2011-06-23

Х.Болор-Эрдэнэ - Ээжийн тухай нэг сайхан зохиол бичихсэн

Х.Болор-Эрдэнэ Ээжийн тухай нэг сайхан зохиол бичихсэн гэсэн бодол өдөр шөнийн алинд боловч сэтгэлийн мухраас байнга л хатган зовоодог байлаа.
Би үзгээ шүүрч авах боловч манай гариг дээр нэгэнт алдаршсан энэ сайхан сэтгэлт хүний тухай ямархуу юм бичихээ мэдэхгүй, бодолд автдаг байв. Нэгэнт тэр тухай бичихээр шийдсэн л бол бичихээс өөр аргагүй. Түүнийг ор тас мартаж орхиё гэж хэдэнтээ шийдсэн авч тэр тоолонд зөрүүд үзэгний маань үзүүр хурууны өндөг рүү часхийтэл шивэн ороод, өр цээжний гүнд нэвтрэн хамгийн эмзэг, хамгийн бяцхан нэгэн зайд эвхрэн хэвтчихээд хөдлөх тоолонд хатган зовоодог байлаа. Тэгэхээр тэрхүү өргөсийг бичиж дуусч байж л авч хаях боломжтой болно гэсэн үг. Харин чухам хэний тухай бичих вэ? Миний эргэн тойронд олон ээж байх авч тэд бүгд л үр хүүхдээ өөр өөрийн гэсэн аугаа их хайраар хайрлан, бараг ижил төстэй гэмээр амьдралаар амьдрах тул чухам юуг нь онцлон бичихээ шийдэхэд улам ч бэрх. Эхийн сайхан сэтгэлийн тухай үй олон домог үлгэр байдаг болохоор надад тэдний дунд гишгэх газар үгүй мэт санагдана. Ээжээс унаад, ээжийн дэргэд өсөөд, дараа нь өөрөө ээж болоод ч тэрхүү ээжүүдийн дунд зай олон гишгэж чадсангүй. Энэ сэдвээс болоод тархины минь атираа нугачаа бүхэн “Ээж, ээж, ээж” хэмээн үглэн тарчилгасаар сүүлдээ өвтгөн зовоодог болов. 

Бүгд л энэ ачтаны тухай тайлбарлан хэлж, гоё сайхнаар түүх шастирт тэмдэглэн үлдээсэн тул би тэр бүхнийг нуршин өөрийн үгээр цаг барахыг төвдсөнгүй. Харин бодон бодсоор ийм нэгэн домгийг сэтгэлдээ ургуулан босгож ирсэн юм. Харин тэрхүү домгийн эзэн яг энэ цаг үед, яг бидний дунд оршин амьдарч байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Миний ажилладаг долоон давхар саарал байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарж суудаг юм. Ширэлдэж арзайсан ширүүн хар үсээ ширхэг гутлын үдээсээр боосон тэр эмэгтэйн хувьд амьдрал тийм ч нигүүлсэнгүй байгаагүй гэдэг нь илт. Нэгэн цагт гоо охин байсан ягаахан хацар нь дөрвөн улирлын тогтворгүй аалинд хууртагдан хуурайшаад, хэн нэгний өмнө ичингүйрэн нуугдасхийж байсан охин хонгор нүднийх нь гал цог цагийн салхинд онгож унтраад догшин, хэнэггүй, хүйтэн зэвэргэнээр орчноо зэрвэсхийн хараад, мойногтон эвдэрч хумсанд нь хир шигсэн ясархуу хар хуруунуудаараа хайрцаг тамхийг сурамгайхан задлаад өөрийнх нь хуруунаас ч бохир байж мэдэх хэдэн бор цаасны төлөө цаг наргүй ажилладаг байлаа. Бүсгүй хүнийх нь хувьд хүндэтгэн өрөвдье гэвч сэтгэл өчүүхэн ч уярахааргүйгээр амьдрал түүнийг нурааж сүйтгэсэн ажээ.

