2014-10-08

Дэлхийн боловсролын түүх 06

Гурав. Сэргэн мандалтын (ренессанс) үеийн боловсролын тогтолцоо
3.1. Боловсрол, хүмүүжилд гарсан өөрчлөлтүүд
Дэлхийн соёл, боловсролын түүхийн хамгийн сайхан үеүдийн нэг нь XIY-XYII зууны үед хүмүүнлэг, энэрэнгүй уриан дор дундад зууны Европийн түүхэнд гарч ирсэн сэргэн мандалт буюу ренессансийн үе юм. Тухайн үеийн Европийн их сургуулиудад суралцан боловсрол эзэмшсэн ухаантнууд энэ дэлхийн хамгийн нандин зүйлээр хүнийг тунхаглан, хүний мөн чанарыг шинжлэх ухаан, хүмүүнлэгийн үүднээс тайлбарлах оролдлого хийж эхэлжээ. Гүн ухаан-сурган хүмүүжүүлэх зүйн шинэчлэгдсэн сэтгэлгээнд оюун санаа, бие бялдрын хувьд төгс хөгжсөн хүний асуудал орж ирэв. Хүнлэг, энэрэнгүй үзэл нь католик сүм, хийд гол үндэс суурь нь болж байсан дундад зууны үеийн ертөнцийг үзэх үзэлд гарсан өөрчлөлтийн үр дүн билээ. Хэрэв сүм, хийд хүн өөрийн итгэл, үнэмшлээ бурханд хандуулах ёстой гэж үзэж байсан бол шинээр төлөвшин гарч ирсэн ертөнцийг үзэх үзэлд бүхний голд хүн тавигдаж, хүн өөрөө өөртөө эзэн байх номлол гарч иржээ. Ингэснээр гуманизм буюу хүнлэг, энэрэнгүй үзэл Европийн олон оронд тархсан байна. Мөн тухайн үеийн газар зүйн их нээлтүүд болон ном хэвлэх шинэ технологи гарсан нь ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.  Энэрэнгүй үзэлтнүүд эртний Грек-Римийн соёлыг эрхэмлэн үзэж түүний баялаг өв уламжлалыг дахин сэргээх зорилт тавьсан нь “сэргэн мандалт” хэмээх нэр томьёо үүсэхэд хүргэжээ. Юуны өмнө тэд эртний сонгодог утга зохиол, урлагийн чөлөөтэй, ил тод сэтгэлгээнд татагдан өөрсдийн шинэ хүмүүжлийн үндэс болгосон байна. Мартагдсан сонгодог соёлоос бие бялдар, гоо сайхны хувьд хөгжсөн бие хүний асуудлыг өвлөн авч, түүний бие даасан нийгэмд тустай үйлдлийг үйл ажиллагааныхаа эх сурвалж болгожээ. Үүний үр дүнд сэргэн мандалтын үеийн хүмүүжлийн тогтолцоо эртний үе, дундад зуун, шинэ үеийнхэн гэсэн 3 зааг дээр шинээр төлөвшин гарч ирэв.

Сэргэн мандалтын үеийн боловсролын зүтгэлтнүүд сонгодог хүмүүжлийн агуулгыг улам баяжуулж, түүний арга хэрэгслийн тоонд эртний Грек хэл, шинэ латин хэлийг оруулж иржээ. Хотууд нь өөрийн бие даасан статусын төлөө тэмцэх явцдаа хүмүүжлийн асуудлыг тэргүүн зэрэгт гаргаж ирсэн Итали улс энэхүү өөрчлөлт, шинэчлэлийг манлайлсан байна. Энэ тэмцлийн гол зорилго нь христийн аскетизмийг үл зөвшөөрөгч, хөдөлмөрийн явцад бие бялдар, оюун санааны хувьд хөгжсөн бие хүнийг төлөвшүүлэх явдал байв.

Италийн нэрт энэрэнгүй үзэлтэн-сурган хүмүүжүүлэгч Л.Альберти (1404-1472 он) энэ шинэчлэлийн үр дүнг “төгс сайн үйл, бүтэн аз жаргалд хүрэх” хэмээн томьёолсон. Тэднийхээр хүмүүжлийн хамгийн сайн арга бол эртний Грек-Римийн сонгодог бүтээлээс суралцах явдал ажээ.


