2013-01-28

Миний худалдаж авсан нөхөр №08

Яг л миний хүлээж байснаар. Гэхдээ орж ирсэн хүн нь Гэнри биш Клэйр байлаа. Тэр ганцаараа орж ирэв. Цул хар өнгөтэй сатин даашинз нь түүний биеийг зөөлнөөр ороожээ. Толгой дээрээ тавьсан гоёмсог алмаазан зүүлт нь гялалзаж, сайхан мөрөн дээгүүр нь гялалзах чулуунууд гүйх нь дуу алдмаар үзэсгэлэнтэй. Клэйр орж ирмэгцээ тээнэгэлзэж танхимыг тэр чигт нь гүйлгэн харав. Гэнриг ирээгүйг мэдмэгцээ уруул нь уураа дааж ядсан бололтой чичирч байна. Гэвч яая гэхэв тэр танхимыг туулаад нэг ширээнд очиж суув. Түүний суусан ширээ нь миний байрлалаас сайн харагдаж байлаа. 9.15... Том шилэн хаалга онгойх нь улам л олширч костюмтай залуус, үслэг эдлэл даашинз болсон хүүхнүүд чимээгүйхэн орж ирж шуугилдах олонтой нийлж байв. Би хаалганы өмнө дэвссэн зөөлөн хивсэн дээгүүр эцэсгүй мэт урсах ширэн гутал, мөнгөлөг шаахайнуудын урсгалыг ширтэж суулаа. Ядаж байхад ямар олон хүн орж гарсан гэж бодно, тэр хаалгаар. Хаалга нээгдэхийг сонсох бүрт хүйтэн айдас нуруу руу минь шургаж өвдөг рүү маань урсаж байлаа. Гэвч би хаалга руу харалгүй нэг ч хором сууж чадаагүй юм. "Болгоомжтой, Хатагтай Стаффорд" гэж Грэйн хэлэх нь зүүд зэрэглээ шиг хол сонсогдов. Учир нь би барьж байсан усаа даашинз руугаа асгачихаж. Би гэхдээ тоосон ч үгүй аяган дахь мөснөөс нэгийг авч ам руугаа хийлээ. Грэй над руу гайхал дүүрсэн нүдээр харж байсан юм.


9.25. Өвдөг маань гэм хийсэн хүнийх шиг чичирч байв. Хэтэрхий их чичирснээс болоод дахиж хэзээ ч алхаж чадахгүй болчихмоор юм шиг санагдаж байж билээ, тэр үед. Би нууцхан Клэйр рүү харав. Тэр бас л хүлээсээр байлаа. Түүний нүд нь бас л хаалган дээр хадаастай. Ширээн дээр байсан цэцгийн дэлбээг тасдан хаях нь түүнийг хичнээн их санаа зовж байгааг харуулж байлаа. 9.30. Би тэвдэж байсандаа тэр юм уу, эсвэл тэнд байсан жааз хөгжим тэгж хүнд дуулдаж байсан уу толгой руу маань хүнд зүйлээр зогсоо зайгүй нүдэж байгаа юм шиг санагдаж байв. Бүгчимдэж, бачимдсан сэтгэл минь агаар муу танхимын аяыг даалгүй боочихмоор санагдаж би хүйтэн гараараа хоолойгоо барьж суулаа. 9.45-д тэр ирсэн юм. Хаалга нээгдэж, тэр орж ирэв. Яг л тэр хоромд Гэнри агаарт өлгөгдчихсөн юм шиг санагдаж байлаа. Эргэн тойронд юу ч байхгүй юм шиг. Би хаалгыг харж байсан боловч яг урд нь зогсож байгаа Гэнриг л харж чадахгүй байлаа. Тэр харанхуй нүх мэт надад харагдаж байв. Дараагийн хоромд нь би юуг ч сонсоогүй юм. Чих минь таг дүлий болсон мэт чив чимээгүй намайг нэг хором бүрхэв. Энэ мөчид би арай гэж сэхээ аван Грэйд "жаахан хөгжилдөе л дөө" гэж хэлэв. Би түүний хүзүүгээр нь тэвэрч, мөрөнд нь нүүрээ наагаад костюмных нь захыг чангаар хазав. Тэр үед би ганц л юм өөртөө хэлж байсан нь "Ирина хэтэрхий чанга хашгирч болохгүй". Грэй хаалга руу биш над руу харж сууж байсан болохоор Гэнриг орж ирэхийг харсангүй, учрыг ч ойлгосонгүй гайхаж дууссан нүдээр над руу харж суув. Гэхдээ жинхэнэ эр хүний зангаар тэр өөртөө итгэлтэй загнаж үсэнд маань гараа хүргэхийг хүртэл оролдож байлаа. Би толгойгоо түүн рүү харж байсан ч нүүрэндээ ямар ч хувирал гаргахгүйг хичээж байсан юм. Гэхдээ нүд маань бүхнээ нууж дөнгөсөнгүй бололтой. Грэй миний нүд рүү хараад бараг л дуу алдах дөхөж байгаа нь илт. Би салга хүн шиг гартаа барьсан жунзаа чичрүүлэн байж "Грэй, дарс хаана байнаа. Би дарс уумаар байна. Яагаад энд дарс байхгүй байгаа юм" гэж хашгичив. Намайг уурлуулаад дэмийг ойлгосон Грэй үйлчлэгчийг дуудаж чихэнд нь нэг зүйл шивнэхэд үйлчлэгч инээмсэглэчихээд яваад өглөө.

