2010-06-28

Залуу Нас - Жинхэнэ Гоёл /таалагдаад орууллаа/


Залуу байх үед ХҮНИЙ АМЬДРАЛ ХАРВАСАН СУМ ШИГ ӨНГӨРДӨГ гэсэн мөрүүдийг хаа нэгтэйгээс уншихдаа юун ч сүртэй зүйрлэл вэ? 60 магадгүй 70 жил гэдэг их хугацаа шүү дээ гэж бодогдож асан. Багагүй цаг хугацааны дараа эргэж харахдаа "Би юу хийж амжив аа? юу хийж чадах байж вэ?" гэж бодогдох.


Нэрт нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ "Хүн хорьтойдоо дэлхийг өөрчлөх хүсэлтэй байдаг бол гучтайдаа үгүйдээ л улс орноо, дөчтэйдээ ядаж гэр орноо, тавьтайдаа ердөө л өөрийгөө өөрчилчих юмсан гэж хүсдэг. Гэхдээ нэг нь ч бүтдэггүй" гэсэн ишлэл авсан байсан.


ЦАГ ХУГАЦАА гэдэг яг л голын урсгал шиг бүхнийг хаман одно. Тэр урсгал дунд л хүн өөрийн үнэ цэнэ, зорилго бас хүсэл тэмүүллээ бий болгож амжих учиртай байх. Хүний амьдралын цаг хугацааны хамгийн сайхан үе нь залуу нас. Залуу нас хүн бүрийн харааг булааж бахдалыг төрүүлнэ. Намайг балчир жаахан үедээ хүссэн гоё хувцасаа дэлгүүрээс авахуулж чадаагүйнхээ төлөө хорсон уйлж суухад, хөгшин аав минь "ЗАЛУУ НАС ГЭДЭГ ЧИНЬ ӨӨРӨӨ ГОЁЛ, та нар уранхай муу хувцас өмссөн ч гоё харагдана, харин өтөлж хөгширсөн хойноо хичнээн гоё хувцас өмссөн ч гоё харагдаж чаддаггүй юм" гэж зэмлэж хэлсэн нь өнөө ч санаанаас гардаггүй юм.

Одоо ч гэсэн эрдэм ухаантай, авьяас чадвартай, ажилч хөдөлмөрч залуусыг харах бүрд тэдэнд баярлаж, бахдан талархаж, тэднийг дэмжин урамшуулах хүсэл хүн бүрд л төрдөг. Тийм ээ! ЗАЛУУ НАС - ЖИНХЭНЭ ГОЁЛ. Гэхдээ энэ бүхэн мөнх биш бөгөөд үүлэн чөлөөний нар шиг л өнгөрнө. Амьдрал болон цаг хугацааны урсгал бүхнийг элээдэг.


ЗАЛУУ НАС, ОМГОЛОН БАС БИЕЭ ТООСОН
Залуу насандаа хүн бүр өөрийгөө бүх зүйлийг мэддэг чаддаг мэтээр төсөөлж омгорхдог. Тэд бусдын сургааль үгсийг төвөгшөөн сонсож, алив зүйлд хайхрамжгүй хандах нь элбэг.
...Залуу хос хуримаа хийж байж гэнэ. Хуримын зочид залуу хосод бэлэг гардуулж ерөөлийн үгс хэлнэ. Бүх зочид ёс юм шиг л "Aз жаргалтай сайхан амьдраарай. өнөр өтгөн сайхан айл болоорой" гэхчилэн ерөөнө. Нилээд сүүл рүү хөдөөний бололтой нэгэн өвгөн бэлгээ өгөөд үнсэхдээ "Миний хоёр хүү хааяа бие биедээ бууж өгч байгаарай" гэж хэлэхэд, аз жаргалдаа умбасан залуу хосууд хөгжилтэйгээр инээлдээд өнгөрч. Олон жилийн хойно энэ л үг үнэхээр хэрэг болсон гэдэг.
Амьдралын алдаа онооны дэнсэн дээр үглэж дуулах эцэг эхийн үгсээс төвөгшөөж, "ээж гэж эргүү юм, аав гэж тэнэг юм" гэсэн үгс хааяадаа сонсдоно. Ямар суут ухаантан, аугаа сурган хүмүүжүүлэгчид биш, амсаж өнгөрүүлсэн, үзэж харсан мэдэрсэн өөрийн ухаанаа үр хүүхэддээ илэрхийлж байгаа хэрэг. Өөрийнхөө төлөө бус үр хүүхдийнхээ төлөө үглэж яншиж асан "эргүү ,тэнэг"-үүдээ байхгүй болсон хойно нь үнэ цэнийг мэдэрнэ. Өөрсдөө үр хүүхэдтэй болж, тэднийгээ төрүүлж өсгөн хооллож хувцаслан, хүмүүжүүлэх гэж хичээхдээ л "Хөөрхий дөө муу аав ээж минь биднийг хүн болгох гэж яаж шаналж зүдэрч байж вэ?" хэмээн харамсана.
Хэн нэгэнтэй маргалдаж мэтгэлцэхдээ хүртэл өөрийгөө л өмөөрч, бусдыг буруутгана. Болох болохгүйг эвээр биш хүчээр нударгаар шийдэх гэж зүтгэх залуу нас омголон зөрүүд бас тэнэг.


