2010-05-20
Би дөрвөн улирал шиг бүсгүй /Зохиогчийг нь мэдэхгүй /
Салах төдий хоромхон агшинд хайрыгаа санаж
Саваагүй охидын шохоорхсон харцтай байлдаж
Зөрөн өнгөрөх бүсгүй бүрээс хайртыгаа харамлаж
Зүрх сэтгэлээ зовоож баахан гиюүрдэг би хайртай хартай бүсгүй
Зөвхөн чамд хайртайгаа нотлох гэж
Эргэх дөрвөн улирлыг ч өөрчилж чаддаг
Би дөрвөн улирал шиг бүсгүй
Би дөрвөн улирлын эзэн бүсгүй
Элчилгүй төөнөх халуун зунаар
Хаврын шуурга шиг аашилж хамаг новшоо чирээд
Хаалгаа үүдээ хага шидээд
Хаашаа ч хамаагүй гүйчихдэг би хавар шиг бүсгүй
Тэсгим жавар хаалга нэвт үлээж
Тансаг хөнжилд жавар хургах агшинд
Хөлдүү жаврыг хөнжлөөсөө хөөж
Хайрыгаа халуун илчинд умбуулдаг би зун шиг бүсгүй
Айраг найр хэсээд хөлчүүрхсэн намар
Айлын бүсгүй нөхөрт минь хөөрхөн харагдах вий гэхээс эмээж
Намрын дунд сарын шинийн 17 болгонд би хуримаа хийх гэж буй бүсгүй шиг
Наалинхай уян байж чаддаг би намар шиг бүсгүй
Хайрт минь намайг халамжаар дутааж
Хайрын үгээ ховорхон хэлбэл
Халуун ялдам зангаа үлдэн хөөж яг л
Идэр есийн хүйтэн тачигнах адил
Ихэмсэг бардам мөсөн хатагтай шиг болдог би өвөл шиг бүсгүй
Ээлжлэн улирах дөрвөн улирлыг өөртөө шингээсэн
Эгэл даруухан жирийн бүсгүй би
Хавар шиг, зун шиг, намар шиг, өвөл шиг
Хэзээ ямар улирал миний сэтгэлд ноёлохыг
Хэн бугай нь ч хэлж мэдэх аргагүй
Би дөрвөн улирал шиг бүсгүй
Би дөрвөн улирлын эзэн бүсгүй
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment