Бусдыг бодвол би өөрийгөө илүү эмзэг мэдрэмтгий нэгэн гэж боддог юм. Хэтэрхий мэдрэмтгий байх, хэтэрхий эмзэг сэтгэлтэй байхын зовлонг чи мэдэх үү? Өөнтөгч гэх үү, эсвэл аливаа харилцааны цаад талыг илэрхийлэгчээс нь түрүүлээд харчихдагтаа тэрүү дарамт шаналгаа, далдалж нуусан хуурамч араншинг илүүтэй мэдэрч, тэр хэрээрээ өөрийгөө яллаж, өөртөө гэм хурааж явдаг нэгэн гэхэд болно. 
Эхлээд энэ бүхнийг даван гарахад амаргүй байдаг байлаа. Хэн нэгэнд үргэлж гомдож, дотроо түүнийг тээж явах нь хэтэрхий хүнд ачаа гэдгийг биеэрээ мэдэрч явсан юм. Намайг гомдоосон хүмүүстэй тааралдах, тэдний өмнө гунигт нүднийхээ харцыг буулгаж явахад яагаад тийм амаргүй байсныг мэдэхгүй ч агшин хором бүхэн нь даван туулахад бэрхтэй байлаа.


Тиймээс гомдоогчдоос дөлөн зугтаж, зам дээр нь таарчихгүйг хичээн алхам тутамаа цэгнэж явах хэрэгтэй болж эхэлсэн юм. Ийм хүнд сүүлдээ гишгэх газар ч олдохоо болино. Амьсгалах агаар дутагдаж, хүмүүсийн дунд будилуухан алхаж явах агшин бүртээ сэтгэл хөндүүрлэн өвдөж, зүрх чимчигнэн шанална. Хэнд ч гэм хийгээгүй хэрнээ бусдын өмнө амьдарч байгаадаа буруутан мэт болон ийн ганцаардах нь бахардаж унамаар хүнд хэцүү санагдах болов. Хүмүүс ямар харгис болохыг, бусдын сэтгэл доторхыг ямар бүдүүлгээр сэндийлж чаддагийг ойлгох тусмаа амьдрах аргаа олоход бэрхтэй болж эхэлсэн юм. Өөнтөгч нүдэнд сүүлдээ өглөөний наран хүртэл дооглон мандах мэт санагдана. Гэхдээ энэ бүхний бурууг би өөрөөсөө биш бусдаас хайсаар байлаа. Тэд л намайг гэмгүйхэн явж байхад гомдоож, тэд л надтай хүний ёсноос гадуур харьцсанаас болж байдал иймд хүрсэн гэж итгэж байсан хэрэг. Ядуу байсныхаа төлөө, дутуу өссөнийхөө төлөө би бусдад адлагдаж байна гэж бодно.

Бодол хуримтлагдан өссөөр сүүлдээ амьдралд өшрөн гутмаар ч юм шиг болж ирсэн юм. Яг тийм үед нэгэн ухаант хүнтэй уулзаж билээ. Түүнтэй нөхөрлөсөн хором бүхэнд би тайтгарч, түүний бусдыг уучилж чадаж байгаад дасан зөөлөрч, цөвтсөн сэтгэлээ цайлгаж эхлэв. Яаж уужуухан байж болдгийн жишээг тэр харуулж өгсөн юм. Сэтгэл гэдэг ямархуу уужимхан орон зайг эзэгнэж байдгийн утга учрыг түүний үлгэрээр олж мэдсэнийхээ дараа анх удаа сэтгэлдээ уучлах гээч асар том эрх чөлөөг зайчлан оруулж билээ. Эхнийхээ оролдлогыг хэзээ ч уучилж боломгүй хүн дээр хийсэн юм. Тэр этгээд миний цусыг байнга үздэг нэгэн байлаа. Түүнээс л болж би тийм өөнтөгч нэгэн болсон гэдгээ мэднэ. Гэсэн ч уучлахаар шийдэв. Эхлээд бүх зүйл тийм ч амар хялбар болсонгүй. Түүний үйлдлүүд нүдэнд минь байнга харагдаж, гартаа барьсан хүйтэн зэвсгүүд нь сэтгэлийн мухраас арилж өгөхгүй л байсан юм. Гарыг минь хугалж, тархийг минь хагалж, хүлж, дүүжилж, алхам тутамд минь хянаж мөрдөж, дүн өвлөөр гудамжинд хөөн гаргаж, үүр цайтал тамлан хэрцгийлж, хайртай бүхнийг минь эвдлэн гишгэлж байсан нь нүдэнд харагдсаар л байлаа.

