Эрт урьдын цагт агуу хүчит баатар эр байж гэнэ. Аюулт мангасыг дараад тэр баатар үзэсгэлэнт гүнжтэй хуримлан хундага тавилгүй мах идэж… тэгээд мэдээж амар сайхандаа жаргаад төгсөнө. Үлгэрт ингэж гардаг.
Харамсалтай нь амьдрал дээр ч үлгэрийн энэ үзэл санаа үргэлжилсээр л байна. Эр хүн хүч чадалтай, эрэлхэг зоригтой, харин эмэгтэй хүн гоо үзэсгэлэн төгөлдөр байж тэр хүчирхэг эрийн гал голомтыг бадраана аль эсвэл загвар өмсөгч, гоо бүсгүй болоод… Чөтгөр ав, гоолиг биш, хөөрхөн ч биш, бас ахимаг насны эмэгтэйчүүд яах болж байна вэ?
Эмэгтэй хүн өөрийн гэсэн бодолтой, оюуны өндөр чадвартай байхаас илүү гоолиг турьхан, гоо үзэсгэлэнтэй, цэл залуу байх ёстой гэсэн үхширмэл үзэл 21-р зууны техникжсэн, мэдээлэлжсэн хүн төрөлхтний оюун санаанд амь бөхтэй оршсоор байгаагийн золиосонд сая сая эмэгтэйчүүд шаналж байна. Реклам сурталчилгааны дүрүүд, загварын сэтгүүл дээрх урт хөлт бүсгүйчүүд, элдэв засвар хийлгэж, чадварлаг нүүр засалч, гоо сайханч, гэрэл зурагчдын хүчээр агшны төдийд үлгэрийн дагины дүрд хувилсан одод гоо сайхны төсөөллийг бүрдүүлэх болов. Үр дүнд нь гоо сайхны элдэв төрлийн бараа бүтээгдэхүүн, мэс засал, тураах эм бэлдмэл, аэробик, бялдаржуулах үйлчилгээний бизнес цэцэглэн гоё сайхан болох гэсэн хөөрхий хүүхнүүдийн халаасыг хоосруулж, алтнаас үнэтэй цагийг нь үрж, амь нас эрүүл мэндээр нь тоглосоор байгаагийн шалтгаан юу вэ?
Ажил мэргэжилдээ ур чадвар нь жигдэрч, амьдрал нь тэгширч явсан 40 гаруй насны нэгэн эмч бүсгүй тураах цай уусаар нойр булчирхайн хорт хавдар тусан нас баржээ.
Хүний бие эрхтэний үйл ажиллагаа, бүтэц тогтолцоо, өвчлөлийн шалтгааны талаар эгэл хүнээс хэд дахин илүү мэдлэгтэй их эмч хүн тураах эмэнд хордон нас барж байхад гоё сайхан болохоос өөрийг бодолгүй яваа эмэгтэйчүүд, залуу охид яах болж байнаа. Цагт 200 милийн хурдтай жирийн нэгэн хөнгөн тэрэгний моторт сансрын пуужингийн хурд суулгах шингэн гарлаа гэвэл ямар ч жолооч итгэж машиндаа хэрэглэхгүй.. Гэтэл эрдэнэт хүний биеийн бодисын солилцоог ямар нэгэн эм бэлдмэл тэгээд бас ургамлын гаралтай гээд байгаа, өөрчлөөд хамаг илүүдэл өөх тосыг нь асар хурдан хугацаанд хөөн гаргах биологийн боломж байхгүй нь мэдээж. Гэвч турах, бас дахин турахаас өөр бодолгүй эмэгтэйчүүд элдвийн реклам сурталчилгаанд хууртан эрүүл мэндээрээ хохирсоор байгаагийн нэг нь ийнхүү хорвоог орхисон харамсалт түүхийг танилаасаа сонсоод эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд хүнд дарамт үзүүлэн, сэтгэлийн гутралд оруулдаг “гоо үзэсгэлэнгийн домог”-ийн тухай бичихээр шийдлээ.
“ … Би өнгөрсөн жил “Миози” гэдэг бэлдмэлийг ургамлын гаралтай, биед гаж нөлөөгүй, хоолны дэглэм барих шаардлагагүй, эрүүлжүүлэх замаар тураадаг гэхээр нь найз хүүхнээсээ авч хэрэглэсэн юм. Анхандаа овоо турж, биед сөрөг нөлөө мэдэгдэхгүй болохоор нь урамшаад дахин авч ууж эхэлсэн. Хоёр дахь сардаа ууж байтал ходоод өвдөж, дотор муухайраад эхэлсэн. Эмээ уухаа больсон чинь урьдынхаасаа улам таргалаад дээрээс нь хөл янгинаж, шөнө ч унтаж чадахаа больсон. Эмчид үзүүлтэл хамаагүй хүчтэй эм ууж ходоодоо цочроосон байна гэсэн. Гэтэл “Миози” хүний ходоодыг агшаах замаар хоолонд дургүй болгодог юм байна. Ходоод агшихаар хүн хоол бага иднэ биз дээ. Тэгээд хоол идэхгүй шахам болоод турах нь мэдээж. Рентгэнд зураг авахуулж ходоод үрэвссэнийг мэдсэн. Бас хөлийн өсгийд илүү яс ургасан байсан. Одоо надад дахин турах хүсэл өчүүхэн ч алга. Хичнээн тарган байлаа ч өвдөхгүй байх шиг сайхан юм хаа ч алга…” гэж нэгэн эмэгтэй ярьжээ.
