2013-01-28

Миний худалдаж авсан нөхөр №06

Тэр дотроо хичнээн их зовж байсан ч ганц ч үг дуугарсангүй. Зүрх зүссэн тэр өдрүүд намайг бас шууд зүгээр орхисонгүй. 


Тэр юу вэ гэхээр Гералд Греи Англи язгууртан залуу байлаа. 30 эргэм насны, дэгжин, сайхан хувцасладаг, ихэмсэг, эелдэг, сээтэгнэхээс өөр мэргэжил байхгүй тэр залуу манай хотод зочилж ирсэн байлаа. Манай хотын олон бүсгүйчүүд түүнд дурласан. Харин тэр яагаад надад тэгж их татагдаад байсныг нь би мэдэхгүй ч тэр дургүйцлийг минь үл ойшоон над руу залгаж ярилцах гэж оролдсоор байлаа. Өглөө сэрэх бүртээ одоо л Гэнригийн үгийг дуулах болов уу гэж горьдсоор босч ирдэг байсан тэр өдрүүдэд надад тэр залуу бас л нэг ачаа болж байлаа. Би Гэнрийг тэр тухайгаа ярих болов уу гэж удаан хүлээсэн. Гэвч тэр юу ч хэлсэнгүй. Клэйр Гэнритэй уулзах бүх нүх сүвийг хайж эрэлхийлж байсан боловч тэр Клэйртэй уулзаж болох бүх л боломжуудаас зайлсхийж байлаа. 

Манайх гэдэг айл үдэшлэгийн урилганд дарагддаг байсан. Эцэст нь Клэйр өөрийн гараар тусгай урилга Гэнри руу явуулсан байсан боловч Гэнри зөвшөөрөөгүй. Ингэж байтал нэгэн өдөр би бүхнийг ойлгосон юм. Тэр л өдөр би өөрийнхөө хувь заяаг шийдсэн. Би нэг үдэшлэг руу ганцаар явлаа. Мэдээжийн хэрэг Гэнри ажиллах ёстой гэж шалтаглан, муухай царайлаад гэртээ үлдсэн. Харин би үдэшлэгийг зохион байгуулж байсан дотно хүмүүсээ гомдоохгүйн тулд явахаар шийдсэн юм. Гэхдээ тэр үдэшлэг надад ёстой там шиг санагдаж байлаа. Явахад тохиромжтой цагийг хүлээн суух гэдэг тэвчээрийг минь шалгасан хэрэг байв. Гэхдээ тэр үдэшлэг рүү явсандаа би хэзээ ч харамсдаггүй.

Би өрөөг голоор нь хуваасан гоёмсог хөшигний хажуугаар өнгөрөхдөө Хатагтай Хью Хатагтай Броган хоёрын яриаг санамсаргүй сонсчихов. Тэд Гэнри, Клэйр, бас миний тухай ярьж байлаа. Ирина түүний төлөө тийм ихийг төлсөн юм чинь яахав дээ. Гэнри одоо түүнийг орхиж явж болохгүй гэж хатагтай Хью хэлж байна. Би ч гэсэн тэгж бодож байна. Ирина чинь нөхрөө худалдаж авсан юм шүү дээ. Гэнри одоо үхэх гэж байсан ч түүнд эрх байхгүй гэж хатагтай Броган хатагтай Хьюг дэмжих нь тэр. Би барьж байсан алчуураараа амаа таглав. Би одоо л учрыг ойлголоо. Би ганцаараа гэр рүүгээ алхав. 
 Би нөхрөө худалдаж авсан. Нөхрөө эд бараа шигээр худалдаж авчээ, би. Yүнд л хамаг учир нь байж. 

