Уг нь Монголд Их сургуулиа төгсчихөөд бусад залуусын л адил Америкт ч юм уу европт очиж сурах далдын бодолтой, аав нь ч Англид байдаг андтайгаа ярилцаад охиноо тийш нь явуулахаар тохирчихсон байсан юм. Гэтэл өөрөө нялхаараа шахуу байж хvvхэдтэй болж гэрийнхэн нь бөөн сандралд ороход Должин эмээ нь
-“За яадаг юм, эцэггvй хvvхэдтэй болчихсон биш. Та нар өөрсдөө бас л 20 хvрээд шахуу л Хуланг гаргаад надад орхиод хойшоо явцгаасан биз дээ” гэж ач охиноо ёстой л Матросов шиг цээжээрээ хамгаалж билээ. Харин хvvхэдтэй болсноо сонсоод цаглашгvй их баярласан Ананд тvvнийг япон ресторанд урин шарсан хавчаар дайлж - “Одоо хоёулаа тусдаа гаръя. Манай өвөөгийн байр миний нэр дээр хоосон байдаг юм” гэж шалахад нь Хулан
- “Гэрээсээ ийм хурдан явмааргvй байна. Тусдаа гаръя гэвэл надад ч байр бий. Хvvхдээ гарсан хойно болъё” гэж аргалаад өнгөрөөсөн билээ. Шуудхан хэлэхэд тvvнд Анандтай хоёулхнаа байх хvсэл огтхон ч төрөхгvй байсан юм. Гэтэл хvv төрөнгvvт Анандын аав нь ачийгаа гэртээ гаргаж асарна гээд Хуланг бас сандаргасан. Анандад vнэндээ бол ямар ч сэтгэлгvй байж яаж гэрт нь очоод яаж айлд амьдрах юм бэ? гэж дотроо нэлээд тvгшиж байснаа бодоход их инээдтэй. Гэтэл өөр хvний хvvхдийг гаргачихаад төрөхөд байхад нь хожимох гэхэд дэндvv хожимдсон хойно Тvвшин гэнэт Америкаас утасдсан нь, хайртай гэдгээ хэлж чадаагvй явснаа ярьсан нь тvvний зvрх сэтгэлийнх луужинг Анандын зvг эгнэгт эргэх аргагvй болгочихсон билээ. Тэгсэн мөртөө одоо л Анандаас больчихъё гэхээр нэгэнт алсад явчихсан, тэгээд ч тvvнийг хvнтэй суучихсан гэж бодож байгаа Тvвшинд өөрийгөө юу гэж ойлгуулах юм бэ. Хvний хvvхэд гаргачихсан Хуланг тэр хvлээж авах ч юм уу, vгvй ч юм уу. Аав, ээждээ юу гэж ч хэлэх юм бэ? Би Анандад хайргvй юм аа, тэгэхээр одоо тэрэнтэй суухаа болилоо, жинхэнэ хайртай залуу маань Америкт байгаа юм, тэр надад хайртай гэдгийг нь сая л мэдлээ гэх vv? Солиотой юм. Хулангийн хувьд бодоод бодоод ямар ч өөдтэй гарц олж чадалгvй, “галт тэрэг” vнэхээр хөдөлчихсөн байсан болохоор Анандынд ирж суусан. Хоёр талаас эцэг эх нь ярилцаад зун хуримыг нь хийж тусад нь гаргахаар болсон. Гэтэл нөгөө захиа гараад ирдэг. Анандын гомддог нь ч аргагvй. Тэглээ гээд Хулан яах билээ. Хvний гомдсон сэтгэлийн шархыг худал vнэн vгээр хуураад өргөс авчихсан юм шиг эдгээчхэж болохгvйгээс хойш.
