2015-09-10

Аз жаргалын эрэлд

АМЬДРАЛЫН МӨН ЧАНАР 
Хаа сайгүй зөвхөн мөнгө, биет эд баялгийн төлөө л амьдарч буй хүмүүс зөндөө байна. Гэхдээ зарим нь, магадгүй ихэнх нь дотроо эд хөрөнгөнөөс илүү амьдралын утга учрыг эрэлхийлж буй. Учир нь мөнгө, эрх мэдэл бол сэтгэлийн амар амгаланг авчирдаггүй. Заримдаа баяжиж хөлжин, эрх мэдлээ зузаатгах тусам санаа зовох асуудал улам ихэсдэг. Эд хөрөнгөтэй болохыг эрхэм зорилгоо болгох ёсгүй. Гадна талын материаллаг хөгжил нь дотоод сэтгэлийн хөгжилтэй хосолсон байх учиртай. Хүн бүр өөрийн мэдрэмжтэй, баярлаж, зовж, өрөвдөж шаналдаг сэтгэлийн хөдөлгөөнтэй амьтан. Энэ нь бидний дотоод сэтгэл, бодол санаатай холбоотой. Тийм учир дотоод үнэ цэнэ гэдэг нь сэтгэл амар амгалан байхын үндэс суурь юм. Амьдралын зорилго бол аз жаргал. Аз жаргалтай амьдрахад материаллаг гадаад хүчин зүйлсээс гадна сэтгэлийн, оюун ухааны дотоод хүчин зүйл их чухал. Материаллаг баялаг, хөгжлийг хэдэн зууны түүхтэй уламжлал, ёс заншилтайгаа хослуулах хэрэгтэй. Техник технологийн хөгжил, орчин цагийн боловсрол, биет эд хөрөнгө нь хүний бие махбодийг ая тухтай байлгадаг бол уламжлалт үнэ цэнэ бол сэтгэлийн амар амгаланг мэдрүүлнэ. 

БУРХАН БАГШ БҮХНИЙГ БҮТЭЭГЧ БИШ 

Оюун санааны оршихуй гэдэг нь заавал шашин шүтлэгтэй байна гэсэн үг бас биш. Аз жаргалтай амьдрахад оюун санааны оршихуй маш чухал. Шашингүй оюун санааны оршихуй буюу шашны бус ёс зүй ч мөн адил. Оюун санааны оршихуй ба шашин нь заавал хамт байх албагүй. Хүний дотоод сэтгэл буюу оюун санааны амар амгалан байдал нь эрүүл саруул байх нэг чухал шалтгаан гэдгийг анагаах ухаан нотолсон. Уур уцаар, атаархал, үзэн ядалт, айдас түгшүүр нь эрүүл мэндэд хортой гэсэн үг. Оюун ухаан, сэтгэл санааны амар амгаланг дэлгүүрээс худалдан авдаггүй, хүн зөвхөн өөрөө л бий болгодог үнэт зүйл юм. Буруу, муу, муухай үйл хийчихээд лам дээр очиж мөргөл үйлдэн, мөнгөөр өргөл барьж өршөөл, энэрэл хүсэх нь буруу. Бурхны шашинд бурхан бүхнийг бүтээгч гэсэн ойлголт байдаггүй. Будда бол зөвхөн багш. Сэтгэл оюуны амар амгаланг яаж олохыг Будда бидэнд зааж сургадаг. Нэгэнт л бүхнийг бүтээгч биш болохоор Будда бидний үйлийг өршөөж чадахгүй. Бид өөрсдөө л зөв бодолтой, зөв сэдэлтэй, хийсэн бүхнээ ухаарч л аз жаргалтай ирээдүйг бүтээнэ. Хүн өөрөө хувь заяаныхаа эзэн учраас ирээдүй зөвхөн биднээс хамаарна. Энэ тухай Будда сургасан байдаг. 

