Жаргах нарны хурц улаан туяа хараа үл гүйцэх хязгааргүй их далайн гүн хөх усанд тусаад хорвоо дэлхийг сайнтай муутай нь, баянтай хоосонтой нь хэнийг ч үл ялган гийгүүлдэг илч гэрлээ түгээсээр улбар судал татуулан долгилно.
Далайтай хиллэдэг хотын баруун эрэг дээр нар жаргаж далайн усны хөвөөнөө далд орохыг харах гэсэн хүмүүс оройдоо энд ирцгээдэг. Усны мандал дээр том дугуй улаан наран гэрэлт хүрээ татуулан түр тогтосноо зугуухан доошлон шингэхдээ зул бөхөхийн өмнө зуурхан бадамладгийн адил тун тодоор туяарна.
Би завтай үедээ Оошин бийч дээр ирэх дуртай. Тэнд байнга олон хүнтэй, ганцаараа хэд хэдээрээ, гэр бүлээрээ хүүхэд нохойтойгоо ирцгээж далайн хөвөөний элсэн дээр эсвэл модон сандал сууцгаан нар жаргахыг харан цэвэр цэнгэг агаарт салхилцгаана. Хавар болж өдөр уртсаад нар жаргаснаас хойш ч гэгээтэй, байнга далайн дээгүүр хөшиглөж байдаг манан алга байх нь дулаарсны шинж биз ээ.
Нэг орой ирээд эргийн дагуух түшлэгтэй модон сандал дээр суун элдвийг эрэгцүүлж суутал энд сууя гэх хүүхдийн шингэн дуу бодлыг маань сарниулж орхив. Дөрөв тавтай болов уу гэмээр жижигхэн шар хүү аажуухан алхах ааваасаа түрүүлэн гүйж ирээд сандал дээр шаламгай нь аргагүй авиран миний хажууханд суунгаа наран сөрөг нүдээ онийлгон байж над руу хараад бишүүрхүү инээмсэглэлээ.
Буржгар шаргал сэвлэг нь хөлсөндөө норж духанд нь наалдаад жаахан шонтгор хамар нь наранд гялалзан элс шороонд халтартсан бяцхан гартаа хэдэн ширхэг зоосон загас (sand dollar fish) атгажээ. Усны давалгаанд шидэгдээд насны тоогоо дуусгачихсан желлифишний нэг төрөл болох энэ дугуй хавтгай илтэс шиг юм эргийн элсэн дээгүүр хэвтэж байдаг юм.
Салхи багатай, нарлаг дулаахан өдөр атал зузаан хүрэм, ноосон цамц өмсжээ. Гараараа саравчлан далайн зүг юуг ч юм шимтэн харж байсан аав нь дөхөж ирээд сандлын нөгөө өнцөгт суухдаа хүүдээ хөлөг онгоц гэж хэлээд хуруугаар заан харуулахыг хичээсэн ч хүү олж харсангүй. Би ч бас хүүг дуурайн далайн эцэс төгсгөлгүй ус руу ширтэн байж давалгааны аясаар нэг ил гарч нэг далд орох өчүүхэн хар цэгийг олж харлаа.
Долгиотой цайвардуу өтгөн үс нь мөрөө шүргэн салхинд намирч, бууралтаж яваа юм уу гэлтэй зэгэл сааралдуу битүү хууз сахал нь өвөгжөөр төрх оруулсан тэр хүн над руу инээвхийлэн мэндлэхэд хариу мэнд мэдээд та хөөрхөн хүүтэй юмаа гэхэд тун ч баяртайгаар толгой дохиод хүү рүүгээ харах харцанд нь хайр, өхөөрдөл, бахархал илрэх аж. Энэ хооронд хүү ер зүгээр тогтож суухгүй, яг л өрөмний өт шиг нөхөр юм. Сандал дээрээс бууж сууж, аавынхаа энгэр лүү ассанаа гараас нь чангааж чихэнд нь юм шивэгнэж байснаа хүрмээ тайлж сандал дээр хаяад холгүйхэн байх элсэн овоо руу гүйж одов.
Тэнд хүүхдүүд тоглох дуртай, гутлаа тайлж хөл нүцгэлээд тод өнгийн жижигхэн хүрз хувин, малтуур сэлтээр зэвсэглэн далайн уснаас хувингаар зөөн авчирч шавар зууран тун ч идэвхтэйгээр байшин барилга барьж байхыг харсан. Харин одоо тэнд нэг ч хүүхэдгүй, байшин ч алга. Жаал хүү тэнд сууж шороо ухаж байснаа нэг жижигхэн загасны дүрстэй хэв барьсаар ирэв. Гэтэл миний утсанд дуудлага ирж хөгжим дуугарахад хүү инээдтэйгээр гараа саравгануулж бөгсөө хөдөлгөн бүжиглэхийг хараад аав бид хоёр зэрэг инээд алдлаа

Баяртай сайхан амраарай гээд босож бахим чийрэг гараараа хүүгээ тэврээд тал нь хоосорчихсон машины зогсоол руу алхахад жаал хүүгийн жижигхэн шар толгой аавынхаа мөрөн дээгүүр цухуйж бяцхан гараараа над руу даллахад нь би ч хариу даллаж сайн яваарай гээд хашгирлаа. Золгүй тохиолдлоор өнчирч хоцорсон уу эсвэл томчуудын алдааны золиос болсон уу, юутай ч эхийн хайраар дутаж яваа өхөөрдөм жаахан хүүгийн тухай бодол сэтгэлд эргэлдэж, одоо болтол хуримын бөгжөө зүүсээр байгаа аавдаа цорын ганц эрхэмлэх эрдэнэ нь болсон тэр жаал газардахгүй биз ээ гэж өөрийгөө тайтгаруулаад ертөнцийн нэгэн гэрэлт өдрийг дуусгаж буй наран авхайг дэлхийн нөгөө бөөр лүү үдэж оройн сэрүүн салхинд илбүүлсээр гэрэл чийдэн нь бүрэнхийд яралзан харагдах хотын зүг алхав.
Гэртээ ирсэн хойноо ч урт сормуустай том цэнхэр нүдэнд нь инээд гэрэлтсэн тэр хүүгийн тухай бодсоор, хүүдээ баяр баясгалан бэлэглэж чадах аавд нь талархах сэтгэл төрж байлаа.

No comments:
Post a Comment