Амьдралын зураг зурахыг хүсэх л байх ...

Амьдралыг ойлгох гэсэн бяцхан зүрхэнд ийм л гэрэл тусч, ийм л гэрэл гэгээнд тэмүүлж, ийм л сэтгэлийн үрийг тарих гэж, буй болгосон бүхэндээ жаргал цуглуулж, буй болох бүхэндээ гэрэл нэмэх гэж хичээж явна.

Зөв буруу зөндөө л бий
Зүгээр л сэтгэлээс урсах
Зүгээр л хэдхэн үгсийн хэлхээгээр
Зүрхээн чөлөөлж, сэтгэлээн илэрхийлэх гэж оролдлоо. 

Яруу сайхан үгийн урлагт шунан дурладаг ч
Ямар би шүлэг бичиж чадах биш дээ
Яахав ээ, зүрхний гүнээс нууцхан эгшиглэх
Сэтгэлийн аялгуу хөглөгдсөн, энэ биз ээ.


Урсаад ундардаг сэтгэлийн бүтээл бүхэн
Утга учиртай амьдралын минь түшиг болдог
Угтаад тосдог хайрын  минь баялаг
Уучлаад бүгдийг сэтгэлдээн багтаадаг.

Аз жаргал гэсэн хоёрхон үг ...
Амьдралын зарчмыг минь өдөр бүр дэлгэрүүлсэн
Алаг зүрхийг минь хайрын шүлгээр амилуулсан
Амьдралыг ухаарахдаа эрэгцүүлэл бичиж үзсэн
Амьд амтыг мэдрүүлэхийн тулд одоо би 
Амьдрал гэдэг зохиол бичихийг хүснэ.
Тэр зохиол хүн бүрт итгэлийн галыг нь асааж, сэтгэлийн сайхныг бэлэглэсэн агуу хайрын үнэн түүх байгаасай гэж хүснэ. Тийм ээ. хүсэл минь хязгааргүй, түүний дараа тэр л түүхийг үзүүлсэн амьдралын зураг зурахыг хүсэх л байх ...