2011-10-23

Стийв Жобс -

Би 17 настай байхдаа “Хэрэв чи өдөр бүрийг хамгийн сүүлийн өдөр мэт өнгөрүүлвэл, нэг л мэдэхэд зөв цэгтээ очсон байх болно” гэх маягийн ишлэл уншиж байсан юм. Энэ үг надад их сэтгэгдэл төрүүлж байсан.

Тэрнээс хойш би сүүлийн 33 жилийн турш өглөө бүр толинд харахдаа өөрөөсөө “Өнөөдөр хэрэв миний амьдралын сүүлийн өдөр байсан бол, би яг одоо гэрээсээ гараад хийх гэж байгаа зүйлээ хийхийг хүсэх байсан уу?” гэж асууж байна. Тэгээд хэд хоног дараалж “Үгүй” гэсэн хариулттай тулгарвал, ямар нэг юмыг өөрчлөх хэрэгтэй байгааг мэддэг болсон юм.

Том шийдвэрүүдийг зоригтой гаргахад надад тус болж байсан хамгийн том бодол бол удахгүй үхнэ гэдгээ мэдэх явдал. Учир нь ихэнх юм, өнгөн талын эрх мэдэл, нэр хүнд, бардам зан, уналтаас эсвэл ичгэвэртэй байдалд орохоос айх айдас мэтийн зүйлс үхэлтэй нүүр тулмагц бүгд өчүүхэн төдий болж, зөвхөн хамгийн чухал бүхэн л тодорч үлддэг юм. Үхнэ гэдгээ мэдэх бол ямар нэг юм алдах вий гэсэн болгоомжлолоос оюун санаагаа чөлөөлөх шилдэг арга. 

Жилийн өмнө намайг хорт хавдартай гэж оношилсон. Өглөөний 7:30 минутанд эход ороход, нойр булчирхайн дээр минь тодоос тод хавдар үзэгдлээ. Би нойр булчирхай гэж юу байдгийг ч мэддэггүй байсан юм. Эмч нар үүнийг бараг л эмчлэгддэггүй хорт хавдруудын нэг учраас намайг 3-6 сарын настай үлдсэн гэж ойлгоорой гэсэн. Их эмч маань намайг хариад, гэрийхнийхээ сэтгэл санааг үхэлд бэлдэхийг зөвлөсөн юм. Энэ бол хүүхдүүддээ дараагийн 10 жилийн турш хэлэх байсан бүх захиасаа хэдхэн сарын дотор амжиж хэл гэсэн үг. 

Энэ онош бүхэл өдөржин толгойноос минь гараагүй. Тэр орой нь би биопсийн шинжилгээ хийлгэлээ. Хоолой руу минь дуран хийж, ходоодоор дамжуулан дотор эрхтнүүдэд минь оруулаад, эмч нар нойр булчирхайнд минь зүү хийж, хавдараас хэдэн эс авсан. Би нөхцөл байдалтайгаа бараг л эвлэрчихсэн сууж байтал, эмнэлэг дээр хамт байсан эхнэр минь надад сайхан мэдээ дуулгалаа. Эмч нар микроскопоор эсийн шинжилгээ хийж дуусаад л уйлж гарсан гэнэ. Учир нь миний хавдар мэс заслаар авахуулж, эмчлэгдэж болдог нойр булчирхайн маш ховор хавдруудын нэг болж тааржээ. Тэгээд л би мэс засалд ороод одоо зүгээр болчихсон.

Хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд хүрэх гэж мөрөөддөг хүмүүс хүртэл тэнд очихын тулд үхэхийг хүсдэггүй. Гэсэн ч үхэл бол бид бүгдийн заавал очих цэг юм. Хэн ч түүнээс зайлж чадахгүй.

Одоо та нар шинэ хүмүүс байгаа ч, хэдэн жилийн дараа хуучин болж бусадтай адил арчигдана. Чиний энд байх цаг чинь хязгаартай болохоор өөр хүний амьдралаар амьдрахаа боль. Бусдын бодлын үр дүнгээр өөрийгөө “хүлж” өдөр хоногийг дэмий бүү үр. Хүмүүсийн үзэл бодлын “чимээ шуугиан”-д живж, дотор хүнийхээ хоолойг сонсохгүй өнгөрөөж болохгүй. Хамгийн чухал нь өөрийнхөө зүрх сэтгэл, зөн совинг дагах зоригтой бай. Тэд л чиний жинхэнэ хүслийг яв цав мэдэж байдаг юм. Үүнээс бусад нь хоёрт тавигдана.

Намайг залуу байхад “Дэлхийн каталог” нэртэй гайхалтай цуврал гардаг байлаа. Миний үеийнхний библи л гэсэн үг. Үүнийг Стюарт Брэнд нэртэй нэг залуу эндээс холгүй Менлогийн цэцэрлэгт бичиж байсан гэсэн. 1960-аад онд нэг ч хувийн компьютер байгаагүй тул “Дэлхийн каталог”-ийг бичгийн машин, поларойд камер, хайчаар хийсэн байв. Google-ийн хуучин хувилбар гэмээр, олон шинэ санаа, мэдээллээс бүрдсэн цуврал байлаа.

Стюарт болон түүний багийнхан үүнийг хэдэн дугаар гаргаж байгаад, нэг курс болмогц сүүлийн хэвлэлтээ гаргасан юм. 1970-аад оны дунд үе. Тэгэхэд би та нар шиг залуухан байсан. “Дэлхийн каталог”-ийн арын нүүрэн дээр өглөөний нар туссан хөдөөний шаргал замын зураг, түүний дор “Өлсгөлөн, бас гэнэхэн хэвээрээ үлд” гэсэн үг байлаа. Энэ бол тэдний уншигчиддаа “баяртай” гэж хэлсэн мессеж байсан юм. Өлсгөлөн, бас гэнэхэн хэвээрээ үлд. Би үүнийг л өөртөө дахин дахин хүсч ирсэн. Харин одоо, төгсөөд бүхнийг шннээр эхлэх гэж байгаа та нарт “Өлсгөлөн, бас гэнэхэн хэвээрээ үлд”-эхийг хүсч байна.

No comments:

Post a Comment