2014-01-21

Дэлхий дээр ургасан мод

Эх дэлхий дээр түм түмэн моддод. Ургаж буй, унаж буй, цасанд дарагдсан ногоон гацуур, хатаж хорчийсон мөчир, биенээн түшиж салаалсан хос мод, шатаж түлэгдсэн хар мод, ховхорч гэмтсэн хус, ер бусын хэлбэр дүрс үүсгэсэн моднууд Богд-Уул руу өгсөх замаар тааралдана. Ижилхэн л мод, юуны учир ийм их ялгаатайн бол?

Газраас үндэслэн биежсэн хар том модноос салаалсан олон олон мөчир, мөчир бүр ч өөрийн хэр хэмжээгээр салбарлан тэнгэр өөд тэмүүлнэ. Модны орой дээрх мөчрүүд, модны хамгийн доор байрлах мөчрүүд урт, богино, өргөн, бүдүүн, нарны тусгал хүртэх, агаарын солбилцолд оролцох болон хүмүүсийн хайр энэрэл хүртэх өнцгөөрөө ялгарна. Нэг модноос ургасан олон мөчрүүд ч бас өөр. Хүртэх, мэдрэх, харах, сонсох хэлбэр нь ч өөр. Сайн төрлийг олж авсан мөчрүүд цаг хугацаанд үнэлэгдэн өгсөж, тэнгэрийн нэгэн хэсэгт уусан одохдоо дараагийн мөчрүүддээ байраа баяртай үлдээнэ. Тэр их ялалтын цуурай хангинан ирэхдээ ч эх дэлхийнхээ салхи, бороо, цас, аянга, шуурга гэх мэт сорилтуудыг даван гарч дараагийн төрөлдөө хүн төрхийг олдог мэт. 

Бид эх дэлхий дотор амьдарч буй ч, бидний өнгөрсөн, ирээдүйн мод ийнхүү эх дэлхийн гадаргуу дээр соёолон цэцэглэж, агаар мандал, усан мандлыг илгээж байна. Сайн удмаараа бахархаж амьдарсан ч сайн үйл, сайн төлөвшлийг ухааны цартайгаа хослуулаагүйгээс тэрхүү бат бэх моддыг үндсээр нь сүйтгэж хорвоогоос арчиж байна. Энэхүү олон төрлийн мод таны удам угсаа, сэтгэлийн үйл, далд ухамсар, амьдралын хандлагаар илэрч өөрийн төрхөөрөө цаг үеэ эзэгнэн гайхуулж, баяр хөөрийг бэлэглэж байхад нөгөө хэсэг нь уйлж хугарч, үхэдхийн унах ч эрхгүй хатсан тайрдас болон хорвоогийн нэг өнгийг гундаан хүний ертөнцөд айдас төрүүлнэ. Олон зуун жилийн түүхтэй энэ л моднууд агуу их баялгаа хадгалан үлдсэн шигээ таниар үргэлжлэхийг хүснэ. Харин бид юу бодож байгаа бол?

Өвлийн цас нь хэдхэн модон дээр гялтганан харагдах нь сайхан ч, чухам юуны учир хамгийн дээд мөчир ч биш хэсэг мөчир дунд сондгойрон харагдана вэ? Аавын амины охин, ээжийн хайртай хүү гэдэг шиг моддод хүртэл бие биенээ ингэж хайрладаг гэж үү? Зарим моддод тэнгэр рүү тэмүүлж байхад, зарим дээгүүр нь хүмүүс гишгэлж, таяг болгон хэрэглэнэ. Өмнө төрөлдөө байгаль дэлхийгээ хайрладаггүй, бусдад энэрэл нигүүлсэлтэй хандаж байгаагүй хүний дараагийн төрөл ийнхүү үйлийн үрээ хүртэж буй нь энэ юм болов уу. Бид эх дэлхий амьдрах уу, үхэх үү гэдэг асуултын хариулт хэвээр үргэлжлэсээр л...

No comments:

Post a Comment