ЗАЛУУ НАС - ГОО САЙХАН
Залуу насандаа хүн бүр л царайлаг, гоолиг сайхан харагддаг. Энэ л үедээ тэд хайрлаж дурлаж, бусдын атаархлыг төрүүлж, наргиж цэнгэж, амьдралын бал бурмыг амталдаг. Хайранд согтсон уруулын үнсэлт, дарсанд мансуурсан зүрхний агсам үгс, хөнгөн хөгжмийн аянд гоо сайхнаа гайхуулах хөдөлгөөн бүхнийг залуу насны билэг тэмдэг шигээр төсөөлнө. Тэд залуу насаа мөнхийн юм шиг энэ бүхэн хэзээ ч дуусахгүй юм шиг л зугаа цэнгэлд умбана. Энэ л хэмжээ хязгааргүй зугаа цэнгэлийн гайгаар зарим залуус бүх амьдралтайгаа хамтад нь ууна. Залуу царайлаг сайхан зарим бүсгүйчүүд үүрд ийм л байх юм шиг санаж өөрийгөө үнэ хүргэн худалдаж, үс гэзэг нь цайгаад ирэхийн цагт үзэж харах хүнгүй болох нь ч бас бий.
Залуу нас гоо-сайхнаа өнө мөнхийн юм шиг санаж өөрийгөө хуурах аваас амьдралын амт шимт нь бал бурам бус гашуун чинжүү болон хувирдаг. Залуу нас гоо сайхан мөнхийн биш гэдгийг та нарын төлөө үглэж учирлаад байгаа аав ээж, ах эгч чинь биеэрээ нотолж байгаа юм. Тэд ч бас залуу ахуйдаа та нараас илүү нь үгүй гэхэд дутуугүй сайхан, царайлаг бас цог золбоотой явсан хүмүүс. Тиймд ч тэдний чамд хандан сануулж учирлах үг бүхэн нь амьдралын ухаан бас туршлага нь юм шүү дээ. ЗАЛУУ НАС ГОО САЙХАН МӨНХИЙН БИШ ЭЭ.


ХҮН ДОТРООСОО ГЭРЭЛТДЭГ
Мэдээж хүн бүр сайхан амьдарч бусдад хүндлэгдэж явахыг хүсдэг. Харин үүний төлөө багагүй тэвчээр гаргаж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог.
Үе тэнгийн олон нөхөд чинь баардаж дискодож, наргиж цэнгэж байхад, хэсэг боловч үүнээс татгалзаж, сурч мэдэхийн төлөө цаг заваа зарцуулж, тэвчээр гарган өөрийгөө албадан хөдөлмөрлөснийхөө төлөө та хожим хэзээ ч харамсахгүй. Сайхан ирээдүйнхээ төлөө өөрийнхөө өмнө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, уйгагүй хөдөлмөрлөх нь танд их эерэг сайн олон зүйлийг авч ирдэг. Хааяа наргиж хөгжилдөж бололгүй л яахав. Гэхдээ хэмжээ хязгаартай. Цаг хугацаа гэдэг хэнд захирагдахгүй, хэнийг ч хүлээдэггүй гэдгийг л бүү март.
Залуу насанд хүний гадаад төрх төдийгүй оюун санаа бие бялдар нь ч адил гоо сайхнаараа байдаг болохоор үүнийгээ хөгжүүлэхийн тулд зориулж байгаа таны хөдөлмөр хэзээ ч талаар өнгөрөхгүй.
Хүн их уншиж судалж бас ухаарч байна гэдэг өөрийгөө "цэнэглэж" байгаа хэрэг. Энэ л насанд таны өөртөө олж авсан цэнэг хэзээ ч барагддаггүйгээр барахгүй түүнийг хэн ч хулгайлж бас шатааж чаддаггүй юм . Тэгэхээр энэ нь таны баялаг төдийгүй энэ цэнэг таныг дотроос тань гэрэлтүүлж байдаг юм даа.
Танихгүй хэн нэгэнтэй ярилцаж суухад, ярианаасаа тэр хүн гэрэлтэж эсвэл унтарч байдгийг та анзаарсан уу? Нэгэн сайхан хүнтэй танилцаад ярилцаж суухад цаад хүний тэнэг яриа нь тэр хүний талаар төрсөн сайхан сэтгэгдлийг аажим аажмаар бүдэгрүүлж, яваандаа ямар ч сонирхолгүй болдог тохиолдол байдаг.
Залуу насандаа их уншиж, судалж, ухаарч, мэдэрч сурвал үүнийхээ ачаар байнга гэрэлтэж, бусдын бахархал талархлыг хүлээн хүндлэгдэж явах болно. Их мэдлэг туршлага, өөдрөг өөртөө итгэлтэй байдлаа даруу төлөв, бусдыг хүндэлж чаддаг чанараар сэлбэвэл та олон сайн найз нөхөдтэй бас амьдрал тань үргэлж сонирхолтой байх болно. Үүний хэрээр Амьдрал тань утга учиртай, гэрэл гэгээтэй байх боломж бүрдэнэ.


