Бүсгүй гоо
сайхны дэлгүүрийн үүдний толинд өөрийгөө зэрвэс хараад миний энэ уруул
дээрх том хар мэнгэ намайг даанч гутаах юм даа? Энэ мэнгийг авахуулж
нэг санаа амрахсан гэж боджээ.
Энэ бүсгүйг хүний хорвоод төрсөн тэр
нэг өдөр эмээ нь нутгийн
номтой лам дээр очиж заяа төөргийг нь үзүүлжээ. Охины төрсөн өдрийн төөрөг нь
хэмжээлшгүй их буянтай, хаан язгууртны тогоо барих хувьтай, арвин буян
нь насан багад бус насан залууд ирэх учиртай хэмээн айлджээ. Учиргүй
баярласан эмээ нь дэгдэх нь холгүй явсаар гэртээ ирүүтээ сонин болгож
мэргэн ламын үгийг учирлан хэлсэн боловч шашингүйн үзэлд бүрэн автсан аав ээж нь ер тоож үзсэнгүй.
Тэр өдрөөс хойш эмээ нь аврал буяныг
нь үзэх юм шиг ганц зээ охиноо гараасаа салгалгүй өсгөжээ. Иш, миний
муу бор охин царай муутай юм шүү дээ? Том болоод засрахгүй бол хаан
язгууртан яаж тоох вэ дээ? Дээд хүрээний тэр ламыг ч хүмүүс дэгс
хэлдэггүй гэдэгсэн дээ? хэмээн үе үе охиныхоо ирээдүйд зовнин элдвийг
боддог байжээ.
Эмээгээ бурхан болсны дараа охин ээж
аав дээрээ ирж амьдарчээ, Нас барахынхаа өмнөхөн хөгшин эх нь охиныхоо
ирээдүйн хувь тавилангийн тухай, залуу насанд нь ирэх их амны хишиг,
буян заяаны тухай бүгдийг ярьжээ. Сүсэг бишрэл ихтэй эмээгийн дэргэд
өссөн охин тэр бүхэнд нь итгээд хэдийгээр нэг эцэг эхийн боловч өөрөөс
нь хөндий болсон нас бие тэрсхэн гурван эрэгтэй дүүгийнхээ элдвээр
аашлахыг тоодоггүй байлаа.
Хэн ч түүнийг сургуулийн царайлаг
хөөрхөн охидын тоонд оруулдаггүй байв. Харин ч “Мэнгэт хар” зэргзэр
хочлон шоолох нь их. Даруухан бор царайтай, намхан хамартай, нимгэн
уруултай, уруул дээрээ учиргүй том хар мэнгэтэй, сурлагаар ч сайнгүй
түүнтэй хэн ч үерхсэнгүй. Ахлах ангид байхдаа хамт хөтлөлцөн яваа охид
хөвгүүдийг хараад сэмхэн дотроо атаархдаг. Хааяахан царай зүс муутайдаа
өөртөө гомдон орондоо уйлах боловч эмээгийнх нь хэлсэн сайхан үгс
сэтгэлийг нь тайтгаруулах бөлгөө.
Дунд сургуулиа төгсөөд их сургуулийн
нягтлан бодогчийн ангид аавынхаа танилаар хөөцөлдүүлэн байж оржээ.
Оюутан байхдаа мөн л хэнтэй ч үерхсэнгүй. Сайн нягтлан хаана ч хоолтой
гэж ээж аав нь олонтоо зөвлөсөн тул одон оронч болох багын мөрөөдлөө
орхижээ. Үнэхээр сургууль төгсөөд ажил мундсангүй. Мөнгө ч чамгүй олж
өөрийнхөө царай зүсийг их тордох болжээ. Гэтэл уруул дээрх
том хар мэнгэнээс нь сүүлийн үед үс ургах болсон нь түүний уурыг бүр ч
ихээр хүргэжээ.
Дэлгүүрээс гараад шууд эмнэлэг
зүглэлээ. Гоо сайхны мэс засал хийлгэх хүсэлтэй байгаагаа нүдэнд
дулаахан залуухан эмчид их л ичингүйрэн байж хэлжээ. Залуу эмч
инээмсэглэснээ төлбөрөө төлчихвөл маргааш ч хийхэд бэлэн гэв.
Хадгаламжинд байсан хэдэн төгрөгөө аваад эмнэлгийн дансанд
шилжүүлчихэв. Саяхан танилцсан циркийн жүжигчин залуудаа ч хэлсэнгүй.
Тэр залуу, бүсгүйн анхны хайр бөгөөд хааяа нэг ажил руу нь утасдаж шөнө
болохоор болзож хамаг мөнгөөр нь бааранд найрлачхаад хэд хоног сураг
алдардаг нэгэн.
