Улайран цэлийх тэнгэрийн хаяа. Тэртээх алс. Омголтсон уруул. Шархирч чилсэн хөлийн таваг. Бусдын хэлдгээр “Юм үзээгүй тэнэг охин” би зөрүүдлэн зүтгэсээр энэ замыг сонгосон. Тэгэхэд хэдтэй байснаа мэдэхгүй.
Ундаасч ядрахдаа тэр өдөр тааралдсан нэгнээс зам асуусан. Хар халуунд хар цувтай явааг нь гайхсанаас биш хэн болохыг нь огт сонирхоогүй. Юүдэнтэй хар цув. Дотор нь юу ч байхгүй мэт санагдах хар ханцуй. Гэнэт тэр ханцуй өөрөө хөдөлж, өгөршиж мойногтсон хар гараар нэгэн зүгт заасан. Тэгээд юүдэнгийн цаанаас “Тэнд ус бий” гэх сонсогдов. Мэдэхгүй юм, надад л тэгж санагдсан.
Итгэмтгий гэнэн, ундасч ядарсан охин заасан зүг рүү хар чадлаараа гүйсэн. Мөч, хором, сар, жилээр мөн ч удаан явсан даа. Хэзээ, хаанаас эхэлснийг мэдэхгүй энэ газар зам харгуйн бараа ч үгүй цэлийсэн их цөл байлаа. Буцах гарцаа эрээд олоогүй. “Тэнд ус бий” гэсэн итгэлээр цаашлав.
Гав ганцаархнаа.
Тэгсээр сая л нэг анх удаа хүний бараа харав. Тэр нь жижигхэн шар эмгэн байлаа. Түүнээс ус хаана байгааг асуув. Эмгэн толгой сэгсэрнэ. “Олдохгүй дээ. Энд тийм юм байдаггүй юм” гэв. Тиймэрхүү л утгатай зүйл хэлэх шиг болсон.
Хар цувтай хүнд итгэсэн итгэмтгий тэнэг охин энэ удаа эмгэнд итгэсэнгүй. Харин тэгэхэд 15-тай байснаа сайн санаж байна. Цааш бүр хурднаар ус эрэн явав. Төдөлгүй тэр их цөлийн дунд огт зохицоогүй мэт харагдах саглагар ногоон модтой таарч юутай их баярласныг чи өөрийнхөөрөө л төсөөл.
Сүүдэрт нь сэрүүцэж, навчсаар нь наадсаар нэгэн шөнө зүүрмэглэв. “Сүү, ус л зүүдлэгдэнэ.” Өглөө нь сэрээд надад байсан нэг нандин юм дутуу байгааг анзаарав. Тэр шөнө, тэр модны доор, тээр нэг өдөр ээжийнхээ бэлэглэсэн цусан улаан сондорыг гээсэн байлаа. Элсэн дунд эрээд олоогүй. Харамсаад ханаагүй. Одоо ч тэр харамсал сэтгэлийн гүнд хэвтэж л байна. Тэгэхэд 17-той байсан.
Өсөж томрохын хэрээр бие цогцос чийг, ус нэхнэ. Түүнийг эрж хайсаар би цаашилна. Цангахдаа нулимсаа долооно. Тэгэх тусам ус, ус…Энэ эрэл хэзээ дуусахыг, тэр цөл хаана шувтрахыг хэлж мэдэхгүй, ухаарч ойлгохгүй явсаар 20 настай золгожээ. Их ч зовсон. Их ч явсан. Сар жилийн баримжаа алдагдсаар…
Улайран цэлийх тэнгэрийн хаяа. Тэртээх алс. Цангаж тамирдсандаа ч тэр үү, цэлэлзсэн их усны барааг зэрэглээн дундаас гэнэт хараад нүдэндээ ч итгэж чадсангүй. Тэр зүг гүйе гэвч элсэнд шигдсэн хөл газраас үл хөндийрнө. Уухилан, аахилан, мөлхөн, мөлхсөөр усны захад хүрэв. Сэрүү татам их ус хамар доор сэнгэнэ. Эрүүн доор мэлтэлзэнэ. Уух зүрх хүрсэнгүй.
Итгэмээргүй их ус амсахын төдийд ууршчихмаар санагдахад гараа дүрж, магнайгаа норголоо. Гэтэл хэн нэгэн дотроос минь дуу алдах шиг сонсогдов. Тийм ээ, тэнд ус битгий хэл, чийг ч мэдрэгдсэнгүй.
Дахин дахин гараа дүрж, тэсэхээ байгаад бүр шумбаж ч үзлээ. Үнэрээс өөр юу ч үгүй хув хуурай ус. “Юутай муухай хууртагдав аа”
Яг л элс шигээ ус нь хүртэл хуурайшсан тэр цөл рүү зөрүүдлэн зүтгэсэн миний цэл залуу нас тэр цөлдөө, тэр усандаа харангатаж хоцорлоо. Тэгэхэд хэдтэй байснаа мартжээ.
No comments:
Post a Comment