2013-01-28

Миний худалдаж авсан нөхөр №07

Гэнри Клэйрийг ширтэн хэсэг зогссоноо түүн рүү нэг алхам ойртов. Түүний цайж цонхийсон нүүрнээс нь ялгаран харагдах уруул нь хаалганы нүхээр харж буй надад хүртэл харагдахаар чичирч байлаа."Яв даа!" гэж тэр хачин хахирган дуугаар шивнэв. Тэгэхэд нь Клэйр нүдээ том болгон бүрэн нээхэд, түүний өөрөөсөө хүртэл нуух гэж ядсан хүслэн, омог бас асар эмзэг сэтгэл нь харагдаж байлаа."Гэнри..." гэж хэлэхэд түүний хоолой нь яагаад ч юм бие шигээ үзэсгэлэнтэй сонсогдоно. "Хатагтай Клэйр..." гэж Гэнри арай ядан хэлээд хойш ухрав. Клэйр түүн рүү дөхөнгөө 

"Гэнри... Чи ингэж 2 биенээ зовоох ямар хэрэг байгаа юм бэ?... Би чамд хайртай... Чамтай л байхыг хүсч байна" гэж хэлж байна. 

Гэнри үг ч дуугарах сөхөөгүй байхыг харсан Клэйр дуугаа өндөрсгөн муухан инээмсэглэж "Чи надад хайртай гэдгийг бид 2 хоёулаа сайнаас сайн мэдэж байгаа шдээ. Чи арай үгүй гэхгүй биз дээ?" гэж хэлэв. Гэнригийн нүдэнд зовлон тарчлал илээс ил харагдаж байхыг нь би удаан харж тэсэмгүй байлаа.
Тэр ч үүнийгээ мэдээд нүдээ гараараа таглав. "Чи энд яах гэж ирсэн юм бэ?", "Яагаад гэвэл би чамд хайртай... чамтай хамт байхыг юунаас ч илүү хүсч байна." гэж Клэйр хэлээд Гэнригийн мөрөн дээр нь гараа тавьж "Надад чи хайртай биз дээ" гэж шивнэн асуув."Тиймээ... тийм... тиймээ!" гэж Гэнри чангаар хэлээд Клэйрийг галзуурсан мэт татан ойртуулж уруул дээр нь озон озон үнслээ. Би гайхсангүй. Надад бүх юм урьд нь болж байсан юм шиг л санагдав. Харин Гэнрийг өөр бүсгүй үнсэхийг харах... хэцүү байсан учраас би нүдээ аньсан. Тэгээд л болоо. "Ингэж хэлэхийг чинь ямар их хүлээв ээ, би!" гэж Клэйр эцэст нь хэлээд Гэнрийг чангаар тэврэв. Магадгүй хүсч байснаасаа ч чангаар тэвэрсэн байх. Гэтэл Гэнри гэнэт Клэйрийг шийдэмгийгээр түлхээд..."Чи бид 2 дахиж уулзаж болохгүй..." гэж хатуухан өнгөөр хэлэв.

"Yгүй дээ... хонгор минь чи бид 2 өнөө орой уулзана. Орой 9 цагт би чамайг Холтост хүлээж байя.""Би ирэхгүй ээ!", "Чи мэдээж ирнэ.""яасан ч үгүй... хэзээ ч...", "Чамаас гуйж байна шдээ Гэнри... 9 цагт!" гэж Клэйр хэлээд өрөөнөөс гарч явлаа. Би дөнгөж л хөшигний ардуур орж амжив. Клэйрийг явсны дараа би Гэнригийн өрөө рүү шагайвал Гэнри сандал дээрээ толгойгоо базлан сул ойчсон байдалтай харагдана. Yсээ зогсоо зайгүй зулгаан байгаа хуруунуудаас нь би Гэнриг хичнээн их зовж байгааг харж байлаа. Ингээд надад боломж гарч ирлээ. Одоо л хөдлөх хэрэгтэй. Би өрөөндөө очиж малгай, цуваа тайвнаар тайлав. Би өрөөнөөсөө гарч шатаар уруудан Гэнри рүү явах гэж байснаа гэнэт зогтусав. "Чи мэдэж байна уу? хэнийг алдах гэж байгаагаа мэдэж байна уу, Ирина?" гэж би өөртөө хэлээд гүн амьсгаа авлаа.
Ширээн дээр минь Гэнригийн нэг зураг байдаг байсан юм. Түүний хамгийн сайхан гарсан зураг. Харин ард талд нь "Хайрт Иринада. Гэнри. Yүрд мөнх" гэж бичсэн байдаг байлаа. 