ЭНЭРЭНГҮЙ БАЙХ НЬ 
Зарим оронд ядуу тарчиг, золгүй амьдарч байгаа хэн нэгнийг өмнөх амьдралдаа үйлдсэн нүгэлт үйлийн үрээ эдэлж байгаа муу хүн гэж үздэг. Энэтхэгт ч гэсэн ядуу тарчиг иргэдээ кастын системийн дагуу тэдний карма буюу тавилан, үүнийг юу ч өөрчилж чадахгүй гэж тайлбарладаг. Бурхны шашин үүнийг буруу гэдэг. Хүн бүр бурхан гэж Будда сургадаг. Анхдагч түвшиндээ хүн бүр адилхан. Будда ядуу зүдүү, өвдсөн зовсон хүмүүст өгөөмөр ханддаг байсан. Нэг удаа Будда хөсөр хаягдсан өвчтэй хүнийг асарч, үнэнч шавь Анандаар ус авчруулан, хөлийг нь угаасан гэдэг. Бурхан багш өөрөө үлгэрлэж байгаа нь тэр. Баян чинээлэг, элбэг дэлбэг амьдарч байгаа хүмүүс ч гэсэн бусадтай адил шаргуу ажиллаж, хөдөлмөрлөж байж л сайхан амьдарна. Боломжтой нь боловсрол, эрүүл мэндийн тус дэмийг дутагдаж байгаа нэгэндээ өгөх ёстой. Тэгэхээр ядуу тарчиг нэгнийг тавилангаа үүрч, үйлийн үрээ эдэлж байна гэж хэзээ ч хэлж болохгүй. Энэрэнгүй байх чанар олон хүнд дутагдаж байна. Манай Төвдөд ч бас адил. Хэргэм, зиндаа өндөр зарим лам нарт ч гэсэн дутагдаж байгаа. Тэд ядуу хүмүүст ойртож туслахад өөрсдийгөө хэтэрхий гоёдно гэж боддог байх. Энэ бол маш буруу зүйл. Манай зарим сүм, хийдийнхэн энэ тал дээр анхаарах цаг нь болсон. Бид буруугаа ойлгож, өөрчлөгдөх ёстой. 

МУХАР СҮСЭГ, ШАШИН ХОЁРЫН ЯЛГАА 
Аливаа үйлийг хийхэд сайн, муу өдөр гэж байхгүй. Сайн, муу үйл, түүний үр буюу карма л гэж байдгийг Бурхан багш сургадаг. Бүх юм өөрөөс чинь, өөрийн бодол, үг, үйлдлээс шалтгаалах болохоос аль нэг од гариг, тэдгээрийн байршил, өдөр шөнөөс хамаарахгүй. Түүнийг хорвоод мэндэлсэн шөнө нь онцгой од гийсэн тухай V далай лам намтартаа бичсэн нь бий. Намтрынхаа төгсгөлд нь тэр шөнө бас нэлээд олон нохой гөлөглөсөн гэж тэмдэглэжээ. Харин VII-VIII зуунд Төвдөд, Төв Азийн бусад оронд ч бурхны шашин орж ирэхээс өмнө бөө мөргөлтэй төстэй эртний шүтлэг байжээ. Бурхны шашин Төвдөд орч ирэх үед эхэндээ хүндрэлтэй асуудлууд, бүр сөргөлдөөн ч гарч байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам Буддын сургаалийг хүмүүс эергээр хүлээн авч, Төвдийн хаад ч үүнийг бүрэн хүлээн зөвшөөрсөн аж. Буддын шашны үзэл санаа, философи нь Төвдийн уламжлалт шашнуудын нэг болох бөөд ч үлэмж нөлөөлсөн. Эдүгээ бурхны шашинтай маш төстэй бөө (Пөнгийн) шүтдэг хүмүүс Төвдөд бас бий. 

АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ 
Аз жаргал бол амьдралын үнэ цэнэ юм. Хүн өрсөлдөгчөө дарж, аливаа зальхай арга чарга хэрэглэн арай гэж санасандаа хүрвэл энэ бол зуурдын жаргал, насан туршийнх биш. Харин хүнд тусалж, бусдынхаа төлөө зүтгэж чадвал, ядаж хэн нэгнийгээ хорлохгүй байж чадвал аз жаргалтай амьдралд хүрэх боломж нээгддэг. Ингэж амьдарч чадвал насны эцэст би хүнд тусалж явлаа, утга учиртай амьдарч чадлаа гэсэн бахархал төрж, үгээр илэрхийлэхийн аргагүй аз жаргалтай болдог. Харин хөрөнгө мөнгө, алдар нэрийн төлөө энэ насаа элээсэн хүнд насны эцэст эргэж дурсах юу ч үлддэггүй. Их мөнгө, алт эрдэнэс, эрх мэдэл нь түүнийг үхлээс мулталж чаддаггүй. 

http://jargaldefacto.com/

No comments:

Post a Comment