2011-10-07

Сарны чулуу

Зуны шөнө зуслангийн айлууд тийм ч эрт унтахгүй. Шөнийн нэг хоёр цаг хүртэл хаалга үүд нь онгорхой шуугилдцгаадаг байлаа.
Харин хүүхдүүд нь хэсэг бүлгээрээ цугларцгааж голдуу л “болсон явдал” хэмээх хэн чухам хэзээ зохиосон нь тодорхойгүй аймшигт түүхийг бие биендээ сонирхуулан ярьж, зарим нь яриандаа бүрэн автаад энд тэнд юм хөдлөх шиг боллоо зэргээр айж эвгүйцэцгээдэг ч шөнө болгон л цугларцгааж элдвийн түүх ярьдаг байв. Манай зуслангийн даргын хүү Шараа бид хоёр ихэвчлэн тэр ярианы гол дүрд тоглоно. Ихэнх “болсон явдал”-ыг урьд өмнө сонссон яриан дээрээ тулгуурлан нэмж хачирлан зохиодог байлаа. Шараагийн жинхэнэ нэр Бат-эрдэнэ боловч энэ нэрээр нь дууддаг хүн лав манай зуслангийн хэдэн айл дотор байгаагүй юм даг. Гялалзсан шар нүдтэй, сэвхтэй шар царайтай тэр хүү зуслангийн даргын төрсөн хүү нь биш, орос цэргийн даргын хүү юм гэнэлээ гэж томцуулын шивнэн ярилцахыг сэмхэн сонсоогүй хүүхэд манай зусланд л бараг байгаагүй санагдана. Орос цэргийн даргын хүүхэд гэдгийн сонсоод бид нар түүнийг улам ч хүндлэх болсон билээ. 

Тэр бид хоёр бусад хүүхдээс арай илүү дотно үерхэнэ. Учир нь зөвхөн зусланд хамт гаргах төдийгүй хотод зэргэлдээ байранд амьдарч, сургуульд зэрэгцээ ангид суралцацгаадаг байв. Өглөө эрт уулзаад хоёулаа шөнө юу зохиож ярих билээ хэмээн бодож өдрийг өнгөрөөх нь ч бий. Тийм нэг их бодол болсон өдөр Шараа бид хоёр голын усанд сэлж шумбаж уйдчихаад нарны илчинд халсан бетонон гүүрэн дээр нойтон биеэ хатаан хэвтэнгээ:
- Өнөө шөнө охидуудыг ганц сайн айлгахаар аймшигтай түүх яримаар байна.
- Би бодоод л байна. Толгойд олигтой үнэмшилтэй явдал нэг л орж ирэхгүй юм. Яая даа байз?
Гэтэл Шараа толгойгоо өргөн:
- Хөөе, босъё. Ачаатай машин гараад ирлээ гэв.
Нэг шинэ айл зусланд нүүж ирж буй бололтой. Тэвшин дээр нь гурван хүн зэрэгцээд зогсчихсон ачааны машин бид хоёрын дэргэдүүр хүр хүр дуугарсаар өнгөрлөө. Тэрхэн агшинд би тэвшин дээр бидний үеийн бололтой нэг жижигхэн цагаан охин юунд ч юм хязгааргүй баярласан төрхтэй инээмсэглэн зогсохыг харав. Бодвол тэр охин Бат-эрдэнэ бид хоёрыг харсан биз. Урьд нь буриад Дашнямынх гэдэг хүүхэдгүй айл зусдаг байсан том байшингийн гадаа өнөөх ачааны тэрэг зогсож, ширээ сандал, ор төдийхэн буулгаад хэсэгхэн хугацааны дараа бид хоёрын дэргэдүүр мөн хүр хүр дуугарсаар өнгөрөн одов. Ачааны тэргэний араас харж зогссоноо тэр надаас:
- Шинээр ирсэн айл бандигүй бололтой гэв. Хариуд нь би:
- Чи тэр охиныг харсан уу? Ямар цагаан охин бэ? Цусгүй юм шиг гэсэнд Шараа:
- Харин тийм. Гэхдээ хөөрхөн охин юм аа гээд надаас ялимгүй ичсэн аятай нүүр нь уласхийв.
Тэр шөнө Шараа бид хоёр олигтой айдас төрөхөөр аймшигт явдалын түүх зохиож ярьж чадсангүй. Харин шинээр ирсэн айлын цонх гэрэлтэй байшин дотроо нааш цааш холхих охины хөдөлгөөн бүрийг би ажиглан, маргааш өглөө сүү авахаар явах замдаа заавал тэдний үүдээр өнгөрөхөөр төлөвлөн бодов. Долоо хоног гадуур нь эргэлдсэн боловч надад л лав азтай учрал тохиолдсонгүй. Гэтэл нэг өглөө…

