2011-05-08

Ошо - Хайр бол эрх чөлөөний цэцэг

Хайр гэдгийг би гадаад ертөнцөд хамааралтай гэж боддог. Мэдээж таны хэлж байгаа дотоод хайрын тухай ойлгож байна л даа. Гэхдээ түүнийг чинь хэн ч юу ч хүртэж мэдэрч чадахгүй юм бол ямар ч утгагүй биз дээ? Жишээ нь багш та ямар ч шавьгүй болчихвол яах вэ?
Хүн төрөлхтөнд хэрэгцээт хайр буюу нөхцөлгүй өгдөг хайр гэж хоёр зүйлийн хайр байдаг тухай С.S.Louise хэлсэн байдаг. Abraham Maslow ч хайрыг хоёр хувааж авч үздэг. Хэрэгцээт бол хайр хэн нэгэн хүн, бусдад нялзах, бусдаас хамаарах хайр. Энэ бол түүхий хайр. Үнэндээ энэ бол жинхэнэ хайр огт биш. Энэ бол зүгээр л хэрэгцээ шаардлага. Чи бусдыг ашиглаж, бусдыг арга хэрэгсэл болгож байгаа төдий. Чи бусдыг мөлжиж, бусдыг ашиглаж, бусдыг эрхшээнэ. Харин эсрэг талын хүн чинь мөлжүүлж, шулуулж бас эвдэрч гэмтэнэ. Гэхдээ нуулгүй хэлэхэд тэр ч бас яг чамтай адил үйлдэл хийж байгаа. Тэр бас чамайг ашиглаж, эрхшээж, эзлэн түрэмгийлэхийг л үхэн хатан оролдож байгаа. Бусдыг ашиглана гэдэг бол ямар ч хүмүүнлэг, энэрэнгүй үйлдэл биш. Харамсалтай нь энэ гаднаасаа яг хайр шиг харагддаг. Зүйрлэвэл хуурамч мөнгөн дэвсгэрттэй адил юм. Энэ хуурмаг үзэгдэлд одоогийн хүн төрөлхтний 99 хувь нь автаад байгаа нь хамгийн аймшигтай. Энэ бүхний учир нь хүн бүрийн нялх байхдаа олж авсан хайрын тухай анхны мэдлэгтэй нь холбоотой. 

Шинэ хүн төрлөө. Эх хүн үгүйгээр түүний бяцхан амь оршин байх маш хэцүү. Тиймээс түүнд ээж нь хэрэгтэй. Ээж нь түүний амь амьдралын баталгаа учраас л тэр ээжийгээ хайрлаж байдаг. Ээж нь түүний хувьд хоол. Тиймээс түүний хайр хэрэгцээн дээр нь тулгуурладаг. Ирээдүйд тэр хэн нэгэн эмэгтэйг хайрлах болно. Гэхдээ жинхэнэ хайраар биш. Түүнийг хамгаалж, түүний оршин байхад тусалж, түүний хэрэгцээг хангаж чадаж байх тэр эмэгтэй л түүний хувьд хамгийн сайн сонголт байх болно.

Сая сая хүн бүх насаараа энэ нялх үеийнхээ байдлаар амьдралд ханддаг. Тэд хэзээ ч өсч том болдоггүй. Нас нь ахиад, бие нь өтлөөд л байхаас бус оюун санаа нь хэзээ ч өсч хөгждөггүй. Нөгөө л нялх балчир зан, нөгөө л түүхий ногоон хүүхдийн бодлууд. Нялх байхдаа эхийнхээ сүүг хөхөж байсан тэр үетэйгээ адил, тэд үргэлж л хэн нэгнээс хайрыг хүсч, шаардаж байдаг.

Хүний сүнс, оюун ухаан боловсорч гүйцэж эхлэхэд түүний хайр ч гэсэн хэрэгцээ шаардлагаас давж эхэлдэг. Тэр баяр жаргалтай болж эхэлдэг. Тэгээд түүнийгээ хуваалцаж эхэлдэг. Түүний хайр хэдийнэ "нөхцөлгүй хайр" болж эхэлсэн. Дээрх хоёр хайрын цөм нь маш том ялгаатай байгааг харж байна уу? Эхнийх нь яаж илүү их авах вэ гэдэгт чиглэсэн, харин удаах нь яаж илүү ихийг өгөх вэ, хэрхэн ямар ч нөхцөлгүйгээр өгөх вэ гэдэгт чиглэсэн байна. Удаах хайрын төлөв чамайг хөгжиж байгааг, өсөлт хөгжил чамруу дөхөж ирж байгааг харуулах юм. Нас бие гүйцсэн, хөгжингүй хүн л бусдад харамгүй өгч чаддаг. Учир нь зөвхөн түүнд л өгөх хайр байдаг юм. Жинхэнэ хайр хэрэгцээн дээр тулгуурладаггүй юм. Хайр бол харилцаа биш, энэ бол нэг төрлийн төлөв. Тиймээс хэн нэгэн хүн байгаа байхгүйгээс үл хамааран хайр оршин байсаар байна.

