2015-10-03

Орон орны хүмүүсийн өвөрмөц сонин мэндчилгээ

Манай гарагийн янз бүрийн үндэстэн ястнууд өвөрмөц ёс заншилтай байдаг билээ. Аялал жуулчлалын томоохон сайт болох Hotels.com цахим хуудас орон орны ард түмний өвөрмөц мэндчилгээнүүд, мөн тухайн улс оронд аялж байхдаа эвгүй байдалд орохгүйн тулд биеэ хэрхэн зөв авч явах талаар зөвлөжээ. Ингээд Шинэ Зеланд, Түвд эсвэл Гренландын мэндчилгээний ёс заншилд биеэ хэрхэн бэлдэх эсвэл Кенийн ард түмний явуулын зочдод зориулан зохиодог «бэсрэг наадам» гэж юу болох талаар дорх нийтлэлээс уншаарай.
Шинэ Зеланд
Киви жимсний орон болох энэ улсаар аялах үедээ та нутгийн уугуул иргэд болох маори буюу хонги үндэстний уламжлалт мэндчилгээг харж болно. Тэдний мэндчилэх ёс заншил олон зуун жилийн түүхтэй бөгөөд энэ нутгийнхан уулзах үедээ хамраараа шүргэлцэн мэндчилдэг байна. Хамраараа шүргэлдэх нь ха буюу «амьдралын амьсгал»-д хүрч буй бэлгэ тэмдгийн шинжтэй үйлдэл бөгөөд ингэж мэндчилсний дараа манухири буюу зочин нь тангата венуа буюу «дэлхийн хүн» болдог гэнэ.
Зөвлөгөө: зайг зөв тодорхойлох бас эвгүй байдалд орохоос зайлсхийх, мөн бэртэхгүйн тулд нүдээ бүү аниарай.

Түвд
Хэн нэг рүү хэлээ гаргахыг ихэнх оронд зохимжгүй үйлдэлд тооцдог бол харин Түвдэд энэ нь мэндчилж байгаа хэрэг гэнэ. Түвдийн уугуул иргэдийн энэ заншил нь IX зуунд буюу Ландарм гэдэг хараалч хар хэлтэй хааны үед дэлгэрчээ. Түвдүүд Ландармын сүнс биед нь шингэхээс айж, хорон муу санаатай биш гэдгээ батлахын тулд мэндчилэхдээ бие бие рүүгээ хэлээ гаргадаг болсон гэдэг.

Зөвлөгөө: хэрвээ хэлийг хар өнгөтэй болгодог бохь зажилсан эсвэл хоол хүнс хэрэглэсэн тохиолдолд түвдүүдтэй уламжлалт заншлаар нь мэндчилэхээс зайлсхийгээрэй.


Тувалу
Арлын энэ орныг зорьж байгаа аялагчид нутгийн найрсаг уугуул иргэд болох аборигенуудтай уулзахад бэлэн байх ёстой. Тувалу арлынхан хоорондоо мэндчилэхдээ нэг нь нөгөөгийнхөө хацар дээр хацраа нааж гүнзгий амьсгалдаг гэнэ.
Зөвлөгөө: нутгийн иргэдийн ёс жаягийг даган мөрдөж, арлын энэ орныг зорихынхоо өмнө сонгино идэхгүй байхыг хичээгээрэй.

Монгол
Үзэсгэлэнт тал хээр нутагтай Монгол оронд эртний уламжлалт заншлаар хэд хэдэн аймгийн оршин суугчид одоог хүртэл мэндчилдэг. Монголчууд гэрт нь танихгүй хүн зочлон ирэхэд нь хадаг барин угтдаг. Хадаг нь ихэвчлэн цэнхэр өнгөтэй байдаг бөгөөд бас шар цагаан өнгөтэй ч байдаг. Монголын зарим бүс нутгуудад гаанс, хөөрөг солилцдог заншилтай.
Зөвлөгөө: хэрвээ таньд хадаг барьсан бол та хоёр гараар бага зэрэг мэхийн аваарай, учир нь энэ нь гүнээ хүндэтгэж байгаагийн тэмдэг юм.

