2011-05-10

Б.Шvvдэрцэцэг - 180

Эгэл нэгэн өдрийн эгэл нэгэн өглөө. Баатарыг ердийнхөөс илvv нэг л зовиурт мэдрэмж нойрноос сэрээлээ. Юу билээ? Тэр урьдынх шиг хөнжилдөө шурган тавтайяа хэвтэж чадахгvй зvvнд хатгуулсан мэт ухасхийн өндийлөө. Сэтгэлийн гvнээс шөвөгдөх тэр тvгшvvрт мэдрэмж л ийнхvv урьд урьдын дадал заншлаа зөрчихөд хvргэв vv дээ. 

Урьд нь бол эхнэрийнхээ босох, гал тогоондоо сав суулгаа хангинуулах, хvvхдvvдээ сэрээх гэж vглэхийг нэг чихээрээ сонсч нөгөөгөөрөө гаргасан шиг санаа амар унтдаг сан. Гэтэл өнөө өглөө нэг л биш ээ. Бvх юм 180 хэм эргэчихэж. Өөрт нь нэгэн шинэ хэвшил бий болжээ. Орон дээрээ сандайлаад л орны хажуу дахь цаг руу хяламхийлээ. Долоо гуч. Үсрэн бослоо. Эхнэр нь амгаланаар нойрсоно.

Харин тэр. Айлын нөхрийн өглөө бvхэн хийдэг олон ажил тvvнийг хvлээж байлаа. Юуны өмнө хvvхдvvдийг сэрээх. Хvvхдийн өрөө рvv орж сургуульд сурдаг ууган хvvгийнхээ хөнжлөөс татвал тэр яраглан цааш эргэв.
-Босоорой, миний хvv. Хичээлээсээ хоцрох нь. Хvv хөнжлөөрөө биеэ ороогоод цааш эргэхдээ:
-Аав, сvртэй юм. Манай эхний цаг биеийн тамир ш дээ.
-Битгий худлаа ярь. Өчигдөр бас эхний цаг нь биеийн тамир байсан даг. Хурдан босоод цайгаа уугаад хичээлдээ яв чи. Эх шигээ нойрны тулам. Тэр яагаад ийнхvv vглээд байгаагаа өөрөө ч мэдсэнгvй. Чөтгөр аваг. Хэзээ нэгэн цагт тэр эхнэрээ ийнхvv vглэхэд жигтэйхэн их тээршаадаг сан. “Энэ гэрийн хамаг нэргvй ажил миний толгой дээр ядаж Дөлгөөн өглөө босохгvй юм. Багш нь бас л над руу ярьж байна лээ. Тулгааг цэцэрлэгт нь хvргэх гэсээр яваад би дандаа ажилдаа хоцорчих юм”

Эмэгтэйчvvд яагаад vргэлж ингэж нэгэн хэвийн юм vглэж өөрсдийгөө ч, өрөөлийг ч залхаадаг юм бэ? Хэрэв vглэж таашаал авдаг бол аймаар юм. Тэр ингэж боддог байсан бол одоо өөрөө хvvгийнхээ хөнжлийг сугавчлаад гал тогооны өрөө рvv шурдхийн орж ус буцалгагчаа залгаад хөшгөө татав. Шинэ өдөр эхэлж байна. Жигтэйхэн их ажилтай өнгөрөх жирийн нэгэн өдөр. Гэхдээ жирийн бусаар эхэлсэн хачин өдөр. 

Дараагийн гучин минутанд нойрмог нvдэлсэн том хvvдээ ундыг нь уулгаж, гэрийн эзэгтэйн ундыг бэлтгэн тавьж, бага хvvгээ босгон нvvрийг нь угааж хувцаслаад гарахдаа эхнэрээ болгоомжтойёо дуудан сэрээв. 
-“Цаг яагаа ч vгvй байхад, яршигтай юм” гэж гэргий нь ярдаглаад хөнжлөө буцаан нөмрөх аж. Цэцэрлэгийн хаалга барихаас урьтан хvvгээ өгөөд ажилдаа ирэхэд хэлтсийн дарга авгай цаг руугаа ууртайхан хяламхийв. Ажлаасаа хожимджээ, тэр. Гучин минутын дараа хэлтсийн тайлангийн хуралтай. Гэтэл эхнэр нь залган
-”Миний утасны цэнэглэгчийг харсан уу? хэмээн лавлаад орой хvvхдээ цэцэрлэгээс авч чадахгvйгээ дуулгав. Ай яа яа. Хэлтсийн хурал дээр ажлын тайлангаа тавих ёстой байдаг. Бага хvv нь ханиагаад байсан тухай бодол сэтгэл зовооно. Хурлын дараа багын найз Цогоо нь утасдав. Үдийн цайны цагаар уулзмаар байна гэнэ.

