2014-10-08

Дэлхийн боловсролын түүх 03

3. Эртний Египет
 
Одоогоос 5000 орчим жилийн тэртээд өнөөгийн Египетийн нутаг дэвсгэр дээр манай гаригийн хамгийн ууган соёл иргэншлийн нэг үүсэн бий болжээ. Энэхүү түүхэн баримт бий болохоос өмнө бие даасан улс төрийн жижиг байгууламжуудын ноёрхолоо тогтоох зорилготой бидэнд үл мэдэгдэх тэмцэл олон зуун жил үргэлжилсэн үргэлжилсэн байна. Энэ тэмцэл ойролцоогоор МЭӨ IY-III зуунд төгсгөл болж, 40 орчим жижиг улсууд нэгдэн Дээд Египетийн хаант улс, Доод Египетийн хаант улс гэсэн хоёр том төрт улс байгуулагджээ. Эцсийн дүндээ Дээд Египет нь Доод Египетээ өөртөө нэгтгэн нийт Египет даяараа нэг хаан буюу фараоны захиргаанд оржээ. Нэгдсэн Египетийн түүх нь 3000 орчим жилийг хамарсан маш урт хугацааг эзэлдэг. Шинжлэх ухаанд тогтсон үечлэл ёсоор Египетийн түүхийг Эртний хаант үе, анхны шилжилт, Дундад хаант үе, хоёрдахь шилжилт, Шинэ хаант үе, сүүл үе хэмээн ангилдаг. МЭӨ 332 онд Египет Македоны Александрийн захиргаанд орж, МЭӨ 30 онд Ромын эзэнт гүрний нэг муж болсон байна. Ингэснээр үе залгамжилсан шинж Египетийн түүхийн үечлэлд төдийгүй мөн түүний соёлын түүхэд үргэлжилсэн байна. 

Эртний Египетчүүдийн сургууль, боловсролын тухай анхны мэдээ бүр МЭӨ III зуунд хамаардаг. Тэндэхийн боловсролын тогтолцоо анхандаа хүүхэд, залуучуудыг томчуудын ертөнцөд хөтлөн оруулахад чиглэгдэж байв. Олон мянга жилийн туршид Нил мөрний хөндийд бие хүний тодорхой сэтгэл зүйн хэв маяг төлөвшин тогтжээ. Эртний Египетчүүдийн төгс хүний ойлголт дуу цөөнтэй, хувь заяаны зовлон зүдгүүр, цохиолтод тэвчээртэй бие хүн байв. Ийм хүсэл мөрөөдлийн логикын хүрээнд сургалт, хүмүүжил хэрэгжиж байжээ. Эртний Египетэд гэр бүлийн хүмүүжил ба сургалт нь гэр бүлд харилцан тэгш эрхтэй байсан эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн харилцан хамаарлыг тусгадаг. Иймд охид, хөвгүүдийг сургахад адилхан анхаардаг байв. Зөвхөн нийгмийн дээд давхаргынхан мэдлэг эзэмших бололцоотой ба эртний түүхийн эх сурвалжид тэмдэглэсэнээр “бүхнийг нэг зүйлд зангидах” хэмээн тодорхойлж байжээ. Иймээс эртний Египетэд “мэдлэг”, “сургаал”, зангилаа” гэсэн үг нэг дүрс үсгээр тэмдэглэгддэг байна.
 
Эртний Египет дахь сургууль
Эртний Египетийн түүхийн эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэнээр хүүхдэд ихээхэн анхаардаг байв. Учир нь египетийн шүтлэг ёсоор охид, хөвгүүд эх, эцэгтээ шинэ амьдрал авчирдаг ажээ. Харж, хамгаалах эх, эцгийн үүргээ гүйцэтгэж буй хүмүүс ингэснээрээ өөр ертөнцөд амьдарч буй өвөг дээдсийнхээ аз жаргалтай амьдралыг хангаж байна гэдэгтээ итгэдэг байв. Тэдний итгэл, үнэмшлээр бол бурхад нас барсан хүний оюун санааг дэнсэлж үзээд жингийн туухайн нэг талд оюун ухааныг нөгөө талд “зан төлвийн хэм хэмжээг” тавьдаг байна. Хэрэв жингийн туухай тэнцэж байвал нас барагч нөгөө ертөнцөд шинэ амьдрал эхэлж болох ажээ.   Нөгөө ертөнцөд амьдрах амьдралд бэлтгэх хүрээнд хүүхдэд хандсэн сургалт, хүмүүжлийн ажил явагдах ба энэ нь ёс суртахуун төлөвших хөшүүрэг болж, сургалт, хүмүүжлийн чухал үзэл болох “Эцэг нь сургаагүй хүүхэд ургаа хад мэт байдаг” гэсэн зарчмыг тусгаж байв.
Египетчүүд төгс хүнийг ингэж дүрсэлж байв
 