Хулан ийнхvv бодолд автан зогссоноо компьютер асаан оюутны илтгэлийн уралдаанд оролцох гэж эхэлсэн юмаа бичихээр шийдлээ. 1991 оны шинэ Yндсэн хуулийг хуучинтай нь харьцуулсан сэдэв сонгоод гарчигнаас хэтэрч чадалгvй орхисон тул тэр илтгэлээ бичсээр нэг л мэдэхэд цаг гаруй толгой өөд таталгvй суучихсан байв..Цаг шөнийн 11 өнгөрчихжээ. Ананд ирэхгvй л байв. Харин Ганхуяг ирээд хоолоо хийчихсэн бололтой гал тогооны өрөөнөөс “Хоолоо идээрэй” гэж хэд дуудаад чимээгvй боллоо. Тvvнд хоол идэх өчvvхэн ч дур байсангvй .Бодвол Цэндээ л очиж хоол хамт идсэн биз.. Хулан ганц аяга хар кофе уугаад хvvгээ хөхvvлчихээд тэврээд хэвтлээ. Хvv нь сэрж гангар гунгар хийнэ. Хvvгийнхээ хvvхэлдэйнх шиг бяцхан яг л эрхийн чинээхэн мантгар гарт нь долоовор хуруугаа бариулахад тас атгачихаад л хэвтээд байх нь дэндvv хөөрхөн. “Миний хvv даанч жаахан байна даа. Хэрэв ярьж чаддаг сан бол хvvтэйгээ сэтгэлээ онгойтол ярилцахгvй юу. Ингэхэд чиний аав чинь одоо хаачдаг байнаа?” хэмээн ярьж хэвтсэнээ Хулан Анандыг хэн нэгнээс харамлах сэтгэл төрөөд байгаагаа мэдэрч их л гайхав. Хардаад байгаа юм уу гэхээр биш. Хайргvй юм чинь юундаа ч хардах билээ. Тэгсэн мөртөө Ананд өдийд хаана хэнтэй юу хийж яваа юм бол гэж өөрийн эрхгvй бодогдох аж. Энэ нь хvн шvvгээндээ хадгалчихаад барагтай бол өмсдөггvй хувцаснуудаа хэн нэгэнд өгчихье гэхээр хармын сэтгэл төрөөд байлгаад л байдагтай төстэй юм уу даа. Гэтэл Ананд тvvний хувьд ердөө л хуучин хувцас юм гэж vv? Гадаа хаалганы хонх жингэнэн хадам эх нь ирэв бололтой. Удалгvй Цэрэнханд шагайн:
-Миний хvv сэрvvн байна уу? Охин минь хоолоо идэхгvй яагаа вэ? Бие нь зvгээр vv? Алив миний хvv эмээдээ ир гэсээр орж ирэв. Цаана нь Ганхуяг зогсоно. Бодвол мань эр Хуланг хоолоо идээгvй энэ тэр гэж эхнэртээ илтгэсэн биз. Хулан хvvгээ тэврэн өндийж:
-Зvгээр ээ. Өдөр юм идчихсэн гээд хvvгээ эмээд нь өгөв.Энэ vеэр аав нь утасдаж
-”С.Нарангэрэл докторын шинэ номыг авчихсан шvv. Илтгэлд чинь хэрэгтэй бол маргааш аваачаад өгье” гээд зээ хvvгийнхээ тухай баахан асуусан нь бvсгvй сэтгэлийг нэлээд сэргээжээ. Аав нь ингээд л дандаа хэрэгтэй vед утасддаг юм шvv. Удалгvй нярай хvv уйлж, Цэндээ
-“Та мээмээ өгөх vv?” гэсээр Очирыг авчрав. Орой болсон хойно кофе ууснаас Хулангийн нойр хvрэхгvй л байлаа.
