2011-05-09

Б.Шvvдэрцэцэг - Цахилгаан шатанд

Хаврын найртай сайхан өглөө. Сэтгэл нэг л гэгэлзээд. Таксинаас буугаад ажил руугаа ормооргүй ч юм шиг. Улиг болсон ажлын өрөө рүү биш хаа нэг тийшээ, хөгжүүн, цовоо хүмүүстэй, хөхүүн цэнгээнтэй газарт очмоор
 
Нэг л санаашран дэнсэлсэн хачин ч өглөө байлаа. Навч нахиагаа үгүйлэн гуниглах мэт нүцгэн модны саарал мөчир дээр жиргэх ганц болжморыг харж гадаа хэсэг зогсов. Болжморын хэлийг ойлгодог сон бол… Юун тухай ингэж тасралтгүй жиргэнэ вэ? Үгүй ээ, хэрэв тэр зовлонгоо яриад байвал утгагүй ээ.  Хэлийг нь ойлгодоггүй болоод л хун шувуудын жиргээг сонсох дуртай байдаг юм биш үү? гэсэн бодол орж ирээд сэтгэл гуниглачихав. Энэ өнгөгүй саарал мөчрүүд нэг л өдөр гөлөглөж хурц ногоон нахиа дэлгэрнэ дээ гэсэн бодлоор өөрийгөө тайтгаруулан хэсэг зогслоо.
- Сайн уу? гэх зэргэлдээ өрөөний зүс таньдаг хүний мэндчилгээ намайг сэхээ оруулав. Хаврын нар, сайхан өглөөний тунгалаг агаар, жиргээ хөөрхөн болжмор, нахиа дэлгэрэхээ хүлээн сэртийх саарал мөчир…Энэ бүхнийг орхиод ажил руугаа орох ёстой байлаа.
- Сайн, сайн байна уу? гэж би бувтнаад чулуун шатаар өгсөж хүнд шилэн хаалга татав. Надтай мэндэлсэн хүн түргэн түргэн алхалсаар цахилгаан шат руу орж явна. Би зориуд хөлөө зөөсөөр түүнээс улам хоцорчихлоо. Бүхээг нь хаагдан цахилгаан шат дээшээ цахилан одоход буцаж ирэхийг нь хүлээсэн шинэ хүмүүс цуглаж эхлэв. Би тэдэнтэй нийлэн зогсов. Юу ч бодож амжаагүй зогстол цахилгаан шат хүрээд ирлээ. Шил толь болсон уужим бүхээгт нь тавуулаа орж зогсоход би хаалганы нь хажууд таарчээ. Бүгд л очих давхраа хэлэхэд нь би товчийг нь дарж байлаа. 

Хажууд минь зэрэгцэн зогссон залуу найм гэснийг сонссон мөртөө би андуураад есөн давхрын товчийг дарчихжээ. Тэр “найм” гэсэн товч дарахаар гар сунган тонгойхдоо санаандгүй миний хүзүү рүү халуун амьсгалаараа үлээсэн нь бие жирсхийлгэчихлээ. Нүүр рүү нь зэрвэсхэн харвал зүрх нэг л сонин догдлон цохилоод өөрийн эрхгүй санаа алдав. Хачин бодлогошронгүй харцтай сайхан нүд нь зүрх рүү нэвт ширтэх шиг…Саарал цувтай, өндөр залуу надад дэндүү их таалагдаад явчихав. Нэг үгээр хэлэхэд түүнд би анхны харцаар л дурлачих шиг боллоо. 

Сэтгэл түгшин дээш өлийв. Бид гуравдугаарт давхарт, дөрөвдүгээрт давхарт… явж байгаа нь тоогоор жирэлзэн өнгөрөх аж. Цахилгаан шат хааяа нэг гацдаг даа. Би л лав ганц нэг удаа энэ шатанд гацаж л байсан юм. Өнөөх залуу руу сэм сэмхэн харц шидэнгээ би энэ цахилгаан шат одоохон гацчихаасай гэж хичнээн их хүсэж, бурханд ямар олон залбирч амжив даа. Түүнтэй хамт энэ бүхээгт яваад л яваад л баймаар сэтгэл хоргодно. Гэвч бурхан гэж байдаггүй бололтой. Эсвэл их зөрүүд хөгшин төгцөг биз. 

Тэр залууг найман давхарт буун одоход би харууссан сэтгэлдээ ингэж бодон хоцорлоо.

No comments:

Post a Comment