Би зурганд хүрч очоод, газар өвдөглөн сууж түүнийхээ зургийг удаан гэгч нь ширтэж залбирсан. Түүндээ мөргөсөн. "Гэнри. Гэнри." гэж би шивнэхээс өөрийг хэлэх чадал надад үнэндээ байсангүй. Надад төлөвлөсөн бүхнийг хийх хүч чадал хайрлаач гэж би түүнээс гуйж билээ. Хэсэг хугацааны дараа би босч доод давхар руу явав. "Гэнри. Надад Хатагтай Кован захиа хүргүүлсэн байна. Өвдсөн гэнэ. Би очоод ирье." гэж түүний өрөөнд орж хэлчихээд гарлаа. Хатагтай Кован гэдэг нь миний бүүр эртний танил, манай хотоос 4 цагийн зайд амьдардаг бүсгүй. Би хааяахан очиж хуучилдаг байсан юм. "Би чамайг явуулмааргүй байна. Чи бүүр цонхийгоод ядарчихаж... амрах хэрэгтэй" гэж Гэнри ер юу ч болоогүй юм шиг духан дээр минь гараа зөөлхөн тавьж хэлэв. "Миний бие маш сайн байна. Би явчихаад маргааш өглөө хүрээд ирнэ. "Би өрөөндөө утастай байсан учраас Гэнри миний ярихыг сонсож чадахгүй байх байв. Долоон цагийн үед би Гералд Грэй руу залгаж товч бөгөөд тодорхойгоор "Та 8.30-д Холтосд хүрээд ирэхгүй юу?" гэж хэлсэн юм."Ю... Юу гэнээ? Ох, Хатагтай Стаффорд!" гэж гэнэтийн бэлэгт баярласан тэрээр барьц алдан сандран хэлж байна. Би ч олон долоон юм ярьсангүй утсаа тавилаа.

Миний төлөвлөгөө маш хялбар. Гэнри 9 цагт Холтосд Клэйртэй уулзахааар ирнэ. Тэгээд Грэй бид хоёрыг харна. Би шөнөжөнгөө байхгүй байна гэж хэлсэн болохоор тэр хараад уурлана. Тэгээд л тэр. Би тайвнаар хувцаслаж эхлэв. Би маш нямбай сайхан хувцаслахыг бодож хамаг тавгүй бодлоо гээхийг хүсч байлаа. Гялалзсан жижигхэн хиймэл чулуунуудтай, мөнгөлөг өнгөтэй даавуун даашинзаа өмсөж, нүүрээ будав. Би хөөрхөн харагдахыг хүсч байлаа, гэхдээ тэгэхийн тулд маш их будаг шунх хэрэглэх хэрэг гарч билээ. Ингээд сууж байтал гэнэт толгойд минь "хэрвээ Гэнри Холтосд ирэхгүй бол яах вэ? Тэр "Яасан ч үгүй гэж их л шийдэмгий хэлсэн шүү дээ. Тэр Клэйрийг эсэргүүцэж дөнгөх тийм их сэтгэлийн тэнхээтэй байвал яахав." гэсэн бодол зурсхийн орж ирэв. Энэхүү гэгээн бодолд цочсондоо би гартаа барьж байсан энгэсэгний шаазан хайрцагаа газар алдаад хагалчихав. 

"Хэрвээ.. хэрвээ тэр ирэхгүй бол, тэр Клэйрт тийм ч их хайртай биш гэсэн үг. Тэгвэл би гэр рүүгээ хамаг эрчээрээ гүйж ирээд түүнийгээ тэврэн хамаг үнэнээ уйлан байж хэлнэ дээ." 