Энэхүү үзэл баримтлалыг Италийн өөр нэг энэрэнгүй үзэлтэн Витторино де Фельтре (1378-1446 он) мөн сурталчилж байв. Тэрээр аз жаргалд суралцах гэсэн зарчимд үндэслэсэн өөрийн өвөрмөц сургууль “Аз жаргалын ордон”-г байгуулсан байна.
Витторино да Фельтре (1378 - 1446 он)
Боловсрол-сургалт дахь энэрэнгүй үзлийн зарчмыг анх гаргаж ирсэн “Аз жаргалын сургууль” ордонг үндэслэгч. Энэ сургуульд хүнийг бие бялдар, оюун санааны хувьд төлөвшүүлэхэд ихээхэн анхаарч байв. Тэр сургуульд язгууртан, герцогийн хүүхдүүдээс гадна нийгмийн доод давхаргын 70 гаруй хүүхэд суралцаж байжээ. Хөвгүүд, охидыг хамтад нь сургаж байсан нь цоо шинэ үзэгдэл байв. Сургуульд оюун ухааны чадвар, гоо сайхны хүмүүжил олгохын зэрэгцээ рыцарийн хүмүүжил ч хадгалагдан үлдсэн байна.

Италийн энэрэнгүй үзэлтнүүдийн дотор Томазо Кампанелла (1568 - 1639 он) том байр эзэлдэг. Тэрээр тухайн үеийн хүмүүжлийн чин эрмэлзлийг тусгасан “Нарны хот” хэмээх алдарт бүтээлийг туурвисан байна. Энэхүү бүтээлд хүн аливаа нэг зүйлийг сохроор бишрэн шүтэхийг шүүмжилж, хүний гол зориого бол бүх талын мэдлэг эзэмшсэн байх явдал мөн гэж үзсэнээрээ энциклопедист чиг баримтлалыг анх тунхаглажээ. Түүнийхээр хөвгүүд, охид хамтдаа суралцах ба тэдэнд унших, бичих, түүх, математик, газар зүй, байгалийн ухааны хичээл заана. Мөн гүйх харайх, гимнастик, зээрэнцэг шидэлт зэрэг бие бялдар хөгжүүлэх хичээл ч ордог. Тэднийг мөн гар урлалд сургана. Хүүхэд 7 нас хүртлээ төрөлх хэлээ үзэж, гимнастикаар хичээллэнэ. 7-10 насандаа нэмээд байгалийн шинжлэлийн хичээл үзнэ. 10 наснаас эхлэн анагаах ухаан зэрэг хүнд хичээлүүдийг үзэх ёстой. Сургалтад үзүүлэн таниулах материал ихээр ашиглах ба сурагчдын хооронд янз бүрийн өрсөлдөөн их явуулна. Тэрээр хүүхдийг багаас нь нийгмийн тустай хөдөлмөрт оруулахыг дэмжиж байв.
Томазо Кампанелла (1568-1639 он)
Италийн энэрэнгүй үзэлтэн, шинжлэх ухааны утопизмыг үндэслэгч. Түүний үзэл баримтлал дундад зууны сэргэн мандалтын үеийн гол үзэл суртал болсон юм. Зарим түүх, сударт орчин үеийн сургалт-боловсролын тогтолцоог үндэслэсэн гэж үздэг. Хүн аливаа нэг зүйлийг сохроор бишрэн шүтэхийг шүүмжилж, хүний гол зориого бол бүх талын мэдлэг эзэмшсэн байх явдал мөн гэж үзсэнээрээ энциклопедист чиг баримтлалыг анх тунхаглажээ.
   
Ийнхүү Италид үндэс сууриа тавьсан энэрэнгүй үзлийн үзэл баримтлал хүрээгээ тэлж удалгүй Францад нэвтэрч Парижийн их сургууль сэргэн мандалтын үеийн үзэл санааны гол төв болон хувирсан байна.


