Гурав. Сэргэн мандалтын (ренессанс) үеийн боловсролын тогтолцоо
3.1. Боловсрол, хүмүүжилд гарсан өөрчлөлтүүд
Дэлхийн
соёл, боловсролын түүхийн хамгийн сайхан үеүдийн нэг нь XIY-XYII зууны
үед хүмүүнлэг, энэрэнгүй уриан дор дундад зууны Европийн түүхэнд гарч
ирсэн сэргэн мандалт буюу ренессансийн үе юм. Тухайн үеийн Европийн их
сургуулиудад суралцан боловсрол эзэмшсэн ухаантнууд энэ дэлхийн хамгийн
нандин зүйлээр хүнийг тунхаглан, хүний мөн чанарыг шинжлэх ухаан,
хүмүүнлэгийн үүднээс тайлбарлах оролдлого хийж эхэлжээ. Гүн ухаан-сурган
хүмүүжүүлэх зүйн шинэчлэгдсэн сэтгэлгээнд оюун санаа, бие бялдрын
хувьд төгс хөгжсөн хүний асуудал орж ирэв. Хүнлэг, энэрэнгүй үзэл нь
католик сүм, хийд гол үндэс суурь нь болж байсан дундад зууны үеийн
ертөнцийг үзэх үзэлд гарсан өөрчлөлтийн үр дүн билээ. Хэрэв сүм, хийд
хүн өөрийн итгэл, үнэмшлээ бурханд хандуулах ёстой гэж үзэж байсан бол
шинээр төлөвшин гарч ирсэн ертөнцийг үзэх үзэлд бүхний голд хүн
тавигдаж, хүн өөрөө өөртөө эзэн байх номлол гарч иржээ. Ингэснээр
гуманизм буюу хүнлэг, энэрэнгүй үзэл Европийн олон оронд тархсан байна.
Мөн тухайн үеийн газар зүйн их нээлтүүд болон ном хэвлэх шинэ
технологи гарсан нь ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Энэрэнгүй үзэлтнүүд
эртний Грек-Римийн соёлыг эрхэмлэн үзэж түүний баялаг өв уламжлалыг
дахин сэргээх зорилт тавьсан нь “сэргэн мандалт” хэмээх нэр томьёо
үүсэхэд хүргэжээ. Юуны өмнө тэд эртний сонгодог утга зохиол, урлагийн
чөлөөтэй, ил тод сэтгэлгээнд татагдан өөрсдийн шинэ хүмүүжлийн үндэс
болгосон байна. Мартагдсан сонгодог соёлоос бие бялдар, гоо сайхны
хувьд хөгжсөн бие хүний асуудлыг өвлөн авч, түүний бие даасан нийгэмд
тустай үйлдлийг үйл ажиллагааныхаа эх сурвалж болгожээ. Үүний үр дүнд
сэргэн мандалтын үеийн хүмүүжлийн тогтолцоо эртний үе, дундад зуун,
шинэ үеийнхэн гэсэн 3 зааг дээр шинээр төлөвшин гарч ирэв.