2011-07-27

Эцэг эх - Сургамжит өгүүллэг

Эрт урьдын цагт нэгэн асар том алимны мод байжээ. Нэг бяцхан хүү энэ модонд ирээд, өдөр болгон тойрон баясаж, тоглодог байлаа. Хүү модонд авирч, алимнаас нь идэж, сүүдэрт нь унтаж амарна. Хүү модонд маш их хайртай, мод ч түүнийг ихэд хайрладаг байв. Цаг хугацаа урсан өнгөрч, хүү өсөж том болоод өнөө модны ойролцоо тоглох нь багасчээ. Нэг өдөр хүү мод руу ирээд их гунигтай харав. 

Гэтэл мод: 
- "Нааш ир хүү минь, хамтдаа тоглоё!" гэлээ. Хүү:
- "Би одоо хүүхэд биш болсон. Модон дээр тоглох нас минь өнгөрчээ. Надад өөр тоглоом хэрэгтэй. Тоглоом худалдаж авах мөнгө хэрэгтэй байна" гэв. Мод
- "Уучлаарай! Надад мөнгө байхгүй. Харин чи миний алимнуудыг зараад, мөнгө олж болно шүү дээ. Тэгвэл чи их хөрөнгөтэй болно" гэжээ.
Хүү маш их баярлаж, модон дээр байсан бүх алимыг түүгээд, баяр хөөртэй нь аргагүй явлаа. Алимыг нь түүж дуусаад, хүү дахиж ирсэнгүй. Мод ихэд гуниглах болов.
Нэг өдөр өнөө хүүг буцаж ирэхэд, мод маш их баярлаж гэнэ. Мод: 
- "Хүү минь нааш ир, надтай тоглооч!" гэлээ. Хүү 
- "Надад тоглох зав алга. Би гэр бүлийнхээ төлөө ажиллах ёстой. Гэр бүлд минь орох оромж хэрэгтэй байна. Надад тусалж чадах уу?" гэж асуулаа.
- "Надад байшин байхгүй. Харин чи өөртөө байшин барих мод хэрэгтэй бол миний мөчрүүдийг аваарай!" гэж мод хэллээ.
Хүү өнөө модны бүх мөчрийг аваад, баяртай нь аргагүй явлаа. Хүүгээ баяр баясгалантай байхыг нь хараад, мод өөрөө ч гэсэн баярлав. Гэвч хүү эргэн ирсэнгүй тул мод ганцаардан уйтгарладаг байлаа. 

Он жилүүд улиран одсоор, хүү мод руу буцаж ирлээ. Мод хүүг хараад, маш их баярлаж
- "Хүү минь нааш ир! Надтай хамт тоглооч!" гэлээ. 
- "Уучлаарай! Би хөгширч байна, Би өөрийгөө амраахын тулд аялалд явах хэрэгтэй байна. Та надад завь өгч чадах уу?" гэж хүү асуулаа. Тэгэхэд мод: 
- "Миний биеийг хэрэглээрэй! Алс хол аялан явж, өөрийгөө амраагаарай!" гэж хэлжээ. Хүү алс газар аялан явсан боловч хэзээ ч эргэн ирсэнгүй. 

Ингээд хүү маш олон жил болсны дараа хайртай мод руугаа дахин ирэв. Мод: 
- "Уучлаарай, хүү минь! Чамд өгөх юм надад даанч үлдсэнгүй. Чамд өгөх алим ч алга даа" гэхэд, хүү: 
- "Надад алим идэх шүд ч үлдсэнгүй дээ" гэв.
- "Авирч тоглох бие ч үгүй болсон" гэж мод хэлэхэд, 
- "Би дэндүү хөгшин болсон тул дээш авирч чадахгүй юм даа" гэж хүү хариулав. Хүү: 
- "Надад нэг их юм хэрэггүй. Энэ олон жил би дэндүү их ядарлаа. Гэхдээ хөгшин модны үндэс налж, хэвтэх сайхан шүү!" гэж хэлэв. 
- "Тэг, тэг! Надтай хамт суугаад биеэ амраа даа" гэхэд хүү доош сууж амрав. Мод ихэд баярлан, нулимс унаган инээмсэглэв. 

Энэ бол хүний амьдралын тухай түүх юм. Мод бол бидний эх эцэг билээ. Бид бага балчир байх үедээ аав ээжтэйгээ хамт амьдардаг. Харин өсөж том болоод тэднийгээ орхин явж, ядарч зүдэрсэн үедээ буцаж ирдэг. Гэтэл ямар ч үед эцэг эх чинь чамд юу байгаагаа өгч, чамайг аз жаргалтай болгохын тулд бүхнээ зориулдаг.

No comments:

Post a Comment