Эртний Египетэд хэрэглэж байсан сурган хүмүүжүүлэх арга, барил сургалт, хүмүүжлийн зорилго, тэмүүлэлд нь нийцэж байв. Сурагч юуны өмнө багшийг сонсож сурна. “Сонсож сурах нь хүний хамгийн сайн чанар” гэсэн хэллэг ихэд дэлгэрсэн байв. Багш ихэнхдээ сурагчдаа хандан: “Анхааралтай байж, миний хэлэхийг сонс. Чамд ярьж байгаа зүйлээс юуг ч бүү март” хэмээн анхааруулдаг. Ийм төрлийн дуулгавартай байдалд дасгах хамгийн дөт арга нь зодуурын арга байсан бөгөөд үүнийг байх ёстой хүмүүжлийн арга хэмээн нийтээр хүлээн зөвшөөрч байв. Сурагчид байнга зодуулна. Эртний нэгэн сударт тэмдэглэн үлдээснээр “бяцхан хүүхдийн чих нуруундаа байх бөгөөд тэрээр хэлсэн зүйлийг сайн сонсож сурахын тулд нуруунд нь зодох хэрэгтэй” хэмээсэн байдаг. Эцгийн болон багшийн хөдөлшгүй нэр хүнд олон мянган жилийн уламжлалтай юм. Ийм уламжлалыг баримтлагч нэр үл мэдэгдэх зохиолч “Гераклеонолийн хаан” (МЭӨ XIII зуун) номондоо “Өөрийн эцэг ба өвөг дээдсийнхээ араас үргэлж дага” хэмээн сургамжилсан байдаг. Энэ уламжлалыг дагалдан өөрийн мэргэжлийг эцгээс хүүд өвлүүлэх уламжлал нягт уялджээ. Нэгэн эх сурвалжид 25 үе дамжин барилга барьсан гэр бүлийн тухай өгүүлсэн байдаг.

Гэхдээ эртний египетийн соёл иргэншил консерватив шинжтэй байсан хэдий ч түүний хүмүүжлийн зорилго, тэмүүлэл байнга шинэчлэгдэж байсныг тэмдэглэх хэрэгтэй. МЭӨ 1 дэхь мянган жилд хамаарах сурвалж бичигт хүн ямар байх тухай эрс өөр үзлүүдийг тэмдэглэсэн байдаг. Энэ  сурвалжийг зохиогч хуучин уламжлалаа баримтлагчдыг ус, агааргүйгээр ургамал ургуулж буй хүнтэй адилтган шүүмжилсэн байна.


Эртний Египет дахь ёс суртахууны хүмүүжил гол төлөв “Авдартай алтыг тэвэрснээс хүнийг хайрлах сэтгэлийг тэвэрсэн нь дээр”, “уй гашууд хүрэх гэж баян болсоноос сэтгэл зүрхээрээ баясах гэж хатсан талх идсэн нь дээр” зэргийн ёс зүйн номлолын дагуу явагдана. Ийм сургаалуудыг уншиж, бичиж, тогтоож сурах нь тийм ч амар байсангүй. Учир нь тэдгээр нь амьд ярианаас ялгаатай дуудлага бүхий дүрс үсгээр бичигддэг байв.
Эртний Египетийн дүрс үсэг
 
Сургалтын зорилго нь гэр бүлийн гишүүд уламжлал ёсоор оролддог үйл ажиллагаанд бэлтгэх явдал байв. Иймд гэр бүл сургалтын хамгийн анхны нэгж болдог ажээ. Өөрийн мэргэжлийг үр хүүхэддээ шашны зүтгэлтнүүд, хөгжимчид, гар урчууд өвлүүлнэ.
Египет багш
Гар урлаач эцгүүд гэхэд газар тариалангийн багажийг дууриалган хийсэн тоглоомоор хүүхдээ тоглуулдаг. Зөвхөн цэргийн сургуулийг тусгайлсан хатуу чанд мэргэжлийн давхаргын сургалтаар зохион байгуулдаг байв. Ирээдүйн дайчдыг зэвсэг хэрэглэх, хүч тамир нэмэгдүүлэх тусгай дасгалаар хичээллүүлэх, уян хатан, авхаалжтай байхад сургана.