Цогоо ирэв. Зовлонгоо ярих гэж иржээ. Эхнэр нь залуухан амрагтай болчихсон бололтой. Гомдлоо хэлэхээр гар хvрсэн гэнэ. Баатар дотроо манай Энхмаа ч зvгээргvй дэг гэсэн тvгшvvрт бодлоо нухчин дарахаар тэмцэх зуур яаж дуугvй байхав. “Хvчирхийллийн эсрэг vндэсний төвд хандахгvй юу. Муу хогийг хашраагаад өг. Нэг орой завхарч яваад ирэхэд нь чи гурван хvvхдээ аваад явчихсан байвал хашрахгvй яадаг юм” гэв.
-Дэмий байх аа. Цоомоо чинь цочмог ууртай. Тэнд очоод тvйвээж өгвөл яана. Аягvй бол сайн шалтаг. Намайг буцаад харихад залуухан өндөр банди авчирчихсан байвал би яах юм? Нээрээ л Баатар өөрөө ч эхнэрээ нэг л өдөр хаяад явах зvрхгvйгээ дотроо хvлээн зөвшөөрч байлаа. 

Байр хэнийх вэ? Эхнэрийнх. Мөнгийг хэн олдог билээ? Эхнэр. Эрх мэдэл хэнд байна вэ? Эхнэрт. Эрчvvд хоорондоо уулзаж зовлонгоо ярихаас хэтрэхгvй дорой амьтад юм чинь. Тэр хоёр ямар ч шийдэлд хvрч чадалгvй салцгаав. Үдээс хойш Баатар руу хадам аав нь утасдав. Орой очоод хаалга янзлаад өгөөрэй гэж байна. Гэрийн ажлаа дийлэхгvй байхад горьдов оо, бас. Гэвч очихгvй байж чадахгvй нь ойлгомжтой. Хvргэнvvд хэзээ сайн нэртэй байлаа. 

Ажилдаа овоо махарч суутал аар саар гэр ахуйн ажил толгойд орж ирээд vймрvvлж эхлэв. Маргааш чинь байр, утасны мөнгө төлдөг өдөр, гадагшаа хэд хэд ухасхийх нь. Хэлтсийн дарга авгай ч муухай харахаар тогтохгvй дээ гэсэн бодол эргэлдэнэ. Орой тав хагас болмогц бага хvvгээ цэцэрлэгээс авах цаг болж даргынхаа нvдийг хариулан өндөлзөж эхлэв. Банзай, Чука гээд тэдний хэлтсийн хэдэн харчууд бvгд л цаг руугаа хялалзан гэр гэр рvvгээ яарцгаах нь адилхан. Харин хvvхнvvд хаашаа ч адгасан шинжгvй, энэ орой хаана хөзөрдөцгөөхөө ярилцан, интернетээс сайхан залуугийн зураг vзэн морь шиг л шинжицгээх нь цаанаа л ихэмсэг. Тэдний ертөнц бол тэдний л ертөнц юм чинь яая гэхэв.