Францын сэргэн мандалтын үеийн төлөөлөгчдийн дотор Франсуа Рабле (1494 - 1553 он) ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр дундад зууны үеийн боловсрол, сургалтын хор хөнөөлтэй талыг уудлан илрүүлж, энэрэнгүй хүмүүжлийн гол үзэл баримтлал болох оюун санаа, бие бялдрын хөгжилтэй бие хүний асуудлыг гарган иржээ. Ф.Рабле нь хүмүүжлийн хүнлэг бус шинжийг шүүмжилж, сургууль дахь сургалтын ажлын замбараагүй, үр ашиггүй шинжийг гаргасан байна. Үүний оронд сургалтын хөтөлбөрт шинэ латин хэл, арифметик, газар зүй, одон орон, хөгжмийн хичээл оруулах санал тавьж, тоглоомыг сургалттай холбох, оюун ухаан шаардсан хичээлийг тоглоом, биеийн тамир, гимнастиктай холбон явуулахын чухал болохыг тэмдэглэж байв. Морь унах, сэлмээр тулалдах, барилдах, сэлэх, хүндийг өргөх, биеийн хүчний хөдөлмөр зэргийг сургалтын салшгүй хэсэг мөн хэмээн үзсэн.
Франсуа Рабле (1494 - 1553)
Өөрийн “Гаргантюэ, Пантагрюэль хоёр” алдарт бүтээлдээ схоластик сургалт, дундад зууны үеийн боловсролын аскетизмыг шүүмжилж, тэдгээрт энэрэнгүй үзэл баримтлалыг сөргүүлэн тавьсан байна. Олон талын боловсрол, хичээл, амралтын зөв зохистой харьцаа, сэтгэлгээний бие даасан хөгжил, бүтээлч үйл, идэвхит шинж бүхий хүүхдийг хүмүүжүүлэх энэрэнгүй хүмүүжлийн загварыг анхлан гаргаж ирсэн.

Раблегийн томоохон зохиолын баатар болох Гаргантюа багаасаа бурхадын захисан зүйлийг мартдаг хүүхэд байв. Иймд хүмүүжүүлэгч багш нь түүнийг бие бялдрын хувьд эрүүл чийрэг, бүх талаар хүмүүжил, боловсролтой хүн болгох зорилт тавина. Ном уншсанаар бусадтай ухаалаг ярилцах болж, латин хэл, арифметик, геометр, одон орон, хөгжмийн үндсийг судалдаг. Хөзөр тоглох явцдаа тооцоолж сурч, оюун ухаан шаардсан ажлыг биеийн хүчний ажилтай хослуулна. Тэрээр морь унаж, сэлмээр тоглож, усанд сэлж сурах ба хүмүүжүүлэгч багштайгаа амьдралын мөн чанарын тухай маргалдаж, шөнө орой болсон хойно одот тэнгэрийг судлах болов. Бороотой үдшээр түлээ хагалж, талх барьж, гар урчууд, худалдаачидтай уулзалдан, эрдэмтдийн үгийг сонсож, зарим үед өдөржин байгалийн сайханд зугаацдаг болно. Ийнхүү Ф.Рабле нь энэрэнгүй үзлийн мөн чанарыг илэрхийлсэн шинэ бие хүн төлөвших үйл явцыг яруу тодоор өгүүлсэн байдаг. Чухам энэ зохиолд Бурхан бол бүх юмны эхлэл байдаг бол хүн бүх ертөнцийн гол төв гэсэн санааг анх оруулж иржээ.

                         
Мишель Монтень (1533 - 1592)
Францын агуу их энэрэнгүй үзэлтнүүдийн нэг. Түүний “Туршлагууд” хэмээх зохиолд боловсролд хандсан орчин үеийн бие хүний шаардлагуудтай давхацдаг олон санаа анх тусгагдсан. Хүч хэрэглэх, дарамт шахалт учруулахаас татгалзахын зайлшгүй тодорхойлж, багшийн хэмжээгүй их эрх дархыг хязгаарлахыг уриалжээ. Сурах явцад “судалж буй зүйлийнхаа утгыг эрэлхийлж сурах хэрэгтэй” гэсэн зарчмыг тунхагласан.

