Ээж: - Хэн энэ захиаг өгсөн юм бэ? Хурдан хэлээтэх.
Охин - Ийн, ийн, ийн ээжээ миний буруу
Ээж - Ээж нь чамайг шийтгэх гэж асууж байгаа юм биш. Хэн ийм захиа өгснийг л мэдэх гэсэн юм.
Охин: - Шуудан зөөгч ах. Самдан ах. Охин тэр хүний нэрийг хүртэл санаж байлаа. Хоёр сарын турш тэр хүн аавынх нь захиаг авчирч өгсөн гэнэ. Би бүр цочирдож балмагдаад, түүнийгээ арай хийн барьж ийнхүү хэллээ.
- Аав чинь нэг жилийн өмнө нас барсан шүү дээ. Тэгэхээр яахаараа тэнгэрийн улсаас захидал ирдэг байна? Тэнгэрийн улс чинь захиа илгээж, авч болдоггүй газар шүү дээ.
Есөн настай охин минь дахиад л уйлж гарлаа. Миний сэтгэл санаа хэцүү л байлаа. Тэр шуудан зөөгчийг бодохоор уур хүрч байв.
Энэ түүх хэзээ эхэлсэн гэхээр охиныхоо хөнжлийг угаах гэж хувцасны шүүгээг нээтэл нэг юм газар унаж орхив. Алаг цоохор цаастай хэсэг захиа байлаа. Эрэгтэй найзтай болсон юм болов уу гэж бодоод сониуч зан хөдөлж, задалж үзлээ. Сүүлийн үед цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл эрэгтэй найзтай байдаг болсон гэсэн.
Тэгтэл явуулсан хүний нэрний хэсэгт нөхрийн минь нэр бичээстэй байлаа. Нэг жилийн өмнө гал түймрийн аюулаас болоод нас барсан нөхрөөс минь охиндоо илгээсэн захидал байлаа. Юу болох нь энэ вэ? гайхан балмагдаж хүнд цохилтонд орсон би охиноосоо юу болж байгааг асуусан минь энэ.
Охин минь ийнхүү ярьлаа. Охин маань сургуульд ороод захидал бичиж сурчээ. Ангийн багш нь хол газар байгаа хэн нэгэнтэйгээ сураг чимээ дамжуулж болдог гэхийг сонсоод охин маань нас барсан аавдаа тэнгэрийн улс руу илгээж болох юм байна гэж бодоод бичиж үзжээ. Ертөнцийн нөгөө тал руу хүртэл захидал илгээж болдог юм чинь тэнгэрт байгаа аавдаа захидал илгээж болно гэж боджээ.
Тэгээд аавдаа захидал бичсэн охин минь нэг өдөр сургуульд захидал хүргэж ирдэг шуудан зөөгчийг араас дагаж очоод асуужээ.
Охин: - Ахаа тэнгэрийн улс руу захиа бичиж болно биз дээ?
Шуудан зөөгч: - Яасан? Тэнгэрийн улсад чиний хэн байгаа юм?
Охин: - Манай аав.
Шуудан зөөгч: - Юу ч мэдэхгүй хүүхдийн үгийг сонсоод нөгөө хүн толгойгоо дохижээ.
Охин: - Тэгвэл ахаа томоор хаягийг нь бичээд аавдаа явуулъя.
Шуудан зөөгч: - Япон, Африк руу хүртэл явж байхад тэнгэрийн улс руу явалгүй яахав. Маргааш өөрийнхөө хаягийг бичээд захиагаа аваад ирээрэй.
Шуудан зөөгч маргааш сургууль дээр ирлээ. Нөгөө охин аавдаа бичсэн захидлаа өгч түүнээс хойш хоёр долоо хоногийн дараа ааваас нь хариу захидал ирлээ гээд аавынх нь нэртэй захидлыг авчирч өгчээ. Түүнээс хойш охин нь харагдахгүй аавдаа захидал бичсээр л байлаа.
Хоёр сар шахуу үргэлжилсэн захидал нь шуудан зөөгч өөрчлөгдсөнөөс болоод тасрав. Самдан ахын дараа залуухан ахын авчирч өгсөн захидалд “одоо аав нь дахиж захиа явуулж чадахгүй юм шиг байна. Энэ захиа аавынх нь сүүлчийн захиа” гэсэн байлаа.
Би охиныхоо яриаг сонсонгуутаа шууд шуудан орлоо. Эцэггүй хүүхдийг өрөвдсөн байх, тэгээд урам өгье гэж бодсон л байх, тэрэнд баярлаж байгаа боловч нэг талаар охинд минь хий хоосон найдвар өгсөн тэр хүнд дургүй хүрч байлаа. Тэгээд яагаад тэгснийг нь асууя гэж бодлоо.
Яаран гүйн очиж, Самдан шуудан зөөгчийг асуутал тэр аль хэдийн өөр газарт шилжсэн байлаа. Тэндхийн ажилтан надаас юу болов гэж асуухад би бүгдийг нь хэлж орхилоо. Тэгтэл:
-Аа түүний талаар сайн мэдэх хүн байгаа түүнийг дуудаад өгье гэв. Тэгтэл тэр хүн нь манай охинд хамгийн сүүлчийн захидлыг хүргэж ирсэн залуухан шуудан зөөгч байлаа. Би түүнээс Самдан шуудан зөөгчийн талаар сонслоо.
“Тэтгэвэрт гарах гэж байсан тэр хүн даргад намайг ганц хоёр сар ажиллуулаад өгөөч гэж гуйж байсан. Би шинээр ирээд удаагүй байсан болохоор тэр хүнийг мөнгө хэрэгтэй болоод ингэж байгаа юм байна даа гэж бодсон. Тэр үед таны охинтой уулзсан юм байна лээ. Яг юу гэдгийг нь сайн мэдэхгүй боловч, заавал хүргэж өгөх ёстой захидал байгаа гэсэн. Дарга яг хоёр сар ажиллахыг зөвшөөрч түүний дараагаар сүүлчийн захиаг надаар хүргүүлсэн, үнэхээр сайн хүн. Өөрөө багадаа аавыгаа алдаж үзсэн болохоор аавгүй хүний уйтгар, гунигийг хүн хүнээс илүү сайн мэднэ, тэр захиаг би заавал хүргэх ёстой байсан” гэжээ.
No comments:
Post a Comment