Хvvгээ унтуулчихаад гэнэт өлсөж буйгаа мэдэж өндөг шарж идэхээр гал тогооны өрөө рvv явж байтал зочны өрөөнд байх утас дуугарчээ. Хадмууд нь утасныхаа салдаг трубкийг унтлагын өрөөндөө аваачихаа мартсан бололтой. Хулан ханын том цагийг харвал шөнийн 00 цаг өнгөрчихжээ. ”Өдийд хэн ярьдаг байнаа? Ананд юм болов уу” гэж хоромхон зуур таамаглаад утас автал
- “Алло, алло? Можно говорить с Цэрэнханд?” гэж нэгэн хvн оросоор бага зэрэг гадаад аялгатай асуух нь тэр. Хулан нэгэнт Анандтай хуримаа хийгээгvй болохоор аав, ээжийг нь хэн гэж дуудахаа мэдэхгvй их л хэцvv байдаг байв. Учиргvй л хvний эцэг, эхийг аав аа, ээж ээ гээд байлтай нь биш дээ. Унтлагын өрөөнийх нь хаалгыг зөөлөн тогшиж
- ”Цэрэнхандтай ярья гэнээ” хэмээн хадмыгаа дуудлаа.
-”Өө, утсаа өрөөндөө оруулахаа мартчихаж. Миний хvv, хэн гэдэг хvн юм бол ?” гэсээр Цэрэнханд утас руу очлоо.
-”Мэдэхгvй ээ, гадаадын хvн л байсан...” гээд Хулан гал тогооны өрөөнд орж хаалгыг нь хаав. Тэр цай ууж, өндөг идэн тэнд хэсэг ганцаар бодлогошрон суугаад босч гэрлийг нь унтраагаад нойрны эм барьсаар өрөө рvvгээ алхтал Цэрэнханд утсаар ярьж байсан газраа ухаангvй хэвтэж байх ажээ. Хулан ч барьж явсан эмээ шидчихээд гvйн очлоо. -Та яав аа? гээд толгойг нь өвөр дээрээ авч, духыг нь дарж vзвэл бvлээхэн, сормуус нь vлмэдэг чичирхийлж байх ажээ.
-Яанаа, ээж ухаан алдчихжээ гэх дуунаар Ганхуяг, Цэндээ хоёр ч гарч ирэв. Цэрэнхандын амьсгаа нь тасалдан, царай нь шохой шиг цав цагаан болжээ. Саяхан л инээмсэглэн утас авч байсан хvн одоо хэдхэн хормын дотор ингээд ухаангvй хэвтэж байна гэдэг Хуланд vнэхээр санаанд багтамгvй байлаа.
-Хандаа хөгшөөн, яачихав аа гэсээр нөхөр нь барьж явсан сонингоороо нэг сэвснээ, сандчин өндөлзөж
-Тvргэн дууддаг юм уу?За байз, цээжийг нь хvйтэн усаар шавшаарай охин минь" гээд утас шvvрэн авч:
-Байна уу? Хотын тvргэн vv? 46 настай эмэгтэй ухаан алдаж уначихаад байна. Гэнэт. За, та нар тvргэлээрэй гэж хашгичин яриад “Эх нь vхэх гэж байхад энэ Ананд гэж нэг юм хаачдаг байнаа” хэмээн vглэв. Хулан:
-Эмч иртэл хөдөлгөөнгvй байлгах нь дээр байх даа гэж өчvvхэн ч сандарсан шинжгvй хачин тайван асуусан нь Ганхуягийн тэр их бачимдлыг овоо намсгаад авав. Хэрэв Хулан бас л сандчаад унасан бол тvvн шиг угийн бухимдуу хvн өөрөө бас ухаан алдаад уначих ч байсан юм бил vv. Гэтэл Цэрэнханд нvдээ арай ядан нээж:
-Миний хvv шvvгээнээс бамбайн ханд аваад ирээч гэж дуулдах төдий шивнээд нvдээ дахин анилаа. Тvрvvнээс хойш тvvнийг яагаад ухаан алдсан юм бол гэж гайхсаар суусан Хулан “Бамбайн ханд гэхээр зvрх нь өвджээ” гэж ойлгоод:
-Цэндээ, миний дvv шvvгээнээс бамбайн ханд гэсэн бичигтэй шил аваад ир гэхэд Ганхуяг ухасхийн гал тогооноос халбага авчраад эхнэрийнхээ vсийг илснээ:
-Бамбайн хандыг юунд уудаг билээ? гэж Хулангаас шивнэн асуув.