Өвлийн жихүүн жаварт хуруугаа хөлдөөх дөхөн суугаа тэр эмэгтэйн царай зүсийг тамхи татдаг цөөн хэдэн хүн ч анзаарч хардаггүй биз. Тийм л нэгэн хахир өвлийн өглөө хэвшил ёсоор тамхи ширхэглэгч эмэгтэйн дэргэд хөлсний унаанаас буугаад ажлынхаа дулаан байр руу яаран алхаж байхдаа би нэгэн чимээ сонссон юм. Хэн нэгэн бяцхан хүүхдийн эхээ загнан уурсан хашгирах тэр дуунаар эргэн харвал тамхи ширхэглэгч авгайн дэргэд 10 гаруй насны боломжийн хувцастай жаалхүү зогсоод хамаг барааг нь талаар нэг тараан хаяад хөлөөрөө няцлан гишгэлж байгаа харагдав. Хүүг харвал энгийн хэрнээ чамин тоноглолтой богино хүрэм өмсч, элдэв дээс үдээсээр гоёсон дэгжин үүргэвч үүрч, нэлээд зузаан ултай “nike” фирмийн цагаан пүүз өшиглөжээ.

-Та ичихгүй байна уу? Дандаа гудамжинд шившиг болоод сууж байх юм. Би ичиж байна, мэдэв үү. Би таниас ичиж байна. Ийм балиар царайтай юм байж намайг хүүхдүүдтэй явж байхад битгий “Ээж нь, ээж нь” гэж гайхуулаад байгаач гэж тэр жаал бачимдан хашгирч газраар нэг цацагдсан тамхинуудыг гишгэлэн дэвхцэв. Тэр үнэхээр ямар нэг зүйлээс ихэд ичсэн бололтой минчийтлээ улайсан байх бөгөөд орчин тойрноо ч анзаарах сөхөөгүй бачимдан харуусч байгаа бололтой. Харин тамхи ширхэглэгч авгай будаа тонших саарал тагтаа мэт газар суугаад жаал хүүгийн тарааж цацсан тамхинуудыг дуугүйхэн түүн авах аж. Тэдний чимээ шуугианыг өглөөний ажилдаа яарсан хүмүүс төдий л хайхрахгүй байгаа бололтой тэрүүхэндээ саатасхийн ажих авч төдөлгүй тус тусынхаа замыг хөөн явцгаана. Хүү хэсэг зуур тийнхүү дэвхцэн уурсаж байгаад огцом эргэн зүүн зүг рүү гүйхэд авгай араас нь 
- “Миний хүү, мөнгө авахгүй юм уу? Ээжийн хүү ээ” гэж царайчлан хашгирсаар хоцров. Харин жаалхүү түүнийг нь сонсоогүй юм уу эсвэл сонсохыг ч хүсээгүй байртай эргэж ч харалгүй чигээрээ хурдлан гүйсээр булан тойрлоо. Маргааш өглөө нь би урьдын адил хөлсний унаагаар ажилдаа ирээд дотогш орохоор алхаж явахдаа гэнэт тэр гудамжинд ямар нэг зүйл дутуу байгааг мэдрээд эргэн харав. Анзаарвал тамхи ширхэглэн зарж суудаг эмэгтэйн суудал хоосон байх агаад тэр анх удаа энэ өдөр ажилдаа ирсэнгүй. 

“Тэр хаачсан юм бол?” гэсэн сониуч бодол өдрийн турш толгойд эргэлдэж, өрөөнийхөө цонхоор суудаг газрыг нь харуулдсаар өдрийг өнгөрөөв. Үдшийн бүрий болсон ч тэр ажилдаа ирсэнгүй. Магадгүй тэр хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор хаа нэг тийшээ явсан ч юм бил үү?

Ийм бодол толгойд орж ирэх мөчид би нөгөөх удтал эрж хайсан эхийн тухай сэдвээ хаа нэгтэйгээс тэмтэрсээр татан гаргаж ирэв. Ингээд үеийн нөхдийнхөө дэргэд царай муут ээжээрээ “Миний хүү” гэж дуудуулах дургүй тэр жаалд зориулсан зохиолоо бичихээр үзгээ шүүрэн авлаа.

No comments:

Post a Comment