Арван долоон насандаа ахдахаар зоригтой гэж өөрийгөө боддог байсан юм. Гэтэл өнөөх охин дэргэдүүр минь бүр шүргэсхийгээд өнгөрөв. Бүхий л биеэр минь ямар нэгэн хий дүүрэх шиг, эсвэл цахилгаан үгүй бол соронзон хуйнд дайруулах шиг болоод хөдөлж ч болсонгүй. Араас нь харахыг хүссэн боловч сүүнд оочерлон зогсоо хүмүүсээс ичээд чадсангүй. Гэвч нар салхинд огт борлоогүй хонгорхон цагаан царай, улаахан уруул, дух руу нь молцоглон буусан тас хар үс, нарийхан хүзүү зэргийг харж амжсандаа өөртөө үлэмж баярлав. Сүүгээ авчихаад эргээд явж байтал надаас нэг хувь илүү нүүрэмгий мань Шараа хэдийн өнөө охины өөдөөс хараад зогсчихсон ямар нэг зүйлийг хөгжилтэй нь аргагүй ярьж зогсоно. Намайг хажуугаар нь гарах гэтэл Шараа нүд ирмэнгээ, гараараа дохин дуудав. Тэр үед найздаа яаж баярласнаа одоо ч үгээр хэлэхэд үг үл олдном билээ. Би тэр хоёрын дэргэд хүрч очвол Шараа нуруун дээр минь алгадаад:
- За, танилц. Миний хамгийн сайн найз, манай зуслангийн нэг номерийн болсон явдлын түүх зохиогч хэмээн өргөмжлөөд нэрийг минь хэлэв.
Өнөөх охин ч бас нэрээ хэлээд гараа өгөхөд нь түүний бүлээхэн жижигхэн гарыг аажуухан атгав. Чих шуугиад нэрийг нь тогтоож авсангүй. Шараа над руу дөхөн чихэнд минь:
- Эднийх саяхан нүүж ирсэн болохоор усны савгүй гэнэ. Хоёулаа өнөө шөнө нэг юм бодно байгаа. Хойд зуслангийн айлуудаас усны сав тууна. Чи хамт явна биз дээ гээд шар нүдээ улам том болгон асуув. Би зөвхөн толгой дохилоо.
Шараа чухам хэзээ түүнтэй ийм дотно танилцаад, бүр гэрт нь усны савгүй гэдгий нь мэдээд авч амжсаныг би ойлгосонгүй. Тэднийх нүүж ирээд дөнгөж долоо хонож байв.
Орой нь Шараа бид хоёр шөнийн яриагаа хийлгүй, аавуудынхаа том дээлийг хөөргөн бүслээд уулын амны зуслан чиглэн гарч өгөв. Хүн хүч муутай айлууд усныхаа том савыг гэртээ өргөж оруулж чадалгүй гаднаа хонуулдагийг мэдэх учир хоёул сэмхэн гишгилсээр нэгэн байшингийн гадаа байх савыг өргөн нилээд холдуулаад усыг нь асгаж, хар хурдаараа гүйсээр өнөөх охины гэрийн гадаа ирэв. Амьсгаагаа даран хэсэг зогсов. Би Шараагаас :
- Энэ охины нэрийг хэн гэдэг гэсэн бэ?
- Мэндээ
- Чи яаж танилцсан юм бэ?
- Аав нь манай аавтай хамт ажилладаг гэсэн. Тэгээд нүүж ирсэн өдөр нь аав бид хоёр тэднийхээр орж ширээ сандлы нь өргөж, гэрээ тохижуулахад нь тусалсан юм. Тэгээд л танилцсан гэв.
Би “аан” гэснээс өөр дуу гаргасангүй. Шарааг надаас өмнө энэ охинтой танилцсанд дотроо ялимгүй атаархсан гэх үү дээ?
- Хоёулаа айлаас хулгайлсан гэж хэлэхгүй шүү?
- Яагаад…
- Аав ээж нь загнаад буцааж аваачиж өг гэх байх. Тэгэхээр хоёулаа маргааш танайд байсан илүү сав гээд оруулж өгье гээд Шараа өнөөх хулгайлсан саваа аваад эргээд алхав. Би ч араас нь дагаад гэлдрэв. Учир нь харанхуйд сандран гүйж явахдаа төмөр хайсанд тээглэж унаад өвдөгөө шалбалчихсан бололтой, хөл нэг л эвгүй хөндүүрлэж байлаа.
Маргаашнаас нь Шараа бид хоёр тэднийхээс салахаа байв. Аав ээж хоёр нь өглөө ажилдаа яваад бүхэл өдөржин Мэндээ гэртээ ганцаараа сууна. Харин орой нь бидний цуглаанд байнга биш ч гэлээ, үе үе ирж чөтгөр шулам, хий үзэгдлийн тухай зохиомол яриаг чагнан “Ямар аймаар юм бэ? гээд айсандаа бүлтэлзэн сууна. Энэ үед Шараа бид хоёрын онгод хөглөгдөж, ам өрсөн аймаар түүх зохион ярих болов. Үнэндээ бид хоёрын дунд нэгэн бяцхан өрсөлдөөн өрнөж эхэлжээ. Зарим шөнө Мэндээ надаар гэртээ хүргүүлнэ. Зарим өдөр Шараагаар хүргүүлнэ. Гэвч ихэвчлэн бид хоёрыг сугадаад дунд орж чөтгөр шулам байдаг гэдэгт бүрэн итгэчихсан амьтан ийш тийшээ сэрэмжлэн харсаар гэртээ хүргүүлдэг байв.