Францын өөр нэг энэрэнгүй үзэлтэн Мишель Монтень (1533 - 1592 он) “Туршлагууд” хэмээх алдарт зохиолдоо дундад зууны схоластик үзлийг эрс шүүмжилж, хүн бол хамгийн дээд үнэт зүйл бөгөөд хүүхдийг сургах сургалтыг практикаар дамжуулан хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн үзжээ. Түүнийхээр хүүхдэд байгалаас заяасан бие даасан шинж байдаг. Дундад зууны сургалт үеэ өнгөрөөсөн бөгөөд сургалтад аюул учруулж байна гэж үзсэн. Иймд тогтсон уламжлалт сургалт ашиг тус авчирахаа больсон бөгөөд сурагч аль болох ихээр ярьж, багш аль болох ихээр сонсох цаг ирлээ хэмээжээ. Хүүхдийг хүрээлэн буй орчноо судлах дадлагатай болгож, сурсанаа практикт шалгадаг чадвартай болгох хэрэгтэй. Эртний үеийн өв уламжлалд хадгалагдаж буй оюун санааны үнэт зүйлстэй танилцуулах нь хүүхдийн танин мэдэхүйд ихэд тустай ажээ. Эртний гүн ухаантнуудын үзлийг баримталдаг боловч, Платоноос ялгаатай нь оюун санаа биеийг удирдахгүй харин бие оюун санаагаа удирдана гэж үзсэн. Хүмүүжил, сургалтын гол зорилго сурагчийн бие хүний шинжийн боловсролд оршино. Харин ёс суртахууны хүмүүжлийн зорилго ёс зүйг шүтэхэд бус өсөн өндийж буй залуу хүүхдийг сайн үйл бүтээхэд туслах явдал юм. Тэрээр хүч үл хэрэглэх ёс зүйг гарган ирж, хүний нандин чанар бол бие хүн өөртөө хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, үнэт зүйлс юм гэж үзжээ.


Ийнхүү Итали, Францад хүчтэй түгэн дэлгэрч үр ашгаа өгсөн сургалт – боловсролын салбар дахь энэрэнгүй үзлийн давалгаа улам цааш дэлгэрч нийт Европийг хамрах боллоо. Энэхүү хөдөлгөөний манлайд Эразм Роттердамский, Хуан Луис Вивес, Томас Мор, Рудольф Агрикола, Ульрих фон Гуттен  зэрэг томоохон сэтгэгчид гарч ирж өөрсдийн бүтээл туурвилдаа шинэ хүнийг хүмүүжүүлж, сургах бүхэл бүтэн тогтолцоог боловсруулсан байна.


Эдний дотроос английн утопи үзэлтэн Томас Мор ихэд алдаршжээ. Өөрийн үл гүйцэлдэх (утопи) үзэл баримтлалын төвд бүх талын өв тэгш хүмүүжил авах эрхтэй хүнийг гарган тавьсан байна. Түүнийхээр хүний үйл ажиллагаанд нийгмийн ба хувийн талууд тод илэрдэг. Иймд өндөр ёс суртахуунаар хүмүүжүүлэх нь нийгмийн эн тэргүүний зорилт мөн. Тэрээр чөлөөт шашин шүтлэгийг дэмжиж байв. Дундад зууны үеийн сургалтын тогтолцооны хатуу чанд, харгис талыг шүүмжилж, чөлөөтэй боловсрол эзэмшсэн хүн л аз жаргалд хүрнэ гэж үзсэн. Бусад утопи үзэлтнүүдийн адил унших, арифметик, хөгжим, байгаль шинжлэлийн хичээлийг онцолж, сургалтын цэвэр орчныг магтан сайшаажээ.
Томас Мор (1478 - 1535 он)
Английн утопи үзэлтэн. “Ашигтай бөгөөд, сонирхолтой алтан ном, төрийн хамгийн төгс тогтолцоо ба Утопи хэмээх шинэ арлын тухайд” суурь бүтээлдээ бүх нийтийн боловсролыг үйлдвэрлэх хөдөлмөртэй нягт хослуулан зайлшгүй эзэмших ёстой ангигүй нийгмийн тухай үзлийг анх гаргаж тавьсан. Энэхүү бүтээлд тэгш эрх, аз жаргал, шударга ёс нийгмийн бүх гишүүдэд тэнцүү үйлчилж, боловсрол, өөрийн боловсролын зайлшгүйн тухай үзэл нэвт шингэжээ. Сайн сайхан байдлын үндэс бол хувийн өмч, боломжтой бол амины өмчөөс татгалзах явдал бөгөөд “бүхнийг тэнцүүгээр” гэсэн зарчмын үндсэн дээр нийгмийн баялгийг шударгаар хуваарилах явдал мөн.

