "Иринэ, чи нөхөр шигээ хүнийг тэр тэнэг залуугаар солих ч хүн биш дээ." гэж цөхөрсөн дуугаар хэлж билээ.
- "Би тэгсээн, сольсон."
- "Чи, Ирина, чи. Би итгэж үнэхээр чадахгүй нь ээ!"
- "Битгий итгэ л дээ. Хэнд хамаатай юм." гэж намайг хэнэггүй хэлэхэд ноён Барнс дахиж энэ бүгдийг тэсэхээ больсон бололтой
- "Тийм бол би юу хэлэх вэ? Ирина. Баяртай Ирина" гэж тэр удаахан хэлэв.
- "Баяртай" гэж би үл тоосон янзаар хариу хэлэв. Би цонхоор түүний цаашаа алхаж байгаа урьд урьдынхаасаа хүнд ядарсан харагдах дүрийг нь харж "Баяртай Ноён Барнс. Баяртай. Намайг уучлаарай." гэж шивнэж байлаа.

Гэртээ хамгийн сүүлд хоносон тэр шөнө би маш орой унтсан. Байшин тэр чигтээ харанхуй болсон хойно би чимээгүйхэн доод давхар руугаа явсан. Маргааш аягүй бол Гэнрид баяртай гэж хэлж амжихгүй. Гэхдээ би түүнтэй салах ёс гүйцэтгэмээр байв. Би чимээгүйхэн унтлаганы өрөөний хаалгыг нээхэд Гэнри тайван унтаж байлаа. Би орлоо. Түүнийг харахын тулд цонхны хөшгийг жаахан нээж гэрэл оруулав. Тэгээд нэгэн цагт минийх байсан орны хажууд зогслоо. Нүүр нь тайван бөгөөд дөлгөөхөн, хав хар сормуус нь хөдөлгөөнгүй, сайхан уруул нь харанхуйд цайрах нүүрэн дээр нь сийлсэн юм шиг үзэсгэлэнтэй харагдаж байв. Би түүнд хүрч зүрхлээгүй учраас гараа болгоомжтойгоор дэрэн дээр түүний толгойны хажууд тавьсан. Тэгээд би газар өвдөглөн сууж уруулыг нь хичнээн үнсэхийг хүссэн ч Гэнрийг сэрэхгүйн тулд тэрийгээ дарж ядан сууж байлаа. Харин гарыг нь авч уруулдаа хүргээд 

 "Гэнри. Чи юу хийснийг маань хэзээ ч мэдэхгүй. Мэдэх ч ёсгүй. Аз жаргалтай амьдраарай! Харин би өөртэйгөө хамт нэг л зүйлийг авч явах болно. 
"Би Гэнрид хайртай байсан" гэж хэлэх эрхийг би өөртөө үлдээнэ ээ. 

Чамайг үхэн үхтлээ хайрлах тэр эрхийг би авч явна гэж зөөлхөн шивнэсэн. Тэгээд би босч, хөшгийг хаагаад гарч явсан. Маргааш нь жихүүн саарал өдөр байлаа. Хааяахан хүйтэн бороо асгаж, зөөлөн салхи хөгшин саарал үүлсийг тэнгэр авчирсан тийм л өдөр байсан. Галт тэрэг орой 10.15-д явах байсан бөгөөд ноён Грэй өглөө нь над руу залгаж намайг орой ирж авахыг хүссэн байлаа. Тэр аз жаргалаар бялхаж байгаа нь хэнд ч ойлгомжтой байсан юм. "Би өөрөө очино оо, намайг харин буудал дээр хүлээж байгаарай!" гэж би хэлсэн.

Аль хэдийн харанхуй болсон ч би өрөөндөө ганцаараа суусаар л байлаа. Өөрөө ч гайхмаар тийм их цөхрөл намайг тойрно. Би Гэнрийг хүлээж байсан юм. Тэр хараахан гэртээ ирээгүй л байв. Тэр Клэйрийнд очиж эрх чөлөөтэй анхныхаа өдрийг өнгөрөөхөөр явсан байсан байх. Уг нь салах ёс хийх нэг их шаардлагагүй байсан ч гэсэн би үүрд явахынхаа өмнө түүнийг хармаар санагдаад болохгүй байлаа. Гэтэл Гэнри ирдэггүй. Би цонхны хажууд сууж хэдий хүйтэн байсан ч гэсэн онгойлгож гудамжийг харж суулаа. Бороо цутгаж байшингуудын дээвэр, явган хүний замнууд гялалзаж харагдана. Хааяахан өнгөрөх явган хүмүүс бүгд л нэг тийшээ учиргүй яарсан шинжтэй, цөхөрсөн ганцаардмал ч юм шиг харагдаж байсансан. Аль хэдийн 9.30 болсон ч, Гэнри гэртээ ирсэнгүй. Би цонхоо хааж жижигхэн цүнхэндээ авч явах зүйлсээ хийхээр суулаа. Надад боож баглаад байх сүртэй юм байсангүй. Нэг даавуу, хуримынхаа даашинз толгойвч ба Гэнригийн зураг. Ийм л хэдэн зүйлтэй би тэндээс явсан юм. Цүнхээ дурамжхан хааж байтал хаалганд түлхүүр дуугарах чимээ, дараа нь түүний хөлийн чимээ сонсогдов. Тэр хүрээд иржээ. Би малгай цув хоёроо өмсөж, цүнхээ авангаа "Би үүдний хонгилоор өнгөрөхдөө ажлынх нь өрөөний хаалгыг нээгээд л харчихъя. Ганцхан удаа. Гэнри намайг анзаарах ч үгүй." гэж бодож байлаа. Ингээд би доошоо бууж, үүдний хонгилд очин Гэнригийн ажлын өрөөний хаалгыг онгойлгож хартал өрөө нь хоосон байна. Би ч одоо яая гэхэв гэж бодоод үүд рүү алхан хаалганы бариулыг атгах тэр агшинд Гэнригийн тайван боловч гунигтай дуу "Ирина, надад баяртай ч гэхгүй явах гэж байгаа юм уу?" гэх нь тэр. эргэн харвал Гэнри зогсож байлаа. Дэндүү их сандарснаас хамаг хяналтаа алдчих дөхсөн би гэдэг хүн "Ааанхаа" гэж утгагүй дуугаар хэлэв.

