Жирийн л нэг өрөөнд жирийн л нэг бүсгүй шанаагаа тулан бодлогоширон сууна. Түүний суусан сандал нь тийм тухтай юм уу, эсвэл тэр өөрөө тэгтлээ их бодолд автаад байгаа хэрэг үү, бүү мэд. Өрөөний байдлыг ажиглавал бас ч жирийн гэж хэлж болохооргүй юм аа. Бас тэр өрөөг нь өрөө гэж нэрлэхэд ч арай л зохицомгүй.
Бүсгүйн суусан өрөөг хүлээлгийн танхимархуу юм уу гэж хэлмээр санагдаж байна. Яагаад гэвэл тэнд хэтэрхий олон хаалга байх аж. Ихэнх нь томоос томоор нээгдсэн байх бөгөөд зарим нь хүн орж болохуйц хагас нээлттэй харагдана. Бүсгүй ийш тийш эргэлдэх хөөрхөн нүдээрээ тэдгээрийн алин руу нь орохоо шийдэж ядах мэт бодолд автана. Ингэтлээ эргэлзээд байгаагийнх нь учрыг олоогүй тул түүнийг үргэжлүүлэн ажиглахаар шийдэв. Хэдэн өмчийн дараа бүсгүйн анхаарлыг гоёмсог хурц гэрэл цацруулсан нэгэн ганган хаалга татав. Тэр суудлаасаа аажимхан өндийгөөд тэр хаалга руу хэд алхтал харин зэрэгцээ хажуугийнх нь том шар хаалга салхинд савах мэт гэнэт цэлийтэл нээгдчихэв.
Бүсгүй цочих мэт зогтуссанаа өнөөх хаалга руу дөхөн очиж шагайж хараад дотор нь байгаа зүйлс тэр чигээрээ нүдэнд нь харагдахад хэсэг зогсож байснаа сонирхол нь буурсан мэт төдөлгүй эргэв. Харин өнөөх хурц гэрэлтэй хаалга томоос том нээгдсэн мөртлөө хурц гэрэлнийх нь цаана юу байгааг оноож харж боломгүй байсан бололтой тэр гараараа нүүрээ халхлаад хаалга руу дөхлөө. Түүнийг тэрхүү хурц гэрэл рүү уусан орохын алдад гэнэт эргэн тойрны бүх хаалга хяхтнан улам томоор нээгдэж эхэлсэн юм. Бүсгүй танхил цагаан хуруунуудаараа амаа таглан инээд алдаад эдгээрийн чухам алин руу нь орохоо мэдэхгүй инээмсэглэн алмайрна.
Зарим хаалганы цаанаас сэтгэл уужрам сайхан хөгжим хангинаж байхад заримынх нь цаанаас тэвдүүхэн хэмнэлтэй түргэн хөгжим хангинана. Бүгд л анхаарлыг нь татах авч шууд яваад орчихмоор санагдахгүй байгаад бүсгүй гайхсан мэт суудал руугаа буцан ухрав. Тэгээд эргэн тойрныхоо хаалгануудыг сайтар хянах мэт эргэцүүлэн харж байхдаа харц нь гэнэт анхааралтайгаар нэгэн хаалга руу төвлөрөв.
Бараг анзаарагдамгүй буланд байрласан тэр хаалга энгийнээс энгийн тул тэгтлээ юунд анхаарлыг нь татсаныг би ч сайн ойлгосонгүй. Харин намайг ийнхүү гайхаширч байхад бүсгүй өнөөх хаалга руу дөхөн очоод болгоомжтойгоор самбарыг нь зөөлхөн түлхсэнээ бариул дээрээс нь атган түлхэж үзэв. Тэгэхэд л би тэрхүү хаалга ганцхаархнаа хаалттай байгааг анзаарлаа.