-Зvрхэнд уудаг гэж сонссон юм байна. Урьд нь зvрх нь өвддөг байсан юм уу? гэж өөдөөс нь шивнэн асуулаа.
-Би л санахгvй юм. Нэг их өвчин яриад байдаггvй л хvн дээ. Нөгөө тvргэн нь хаачив аа гээд утсаа шvvрэв. Хойноос нь хэд хэд утасдан нэхэл дагал болж байж тvргэний эмч нойрмог нvдтэй эр орж ирлээ. Тэр коридорынхоо хивсэн дээр уначихсан эмэгтэйг гайхан харснаа vзлэгээ эхлэв. Онош тодорхой байсан бололтой. Эмч чагнуураа мултлаад “Зvрхний шигдээс байна. Аль эмнэлэгт хэвтэх юм бэ?” гэлээ. Ганхуяг эхнэрийнхээ нэгэн эмч найзыг утсаар дуудаад, хувийн “Ачлал” эмнэлэгт хэвтvvлэхээр боллоо. Хулан, Цэндээ хоёр гэртээ vлдээд Ананд руу минут тутамд залгаж байсан ч утсаа салгачихсан байв. Тэр мөчид мань эр Золтуяагийн өвөрт vхэр бууны дуунд ч сэрэхээргvй нам унтаж байсныг Хулан мэдсэн бол яах байсныг бvv мэд. Эмнэлгийн дамнуурган дээр нvд нь хагас аниатай ухаангvй шахам байгаа Цэрэнхандыг хоёр хvн аваад гарахад Хулан хvvгээ тэврэн сэтгэл нь шимширсээр vлджээ. Надад анхнаасаа төрсөн охин шигээ хандаад байхад ээж гээд дуудчихгvй яав даа гэж бvсгvй өрөвдөх, харамсах зэрэгцэн бодож байлаа.
Маргааш өглөө нь Анандыг сэрэхэд толгойг нь бахиар хавчих мэт хорлолтой нь аргагvй янгинаж байгааг л мэдэрлээ. Тэр урьд шөнө юу болсныг санах гэж оролдох зуур нvдээ залхуутайяа нээлээ. Огт танихгvй өрөөнд, нэг хvvхэн гарыг нь дэрлэн цээжинд нь наалдчихсан унтаж байх юм.
-За, энэ чинь хэн билээ гэж гайхсаар хvvхнийг ялимгvй тvлхвэл ангийнх нь Золтуяа байлаа. Шал мэдэхгvй хурц vнэртэй духи ханхлуулан vс нь аймаар сэгсийчихсэн энэ хvvхэнтэй унтсандаа гэнэт өөртөө дургvй нь хvрч ухасхийн босоод хувцаслах хооронд нь Золтуяа сэрчихлээ. Хайртыгаа өвөртөө оруулаад авсан хvн юу гэж буцаагаад алдахыг хvсэх билээ. Хайрын зөн совин нь тvнийг сэрээгээ биз. Тэр хоромхон зуур vсээ илээд нvцгэн цээжээ хөнжлөөр халхлан өндийж:
-Өглөөний мэнд гээд хачин ялдам инээмсэглэв. Мишээж байгаа хvvхний өөдөөс хөмсөг зангиддаг эр гэж ховор биз. Ананд өөдөөс нь өөрийн эрхгvй муухан инээвхийлээд:
-За би явахгvй бол болохгvй нь, пока гээд гарч одов. Гадаа хоносон машинаа онгойлгох гэтэл амьсгаадсандаа гар нь чичрээд тvлхvvрээ арай ядан шургуулсандаа өөрөө их л гайхав. Хотын аль гудамжаар яаж явснаа ч анзааралгvй давхисаар хаалган дээрээ ирээд амьсгаагаа дарах зуур “Хуланд юу гэж хэлэх вэ? За, за одоо ч өнгөрсөн” гэж дотроо бодоод хонхоо дарлаа. Гэтэл Хулан биш Цэндээ хаалга тайлжээ.