Уучилж болно гэж үү? Тэр ийм хүндлэлийг хүлээх эрхтэй гэж үү гэсэн асуулт сэтгэл дотор хадгалагдсаар л байлаа. Гэсэн ч ухаант найз минь надаас уучлахыг шаардсаар байсан юм. "Гомдолоо тайл, гомдолоо тайл. Эс тэгвээс чи өөрөө ч зовох болно. Өширхөх амархан ч түүнийг хадгалж явах амаргүй" гэж тэр дандаа хэлдэг байлаа. Би дахиад л оролдож эхэллээ. Гомдоогчийн надад учруулсан муу бүхнийг эерэг сайн хэлбэрт оруулахыг хичээж эхлэв. Тэрний ачаар л би зоригтой шийдэмгий, бас тэвчээртэй тэмцэгч нэгэн болсон юм байна гэдгээ ойлгов. Өрсөлдөгч байхгүй бол хөгжил ирэхгүй гэдгийг тэгж нэг юм ойлгов. Тэрний ачаар л би зорьсондоо хүрэх хатуу сэтгэлтэн болж чадсан төдийгүй тэр л сэдэлтээр зовлонг сөрөн зогсож, илүү амьдрахыг, илүү өндөрт нисэхийг мөрөөдөж чадсан байсан юм. Ингээд бодон бодсоор би нэг л өглөө сэтгэлээ уучлалаар сүлсээр нойрноосоо сэрэв.
Чаджээ, би уучилчихсан байлаа. Одоо тэрүүнтэй таарахдаа духаа өгөн үнэрлүүлж чадахаар уужим сэтгэлийг дотроо зайчлан гаргасан гэдгээ ойлгож байсан юм. Тэр уучлагдлаа. Тийм уучлал гомдоогчийг миний өмнө сөхрүүлсөн төдийгүй үхэн үхтэлээ надаас уучлалыг эрэн амьдрахыг тэр илүүд үзэх болов. Түүний хийж байгаа үйлдэл бүхэн надаас тал олох, надад таалагдах, намайг өмгөөлж хамгаалахын төлөө болж хувирсан юм. Нэгэн цагт би түүний гарын дор байсан бол одоо тэр миний атганд дуртайяа бөгтийн суух биз. Гэсэн ч би тэрхүү хүлцэнгүй ноомой байдлыг нь бах тав болгон ашиглахыг хүсээгүй. Тэгвэл уучлал маань өш хонзон болж хувирах биз. Түүнийг зөнд нь орхисон билээ.

Нэгэн цаг үеийг эзэгнэсэн хамгийн том гомдоогчоо уучилж чадсан надад түүнээс бусдыг нь уучилна гэдэг хэцүү биш болж эхлэсэн нь мэдээж. Сайн нөхрийнхөө ачаар би ийнхүү бусдыг уучлах гээч гайхамшигтай /би энэ нялуун үгэнд тийм ч дуртай биш боловч энэ удаад ашиглахаар шийдэв/ эрх чөлөөг олж авсан юм.
 
Уучлал бол хамгийн том ялалт юм гэдгийг би алхам тутамдаа мэдэрдэг. Хэрвээ энэ л амьдрах насандаа ямар нэгийг ойлгож, ухаарах эрх үүрэгтэйгээр хүн амьдралд ирдэг бол би чухам уучлахын гайхамшгийг мэдэрч ойлгох гэж ирсэн биз. Гэвч сэтгэл гээч эмзэг эрхтэн юм л бол гомдлын шалбааг руу хальтирчих гээд байх юм даа. Тэр бүхний дараа уучлалыг эрж олох амаргүй аянд морддог гэж хэлж болно. Яг одоо ч бас уучлуулах зүйл хийгээгүй ч сэтгэлд минь жавар хургуулан үлдсэн ганц нэг хүнийг уучлахаар бодлоо чөлөөлөн сууж л байна. Чадна гэдгээ ч мэдэж байна. Уншигч та ч бас тэр хязгааргүй эрх чөлөөг эрж олоход болохгүй нь юу байх билээ?

Сэтгэлд тээр болсон ачаануудаасаа салж л байсан нь дээр.