Утопи арлынхны аз жаргал тэдний гэдэс цатгалан байдалд илэрдэг.  Нийгмийн гишүүд ямар нэг бие даасан үйлдэл хийхгүй. Бүхнийг хамтарч гүйцэтгэнэ. Сурган хүмүүжүүлэх гол үзэл баримтлал нь бүх хүүхдийг нийгмийн зүгээс тэгш хүмүүжүүлэх, эрэгтэй, эмэгтэйчүүд ялгалгүй адил боловсрол эзэмших, төрөлх хэл дээрх бүх нийтийн сургалт, оюуны ба биеийн хөдөлмөрийг хослуулах, амин хувиа хичээх, баяр цэнгэл хөөхөөс татгалзах, хөдөлмөрийн хүмүүжил ёс суртахууны итгэл хүмүүжилд нөлөөлөх зэрэг болно. Хүмүүжлийг төрдөө үнэнч байхаар чиглүүлнэ. Биеийн хөдөлмөр, хөдөлмөрийн үйл ажиллагаанд бэлтгэх нь сургалтын үндсэн зорилго мөн.
Эразм Роттердамский (1467 - 1536 он)
“Сургалтын аргын тухай”, “Хүүхдийн сайн үйл, шинжлэх ухаанд хэрхэн хурдан, чанартай сургах тухай” зэрэг боловсрол-сургалтын суурь бүтээлүүд туурвисан. Хүмүүжил нь ертөнцийг өөрчлөх, төр ба сүм хийдийн хэвшлийг шинэчлэх, аз жаргалд хүргэх хэрэгсэл мөн хэмээн үзжээ. Хөдөлмөр бол ёс суртахуунт чанарын шалгуур гээд ардын боловсролын үзэл санааг анх дэвшүүлсэн. Хүүхдийг төлөвшүүлэх хамгийн дээд зорилго бол ёс суртахууны үүргээ мэдэрч, шашны хувьд дуулгавартай байх явдал мөн.

Дээрх үл гүйцэлдэх үзэлтнүүдийн үзэл баримтлалд харагддаг адил тал нь гэвэл тэд бүгд боловсролын чөлөөт шинжийг тэргүүн зэрэгт тавьж байв. Үнэн хэрэгтээ Томас Мор, Томазо Кампанелла нар үл гүйцэлдэх-социалист үзэлтнүүд байсан бол Витторино де Фельтре, Франсуа Рабле, Мишель Монтень нар сурган хүмүүжүүлэгч-энэрэнгүй үзэлтнүүд байжээ. Гэхдээ сэргэн мандалтын үеийн үзэл баримтлал ба боловсрол, хүмүүжлийн бодит нөхцөл байдлын хооронд асар их ялгаа оршиж байв. Мэдээж хэрэг сэргэн мандалтын үе сургалт, сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт эерэг нөлөө үзүүлсэн. Үүний зэрэгцээ тэдний хүсэл тэмүүлэл амьдрал дээр бодитойгоор хэрэгжиж чадаагүй юм. Учир нь хэрэгжих үндэс суурьгүй үл гүйцэлдэх шинжтэй байжээ. Эндээс утопи буюу үл гүйцэлдэх үзэл гэсэн нэр томьёо гарч ирсэн байна.