Гоо үзэсгэлэнгийн домгийн бас нэгэн золиосын түүх. Сингапурын нэгэн телевизийн алдартай хөтлөгч сайхан бүсгүй хүмүүсийн” Чи жаахан турчихвал…” гэсэн үгэнд автаж тураах эм ууснаар хоёр бөөр нь ажиллагаагүй болж, найз залуугийнхаа өрөөсөн бөөрний хүчээр 10 жилийн настай болсон тухай уншиж байснаа санаж байна.
“Эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй байх харин түүнийг эрэлхэг зоригт эр хүн эзэмдэх ёстой” энэ бол эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн хүнд дарамт үзүүлдэг жэндер судлаачдын нэрлэдгээр “гоо үзэсгэлэнгийн домог” гэгддэг ойлголт юм.
Өнөөдөр барууны өндөр хөгжилтэй, баян орнуудын боловсролтой, эрх мэдэлтэй, өөртөө итгэлтэй сая сая эмгтэйчүүдийг гагцхүү энэ хийсвэр төсөөлөл өнгөрсөн зуунуудын үлдэгдэл болсон гоо сайхны тухай домог л сэтгэлийн асар их дарамтанд оруулж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Америк хүүхнүүдийн дунд хийсэн нэгэн судалгаагаар тэдний 33% нь 10-15 фунтээр турах явдал гэж хариулсан байна. Эмэгтэй хүнийг гоо сайхан байхыг далдуур тулгасан энэ үзэл нь сүүлийн 100 жилд манай гаригийн эмэгтэйчүүдийн олж авсан сонгох, сонгогдох улс төрийн эрх чөлөө, нийгэмд идэвхтэй байр суурь эзлэн сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, амжилтанд хүрэх боломжуудыг баталгаажуулсан иргэний эрх гэхчлэн бахдам ололтуудыг гутаах гол хэрэгсэл болж байгааг судлаачид тэмдэглэж байна. Хүн гэдэг оюуны чадвар, гадаад төрхөөрөө дахин давтагдашгүй гайхамшигт байгалийн бүтээл болон ертөнцөд мэндэлдэг. Гэтэл эмэгтэй хүн бүхний өндөр 170 см-ээс дээш, жин 50-55 кг, цээж, бүсэлхий, өгзөгний тойрог 90:60:90 байх ёстой гэсэн стандартыг ямар тэнэг нь гаргаж ирэв ээ?
Эмэгтэйчүүдийн гоо сайхны талаархи энэ харгис төсөөлөл нь бүсгүй хүн нийгмийн амьдралд оролцох ёсгүй, айл гэрийн гал голомтыг сахигч галын бурхан гэсэн эртний домог хуучирч эхэлсэн барууны аж үйлдвэрийн хувьсгалын үед гарч иржээ. Энэ үзэл нь эмэгтэйчүүдийг идэвхтэй амьдралаас холдуулах гэсэн хуучин нийгмийн албадлагын үүргийг биелүүлэх орчин үеийн хэрэгсэл гэж эрдэмтэд үзэж байна. Орчин үеийн ардчилсан орнуудын эрх зүйн тогтолцоо бүхэлдээ эмэгтэйчүүдийн эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан ч “гоо үзэсгэлэнгийн домог” эмэгтэй хүний хөгжлийн эсрэг нүдэнд үл үзэгдэх дайсан болсоор байгаа ажээ. Яагаад заавал эмэгтэй хүн 90:60:90-ийн биеийн харьцаатай байх ёстой гэж? Яагаад орон бүхэнд, тив болгонд гоо бүсгүйг шалгаруулан, дэлхийн миссийн өч төчнөөн тэмцээнийг эрчүүд гардан зохион байгуулж ашгийг нь халааслан хөлжиж байхад “Сайхан эр”-сийг хооронд нь уралдуулж шагшин гайхацгаахгүй байна вэ? Эр хүн сайхан байх албагүй юм бол эмэгтэй хүн яагаад тэдэнд таашаагдахын төлөө гоо үзэмжээрээ уралдан, сайхан хөөрхөн, гоолиг болох гэж үйлээ үзэх ёстой юм бэ?