Гэвч түүний эмэгтэй хүнийх гэмээр
шингэн цагаан царай, давхраатай том хар нүдийг нь харахгүй байж
чадахааргүй болтлоо дурлажээ. Дээрээс нь байнга очиж ажил төрөл,
амьдралынхаа бүтэмжийг асуудаг зурхайч лам нь яах аргагүй заяаны чинь
хань юм аа гэж хэлснээс хойш сэтгэлийнх нь уяа бүр алдарчээ. Түүндээ
таалагдахын тулд ямар ч үнээр хамаагүй гоо үзэсгэлэнтэй болохоор зориг
шулуудав. Энэ том хар мэнгэнээс салсан өдөр миний амьдралын хамгийн аз
жаргалтай өдөр байх болно хэмээн мэс засал хийлгэх өдрийн өглөө боджээ.
Өндөр шулуухан хамартай, шингэн
цагаан царайтай, давхраатай том алаг нүдтэй, өтгөн урт сормуустай,
төмбөгөр хөөрхөн уруултай түүнийг хэн ч харсан дуу алдахаар сайхан
болжээ. Уруул дээрх том хар мэнгэнээс нь сорви ч үлдсэнгүй. Бие
галбираа засуулж, нүдэндээ өнгөт линз хийж том зузаан шилнээс салав.
Шинэ жилээр аав ээж нь гайхан сайхан хөөрхөн болсныг нь магтаад мэс
засал хийлгэсэн мөнгөний дүнг сонсоод толгой сэгсрэв. Циркчин залуу
сард нэг удаа утастдаг байснаа долоо хоногт хоёр удаа утасдах болж бүр
өөрийнхөө мөнгөөр гурван ч удаа үдийн хоол идүүлжээ. Бүсгүй өөртөө
сэтгэл хангалуун байлаа. Эмээгийнх нь хэлсэн буян хишигтэй залуу нас
одоо ирлээ хэмээн бодох болжээ.
Хувь тавилангийн тэнгэр буян хишгийн хүрд эргүүлж суугаад өглөгийн элчийг дуудууллаа.
- Элч минь өнөөдөр нэг бүсгүй 26 нас хүрч байна. Оноосон хувь тавилан ёсоор түүнд өнөөдөр буян хишгийг нь өгөх ёстой. Сайн ханьтай нь чи учруулаад амьдралынх нь зам мөрийг засчихаад хүрээд ир. Тэгээд аяндаа бүх юм бидний зохицуулснаар болох болно. Тэр бүсгүйг таних тэмдэг уруул дээрх том хар мэнгэ, мөн их нигүүлсэнгүй харцтай жижигхэн бор нүд, өөр чинь юу билээ. Аан, тийм уруул дээрх мэнгэн дээр нь үс ургасан байх ёстой.
Өглөгийн элч зорьсон газартаа нүд
ирмэх зуур иржээ. Гэтэл онцгой тэмдэг бүхий бүсгүй байдаггүй. Бишгүй
хайсан боловч олдсонгүй. Уг нь залуучуудын хөдөлгөөн үүссэний ойн хурал
дээр тэр хоёрыг зэрэгцүүлж суулгаад ойртон танилцуулахаар хувь
тавиланг зохицуулжээ. Арга барагдсан өглөгийн элч, хувь тавилангийн
тэнгэрийн их хилэгнэлээс айж, нүдэнд дулаахан нэг бүсгүй сонголоо.
Тэгэхээс өөр арга байсангүй. Учир нь энэ улсын ирээдүйн ерөнхийлөгч
заяаны ханьтайгаа учрахад хэдхэн мөч дутуу байлаа.
Харин энэ үед гоо үзэсгэлэнтэй болсон
бүсгүй циркчин залуутайгаа хурал болж буй ордны хажуугаар сугадалцан
өнгөрчээ. Бүсгүйн мэнгэ байсан газар чимчигнэх шиг болов. Арай өнөө
гайтай хар мэнгэ дахиад ургачихгүй байгаа гэж бүсгүй дотроо айсхийн
бодсоор өнгөрөв.
Бүх юм ингээд төгсөв. Зүс сайхан
болсон ч бүсгүйд эмээгийнх нь хэлсэн хувь тавилан нь ирсэнгүй. Нэг муу
худалч зурхайч хөгшин ээжийг минь хуураа байлгүй гэж боджээ. Буян хишиг
нь ч ундарсангүй. Циркчин залуутайгаа гэрлэсэн боловч удалгүй салжээ.
Өөрөөсөө олон эгч баян авгайтай нөхцөөд нөхөр нь алга болов.
Үеийнхээ бүсгүйчүүлээс дэндүү эрт
өтөллөө. Байн байн нүүр нь загатнах болж, арьсных нь өнгө нь үхээд, үе
мөчөөр нь тэсэхийн аргагүй хатгуулах болжээ. Ямар их үнээр гоо сайхан
болсноо тэр ойлгосонгүй. Өнөөх зохиол “Юм бүхэнд үнэ цэнэ буй. Хүн
бүхэнд хувь тавилан буй” гэж төгсдөг билээ.
No comments:
Post a Comment