Гэрийхэн нь хөдөө рашаанд явахаар болсон тул зуслан буухаас арав гаруй хоногийн өмнө Шараагийнх нүүж, байшингийнхаа хаалга цонхыг битүүлэн хааж дуусаад, машин хөдлөхийн өмнө тэр надад:
- Худлаа үнэн юм зохиож Мэндээг айлгахаа больё. Чи энэ хэд хоногт битгий шинэ юм зохиож яриараарай. Цаадах чинь зүрх муутай өвчтэй юм гэсэн гэв.
Би юу ч хэлэлгүй зөвхөн толгой дохив. Харин дотроо Шараа Мэндээг надаас харамлахдаа ингэж хэлж байгаа юм. Өөрийг нь байхгүйд шөнө цуглаж юм яривал Мэндээ надаас өөр хэнээр гэртээ хүргүүлэх юм. Гайгүй байлгүй. Шөнө бүхэн цуглаан хийж, шөнө бүхэн шинэ түүх зохиож ярина даа гэж бодов. Хэд хоногийн дараа “Цагаан гавлын түүх” нэртэй нэг удаа үзсэн аймшигийн киноны үйл явдаас сэдэвлэн өөрөө ч аймаар түүх зохион ярив. Мэндээ миний дэргэд суугаад намайг налан суганд минь шигдэх шахан сууж байв. Айсандаа нүдээ аньчихсан байхы нь сарны гэрэлд би тодоос тод харав. Тэгээд Шараагийн хэлсэн зүрх муутай гэсэн үг гэнэт санагдаж, тэгэсхийгээд яриагаа өндөрлөв. Би түүнийг хүргэж өгөхөөр явах замдаа дүүрэн дүгэриг цагаан сарыг хүзүүндээ зүүж явсан дурангаараа харуулав. Тэр:
- Сарны толбо нь ямар тод харагдаж байна аа. Саран дээр юу байдаг бол гэж надаас асуув. Би хариуд нь:
- Чулуу, зөвхөн сансарын тоостой чулуунууд байдаг гэв.
- Ямар чулуу
- Сарны чулуу.
Тэр над руу том харсанаа:
- Чи ер нь их сонин хүүхэд юм аа. Ярьсан бүхэн чинь нэг л сонин, үнэмшмээр ч юм шиг. Чамайг Шараа шүлэг бичдэг гэсэн. Надад нэг шүлэг уншиж өгөөч.
Ямар шүлэг уншихаа би нэг хэсэг бодов. Тэгээд “Чиний цагаахан царай, сарны туяа” гээд түүнд зориулж бичсэн шүлгээ уншив. Их л анхааралтай, бодлогошрон сонсож дуусаад: - Сайхан шүлэг байна гэснээ гараа өгч “За баяртай, манай гадаа ирчихэж гэв. Үнэхээр тэдний гадаа хэдийн ирсэн байлаа. Гараас нь татаж өөр рүүгээ ойртуулаад:
- Мэндээ энэ шүлгийг би чамд зориулж бичсэн юм. Би чамайг анх хараад… гээд гүнзгий амьсгаа авахад минь чухам юугаар ч зүйрлэшгүй энхрийхэн үнэр, зөөлөн дулаан хайр зүрхэнд мэдрэгдэв. Уруул дээр нь зөөлхөн үнстэл:
- Больё оо, чи бид хоёрыг хараад байна гэв.