Би энэ бүхний хажуугаар Гэнри ажигласаар байлаа. Тэр Клэйр дээр хүрч очив. Клэйр хэтэрхий их баяраар дүүрч байгаа бололтой сандал дээрээсээ үсрэн бууж жаргалтайгаар инээмсэглэсэн. Тэр Гэнриг ирэхгүй нь гэж сандарч байсан бололтой түүнийг хоцорсон тухай нэг ч үг хэлсэнгүй. Харин Гэнри цонхийж цайсан ноцтой царайгаа нууж чадалгүй зогсоно. Тэр хоцорсон нь надад бүгдийг урьдынхаас ч тодоор хэлж өгч байлаа. Гэнри ирэхгүй байх гэж их тэмцжээ. Yнэхээр их. Гэвч тэр тэссэнгүй юм байж. Гэнри Клэйрийн ширээнд очиж суув. Түүний нүдэнд унтаршгүй их баярын оч гялалзаж, инээмсэглэнэ. Ямар үзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хэзээ ч мэдэхгүй ээ...

Зөөгч надад дарс авчирч өгөв. Бүүр 2 шилийг. Грэй нэг шилийг нь авч шилэн аяганд цутгах гэсэн боловч би Гэнригийн гараас дарсыг нь булаан авч өмнөө байсан шилэн аяганд хийхдээ цүл пал хийлгэн асгаж даашинзан дээрээ хүртэл цутгачихав. Тэгээд нөгөө дүүрэн аягаа авч газар унагалаа. Шил хагарах чанга дуутай нийлүүлэн би чангаар инээж эхэллээ.

Грэй бүүр амаа ангайчихсан зогсож харагдана. "Инээ. чангаар хөхрөн инээ" гэж би Грэйд тулган хэлэв. 

Бидний ойр сууж байсан хүмүүс хэн тэр бүдүүлэг дуу гаргаад байгааг сонирхон эргэн эргэн харсаар байлаа. Яг л миний хүссэнээр. Би үсээ задлан сэгсийлгэж, бүүр сүүлдээ шилтэй дарсыг газар чулуудлаа. Хамаг чангаараа инээж "Ох Гэри минь" гэснээ энэ маань хангалттай санагдсангүй сандлаасаа босч Грэйн өвөр дээр нь сууж тэврэн үнсэж буй мэтээр нүүрээ нүүрэн дээр нь наалаа. Ингэхдээ хажуудаа байсан хиймэл ханыг түлхэн унагав. Бүхэл танхим тэр чигээрээ эргэн харахад би ичиж буй царай гарган босох тэр агшинд Гэнритэй нүүр туллаа. Би над руу харж байсан түүний нүдийг хэзээ ч мартахгүй. Бид 2 чимээгүй байлаа. "Ирина. Ирина" гэж тэр итгэж ядан шивнэж байв. Би айж ичиж байгаа хүний дүрийг гаргах гэж хичээж байснаа толгойгоо өргөн огт тоогоогүй царай гаргаж "Тэгээд?" гэж хэллээ. Гэнри хойшоо ухрав. Тэгээд чичирсэн. Тэр нүдэндээ итгэхгүй байгаа бололтой хэсэг дарж байснаа "Би чамд саад болохгүй ээ!" гэж хэлээд Клэйр рүү яваад өгөв. "Өөр газар руу явъя Клэйр" гэж тэр Клэйрт хэлж байна. Клэйр ч босч тэр 2 гараад явчихав. Би тэр хоёрыг шилэн хаалгаар харагдахгүй болтол нь дагуулан харж билээ. Тэгээд л бүх юм дууссан. Би тэднийг явсны дараа асар тайван болж билээ. Би Грэй руу эргэхэд тэр миний унагасан хиймэл ханыг босгож тавьж байлаа. Тэгээд "Хатагтай Стаффорд, битгий өөрийгөө зэмлэ дээ. Энэ ч дээр байсан биз." гэж хэлсэн.

No comments:

Post a Comment