XVI зууны үеэс өрнөд ба төв Европийн улсуудад рим-католикын сүм хийдийн эсрэг чиглэсэн Реформацийн хэмээх нийгмийн хөдөлгөөн ихээр гарах болов.  Энэхүү Реформацийн хөдөлгөөний сурган хүмүүжүүлэх-боловсролын үзэл баримтлал төлөвшин тогтоход М. Лютер (1483 - 1546 он), Ж. Кальвин (1509 - 1564 он) нар чухал үүрэг гүйцэтгэжээ. Реформац бол ноёрхогч үзэл суртал болох католицизмын эсрэг тэмцэл бөгөөд христийн шашны зохистой тайлбарлалын хүрээнд шашны ухамсрыг зөв чиглэлд өөрчлөх тэмүүлэл ажээ. Энэ хөдөлгөөний гол уриа нийгмийн бүх давхаргын хүүхдүүдийг төрөлх хэл дээр нь тэгш эрхтэй сургах гэсэн зарчим байв. Ингэж боловсрол нийгмийн өргөн давхаргад тархахад “ахан дүүсийн нийгэмлэг” хэмээх христийн коммунизмын үзэл баримтлал бүхий иргэний сургуулиуд их үүрэг гүйцэтгэсэн байна. Ер нь Реформацийн үзэл санааны гол үндэс нь бие хүнийг өөртөө захируулсан нийгэмлэг байгуулах явдал ажээ. Энд хүмүүжил, сургалтын ажил засаг, төрөөс хүмүүсийг удирдах зэвсэг болон ашиглагдана.


Ингэж сүм, хийдийн эсрэг чиглэсэн хөдөлгөөн үүсэхэд сүм, хийд ч зүгээр байсангүй. Реформацийн эсрэг хөдөлгөөнийг (контрреформац) өрнүүлжээ. Энэ нь католик сүм хийдээс протестант сүм хийдийн эсрэг явуулсан тэмцэл байв. Тэдгээр нь энэрэнгүй үзлийн зарчмын эсрэг тэмцэж, түүн сөргүүлэн хүмүүжил, боловсролын иезут тогтолцоог гаргаж иржээ. Ингэхдээ үнэ төлбөргүй нийтийн сургуулиуд олноор байгуулан, тэндээ түгэн дэлгэрч байсан сургалтын дэвшилтэт аргуудын оронд авторитаризм ба формализмыг ихээр ашиглах болов. Ингэснээр сургалт-хүмүүжлийн зорилго католик сүм, хийдийг фанатаар даган мөрдөх хэм хэмжээ болсон байна. Католик ба протестант шашны хоорондын тэмцэл цаашдаа сургалт-боловсролын хүрээнээс хальж улс төрийн шинжийг олсон ба өнөөдөр хүртэл энэ зөрчилдөөн амь бөхтэй оршсоор байгаа билээ.
3.2. Гимназ байгуулагдсан нь
Сүм, хийдийн олон урсгал чиглэлийн хоорондын ширүүн тэмцэл, түүний боловсрол-хүмүүжлийн хүрээнд үзүүлсэн сөрөг нөлөө ихэд хурцадсан боловч, энэрэнгүй үзэлтнүүдийн хүч чармайлт, нийгмийн дэвшлийн нөлөөгөөр сургалтын шинэ хэлбэрүүд бий болж байсны нэг нь гимнази үүссэн явдал билээ. Гимнази бол сэргэн мандалтын үеийн боловсролын хөгжлийн бүтээгдэхүүн мөн.