- Хэн?…
- Сар…
- Ямар сар,
- Тэнгэрийн,
Ингэж хэлчихээд тэр нэг эргээд л гэртээ гүйгээд орчихов. Хэсэгхэн хугацаанд болж өнгөрсөн тэр сайхан агшинг алдчихгүй гэсэн мэт би ганцаар зогслоо. Тэгээд дүгэрэглэн мэлмэрэх саранд тэсэлгүй уур хүрлээ. Доошоо тонгойгоод гартаа тааралдсан чулууг авч уурандаа багтаж ядан сар руу шидлээ. Чи надад, чи надад гай боллоо. Юундаа мэлтийгээд байгаа юм. Чамд сайхан байна уу? гээд л гартаа таааралдсан чулуу бүхнийг түүн рүү нүүлгэв. Гэнэт толгой дүүрээд явчихлаа. Зулай нь дээр нэг хүнд юм дараад орхих шиг болов.
Маргааш өглөө нь толгой өвдсөөр сэрэв. Урьд шөнийн явдлыг бодохоор толгой улам ч өвдөх юм. Удалгүй зуслан буулаа. Би Мэндээтэй уулзах гэж хэд хэдэн удаа зориглосон боловч чадсангүй. Нэг л өглөө тэднийх ачаалаад тэвштэй том тэрэг бетонн гүүр хотолзуулан явж одов. Намар нь Шараа бид хоёр уулзаад би түүнээс:
- Чи Мэндээгийн хотын хаягийг мэдэх үү? гэхэд, Шараа:
- Мэдэхгүй, ааваас асуухаас зовоод байна гэж билээ. Харин тэр хоёр бүтэн жилийн турш үерхсэн гэдгийг би хожим олж мэдсэн юмсан.
Анхандаа үе үе би түүнийг зүрх эмтрэм ихээр санадаг байлаа. Тэр болгонд толгой минь учиргүй янгинан өвдөнө. Гэвч аажимдаа бага багаар мартагдаж, толгой өвдөх ч гайгүй болов. Түүнээс хойш арваад жил өнгөрчээ.

Тархины минь рентген зургийг гэрэлд ойртуулж харснаа эмч залуу:
- Ямар сонин юм яах аргагүй нэг юм байна даа гэв.
- Юу, гэсэнд:
- Мэдэхгүй гэснээ мөрөө хавчив.
Харин надад арван долоон насны минь хайр, зуны тэр нэгэн шөнийн явдал санагдав.Толгой учиргүй ихээр дүүрэн, ар дагзаар хатган өвдөв. Тэгээд нэг их удалгүй толгойноосоо өнөөх “юм” -аа авахуулав. Эмч залуу шилэнд хийсэн жижигхэн хар зүйлийг мөн л гэрэлд ойртуулж харснаа:

- Сонин юм даа, яах аргагүй л чулуу байна даа. Гэхдээ лав манай дэлхийн чулуу биш гэв.
- Тэгээд хаанахых байх уу? гэхэд
- Сарны чулуу гэлээ.
Сар над руу хариу чулуу шиджээ. Харин маргаашнаас нь эмчийн дурсгал болгож хадгалуулсан өнөөх чулууг хараад юу ч санаагүй юм даг. Би бүгдийг мартсаан…

No comments:

Post a Comment