ХАРАМСАЛ
Бидний үейинхэн хааяа уулзаж ярилцаж суухад "Залуу насандаа би мөн тэнэг байжээ. Тэр үед жаахан ухаантай байж чадсан бол өдийд миний амьдрал шал өөр байж болох байсан" гэж ярихыг олонтаа сонсоно. Эргүүлж болдоггүй цаг хугацааны тохуурхал энэ. Хүн болгон л ингэж боддог. 'Тэр үед би үүнийг олж харсан бол, би үүнийг ухаарсан бол, үүнийг ойлгож чадсан бол, хэрэв би жаахан тэвчиж чадсан бол" гэхчилэн олон олон харамсал хүмүүсийн сэтгэлийг хөнддөг. Тиймдээ ч тэд үр хүүхэддээ, дүүдээ, ач зээдээ тэсэлгүй үглэж ундууцлыг нь төрүүлдэг. Энэ бол дарамт биш. Тэдний сэтгэл зүрхний харамслаас үүдэлтэй сэрэмжлүүлэг. Залуус та нар үүнийг төвөгшөөх бус сэтгэл зүрхэндээ сонсож мэдрэхийг хичээдэг бол бас ойлгохыг хичээдэг бол амьдралд хожим арай л бага алдаж бага харамсахсан даа.
Оросын нэрт зохиолч Н.Островскийн "ХҮНД ХАМГИЙН ЭРХЭМ ЗҮЙЛ АМЬДРАЛ. Тэрээр ганцхан удаа олдох бөгөөд түүнийгээ үр ашиггүй өнгөрүүлсний төлөө хожим харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй" гэсэн энэ үгэнд би дуртай. Хожим харамсахгүй амьдрахын тулд өнөөдөр их тэвчиж их уншиж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болж байна даа залуус минь.


СОНГОЛТ
Залуу насны гоо-үзэсгэлэн, авьяас билэг, хүч чадал бүхэн тэнгэрийн хишиг. Энэ бүхэн жаргаж байгаа нар шиг, цахилж яваа гөрөөс шиг, нумнаас тавьсан сум мэт нэг л мэдэхэд өнгөрнө. Дэлбээлж байгаа цэцэг шиг мандаж байгаа нар шиг, Тэнгэрт татсан солонго шиг үлгэрийн мэт энэ сайхан насандаа өөрийгөө нээж, өөрийн үнэ цэнээ бий болгож ав. Үүний төлөө маргаашийн сайхан амьдралынхаа төлөө, олон зүйлээс татгалзаж гагцхүү өөрийнхөө төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлө.
Энэ л зүтгэл хөдөлмөрийн ачаар бий болгосон таны үнэ цэнэ баялаг тань таны энэ насны сайхан амьдралд хүрэлцэхээр барахгүй үр хүүхдэд тань өвлөгдөн үлдэх
болно. Энэ цаг дор бүхнийг огоорон зөвхөн зугаа цэнгэлийг эрхэм болговоос үлдэх амьдрал тань үнэ цэнэгүй дутуу гуцуу байх болно. Амьдралын гашуун үнэн энэ.

ЭНЭ ЗАЛУУ ТАНЫ СОНГОЛТ
Амьдрал тань үргэлж өөдрөг байж, та үргэлж дотроосоо гэрэлтэж байг.

No comments:

Post a Comment