2011-06-23

Х.Болор-Эрдэнэ - Гоо үзэсгэлэн хаана байдгын бэ?

Ийм нэгэн үлгэрийг бичиж дуусаад сая нэг уужим амьсгаа авав. Гэтэл нөгөөх сэтгэл дотор байраа зассан үзэгний маань хурц хошуу дахиад л хаа нэгтэйгээс дуу алдтал хатгууллаа. Би тэрхүү ханаж цадашгүй үл үзэгдэх шаналгаатай ам уралцан үзэлцмээр санагдав.
- Чи ханахгүй байна уу? Би бичлээ шүү дээ. Үүнээс илүү юу хүсээд байгаа юм бэ? гэж үглэхэд тээр дотроос өнөөх зовлонтой өдөөн хатгалга дахиад л өвдтөл хатгуулав. Би бачимдан сандрахдаа үзгээ шүүрэн аваад ширээгээ цоортол хатгавал үзэг цааш өөрөө чихран хөдөлж ээжийн тухай ийм нэгэн домгийг цаасан дээр буулгаж эхэллээ.  

…Төрүүлсэн үр нь ээжээсээ ичиж явдгийг дуулсан эхийн дотор харанхуйлж хэсэг зуур хүүгээ ширтэн тээнэгэлзсэнээ огцом эргэн алхав. Гэхдээ тэр хүүдээ огт гомдсонгүй. Нэгэнт л өрцнөөс нь унасан юм болохоор эх нь хүүгийнхээ үгийг зөв гэж бодож байлаа. Ингээд ээж хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор алсын аянд гарчээ. Цас хуйсганан нүүр лүү ороолгосоор байсан боловч ээж сиймхий муу хувцсандаа улам гүн шигдээд хунгар туучин алхаад л байлаа. Амьтай болгоныг сөхрүүлэн сөгдүүлж, халуун амьсгалыг царцаан жиндүүлдэг нүд гялбам цагаан цас ээжийн тийнхүү эр зоригтойгоор урагшилж байгаад гайхсан боловч сурсан зангаараа нүүр нүдгүй хайран жиндүүлсээр л байлаа. Харин ээжийн хүүгээ гэсэн сэтгэл ер бусын халуун илч түгээж, суусан газрынх нь цасыг хайлуулан урсгана. Сүүлдээ ээжийн өмнө цас өөрөө сөхрөн суухад хүрэв.  


Тэгээд цас ээжээс,
- Та ингэхэд юуны төлөө ингэтлээ хөр цасыг хайлуулан зүтгээд байгаа юм бэ? гэж гайхан асуув. Ээж
- Би хүүдээ дулаахан сайхан харагдахыг хүсэж байна. Тиймээс гоо сайхныг эрж хайж явна гэж хариулав. Цас ээжийг дагуулан харж хөл доор нь үзэсгэлэнт ширхэгүүдээ дэвсэн зөөллөөд
- Миний анзаарснаар та энэ хорвоогийн хамгийн илчтэй халуун эмэгтэй. Тийм дулаанд хүмүүс дуртай байдаг биз дээ. Таны хүү танаас дулаахан ээж хаанаас олж болохыг би хэлж мэдэхгүй байна. Та буцаад гэртээ харьсан нь дээр байх гэв. Харин ээж
- Хүссэнээ олж аваагүй цагт би эргэж харихгүй гэж хэлээд цааш эрслэн алхав. Цас түүнд энэ хорвоогийн хамгийн гоо сайхан зүйл болох үзэсгэлэнт марал бугыг зааж өгөөд ээжийг аян замд нь үджээ. 