Ингэж бодоход өчигдрөөс хойш хуурай байсан нүд маань том том дуслуудаар дүүрч зарим нь хацар даган урсав. Гайхалтай хэрэг шүү. Хүн итгэлээ алдаж, цөхрөнгөө барсан үед итгэл найдвар өчүүхэн төдий сүүмэлзэхэд сэтгэл хамгийн хэцүүгээр зовдог юм билээ. Би тайван байхыг хичээж хувцсаа өмсөж эхлэв. Гар минь учиргүй чичирч байсан учраас хувцсаа өмсөх гэдэг амаргүй даваа байлаа. Хувцаслаж дуусчихаад аялалын том цуваа нөмөрч үдшийнхээ даашинзыг нуув. Гарч явахад минь Гэнри өрөөнөөсөө гарч ирэн цувны маань захыг чанга гэгч нь товчилж өгөөд, "Анхааралтай яваарай! Битгий хамаагүй ядарчихаарай, Ирина минь" гэж хэлж билээ. "Санаа зоволтгүй Гэнри. Би зүгээр..." гээд би түүнийгээ үнссэн хамгийн сүүлчийн удаа. Ингээд л би гарч явсан. Харанхуй гудамжаар ганцаараа алхаж явахад хүйтэн салхи цувны минь доогуур гулгаж нүцгэн мөрөнд минь хүрч байсан. Зөөлхөн даавуу хөлийг маань илбэхэд би толгой дээгүүр, эгц алхах гэж байдгаараа хичээж байсан юм. Холтос гэдэг нь манай хотын хамгийн том шөнийн клуб байлаа. Нэг их муу нэртэй газар биш байсан ч гэсэн яагаад ч юм хүүхнүүд нэг бол нөхөртэйгээ ирдэг эсвэл бүүр ирдэггүй байсан юм. Би ХОЛТОС хэмээх нэрийг бүтээсэн том том гэрэлт үсэгнүүдийг харав. Хэтэрхий их гэрэл нь бараг л нүд өвтгөмөөр санагдаж байж билээ. Yүдээр нь орж дээд давхарт гарав. Зөөлөн хивсэнцэр дээр нь хүн өөрөө өөрийнхөө хөлийн чимээг сонсох ч янзгүй. Хэтэрхий гял цал болсон үйлчлэгчдийнх нь гялгар хувцаснууд нь алмаз эрдэнэ шиг хуурамчаар гялалзана. Төв танхимд нь орж ирэв үү үгүй юу жааз хөгжмийн хурц аялгуу толгой дотор минь шургаад орчих шиг л болов. Том том гэрэл үүсгүүрүүд, цагаан ширээнүүд, хар костюм, нүцгэн мөр, гялалзсан шил, торгон хэрэглэл, алмаз чулуу. Ноён Грэй намайг хүлээж байлаа. Тэр яг л дээд зэрэглэлийн эрэгтэйчүүдийн сэтгүүл дээр гардаг гял цал зураг шиг өнгөлөг харагдаж байв. Мэдээж хүнтэй харьцаж сурсан эр гэсэндээ сэтгэл хөдлөл юм уу гайхсан ямар ч шинж тэмдэг үзүүлсэнгүй, эелдэг бөгөөд хүндэтгэлтэйгээр инээмсэглэсээр. Би ширээ сонгохдоо үүдээр орж гарч байгаа хүмүүсийг харж болох газрыг бодолцож сонгов. Ширээн дээр очоод үүд ширтэж суухад бүх юмсыг бүдэгхэн хөшиг бүрхсэн мэт санагдаж байсан юм. Бүх юмс манаран тунарч байхад ганцхан цэнгээний газрын хаалга л томруулдаг шилээр харж байгаа мэт тодоос тод харагдана. Одоо хүртэл. Миний санаж байгаагаар Ноён Грэй нэг юмны тухай л яриад байсан. Би бас ярьсан. Тэр инээмсэглээд л. Би бас инээмсэглэсэн байх. Хаалганы яг дээд талд нь том цаг байсан юм. Намайг Холтосд хүрч ирэхэд цаг 8.30 болж байсан. Би тэр цагийг ширтэж цаг аажуухнаар явсаар байсан. Хэрвээ яг тэр үед хэн нэг нь миний сэтгэл рүү өнгийсөн бол том цагаан дугираг 2 зүүнээс өөр юуг ч олж харахгүй байсан байх даа. Яг 9 цагт, хормыг заагч зүү 12 тоог шүргэв үү үгүй юу том шилэн хаалга онгойв.

No comments:

Post a Comment