Сургуулиуд эртний Египетэд гэр бүлийн институт маягаар үүсчээ. Түшмэдүүд, шашны дээд тушаалтнууд хүүгээ ирээдүйд өөрийх нь байр суурийг эзлэнэ гэсэн зорилгоо сургадаг.  Сүүл үрүүгээ ийм гэр бүлүүдэд цөөхөн тооны бүлэг бүхий сурагчид хичээллэх болжээ. Бичиг үсэг сурах, бичээч болох нь нийгмийн сайн сайхан байдлын үндэс болж байв. Сурвалж бичгүүдэд “Хараач, хүн хэзээд дарга байдаг бичээчээс өөр албан тушаал байхгүй” гэсэн илэрхийлэл олонтоо тохиолддог.


Боловсрол олох нь нилээд хөдөлмөр зарсан ажил байв. Сургууль өглөөнөөс орой болтол хичээллэнэ. Залхуучуудыг хатуу шийтгэж, тогтсон ёсыг зөрчих нь хүнд цээрлэл хүлээдэг байв. Амжилтад хүрэхийн тулд хүүхэд жирийн амьдралаа мартах үе ч гарна. Дуулгаваргүй сурагчаа сургаж байгаа үгийг эртний нэгэн сурвалж бичигт дараах байдлаар тэмдэглэн үлдээсэн байна. “Байрандаа босоод зогс. Чиний нөхдийн өмнө ном дэлгээстэй байна. Номоо зохих ёсоор унших хэрэгтэй. Юм бичихэд дурла, бүжиг, наадмыг үзэн яд. Өдөржин бичиж, шөнөжин унш. Өдрийг баярлаж өнгөрвөл чамд л муу юм болно. Өөрөөсөө ихийг мэддэг хүнээс зөвлөлгөө ав. Чамайг хичээлээ хаяад, найр наадам хөөдөг гэдгийг надад хэлсэн. Чи гудамжнаас гудамжинд дарс эрүүлэн тэнэж байна. Дарс санаа бодлыг хордуулдаг. Чи залбиралгүй бурхан, талхгүй айл шиг  болоод байна. Чиний оршуулганд хэрэглэх цэцэг аль эрт хүзүүнд чинь зүүлттэй байна. Тэнээд байвал чиний хөлийг тушаад усны үхрийн уяагаар ороолгох болно” гэсэн байдаг.
Ийм цагаан толгой сурахад ихээхэн хүч, хөдөлмөр шаардагдана
 
Түүхээс харахад сургуулиуд сүм хийдийн дэргэд, хааны ордон ихэс дээдсийн өргөөнд байгуулагддаг байв. Хүүхдийг 5 наснаас эхлэн сургана. Эхэндээ хүүхэд зөв, цэвэр бичихэд суралцах, дараа нь ажил төрлийн бичгийг шаардлагын дагуу боловсруулж сурах ёстой. Бичиг үсэг сурахын тулд сурагч 700 орчим дүрс үсэг сурч, товчилсон хурдан бичлэг ба сонгодог бичлэгийг ялгаж сурах ёстой. Үүний үр дүнд тэрээр төрийн хүний арга маягт тохирсон албаны хэрэг, шашны ном зохиол бичихэд зориулсан шашны зан үйлд суралцдаг. Эртний хаанчлалын үед шавар самбар, арьс, ясан дээр бичдэг байсан боловч, чухам энэ үед намгийн ургамлаар хийдэг папирус хэмээх цаас буй болжээ. Сүүлдээ папирус бичгийн үндсэн цаас болсон юм. Бичээч болон сургуулийнхан бичгийн өвөрмөц хэрэгсэлтэй байсан. Энд устай аяга, будаг хийхэд зориулан нүхэлсэн модон самбар, бичихэд зориулагдсан хулсан саваа зэрэг орно. Бүх текстийг хар өнгөөр бичдэг байв. Гэхдээ чухал зүйлийг улаанаар тэмдэглэсэн тааралддаг.
Бичээчийн мэргэжил эртний Египетэд хамгийн өндөр үнэлэгдэнэ
Бичээч Каигийн баримал МЭӨ III зуун

