2013-01-28

Миний худалдаж авсан нөхөр №09

"Тийм ээ, Грэй, ингэсэн нь ч дээр байсан юм" гэж би чимээгүйхэн хэлсэн. Бид 2 буцаж ширээндээ суун, чимээгүйхнээр хоолоо идэж дуусгалаа. Миний бүх ухаан санаа тогтуун тайван байлаа. Би инээмсэглэн ярьж хажуугаар нь зөөлхөн сээтэгнэж байсан тул Грэй нөгөө ичгэвтэр явдлын тухай нэг их санаа зовж байгаа янзгүй сууна. 10.30-ын үед би түүнийг гэрт маань хүргэж өгөхийг хүслээ. Тэр ингэж түргэн салах болсондоо сэтгэл дундуур байгаа нь илт боловч юм хэлсэнгүй эелдэгээр машиндаа суулган гэрт маань хүргэж ирлээ. "Хоёулаа удахгүй дахиж уулзана биз дээ?" гэж гарыг маань атган байж асуув. "Тэгэлгүй яахав. Тун удахгүй, ойр ойрхон уулзах болно." гэж намайг хариулахад Грэй баяр хөөрөөр дүүрэн яваад өгөв. Би гэртээ орж ирлээ. Хичнээн ч удсан юм бүү мэд ямар ч гэсэн би хөдлөлгүй удаан зогсов. Бүх юм нэгэнт ард хоцорчээ. Би Гэнригийн ажлын өрөөнд нь орлоо. Газар хэвтэх хэдэн цаасыг авч ширээн дээр, өрөөний голд тавьсан сандлыг байранд нь тавив. Буйдан дээрхи дэрнүүдийг засч дараа нь Гэнригийн ширээн дээрх зураг төсөл гэх мэт зүйлсийг янзлав. Түүнийг шугам, гортиг, бусад хэрэглэл нь газраар нэг тарж.
Би тэр бүгдийг нь ширээн дээр нь тавиад зууханд гал асаалаа. Ингэж хамгийн сүүлчийн удаа гэртээ эхнэр шиг байлаа. Бүх юмыг нь янзалж дуусаад, галын дэргэд очиж газар суув. Зуухны хажууд байдаг Гэнригийн түшлэгтэй сандал, хөлөө тавьдаг дэрийг нь баахан харж суулаа. Сандал дээр нь сууж зүрхлээгүй учраас, хөлнийх нь дэрэн дээр толгойгоо тавьж харанхуйг бүдэг улаан гэрлээрээ, чимээгүйг дуугаараа үргээх галыг ширтэн хэвтэв. Байн байн тэр дэрийг үнсэж байснаа би санаж байна. Yүдний өрөөнд түлхүүр шажигнах дуу гарахад би хурдхан босч, үүдний өрөө рүү очив. Гэнри цонхийчсон зогсож байна. Над руу харсан ч үгүй, хувцсаа тайлж өлгүүрт өлгөөд хажуугаар минь зөрөн ажлынхаа өрөө руу явлаа. Би ч дагалаа. Бид өрөөнд орсны дараагаар чимээгүйхэн удаан зогссоны эцэст тэр хүйтэн хөшүүнээр 

- "Чи надад ямар нэг юм тайлбарлах уу?" 
- "Надад тайлбарлаад байх юм байхгүй ээ! Чи бүгдийг нь харсан. "Тийм ээ би харсан. "Тэр өрөөг өгсөж уруудаж хэсэг байснаа над руу харан үзэн ядалт, гутамшиг дүүрэн инээмсэглэлээр инээмсэглээд "Гэхдээ энэ чинь сайн хэрэг!" гэж хэлэв. Намайг юу ч хэлэхгүй байгаад тэр улам улангасч "Чи... чи... яаж ингэж чадав аа" гэж хамаг чангаараа хашгирав. Би чимээгүй л байв."Чам шиг эмийг би 4 жилийн турш эхнэрээ гэж дууджээ. Чи намайг бүүр галзууруулах нь, ийм юм байж хэрхэвч болохгүй. Энэ бол чи биш. Чи ийм байгаагүй шүү дээ. Чи ийм юм хийж чадахгүй." Би юу ч хэлсэнгүй. Тэр гараас минь зууран авч намайг газар руу түлхээд "Чи новш минь. Яриач. Хэлээч! Хариулаадах надад. Яагаад чи ингэж байгаа юм бэ? "Би түүнийг нүд рүү нь харж байгаад хамгийн гашуун худлыг түүндээ хэллээ. 

- "Би чамайг гомдоохыг үнэхээр хүсээгүй учраас энэ хайраа удаан нууж явсан. Би удаан хичээсэн боловч үнэхээр тэсч чадаагүй." гэж би хэлсэн. Тэр намайг юуны тухай ярьж байгааг сайнаас сайн ойлгосон. Тэр гарыг маань тавьж хойшоогоо ухрав. тэгснээ инээв. 