Бүх шавь нар минь байхгүй болчихвол намайг ганцаараа яах вэ? гэж чи асуулаа. Намайг яана гэж чи бодоов дээ? Аглаг ойн цоорхойд нэгэн жижигхэн цэцэг цомирлогоо нээжээ, хэн ч түүнийг харахгүй, хэн ч түүнийг бишрэхгүй, хэн ч түүнийг анхилам үнэрийг мэдэрч чадахгүй, хэн ч түүний "Сайхан"-ыг магтаж шуугилдахгүй, хэн ч түүний баяр баясгаланг хуваалцахгүй, хэн ч түүнд ямар нэгэн өөрчлөлт гараад байгаа тухай сонирхохгүй. Ингэлээ гээд тэр цэцэг яах ёстой гэж? Тэр галзуурч амиа хорлох хэрэгтэй юү? Үгүй дээ. Тэр дэлгэрсээр байх болно. Зүгээр л жам ёсоороо цэцэглэсээр байх болно. Хэн нэгэн хүн түүнийг харсан ч хараагүй ч тэр өөрийгөө өөр хэн нэгэн болгож өөрчлөхгүй. Тэр баяр цэнгэл, анхилам үнэрээ салхинд шингээн бурханд, бүх л ертөнцөд илгээсээр байх болно.

Би ганцаараа байхдаа ч чамтай байгаа энэ үеийнхтэйгээ эгээ адил хайранд умбасаар л байх болно. Учир нь чи эсвэл хэн нэг нь миний доторх энэ хайрыг бүтээгээгүй юм. Хэрэв чи энэ хайрыг бүтээсэн бол, чиний үгүйд энэ хайр аяндаа л замхраад сарничихна. Гэвч миний хайр бол нөхцөлгүй өгөх хайр, оршин байх хайр.
 

Гэвч С.S.Louise болон Abraham Maslow нарын хайрын тухай ангилалыг би 100 хувь хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэдний тодорхойлсон эхний хайр бол үнэндээ хайр биш. Тэр бол зүгээр л хэрэгцээ. Хэрэгцээ яаж хайр байж чадна гэж? Хайр бол дэндүү баялаг, бялхам зүйл. Дотор чинь эгээ л олон амь амьдрал оршин буй мэт. Чи түүнийг яах ёстойг, яах гээд байгааг мэдэхгүй тул хуваалцаж эхэлнэ. Сэтгэлд чинь дэндүү олон дуу хөгжим эгшиглээд байвал чи өөрийн эрхгүй амандаа аялаад, дуулаад эхэлнэ. Хэн нэгэн хүн сонсох, эс сонсох нь чухал биш. Хэн ч байхгүй байсан хамаагүй чи дуулмаар байвал дуулж, бүжиглэмээр байвал бүжиглэнэ.

Бусад хүн түүнийг чинь хүртэж болно. Эсвэл хүртэхгүй ч байж болно. Гэвч аль аль нь чамд нөлөөлөхгүй. Учир нь тэр аялгуу дуунууд чиний дотоодоос булаг шиг ундран гарч байгаа юм. Булаг шанд, гол мөрөн хэн нэгний төлөө ундарч, хэн нэгний төлөө урсдаггүй. Хэнээс ч хамааралгүй тэд өөр өөрийн чигээрээ урссаар байдаг. Хэрэв гол мөрөн чиний төлөө урсч байна гэж бодож байгаа бол том эндүүрэл болно. Тэр хэн нэгний ангаж хатсан тариан талбайн төлөө урсдаггүй. Гагцхүү урсгал дундаас нь чи хувингаараа хутган авч, тариан талбайгаа услах учиртай. Чиний хэрэгцээг хангах нь түүний хувьд хоёрдахь, дайвар үүрэг юм. Сүнсний багш яг гол мөрөнтэй адил. Тэр урсч л байдаг. Шавь нар түүний урсгалд нэгдэж бас түүний оршихуйгаас хүртэж болно. Гэхдээ түүнийг гол гэдгийг санах хэрэгтэй. Тэр зөвхөн чиний төлөө урсаж байгаа биш. Тэр бол зүгээр л урсгал. Санаж яв. Төлөвшсөн, боловсронгуй хайр гэдэг бол итгэж болох жинхэнэ хайр.

Чи бусдад нялзаад, бусдад найдаад, бусдаас шаардаад эхэлбэл зовлонд нэрвэгдэнэ. Чи маш их шаналах болно. Хэн нэгнээс хараат байна гэдэг бол боолчлогдож байгаагийн нэр. Ийм байдал эрх чөлөөг боомилдог. Хараат байдалд байгаа цагт хайрын цэцэгс дэлгэрч чадахгүй. Учир нь хайр бол эрх чөлөөний цэцэг. Түүнд орон зай, маш том орон зай хэрэгтэй. Тэр маш эмзэг тул хэн нэгэн хүн хөндөж үл болно.