Анхны гимназиуд Германд үүссэн байна. Эдгээр сургалтын байгууллагуудыг бий болгосон хүн бол Филипп Меланхтон юм. Тэрээр “Саксоны сургалтын хөтөлбөр” хэмээх бүтээлдээ хотын бага ба ахлах сургуулиудыг нэгтгэн сургалтын 3 дахь шат буюу гимнази байгуулах санааг анх гаргажээ. Энэ үе шатанд хамгийн авьяаслаг, сэргэлэн багачуудыг сургана. Сургалтын хөтөлбөр эрс нэмэгдэж, тухайлбал, римийн утга зохиолыг судлах дээр нэмээд Цицерон, Овидий, Вергилий нарыг заавал судлах болсон байна. Ингэхдээ сурагчид өөрсдөө бие даан зохиол бичих дасгал ихээр хийнэ. Мөн латин хэл шинжлэлийн оронд диалектик, илтгэх урлагийн хичээл орох болов. Гэхдээ бүх харилцааг зөвхөн латин хэл дээр хийхийг хуульчлан баталсан байна. Ф.Меланхтон гимназид немц хэл үзэхийг таашаадаггүй байжээ. Энэ бүхний үр дүнд XVI зууны 20-иод он гэхэд хотын олонхи сургуулиуд гимнази болон хувирсан байна.
Филипп Меланхтон (1497 - 1560 он)
Немцийн энэрэнгүй үзэлтэн, шашин судлаач, сурган хүмүүжүүлэгч, Герман дахь Реформаци хөдөлгөөний удирдагчдын нэг. Анхны гимнази байгуулж, түүний сургалтын хөтөлбөрийг зохиосон гэдгээрээ боловсролын түүхэнд орсон.

Энэрэнгүй үзлийн уриан дор байгуулагдсан гимнази сургуулийн бэлэг тэмдэг нь 1537 онд Страсбург хотноо И.Штурмын (1507-1589 он) байгуулсан гимнази болж байв. Энэ гимназын сургалтын гол цөм нь сонгодог хэл, утга зохиол судлах явдал байв. Энэ гимназид олон зуун хүүхэд суралцаж, 1578 онд 7-16 насны 3000 гаруй хүүхэд сурч байв. Гимназид сургалтын өвөрмөц арга барил ашиглаж байсан нь эртний хэлний толь бичгийг өргөнөөр ашиглаж байсан явдал мөн. Гол хичээл нь латин хэл, илтгэх урлаг, диалектик байв. Мөн математик, уран зохиол, эртний грек ба эртний европ хэлнүүд заана.


Хатуу чанд сурган хүмүүжүүлэх арга барилын дэвсгэр дээр авч үзвэл зарим гимназын сургалтын арга барил шинэлэг, дэвшилтэт шинжийг агуулж байв. Тухайлбал, Фридланд Троцендорфийн (1490 - 1556 он)  удирдаж байсан Германий Гейдельбергийн гимназид сургуулийн өөрийгөө удирдах байгууллага маягийн зүйл ажиллаж байв. Энд сурагчид”бүгд найрамдах улс” маягаар амьдарч, “сенат”, “консул”, трибун”, “цензор” зэрэг албан тушаалтныг сонгоно. Энэ гимнази дотроо хэд хэдэн хэсэгт хуваагдсан 6 ангитай байв. Анги бүр сахилга бат хангагч “квестор”, хоол унд, ариун цэврийн хэрэгсэл хариуцагч “эфор”-ийг сонгоно. Сургуулийн удирдагч “мөнхийн дарангуйлагч” нэрийг зүүнэ. Дутагдал гаргасан сурагчид “бүгд найрамдах улсын” төлөөлөгчдийн өмнө хариуцлага хүлээнэ. Сурагчид сурлагаар хоцорч яваа нэгэндээ туслах ёстой. Ахлах ангийнхан бага ангийнхандаа хичээл заана. Үздэг гол хичээл нь гот хэл байв. Мөн грек, латин хэл, диалектик, илтгэх урлаг, гүн ухаан, хөгжмийн хичээл ордог. Уран зохиол бичих бэлтгэл их хийнэ. Иймд Европийн олонхи гимназууд Штурмын байгуулсан гимназийн жишээг өөртөө авч, үйл ажиллагаагаа түүний арга маягаар зохион байгуулах болсон байна.


Ер нь сэргэн мандалтын сүүл үед байгуулагдсан гимназууд сүм, хийдийн аскетик үзэл баримтлалыг таягдан хаясан юм. Тэд хүний чин эрмэлзлэлийг амьдралын бүрэн дүүрэн хэрэгцээгээр амьдарч буй хүн, хүүхдийн сэтгэхүйн мөн чанарыг нээх явдал хэмээн тунхагласан байна.

No comments:

Post a Comment