Хаалттай учраас л тэр хаалга бүсгүйн анхаарлыг татсан бололтой. Хаалттай хэрнээ бас түгжээтэй байгаа бололтой бүсгүйн хичээнгүй оролдлогын хариуд хаалга сохор дүлий мэт дүнсийнэ. Дүнсгэр бас хаалттай хаалгыг бүсгүй хэдэнтаа түлхэж, гаднаас нь тогшиж чимээ өгснөө суудалдаа эргэн очоод тас ширтээд суучихав. Гэрэл цацруулсан хаалга урихнаар дуудах шанаанаас нь төөнөх авч бүсгүй анхаарлаа түүнийг бүрмөсөн халсан мэт зөвхөн цоожтой хаалгыг л ширтэн сууна. Сайхан хөгжимтэй хаалганы цаана жинхэнэ халуун амьдрал буцлах мэт инээд хөөр цалгилах боловч бүсгүй мөн л анзаарсангүй. Хаалга бүхэн түүнийг өөр өөрийнхөө ид шидээр даллан дуудах боловч бүсгүй зөвхөн хаалттай хаалга руу л уйгагүй ширтсээр суув.
Харин хаалга бүсгүйн тэгтлээ ширтээд байгаад ундууцсан улам л баргар царайлан дүнсийнэ. Бүсгүй хүний сониуч зан хэзээ ч онгойхгүй байж мэдэх тэр дүлий хаалганы цаана чухам юу байгааг мэдэхсэн гэсэн шуналдаа бүрэн автсан бололтой шанаагаа тулан бодолд орж, төдөлгүй үзэг цаас аван өнөөх хаалгыг уйгагүй зурж эхлэв. Үзэгний үзүүрээс урган гарах зураас бүрийг тэр сэтгэлийнхээ гүнээс мэрийн татна. Энэ суулт хэзээ ч дуусахгүй мэт удаан үргэлжилэв. Байсхийгээд л би бүсгүйг юу болж байна хэмээн очиж харахад тэр өнөөх л байрандаа өнөөх хаалттай хаалгыг ширтэн, зургийг нь шалаар нэг хөглөртөл зурсаар суух ажээ.
Хэдэн жилийн дараа би тэрхүү зургийг нь цуглуулж эмхэлж янзалчихаад хөшөө мэт нэг байрандаа чулуужиж орхисон тэр бүсгүйн нүүр лүү тонгойн зогсоод сайтар ажигласан юм. Бүсгүйн цэл залуухнаараа чулуужиж орхисон нүд өнөөх хаалга руу ширтсэн хэвээр байсан боловч хацар дээр саяхан урссан мэт халуун нулимс зурайж байхыг олж харав. Би бүсгүйг өрөвдөж, хүйтэн мөлгөр зухыг нь алгаараа зөөлхөн илэх мөчид өнөөх дүнсгэр түгжээтэй хаалганы зүгээс торхийх чимээ гарснаа аажуухан хяхтнан онгойх дуулдав. Эргэн харвал дүлий хаалга ихэмсгээр чихран аажуухан онгойж байлаа. Харин энэ мөчийг удаан хүлээсэн бүсгүйн чулуужсан биенээс уртаар санаа алдах мэт чимээ дуулдав. Гэхдээ тэр байрнаасаа огт хөдлөөгүй.
Харин бүсгүйн тэгтлээ удаан хүлээсэн тэрхүү хаалганы цаана чухам юу байгааг шагайн харахдаа би өөрийн эрхгүй “хн” хэмээн дуугарчихав. Одоо хэр нь дэлгээтэй байгаа эргэн тойрны бусад хаалгануудтай харьцуулбал сайхан нээгдсэн тэр хаалганы цаана хүн гайхаад байх зүйл огт байсангүй. Жирийн л нэг тоосгон хана, жирийн л нэг төмөр ор, жирийн л нэг модон сандал. Азаар бүсгүйн чулуужсан нүд энэ бүхнийг хэзээ ч олж харахгүй биз. Магадгүй тэр тэгтлээ удаан хүлээсэн тэвчээрээ иймхэн дэмий зүйлд зарцуулснаа мэдсэн бол галзуурах байсан биз.
Ай, даа...Хайр сэтгэл ээ гэж...
No comments:
Post a Comment