- "Тэгвэл би чамайг баярлуулах уу, Ирина? Би чамд огтоос ч хайргүй шдээ. Чамайг ийм юм хийсэнд гомдох ч үгүй байна. Би өөр эмэгтэйд хайртай. Би үнэндээ баярлаж байна". гэж тэр хэллээ.
- "Чи баярлаж байна уу? Гэнри?"
- "Yнэхээр ихээр баярлаж байна. Гэхдээ чамайг нэг их баяртай биш байгааг чинь би харж байна."
- "Yгүй дээ Гэнри, Би сэтгэл дундуур биш байна. Бүх юм зүгээр.
- "Нээрэн үү? за за газар хэвтээд байлгүй босч үз дээ." гэж хэлээд тэр дахиад өрөөг тойрон холхиж эхэлснээ 
- "Над руу битгий хар! Чи над руу харах ч эрх байхгүй шүү! Би хориглож байна." гэж хашгирав. Би толгой унжуулж 
- "Би харахгүй ээ Гэнри" гэж хэлэв.
- "Yгүй чи харах болно. Чи өөрийгөө харах болно." гэж Гэнри хамаг чангаараа хашгираад гараас минь татан намайг том шилэн хаалгатай тавиурын өмнө аваачив. "Даашинзаа хар даа чи!". Хар улаан өнгөтөй дарс мөнгөлөг даашинзыг минь бүрхэн урсчээ."Чи тэрэнд хайртай болсон, чи түүнтэй явсан, одоо яая гэхэв. Гэтэл энэ дарс, энэ үнсэлтүүд, тэр олон нийтийн газар биеэ авч явж байгаа байдал..." Би юу ч хэлсэнгүй. Миний төлөвлөгөө бүтэмжтэй болжээ. Гэнри ч хэсэг дуугүй суусны эцэст тайван боловч хүйтэн өнгөөр"Чи одоо бид хоёрын хооронд юу ч байхгүй гэдгийг ойлгож ав! Угаасаа тийм юм хэзээ ч болоогүй байсан нь дээр байсан юм. Чи ч би чиний нөхөр байсныг мартах хэрэгтэй. Тийм учраас надаас чамд хадгалагддаг юм бүхнийг чи надад буцааж өг! мэд ээ!" гэж хэлэв."Би одоо өгнөө, Гэнри."Би дээшээ өрөө рүүгээ явж бүх зүйлсийг авчрав, түүний зурагнууд, түүний бэлэгнүүд, хэдэн захиа гээд л миний түүнээс авсан бүх юмс. Тэр миний авчирч өгсөн бүх юмсыг аваад гал руу шидчихэв."Би энийг авч үлдэж болох уу?" гэж би түүний хамгийн сайхан нэгэн зургийг нь гартаа барин асуулаа. Гар маань чичирч байв. Тэр нөгөө зургийг хараад, зургийг авч газар чулуудав. Би түүнийг нь газраас авч элгэндээ тэврэв."Тэгээд хоёулаа аль болох хурдан гэр бүлээ цуцлуулах хэрэгтэй." гэж Гэнри хэлээд галын хажуу дахь сандал дээрээ суунгаа 

- "Намайг ганцааранг маань орхиотох." гэв. Би буцаж хаалга руу явж байгаад гэнэт зогссон. Түүн рүүгээ харсан. Тэгээд түүндээ бодож явснаа хэлсэн. Тайвнаар... "Намайг уучлаарай Гэнри... хэрвээ чи чадвал... тэгээд намайг мартаарай... Муухай бодлоор сэтгэлээ зовоож байгаад хэрэг байхгүй. Клэйрийн тухай бодож баяртай байгаарай! Миний тухай биш түүний тухай бодоорой, тэгсэн нь дээр. "Тэр над руу эргэн харж 
- "Чи уг нь ийм л байсан шүү дээ өмнө нь" гэсэн.
- "Би тийм байсан. Одоо гэхдээ би тийм биш. Бүх юм өөрчлөгддөг шүү дээ. Гэнри... 

Бүх юманд төгсгөл гэж байдаг. Гэхдээ амьдрах сайхаан... Амьдрах агуу юм. Чи маань харин жаргалтай байх ёстой шүү Гэнри."
- "Ирина аа! надад яагаад өөрчлөгдснөө хэлээч!" гэж намуухан хэлэхийг нь сонсох надад амар байгаагүй. Миний нэр, бас энэ ганц өгүүлбэр намайг гацааж орхив. Гэхдээ зөвхөн нэг л хором. "Би чадаагүй юмаа. Тэсч чадаагүй юм, Гэнри" гэж би намуухнаар хэлээд дээшээ өрөө рүүгээ гарсан.
Өрөөндөө орохдоо би уруулаа хэтэрхий чанга хазснаас болж аманд минь цус амтагдаж байлаа. "Энэ чинь юу ч биш. Энэ чинь юу ч биш, Ирина" гэж би өөртөө дахин дахин хэлж байлаа. 

Яагаад ч юм бэ, би ярих хэрэгтэй байлаа. Сэтгэл дотор бөглөрөөд байгаа тэр юмыг үгээр л живүүлж чадах юм шиг надад санагдаж байв. "Ирина, энэ чинь юу ч биш. дахиад ганц хором тэсчих. Энэ бүгд дуусна, энэ чинь юу ч биш.." гэж би өөртөө давтан давтан хэлж байлаа. 

Би өөрийгөө сохорчихоогүй гэж мэдэж байсан ч гэсэн нүд маань юу ч харахгүй байлаа. Чих маань юу ч сонсоогүй. Хэсэг хугацааны дараа арай гэж ухаан орон юм сонсож эхлэнгүүтээ би өөрийгөө "дахиад нэг хором... дахиад нэг хором..." гэж дахин дахин давтаж байгаагаа сонссон юм. Гарт маань байсан Гэнригийн зураг газар унав. Би түүнийг харлаа, тэгэхэд л би чухам яг юу болсон, юу болоод байгаа, юу болох гэж байгааг тодорхой томруунаар харсан юм. Энэ бүхэн нэг хормоос ч хурдан хугацаанд болж өнгөрсөн юм. Яг л цахилгаан цахиад өнгөрөх шиг, хоолойд халуун төмөр тээглэсэн мэт болчихоод болсонгүй. Би хамаг чангаараа хашгирав. Одоо бодох нь ээ би тэгэхэд зүгээр ч нэг хашгираагүй юм. Надаас гарсан тэр дуу хүний дуу биш шархадсан амьтны амьдрал гуйсан хоосон архираа байсан юм шиг....

No comments:

Post a Comment