Чи бусдад найдаад, хэн нэгэнд хэт хамааралтай болоод ирэхийн цагт эсрэг талын чинь хүн чамайг эрхшээж эхэлнэ. Чи ч түүнийг эзэрхийлэх гэж байдаг чадлаараа тэмүүлнэ. Үүнийг хайрын дайн гэж нэрлэж болно. Удалгүй тэд хоорондоо энхрий ялдам дайсангууд болж хувирна. Тэд тасралтгүй дайтана. Эхнэр нөхөр – тэд юу хийдэг вэ? Тэдний бие биенээ гэх хайр үнэндээ өчүүхэн. Дайтах нь хэвийн үзэгдэл, хайр нь сонин үзэгдэл мэт. Амьдрал оршихуйн бүхий л цэг дээр тэд нэг нэгийгээ эзлэн түрэмгийлэхийг, өөрийн эрхшээлд оруулахыг хичээдэг.

Аймшигтай нь бүр хайраар далайлган эсрэг талаа сүрдүүлэхийг нь яана. Жишээлбэл нөхөр нь эхнэрээ хүсч гэж бодъё. Эхнэр мэдээж зөвшөөрөхгүй. Зөвшөөрлөө ч гэсэн өөрийгөө хүчилж, биеэ барьж ядан зөвшөөрнө. Гэтэл нөхрийн хувьд ч байдал яг ижил. Эхнэр нь нөхрөө хүсч байгаагаа хэлэхэд, нөхөр хариуд нь “Ойрдоо ажил ихтэй байна.”, “Хань нь ядраад байна.”, “Өглөө босоод ярилцъя” гэх мэт шалтаг тоочно. 

Мулла Насреддиний эхнэртээ ийм нэгэн захидал бичснийг санаж байна. Өнгөрсөн жил чамтайгаа секс хийх оролдлого 365 удаа хийсэн. Дунджаар өдөрт 1 удаа гэсэн үг. Чиний надад татгалзсан шалтгаануудыг доор жагсаан бичлээ.
Жирэмсэн болох аюултай үе 11 удаа
Хүүхдүүд сэрчихнэ 7 удаа
Халууцаад байна 15 удаа
Даараад байна 3 удаа
Ядраад байна 19 удаа
Цаг дэндүү орой болсон байна 16 удаа
Цаг дэндүү эрт байна 9 удаа
Унтсан юм шиг дүр эсгэсэн 33 удаа
Цонх онгорхой байна. Хөршүүд сонсчихно 3 удаа
Нуруу өвдөөд байна 16 удаа
Шүд өвдөөд байна 2 удаа
Толгой өвдөөд байна 6 удаа
Хийх сонирхол төрөхгүй байна 31 удаа
Хүүхэд өвчтэй байна 18 удаа
Оройн нэвтрүүлэг үзмээр байна 15
Нүүрэндээ маск түрхсэн 4 удаа
Тас согтуу 7 удаа
Эмчид үзүүлэхээ мартсан 10 удаа
Гэрт зочин унтаж байна 7 удаа
Үсчинд үсээ засуулсан 28
Чи энэнээс өөр юм боддоггүй юм уу хаашаа юм? гэж асуусан 62 удаа


Хайрт минь, ирэх жил бид энэ амжилтаа өөрчилж чадах болов уу? Чамайг хайрлаж байсан нөхрөөс чинь

Энэ бол өлсгөх арга. Бусдыг хэдий чинээ өлсгөнө түүнийг төдий чинээ л эрхэндээ оруулж байна гэсэн үг. Энэ тал дээрээ эмэгтэйчүүд эрчүүдээс илүү туршлагатай бас мэргэжсэн байдаг. Эрчүүд хүч чадалтай. Тиймээс тэд ийм уран нарийн зальтай арга ашиглахгүй. Эрчүүд хүчтэй бас мөнгөтэй. Мөнгө бол тэдний хүч чадал. Дээрээс нь зангирсан булчин шөрмөс түүнийг улам ч хүчтэй гэдгийг харуулна. 

Сүүлийн хэдэн зууны турш эрчүүд эмэгтэйчүүдийн тархинд эр хүн хүчтэй, эм хүн сул дорой гэсэн бодол оруулах гэж хэт чармайх болсон. Тэд үргэлж л олон талаараа түүний хаана ч хүрэхгүй сул дорой эмэгтэйг хайж, тийм эмэгтэйг сонгодог. Өөрөөс нь илүү эрдэм чадалтай бүсгүйтэй сууя гэсэн залуу нэгээхэн ч үгүй. Тийм эмэгтэйг гэргий болгон авч гэмээнэ тэд хүч чадлаараа мөргөлдөх хэрэг гарна, тэгээд явж явж түүний хүч чадал тэр эмэгтэйд үгүйсгэгдэн, тэр хэн ч биш болно. Тиймээс л эрчүүд хэт ухаантай эсвэл хэт алдартай эмэгтэйг сонгодоггүй. Сүүлийн хэдэн зууны турш эрчүүд үргэлж л өөрөөсөө насаар дүү, залуу эмэгтэйтэй гэр бүл болох болсон. Яагаад эхнэрүүд нөхрөөсөө насаар эгч байж болохгүй гэж? Энд ямар асуудал үүсээд байгаа юм? Насаар эгч эхнэр туршлага ихтэй, магадгүй нөхрийн хүч чадлыг эвдээд нураачихна шүү дээ.

No comments:

Post a Comment