2011-06-22

Сэтгэл хэмээх ямар үнэ цэнэтэй билээ

Нэгэн эр гадаадад ажил хийхээр болж, өөрийн хайртай хүнээ уйлуулан оджээ. 
- "Битгий санаа зовоорой! Чамдаа би өдөр болгон захиа бичнэ!" гэв. 
 
Олон жилийн турш залуу үнэхээр хайртай бүсгүйдээ захидал бичсээр байлаа. Гэтэл залууд өөрт нь шинэ ажил нь ихэд таалагдсан тул гэртээ харих бодол, төлөвлөгөө огт байсангүй. Харин нэг өдөр залууд хуримын урилга иржээ. Түүний найз охин нь нөхөрт гарах болсон байв. Бүсгүй найз залуугийнх нь захиаг авчирч өгдөг байсан шуудан зөөгч залуутай суухаар болжээ. Бие биенээсээ алс хол удаан хугацаагаар тасран холдох гэдэг хайр сэтгэлийг хөргөж орхих тохиолдол байдаг ажээ. 

Хөөрхий залуу үнэхээр гайхаж
- "Юу нь болохгүй байсан бэ? Би түүнд захидал, шоколад, цэцэг байнга явуулдаг байсан шүү дээ" гэлээ. 

Хүмүүсийн хоорондох аливаа харилцаа нь буруу тийш болоод ирэхээрээ тухайн хүнд явуулсан бэлэгний жагсаалт болон түүний төлөө хийсэн болгон ихэнх тохиолдолд ямар нэгэн юм гарч ирэхэд нөлөөлдөг. Бид үргэлж л 
- "Би түүнд ийм зүйл өгсөн. Би чиний төлөө тийм зүйл хийсэн" гэж хэлдэг. Ингэхээр хайр сэтгэл гэдэг ямар нэгэн бэлэг дурсгал, дуртай зүйлсийн цуглуулга юм шиг. 

Бэлэг хэдийгээр чухал ч гэсэн хайр нь оролцоо, хүрэлцэхүй хэмээх хамгийн энгийн зүйлийг нэхэж байдаг. Тухайлбал би ээжийнхээ цахирам цэцгийн талаар байнга санаж явдаг. Ээжийг минь алс хол явахад, ихэнхдээ цэцгүүд нь хатаж гандаад, хичнээн ч усалж тордоод нэмэргүй байдаг байв. Түүнийг буцаад ирэхэд, цэцгүүд маш сайхан ургаад эхэлнэ. Миний ээж ямар нэгэн онцгой зүйл хийдэггүй. Харин зүгээр л тэдэнтэйгээ цаг үргэлж ярилцаж, анхаарч, асарч байдаг. Хүний хайр гэдэг үүнтэй л адилхан байдаг гэж би боддог. Аливаа бэлэг дурсгал нь хайрыг илэрхийлдэг зүйл болохоос биш сэтгэлийн цаад ариун нандин учгийг хөндөж чадахгүй. 

Марта бүсгүй үргэлж л ажил ихтэй завгүй. Аав нь хорт хавдраар өвчилсөн тул эмчилгээнд зориулж мөнгө олох ёстой гэж цаг үргэлж л хөдөлмөрлөнө. Аавдаа хамгийн үнэтэй гэсэн эм тариаг худалдаж авч өгнө. Харин түүний ах, эгч нар нь аав ээжтэйгээ ихэнх цагаа өнгөрөөнө. Тэд аавыгаа усанд оруулж, дуулж, хууч хөөрч, хооллон, асарч сувилдаг байлаа. 

Нэгэн өдөр Мартагийн урам ихэд хугарчээ. Аав нь "Мартагаас бусад нь намайг хайрлах юм даа" гэж ээжид нь хэлэхийг тэр сонсов. Яагаад тэр билээ? Марта: 
- "Би чинь хайртай аавынхаа эмийг худалдаж авч өгөхийн тулд цаг наргүй ажиллаж байна шүү дээ. Ах, эгч нар минь энэ үнэтэй эм, тариаг авч өгөхөд сохор зоосны ч нэмэр болохгүй байна" гэж бодов. 

Нэгэн удаа Марта заншил ёсоороо оройхон гэртээ ирлээ. Энэ удаа тэрээр гэртээ ирмэгцээ анх удаа аавынхаа орны хажууд суутал аав нь охины гарыг бариад
- "Би чамайг их санадаг. Аав нь нэг их удаан амьдрахгүй байх. Миний охин надтай жаахан ч гэсэн хамт байгаач!" гэлээ. Марта аавынхаа гараас барин, бүтэн шөнөжин хамтдаа байжээ. 

Маргааш өглөө нь Марта гэрийнхэндээ хандаж
- "Одоо би ажлаасаа чөлөө авахаар шийдлээ. Аавтайгаа эцсийн мөч хүртэл нь хамт байх болно. Өнөөдрөөс эхлээд би аавыгаа харж, асарч, дуу дуулж өгнө" гэв. Ингэж хэлэхэд, аав нь маш их баярлан инээмсэглэв. Энэ үед аав нь охиноо өөртөө хичнээн хайртай болохыг мэдэрсэн юм.

No comments:

Post a Comment