Сургуульд хэрэглэдэг папирусыг олон дахин ашигладаг байв. Хэрэглэхийн өмнө өмнө бичсэнийг арилгана. Бичээч нар папирус дээр тухайн хичээлийн өдөр, сар, оныг бичнэ. Хуулж, цээжлэх зориулалтай сурах бичиг ч байв. Сургалтын эхний шатанд дүрс үсгийг бичих техник ажиллагаанд суралцана. Дараа нь агуулгын талд анхаарч эхэлнэ. Энэ шатанд мөн цэвэр, хурц хэллэгт сургадаг. Учир нь Египетэд “Үг зэвсэгээс хүчтэй”, “Үгээр амьдруулж, алж бас болно” гэсэн зарчим хүчтэй үйлчилдэг. Зарим сургуульд математик, газар зүй, одон орон, анагаах ухаан, бусад улсын хэл заадаг байв. Суваг шуудуу, сүм хийд, пирамид, ургацын хэмжээг тогтоох зорилгоор математик, Нил мөрөн хэзээ үерлэхийг тогтоох зорилгоор одон орны ойлголтуудыг ашиглаж байсан мэдээ олон тааралддаг. Тухайлбал “Агуу их Осирис (одны нэр) тэнгэрт мандахад Нил мөрөн эргээсээ халина” гэж эртний Египетэд ярьдаг байв. Орон нутгийн байдлаа төлөвлөн зурахад сургахын тулд хүүхдэд газар зүй ба геометрийн хичээлийг хамтад нь орно.
Математикийн томьёолол бичсэн эртний Египетийн тэмдэглэгээ
 
Египетийн дүрс үсэгт тэдний амьдралын хэв маяг бүрэн тусгагдсан байдаг
Ийнхүү сургалт улам бүр нарийсаж ирсэн байна. Тухайлбал, Шинэ хаанчлалын үед (МЭӨ Y зуун) эмч нарыг бэлтгэх сургууль бий болжээ. Энэ үед бараг 50 орчим өвчний шинжийг оношилж, эмчлэх мэдлэг хуримлагдаж, ном бүтээл гарчээ. Мөн энэ үед дээд давхаргын хүүхдүүд фараоны гэр бүлийн гишүүдтэй хамт суралцдаг хааны сургуулиуд байгуулагдсан байна. Энэ сургуульд эртний бичвэрүүдийг тухайн үеийнхээ хэлэнд орчуулах орчуулгад ихэд анхаарч байжээ. Ийм бичвэрүүдийн нэгэнд: “Би эзэн хааны төлөө үнэнийг бүтээлээ, би түүний хүслийг биелүүллээ, би үнэн ярьж, зөв алхам хийсэн, би сайныг ярьж, сайныг давтсан. Би ах, эгч хоёроо эвлэрүүлэхийн тулд зөв сэтгэсэн. Би азгүй нэгнийг хүчтэй нэгнээс аварсан. Би өлсгөлөн хүнд талх өгч, нүцгэн хүнд хувцас өгсөн. Би завьгүй хүмүүсийг өөрийн завиараа зөөсөн. Би өөрийг нь оршуулах хүүгүй хүнийг оршуулсан… Би өөрийн гэх завьгүй хүнд завь хийж өгсөн. Би өөрийн эцгээ хүндэлж, өөрийн эхээ хайрладаг. Би тэдний хүүхдийг өсгөсөн” гэж бичсэн байна. Иймэрхүү бичвэрүүд Египетийн утга зохиол ба ер нь боловсролд гүнзгий шингэсэн хүчтэй хүмүүнлэг шинжийг тод харуулдаг. 
Папирус цаасан дээр бичсэн эртний Египетийн бичвэр
 
Сургалтад мөн сургалтын арга зүйн материал их ашиглаж байв. Эртний хаанчлалын үед зохиогдсон боловч, дунд хаанчлалын үед улам баяжин, засагдсан алдарт “Птахотепийн сургаал”-д Птахотеп хүүдээ: “Хэрэв чи олон хүнд тушаал өгдөг дарга юм бол чиний тушаал муу үйлгүй байхын тулд үргэлж сайн үйлд тэмүүл. Шударга ёс агуу бөгөөд бүх сайн зүйл тогтвортой” хэмээн захидаг. Туршлагатай түшмэл энд харгис ширүүн зан ба хууль хөсөрдүүлэхээс хүүгээ сэргийлэн дээрх үгийг хэлж байна. Бүр Эртний хаанчлалын үед Египетчүүд цэцэн хэллэг, илтгэх урлагийг үнэлж хүүхдийг бүр багаас нь үүнд сургаж байв. Дээрх Птахотеп “Хэрэв чи хааны ойрын хүрээлэлд байж, ертөнцийн эзний зөвлөлд зөвлөлддөг бол анхааралтай байж, дуугүй суу… Бүхний учрыг олсон үедээ л ярьж эхэл” гэж сургасан нь үүний баталгаа мөн.
 
эх сурвалж http://orgiliin.blogspot.com/2013/05/blog-post_8.html

No comments:

Post a Comment