Тэр одоо намайг орхиж явж ч чадахгүй, надад энэ тухай хэзээ ч ам нээхгүй. Тэр зовлонгоо өөртөө л хадгалах болно. Тэр надтай жаргалтай байхаасаа нэгэнт өнгөрсөн ч гэсэн насан туршдаа юу ч болоогүй юм шиг явах болно. Миний мөнгөнөөс болж. Хэрвээ тэр ярихгүй юм бол би ярих учиртай. Хэрвээ тэр мөнгө миний амьдралд байхгүй байсан бол би үүнийг хийхгүй байсан биз. Магадгүй би үргэлжлүүлэн тэмцэж Гэнригээ буцааж авах байсан байх. Гэхдээ одоо бүгдийг мэдсэн хойно би чадахгүй ээ! Надад тэгэх зүрх байсангүй. Тэр хэзээ нэгэн цаг наддаа сэтгэлээрээ буцаж ирсэн ч гэсэн би түүнийг надад хайртайдаа буцсан уу, эсвэл миний өөрийнх нь төлөө золиослосон бүхэнд талархан буцсан уу гэдгийг яаж мэдэх билээ дээ. Тэр миний мөнгөний золиос нь болж байгаа эсэхийг би хэзээ ч мэдэхгүй болжээ. Би түүнийг сайн дураараа чөлөөлөх ёстой. Яагаад гэвэл тэр надад дэндүү их өртэй учраас. Би түүний төлөө хэтэрхий ихийг золиослох чадалтай байсан учраас би нөхрийгөө хадгалж явах эрхгүй болсон байлаа. Би ямар ч гэсэн холдлох хэрэгтэй. Яах вэ? Салъя гэх үү? Тэр мэдээж хүлээж авахгүй. Түүнд хайргүй гэж хэлэх үү? бүүр үнэмшихгүй. Малгайгаа толгой дээрээ байлгаж тэсэхээ болиод авахад бяцхан бороон дуслууд духан дээр минь үнсэж, зөөлөн салхи үсийг минь илбэж байлаа. Би шийдэв. Ямар ч гэсэн зүрхэн дээрээс нэг юмыг аваад хаячих шиг болов.

Байшиндаа дөхөж очоод харвал Гэнригийн ажлын өрөөний гэрэл асаалттай харагдав. Би түүнд саад болохгүйн тулд чимээгүйхэн орж, түүний өрөөний хажуугаар өнгөрөхдөө зүрхийг минь зүссэн тэр нэгэн дууг сонсов. Чихэндээ итгээгүй өрөөнийх нь хаалгаар харлаа. 


Гэнри ширээн дээрээ сууж толгойгоо базлан уйлж байлаа. Над руу харсан байсан нуруу нь гүн харууслаар дүүрэн нулимсыг нь гүйцээж чичрэн байв. 

Би хаалганаас ухасхийн холдохдоо ухаан санаагаа алдчихсан мэт байлаа. Гэнри уйлжээ. "Гэнри одоо үхэх гэж байсан ч түүнийгээ үзүүлэх эрх одоо түүнд байхгүй" Би өөрийнхөө юу хийх ёстойг сайн мэдэж байлаа. Тэр намайг өөрт нь хайргүй болсонд үнэмшихгүй тэхээр би түүнд ямар нэгэн аргаар үнэмшүүлэх л хэрэгтэй. Би өрөө рүүгээ айдас хүйдэс, цөхрөл гунигаа дааж ядан орлоо. Өглөө нь харин сэрэхэд сэтгэл нэг л тайван. Тэр шөнө юуны тухай бодож хоносноо би энэ хорвоо дээр нэг ч хүнд ярихгүй. "Ирина, Юу болоо вэ?" гэж Гэнри өглөө нүд рүү минь харангаа асуув."Юу ч болоогүй ээ!" гэж би хариуллаа. "Онцгүй зүүд зүүдлээд... гэхдээ одоо дуусчихсан учраас санаа зоволтгүй" гэж би хэллээ. Миний тэр үед бодож чадах ганцхан зүйл гэвэл би Гэнрид өөрийнхөө худал хуурмаг гэдгийг үзүүлэх боломж олох тухай л байв. Түүнийг ямар ч эргэлзээгүй болгох хэрэгтэй. Тэр боломж яг тэр өдөр хүрч ирсэн юм.

Гадуур явж байгаад гэртээ буцаж ирэхдээ, Гэнригийн ажлын өрөөнөөс Клэйрийн дууг сонсов. Би гайхсангүй. Би хаалганд дөхөж очин түлхүүрийн нүхээр нь тэднийг харж юу ярихыг нь тайвнаар сонсов. Сайхан шаргал хослол дээр тод ногоон алчуур тавьсан Клэйрийг би харсан. Тэр үнэхээр дэндүү үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Гэнри "Дахиад нэг удаа хэлье. Хатагтай Клэйр та манай гэрээс гарна уу! Би таныг харах ямар ч хүсэл алга. Та ойлгохгүй байна гэж үү?" гэх нь дуулдана."Yгүй би ойлгохгүй байна" гэж Клэйр чангаар хэлэв. Тэгснээ Гэнри рүү хөөрхөн нүдээ жижигхэн болгон хараад "Чи муу хулчгар новш" гэж удаахнаар хэллээ.

No comments:

Post a Comment