Арга мэх, урхи занга, энэ ертөнцөд алхам тутам
Аяа би нэг ч өдөр өөрийн хүслээр амьдарсангүй
Надгүйгээр бурхан тэнгэр бүхнийг шийдсэн хэрнээ
Намайг тэгээд үймээн дэгдээгч гэхийг нь яана
Бурхны ном цээжил буян аврал гуйснаас
Будангуйрагч сэтгэлээ бүсгүйн хөнгөн аалиар зугаацуулмаар
Хэрэв зээ дурлагсад, хөлчүүрэгсэд тамд очдог гэвэл
Хэн бугай нь тэгээд диваажинд залрах бол
Анхилам цэцэрлэг, аялагхан бүсгүй, аягахан дарс
Ай миний диваажин энэ дээ, өөр юу ч надад хэрэггүй
Тэнгэрийн диваажинг бидний хэн нь ч үзээгүй явна
Тиймээс газрын диваажинд л амирлан жарга юу
Бурханаас бидэнд хэмжиж өгснийг андууд минь
Булхай оруулан ихэсгэж, багасгаж болохгүй
Өр зээл тавихгүй, өрөөлийн эд рүү шунахгүй
Өөрт оногдсоноо ухаантайхан хүртэцгээ юү
Өчигдрийн гарзны хойноос бүү гашууд
Өнөөдрийн үйлээ маргаашийнхаар бүү хэмж
Өнгөрсөн юмс, өнө хойшдоо бүү итгэ
Өдгөөгийн энэ хоромдоо л итгэж жарга
Үхэл гэдэг аймшигтай юм биш, надад итгэ
Үйлт амьдрал л надад юу бэлтгэсэн нь аймшигтай
Сэтгэл санаа намайг дэмжих л гэж ирсэн
Сэлгэх цагийг нь болохоор буцаагаад өгчихнө.
Сарнай цэцгийн дэлбээ, салхинд хийсэн уналаа
Сайхан цэцэрлэгт өглөөгүүр, алтан гургалдай цэнгэлээ
Хоромхон ч гэсэн жарга, эсвээс би сарнай биш
Холдон одох минь хүртэл гоё, хар даа гэж шивнэлээ.
Өглөө босч гар гараан атгалцья
Өр зүрхний гунигаа ганц хором мартья
Өглөөний сэрүүн агаараар цээжээ дүүргэе
Өдгөө амьсгалж буй дээрээ жарган залгилья.
Өр зүрхний алтан гургалдай донгодоход
Өөрөө ууж, амраг бүсгүйгээ ханатал дайлаарай
Дур тачаалдаа, Сарнай дэлбээлэхийг харав уу?
Дурласан та хүссэн болгоноо ханатлаа эдэл.
Төрөхөөс өмнө чамд юу ч хэрэггүй байлаа
Төрмөгцөө л бүх юм хэрэгтэй боллоо
Давагдашгүй биеийнхээ дарамтыг авч хаяваас
Дахиад чөлөөтэй, Бурхан мэт баян болно.
Цэцэрлэг рүү нисэн ирсэн согтуу гургалдайн өмнө
Цэмцэгнэн инээлдэх сарнай цэцгийн дунд хундага гялалзана
Амраг хайрын дуучин над руу нисэн ирээд
Агшныг барьж ав гэж нууцхан аялгаар хэллээ.
Ваар хийдэг хонгилд орж нэг үзлээ
Ваарчин аяганы амсарыг илбэдэх мэт эргүүлж байлаа
Тэр нэгэн гоё аягыг эцгийн минь чандраар урлахыг
Тэрүүхэн агшинд би гэнэтхэн мэдэрсэн шүү.
No comments:
Post a Comment