Япон
Толгойгоо үл мэдэг дохихоос эхлээд бүсэлхийгээ хүртэл тонгойн мэндчилэх нь мэндчилгээний соёлын салшгүй нэг хэсэг юм. Хэрвээ татами дэвжээн дээр мэндчилэх болбол эхлээд өвдгөн дээрээ сөхрөн суусныхаа дараа бөхийх ёстой юм байна. Хэдий чинээ удаан бөгөөд доош тонгойн бөхийнө төдий чинээ хүндэтгэл үзүүлж байна гэсэн үг гэнэ. Харин залуучууд нь ёс төдий толгой дохин мэндчилдэг ажээ.
Зөвлөгөө: япончуудын дийлэнх нь гадаадынхныг зөв мэндчилж байна уу гэдэгт нэг их анхаарал хандуулдаггүй, тиймээс толгойгоо бага зэрэг бөхийлгөхөд л хангалттай.

Кени
Кенид аялж байгаа хүмүүстэй Хар тивийн хамгийн алдартай омог болох масаигийн төлөөлөгчид тааралдах нь дамжиггүй. Масаичуудын гайхамшигтай уламжлал, ёс заншлууд, омгийн дайчдын үзүүлдэг адуму гэдэг мэндчилгээний бүжгийг үзэх завшаан танд тохионо. Бүжигчид тойрог үүсгэн өндөрт үсрэн бие биетэйгээ тэмцэлдэж эхэлдэг бөгөөд энэ нь зочиддоо тус омгийнхон аймшиггүй чин зоригтой бас хүчтэй гэдгийг харуулж байгаа хэрэг аж.
Зөвлөгөө: мэндчилгээний бүжгийн үеэр үнээний сүүг цустай хольсон ер бусын ундаа уулгаж магадгүй тул бэлэн байгаарай.

Гренланд (Дани)
Арктикийн ихэнх бүс нутагт, тухайлбал, Гренландад эскимосчуудын уламжлалт мэндчилгээг куник гэж нэрлэдэг. Ийм мэндчилгээгээр гэр бүлийн гишүүд болон хайртай хосууд хоорондоо мэндчилдэг байна. Тэд уулзахдаа нэг нь хамар болон уруулаараа нөгөө хүний биед дарж, амьсгалдаг ажээ. Дашрамд сонирхуулахад өмнөд нутгийн инуитууд /эскимосчууд өөрсдийгөө ингэж нэрлэдэг байна/ энэ заншлыг хамраараа шүргэлцдэг /эскимосчуудын үнсэлт/ болгон өөрчилжээ.
Зөвлөгөө: хүйтэнд хүмүүстэй мэндчлэхдээ хамрын ханиад хүрсэн эсэхээ магадлаарай, эс бөгөөс нөгөө хүнтэйгээ наалдчихаж мэднэ.

Хятад
Коутоу гэдэг Хятадын мэндчилэх ёс жаяг нь гурван удаа өвдөг сөхөрч, 9 удаа мэхийн ёслохыг хэлдэг бөгөөд энэхүү уламжлал нь Хуандийн /Шар хаан/ засаглалын үеэс улбаатай юм. Эхэндээ хаантай уулзахдаа эсвэл хурим гэх мэт баяр ёслолын үеэр ингэж мэндчилдэг байсан бол хожим нь ард олны дунд өргөн тархжээ.
Зөвлөгөө: энэ заншлыг дагахдаа тогтсон хэв жаягаас нь хэтрүүлж болохгүй шүү, тэгэх аваас танд ямар нэгэн хүндэтгэл үзүүлэхгүй байж мэднэ.

Таиланд
Алга хавсран мэхийн мэндчилэх ёслолыг вай гэж нэрлэдэг. Гарын байрлал янз бүр байдгийг Таиландад зорчиж үзсэн хүн бол андахгүй. Хоёр гар нүүрэнд хэдий чинээ ойр байвал мэндчилж буй хүнээ төдий чинээ хүндэлж буй хэрэг мөн. Анхандаа энэ заншлыг зэвсэггүй гэдгээ харуулахын тулд хэрэглэдэг байсан бол хожим нь дээд зэргээр хүндэтгэж байгаагийн илрэл болсон юм.
Зөвлөгөө: энэ мэндчилгээ Таиландад маш өргөн дэлгэрсэн байдаг учраас бүү төвөгшөөгөөрэй.

Филиппин
Арлын энэ улсад маш гайхалтай уламжлал байдаг. Залуу хүн өндөр настантай мэндчилэхдээ баруун гарыг нь бөхийн барьж, дараа нь хурууныхаа үеэр духанд нь хүрч «мано по» /мано гэдэг нь гар, по гэдэг нь хүндэтгэх/ гэж хэлдэг байна.
Зөвлөгөө: хурууныхаа үеэр чанга хүрэх хэрэггүй шүү.
http://www.fact.mn

No comments:

Post a Comment