-Та өчигдөр хаачив аа? Хандаа эгч зvрхний шигдээс болоод эмнэлэгт хэвтсэн. Хулан эгч, Ганхуяг ах хоёр “Ачлал” эмнэлэг дээр байгаа гэхийг нь сонсоод Ананд буцаад л харайв. Өглөө босоод утсаа залгаагvйгээ сая л санав. Машиндаа суугаад утсаа асаавал Хулангийн мессеж байж байлаа.
Хувийн тохилог эмнэлэг бараадаж, найзынхаа гар дээр эмчлvvлснийх Цэрэнханд өглөөний зургаан цаг гэхэд овоо vг ярихтайгаа болжээ. Хажууд нь шөнөжин удган мод шиг торойтол суусан нөхрийнхөө улайсан нvд рvv харан:
-Чи минь харьж хувцсаа солиод цайгаа уу даа. Харин Хуланг над руу ирвэл тахианы шөл явуулчихаарай гэж захив. Хулан ч хэдхэн минутын дараа хоолны халуун сав барьчихсан таксидан ирэв. Цэрэнханд бэрээ хараад баярлан дэрэн дээрээ өндийж: -Миний охин ороод ир гэж сулхан дуугарлаа. Тахианы тунгалаг шөл оочин жаахан тэнхээ орсон Цэрэнханд:
-Хулаан, ээж нь хэд хоног босч чадахгvй нь. Москва руу яаралтай 1500 доллар шилжvvлэх хэрэгтэй байна. Миний данс руу гарын vсэггvйгээр чамайг нэвтрvvлэхгvй. Тэгэхээр миний “Виза” картнаас мөнгө аваад “Money gram”-ээр шилжvvлчих. Би чамд картынхаа нууц дугаарыг өгье. Учрыг нь чамд дараа яринаа гээд ядарсандаа дэрээ налав. Хуланд нэг л нууц хуйвалдаанд оролцох гээд байгаа юм шиг санагдсанаас гадна хvний картаар бэлэн мөнгө авна гэдэгт жаахан эвгvйцэж:
-Юу гэнээ? Та надад картынхаа нууц дугаарыг өгч болж байгаа юм уу? Одоо Ананд хvрээд ирнэ биз. Заавал таны картнаас мөнгө авах хэрэг байгаа юм уу? гэж өвчтэй хvнээс далан долоон юм асуучихсан хойноо амаа барьжээ. Энэ хvн хэзээ ч бодлогогvй юм хийхгvй гэдэг нь ойлгомжтой. Тэр анх уулзсан цагаасаа л Хулангийн хvндлэлийг хvлээх бодсон билээ.
-Зvгээр ээ. Би чамд төрсөн шигээ л итгэдэг. Миний хэлснээр л хий. Энэ мөнгө хvлээж авах газрын хаяг нь. Доор нь тэр дугаарыг биччихсэн байгаа. Миний карт цvнхэнд бий гээд нэг жижигхэн цаас өгчээ. Хулан ийм хачирхалтай гуйлт биелvvлэхээр эмнэлгээс гарч явахдаа өчигдөр шөнө утасдсан гадаад хvн, гэнэтийн зvрхний шигдээс өвчин, Москва руу мөнгө гуйвуулах энэ бvхэн бvгд хоорондоо холбоотой ямар нэгэн нууц байх нь гэдгийг ойлгожээ. Энэ бол vнэхээр Цэрэнхандын залуу насны нууц байлаа. Тэр Москвад оюутан байхдаа Хосе Игнасио гэдэг куба залуутай метроны буудал дээр танилцан vерхсэн юм.
No comments:
Post a Comment