Баатар бага хvvгээ цэцэрлэгээс нь аваад дэлгvvрээр шуртхийн талх хиам цуглуулж бариад таксидан хадмындаа очлоо. Хадам аав нь гал тогооны өрөөндөө хуушуур хайран хиншvvн дунд зогсоо харагдана Хадам ээж нь гэж цэмбэгэр амьтан буйдангаа налан зурагтаар мэдээ vзэж сууна. Баатар зочны өрөө рvv нь шагайн хадам эхийн мэндийг мэдээд гал тогоо руу шагайв. Хадам нь цай хийж өгөөд бага хvvгий нь дуудан vнсээд vглэж эхлэнэ.
-Миний муу зээ яасан туранхай юм дээ.Эх нь гайгvй л мөнгө олдог шиг билээ. Амин дэм энэ тэр авч өгдөг ч юм уу, vгvй ч юм уу? Баатар цайгаа орхиод ухасхийн босч хаалгыг нь янзалж өгөөд хvvгээ дагуулан гарлаа. Хадмынхтай зэргэлдээ байранд өөрийнх нь ээжийнх байдаг. Ээжийнхээрээ орохгvй өнгөрчихөж чадсангvй. Гэр рvvгээ яарах ч хэрэг байсангvй. Эхнэр нь шөнийн бор хоногтоо л гэртээ шагайх нь ойлгомжтой.
Тvvнд аав нь хаалга тайлж өгөөд “Миний хvv яасан ядруу харагдах юм. Цаад хvvхэн чинь ганц удаа хvvхэд цэцэрлэгээс нь авчихгvй юм даа” гэсээр хувцсыг нь авч өлгөв. Ээж нь зочны өрөөнд том охинтойгоо улс төр ярьж сууснаа өндийж:
-Хvv ирээ юу? Хөгшөөн хvvдээ цай хоол гэсхийчихээд охинтойгоо аминч яриагаа vргэлжлvvлнэ. Эгч нь тэдний хvvг дуудан vнсээд ажаагийндаа очоорой хэмээн найр тавина. Зурагтаар УИХ-ын чуулганы тухай мэдээ гарч байв. 71 эмэгтэй гишvvний дунд тавхан эр харагдах нь тоон дотор vсэг..гэгчээр дэндvv сондгой. Гэтэл нэгэн эрэгтэй гишvvн шийдвэр гаргах тvвшин дэх эрчvvдийн оролцоог нэмэгдvvлэх хэрэгтэй байна гэхчлэн гомдоллож гарахад эгч нь тас тас хөхрөөд,
-Энэ муусайн эрчvvд гэрээ сахиад л дуугvй сууж байвал барав. Бас жендер мендер ярьж яах нь вэ. Хvvхдийг нь бид гаргаж байна. Эрчvvд өсгөөд л гэртээ тэжээлгээд л сууж байдаг юм байгаа биз. Даварчихсан юм гэхэд аав нь ширээ арчих зуур,
-Ер өө, ер. Залуучууд арын албаа гэрээ аятайхан залгуулаад л сууна биз. Эмэгтэйчvvдтэй эрх мэдэл булаацалдаж яана вэ? Хэмээн эхнэр, охин хоёртоо илт тал засна. Харин ээж нь сонин гарчиглангаа,
-Тэгж бас болохгvй ээ. Эрчvvдийн ухаан ч төрд бас хэрэгтэй шvv гээд хvv рvvгээ нvд ирмэх нь сэтгэл уужрам. Тvvнийг багыгаа дагуулан гэртээ ирж хэдэн банш чимхэж жигнэх зуур том хvvгийнхээ тооны даалгаврыг хийлгэж зогстол утас дуугарав. Харилцуураа аваад,
-Хэнтэй ярих вэ? Гэвэл залуухан эрийн урьхан дуу өдөнгvйгээр:
-Энхмаагийнх мөн vv? Гэхэд хардлагын хар манан цээжийг нь хоромхон зуурт нөмрөвч биеэ барьж амжаад:
-Мөн байна?
-Өөртэй нь ярьж болох уу?
-Байхгvй ээ гээд утсаа ууртай гэгч нь таслахад цаана нь доогтой инээд сонсогдоно.
Залуучууд ичгvvргvйгээр айлын эхнэр эргvvлэх юм даа. Шөнө эхнэрээ ирэхэд нь энэ тухай цухуйлгачихвал бөөн хэрvvл болно яршиг. Бухимдлаа хэн нэгэнд яримаар. Хоёр хvvгээ хооллон унтуулчихаад эхнэрийнхээ маргааш өмсөх хувцаснуудыг бэлтгэв. Хоёр хvv нь том болоод ямар эхнэрийн царай харах бол доо? Охинтой байсан бол санаа амар байхгvй юу. Ядаж л удам залгах охингvй юм гэж амьтан гоочлоод байхгvй. Шөнө дунд болжээ. Санаа алдаад унтлагын өрөөндөө оров.
Эр хvн оргилд нь бvv хэл хажуу бэлд нь хөл тавих нь хориотой тахилга сvлдэт уулын цаст оргилыг дvрсэлсэн уран зураг унтлагын орных нь ард өлгөөтэй. Эхнэр нь хэзээ ирэх юм бvv мэд. Хойноос нь утасдах гэснээ “Чи яагаад Шерлок Холмс шиг хvн мөрдөөд байгаа юм? Нөхөртөө атгуулсан хийморьгvй хvvхэн биш шvv. Та гурвын төлөө нойр хоолгvй яваад байхад давраад байвал” гэхээс хойш. Больё. Орондоо ороод сонин гарчиглав. “Ерөнхийлөгч Европын орнуудад албан ёсны айлчлал хийж байна”

Манай Ерөнхийлөгчийн нөхөр тэргvvн ноёны донжлог хувцас хөгшин Европын дээдсийг гайхуулав ч гэх шиг. Эр хvн гэдэг чинь зvгээр л нэг хувцасны гол юм гэж vv? гунигтай бодлоо vргээе. Тvvнийг дөнгөж зvvрмэглэх гэтэл хаалганы хонх жингэнэв. Цаг харвал шөнийн нэг цаг өнгөрч байлаа. Эхнэр нь ирж байгаа бололтой. Хvлээлтийн дунд нойрмоглосон зvрх нь баярлан цохилж хаалгаа онгойлгохоор ухасхийв.
-Тvлхvvрээ мартчихаж. Чамайг сэрээчихэв vv дээ? гэх тvvнээс өөр залуугийн сvрчиг анхилах шиг болоход өнөөх баяр хөөрийн оч тэр дорхноо унтраад,
-Хоол идэхгvй л биз дээ? гэж бувтнаад унтлагын өрөө рvvгээ зvглэв.

Бурхан минь эхийн эрхт ёс тогтсон ганцхан өдрийн төгсгөл. Сэтгэлд нэг л гэгээн сайхан бодол орж ирнэ. Тэр нь айдас хvйдэс атгаг сэжиг хуралдсан шөнийн тvнэр харанхуйг vvрийн гэгээ мэт ярна. Маргаашийн наран мандана. Эрэгтэй, эмэгтэй алиныг ч vл ялган гийгvvлэх алтан наран мандана гэсэн бодол байлаа.

No comments:

Post a Comment