Бид хоёр түүний ажлын өрөөнд орлоо. Зууханд гал асаажээ. Гэнри гуниг гялалзсан тод хар нүдээрээ над руу ширтэж "Ирина, чи бид 2 үүрд салж байна. Магадгүй... Гэхдээ чи бид 2 нэг нэгэнтэйгээ учирах л хувьтай байсан шүү." гэв. Би дуугай л толгой дохилоо. Хэрвээ ямар нэг юм хэлчихвэл дуу хоолой маань хяналтнаас гарчих гээд хэцүү байсан юм. "Би чамд ямар нэг бурууг тохохгүй ээ, чамайг муулах ч үгүй. Ирина. Тэр орой зоогийн газар болсон явдал бол, чи өөрөө ч анзаараагүй галзуурал байсан байх. Ямар ч гэсэн би чамайг тэр орой байсан эмэгтэй гэж бодохгүй байна.

- "Магадгүй тийм биз. Гэнри." гэж би тэсч чадалгүй шивнэв.
- "Чи биш шүү дээ. Би чамайг үргэлж хайрлаж явсан тэр эмэгтэй чигээр чин л сэтгэл зүрхэндээ үлдээнэ." гээд Гэнри хэсэг дуугай болов. Би урьд нь хэзээ ч түүнийг ийм цөхөрсөн, чимээгүй байхыг нь харж байгаагүй шиг санагдана. "Амьдрал үргэлжлэх л болно. Би өөр бүсгүйтэй... чи өөр залуутай гэрлэнэ... тэгээд бүх юм мартагдана." гэж тэр маань үргэлжлүүлэн хэлээд гарыг маань атгана. "Гэхдээ чи бид 2 дэндүү жаргалтай байсан шүү!" гэж хэлэхдээ нүдэнд нь гэнэт гэрэл тусав.
- "Тийм ээ Гэнри!" гэж би шулуухан бөгөөд тайвнаар хариулсан.
- "Чи тэгэхэд надад хайртай байсан уу? Ирина?"
- "Аанхаа, хайртай байсан."
- "Гэхдээ тэр цаг нэгэнт өнгөрч дээ, юутай ч би чамайг хэзээ ч мартахгүй, Ирина. Чадахгүй. Би чамайг бодох болно."
- "Тэгээрэй Гэнри минь! Заримдаа намайг санаж байгаарай!"
- "Чи жаргалтай байна биз дээ, Ирина? Би чамайг жаргаасай гэж хүсч байна."
- "Тэгнээ Гэнри!"
- "Би ч адилхан. Магадгүй чамтай байсан шигээ тийм их жаргалтай байж ч мэднэ. Гэхдээ одоо чи бид 2 эргэж харж болохгүй ээ! Хүн чинь урагшаа харж амьдрах ёстой! Чи намайг жаахан ч гэсэн бодох уу? Ирина"
- "Тэгнээ, би бодно, Гэнри." Тэрний маань нүд харанхуй гунигаар дүүрсэн байхыг би харж байлаа. Би толгойгоо өргөж гараа Гэнригийн мөрөн дээр нь тавиад намуухан бөгөөд ихэмсгээр 

- "Гэнри, чи жаргах ёстой шүү! Бас хүчтэй, ихэмсэг амьдрах учиртай. Гуниг харууслыг давж гарч чадахгүй тэр л хүмүүс гуниг харуусалтай амьдардаг. Чи бол амьдрал руу инээмсэглэж амьдрах хувьтай хүн.
- "За тийм дээ. Чиний зөв. Бүх юм сайхнаар төгссөн шүү дээ. Энэ бүхэн чи бид хоёрын аль нэгнийх нь амьдралыг баллаж болох л байсан шүү дээ! Тэгээгүйд нь би баярлаж байна." Хэсэг дуугүй суусны дараа Гэнри
- "Ирина минь баяртай! Чи бид 2 дахиж энэ хорвоо дээр ч бараг уулзахгүй биз дээ." гэж хэлсэн юм. Би одоо ч санаж байна.
- "Амьдрал гэдэг чинь богинохон шүү дээ, Гэнри" гэж хэлэхдээ би чичирч байсан. Гэнрид анзааруулахгүйн тулд би 
- "Гэхдээ хэн мэдэх вэ? бид хоёр 60 настайдаа уулзаж ч мэднэ шүү дээ." гэж хурдхан шиг хэлэв. Гэнри инээмсэглээд
- "Магадгүй ээ! Тэгээд хоёулаа энэ бүгдийг ярилцаад инээж байхгүй юу!" гэв.
- "Тийм ээ! Гэнри! хоёулаа инээлдэнэ."

No comments:

Post a Comment