Агуу их жанжин Напалеон Бонапарт, аль эсвэл алдарт эрдэмтэн Альберт Энштэйн хэр царайлаг, гоолиг улс байсан юм? Эртний Мисирийн домогт хатан хаан Клеопатра ингэхэд 170см өндөр, 90:60:90-ийн харьцаатай байсан юм гэж үү?
Эмэгтэйчүүдийг оюун ухаант хүнийх нь хувьд бус гоо үзэсгэлэнтэй эсэхээр нь үнэлсээр байгаа нь бүсгүйчүүлийг өөр хооронд нь өрсөлдүүлж, эрчүүдийн адил нийгмийн амьдралд эвсэн нэгдэх бололцоогүй болгодог. АНУ, Их Британид Эмэгтэйчүүдийг ажилд авахдаа хүйсээр ялгаварлахын эсрэг хуулийг баталснаасаа хойш нэг их удалгүй эмэгтэйчүүдийг гадаад төрх байдлаар нь ялгаварлан гадуурхахын эсрэг хууль мэндэлсэн нь ийм учиртай. Америкийн судлаач Антони Кортесийн дүгнэж байгаагаар реклам дахь эмэгтэйчүүдийн нийтлэг дүр нь цэл залуу, секс төрхтэйгээр дүрслэгдэж байгаа нь нөгөө л “гоо үзэсгэлэнгийн домог”-ийн уршиг гэнэ. Энэ нь барууны баян, эрх чөлөөтэй 30-аас дээш насны 3 эмэгтэй тутмын нэгийг сэтгэл зүйн байнгын дарамтанд оруулдаг байна. Түүний судалгаагаар энэ нь гоо сайхны бараа үйлдвэрлэгчдэд асар их ашиг өгдөг. “Кристиан Диор”, “Ревлон”,”Элизабет Арден” гэх мэтийн алдартай брендүүдийн бодит өртөг зах зээлийн үнийхээ ердөө л 8-хан %-тай тэнцдэг байхад 92%-д нь реклам сурталчилгаа, нэр хүнд, брэндийг сурталчлагч оддын цалин хөлс шингэсэн байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл “Dior”-ын дэлгүүрээс 50 ам.доллараар авсан тосны чинь бодит үнэ ердөө л 4 ногоон гэсэн гэсэн үг болж таарах нь. Иймээс алдарт брэндийн 10 үсэгний төлөө 42 ногоон илүү төлөх үү, эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалд тохируулан бүтээсэн үндэсний үйлдвэрийн “Марал” тосоо 2 ногоон хүрэхгүй үнээр авах уу, гоолиг туранхай болох гэнэн хүсэлдээ хөтлөгдөн Хятадын аминд халтай эм бэлдмэл ууж “Нуухаа авах гээд нүдээ сохлох”-ын үлгэрээр эрүүл мэнд, амь насаараа хохирох уу, эрүүл хүнс хэрэглэж, өөртөө итгэлтэй, хараа дээгүүр алхах уу? гэдгээс “Гоо үзэсгэлэнгийн домог”-ийн золиос болох эсэх тань шалтгаална.
Барууны ертөнц энэ домгийн эсрэг шийдвэртэй тэмцэж бас ч үр дүнд хүрч байна. Одоогоос 10-25 жилийн өмнө загвар өмсөгч туранхай хүүхнүүд гоо сайхны эталон болж, 80-аад оны алдарт модель Иман, Жасминаас эхлээд 90-ээд оны загварын одод Клаудия Шиффер, Синди Кроуфорд, Линда Евангелиста, Наоми Кэмпбелл нар дэлхий даяар алдаршиж байсан бол өнөөгийн загварын ертөнцийн ямар ч гайхамшигт одыг хүмүүс шууд нэрлэж чадахаа больжээ. Эмэгтэйчүүдийг үнэлэх үнэлэмж өөрчлөгдөж зөвхөн залуу нас, гоо үзэсгэлэнгээр хэмжих үзэгдэл улам багасч байна. Японд явуулсан “Хамгийн дур булаам эмэгтэйг нэрлэнэ үү?” гэсэн судалгааг АНУ-ын анхны эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт тэргүүлсэн нь эмэгтэйчүүдийн үнэлэмж шинэ мянганд 180 хэм эргэснийг нотолсон юм. Тэгэхээр турах гэж эм бэлдмэл ууж, эрс тэс уур амьсгалтай монголд эрүүл мэндийг тань эрсдэлд оруулж болохоор элдэв гоо сайхны мэс засалд орох гэж байгаа эмэгтэйчүүд байвал байвал ч гэж мэдээж мянга мянгаараа байгаа нь мэдээж.. ЗОГС! хэмээн анхааруулж байна. Та энэ байгаагаараа л Бурханы давтагдашгүй бүтээл шүү дээ.
No comments:
Post a Comment