2011-05-05

Б.Шvvдэрцэцэг - Эмэгтэй болохсон

Түүнийг төрөхөд аав нь магнай хагартал баярлажээ. Ээж нь ч гэсэн. “Хүүтэй боллоо Ганаа” гэж амаржих газрын хүлээлгийн өрөөний ханан дээр аавынх нь сийлсэн бичээс, байшинг нь их засварт ортол лав арваад жил дурайж байсан гэдэг. Хүү хоёр нас хүртлээ аавынхаа урмыг нэг их хугалсангүй. 

Аав нь түүнтэй хамт хөлбөмбөг тоглоно гэж мөрөөддөгийг ч мэддэггүй байв. Хүүгээ хөл дээрээ баттайяа зогсдог болоод ирэхэд аав нь хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэв. Гэтэл нэг л биш ээ. Тэр хар эрээн бөмбөг хүүгийн сонирхлыг өчүүхэн ч татсангүй. Харин ээжийнхээ эргэн тойронд гал тогооны өрөөгөөр эргэлдэх нь түүнд илүү таалагддаг байв. Гурав, дөрвөн нас хүрлээ. Хүүгээ хөлбөмбөгт дуртай болох байх гэсэн аавынх нь найдвар тасрав. Бас аавынх нь авч өгдөг танк, буу, машинтай цэргүүд шив шинээрээ тоглоомын хайрцагт хэвтэх болов. Хүү цэцэрлэгтээ очоод охидын Барби хүүхэлдэйнд нүд унагана. Гэвч аав, ээжтэйгээ дэлгүүрт очихоороо Барби авъя хэмээн гуйж чаддаггүй байлаа.

Гэртээ ирээд унтлагын өрөөнд ганцаараа бүгчихнэ. Тэр үедээ ээжийнхээ гоёлын ширээний өмнө зогсож уруул, хөмсөгөө будаж тоглодгийг нь хэн ч мэддэггүй байв. Гадаа гарахаараа буу, сэлэм барьж хашгиралдан гүйлдэх хөвгүүдээс алсхан шиг, модон хашлагат элсэн дээр тоглох охидыг бараадна. Даанч түүнийг хөвгүүн гээд тэд гадуурхана. Ихэвчлэн ээжтэйгээ гадаа тоглодог болохоор аав нь энэ тухай мэддэггүй байлаа. 

Гэтэл нэг ням гаригийн үдийн үед аав нь түүнийг дагуулан гадаа гарав. Хүү ачааны машинаа чирэн элсэн дээр очоод элсээр бөмбөг хийх охидын дэргэд тоглоод суухыг нь харсан аав нь уурлав. “Чи босоод тэр хөвгүүдтэй тоглооч. Эр юм байж охин шиг нурмайсан хог” хүү аавдаа гомдон гэрээ рүүгээ гүйчихэв. “Охин шиг нурмайсан хог” энэ үг түүнийг насан туршид нь дагах юм гэж тэр санасангүй. 

Зургаан настайдаа тэр нэг удаа хүүхэлдэй авч өгөөч гэж ээжээсээ гуйж зүрхлэв. Ээж нь нэг их санаа алдаад орой нь ажлаасаа ирэхдээ жижиг хайрцагтай Барби авчран ”Миний хүү аавдаа битгий үзүүлээрэй“ гэж захив. Барби өгөхдөө ээжийнхээ нүдэнд нь тодрох гунигийг ч тэр анзаарсангүй. Бөөн баяр хөөр. Аз болоход аав нь их оройтож ирэх тул хүү Барбигаараа ханатлаа тоглоод дараа нь хайртай тоглоомоо харанхуй өрөөндөө нууж амждаг байв. Аав нь ажлаасаа эрт ирсэн тэр нэгэн орой хүүгээ барбигаар тоглож суухыг нь хараагүй бол даанч аав нь харчихсан. Тэгээд ээж, аав хоёр нь хэрэлдэж, аав нь яваад өгсөн. Эргэж ирээгүй. Хүү аавынхаа хойноос тэгтлээ харууссангүй.

Харин арван зургаан нас хүрсэн хавраа хажуу орцныхоо сайхан ахад татагдах болсноо мэдсэн. Яргуй цэнхэртсэн хавар цагаар дурлал түүнд ирсэн. Харин тэр өөрийгөө яагаад бусад хөвгүүдээс ондоо байдгийн нууцыг тэгэхэд л мэдсэн. Тэр цэнхэр байжээ. Гэхдээ яахав, ээж, тэр дурлалт залуу бас мөрөөдөлтэйгээ байхад газардахгүй хэмээн өөрийгөө тайвшруулсан. Тэр мөрөөдөл нь юу гэвэл “эмэгтэй болохсон”.

No comments:

Post a Comment