Ээж цааш сар өдрийг алгасан явсаар марал буга дээр очив. Танхил ногоон нугадаа идээшлэн байсан марал буга ээжийг мөргөхөөр завдан мөнгөн эврээ гялтгануулан, цомбон туурайгаараа газрын хөрсийг малтан зогсоход ээж, эелдэг зөөлнөөр инээмсэглээд газраас шүүслэг сайхан өвс тасдан аваад түүн рүү аажимхан дөхөн очив. Харцнаас нь хайр гэрэлтэж, нүүрнээс нь туяа цацарсан тэр эмэгтэйн зөөлөн аалинд уярсан марал буга гараас нь шүүслэг өвсийг амтархан идээд ямар хэргээр хаа хүрэх гэж зорьж явааг нь асуулаа. Ээж хүүдээ сайхан харагдах гэж гоо сайхны эрэлд гарснаа хэлэхэд марал буга ихэд гайхаад
- Хүмүүс бүгдээрээ л буу шагайж намайг хөнөөхийг хүсдэг. Харин та надад энэ нугаас хэзээ ч олж амтлаагүй хамгийн сайхан өвсийг олж өглөө. Таны харц хамгийн зөөлөн бас хамгийн их гэрэлтэй болохыг би анзаарлаа. Тэгэхээр энэ орчлонд танаас сайхан хүн гэж үгүй байх гэж эсэргүүцээд гэр лүүгээ буцахыг зөвлөв. 


Харин ээж санаснаа олж авахаас нааш буцахгүй гэдгээ хэлээд цааш үргэлжлүүлэн явахад марал буга сэтгэл догдлуулан солонгыг зааж өгөөд 
- “Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол солонго гэж би бодож байна. Магадгүй тэр танд туслах биз” гээд хаа байгааг нь зааж өгчээ. Ээж солонгыг хайсаар алжааж ядрахаа ч умартан цааш алхав. Хуурай салхи нүүр алгадан давчдуулах хэдий ч ээж явсаар солонгын амьдардаг газарт хүрч очжээ. 

Борооны дараахан өнгө өнгийн цагирагаараа амьтай болгоныг гайхуулан баясаж байсан солонго гэнэт аяншиж ядарсан ээжийг олж харав. Ээжээс нүдэнд үл үзэгдэм ер бусын гэрэл цацарч байх шиг санагдахад солонго уулын цаанаас түүн рүү өнгийгөөд хаа хүрч явааг нь сонирхон асуулаа. Ээж
- Та энэ хорвоогийн хамгийн сайхан өнгөнүүдийг өөртөө шингээсэн гоо үзэсгэлэнгийн билэг тэмдэг билээ. Би танаас тэрхүү гоо үзэсгэлэнгээсээ ямхыг ч болов өгөөч гэж хүсэхээр зорьж ирлээ. Хүү минь намайг илүү сайхан байлгахыг хүссэн юм гэв. Солонго ээжийн зүг туяаран харснаа
- Ээж минь, та надаас нэг өнгөөр илүү харагдаж байна. Энэ орчлонд байдаг бүх өнгийг би мэдэх боловч танаас цацарч байгаа тэр сайхан өнгөнд чинь атаархаж байна. Тэр бол хайр гэдэг өнгө байна. Надад танд өгөөд байх зүйл алга даа. Та хүүдээ эргэж очсон нь дээр биз ээ гэж хариулав. Ээж санасандаа хүрэхээс нааш гэртээ буцахгүйгээ хэлээд цааш явахаар завдахад солонго ээжид энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл болох дэлгэрч байгаа цэцэг мэт үзэсгэлэнт охиныг зааж өгчээ. 


Ээж охины амьдарч байгаа газрыг эрэн явлаа. Явсаар солонго ч атаархан өнгөө бүдгэрүүлмээр танхил гоо биетэй туяарсан ягаан хацартай, салхи ч хүртэл хайрлаад ширүүхэн үлээж чадамгүй нэгэн гоо охин дээр хүрч очив. Ээж тэр охиныг хармагцаа хоёр нүднээсээ ганц ганцхан дусал нулимс тогхийтэл унагаад өөрийн алдсан бүхнээ олж харах шиг болжээ. Охин ядарч зүдэрсэн ээжийн нулимсыг зөөлхөн хонгор алгаараа арчиж өгөөд яагаад уйлсныг нь асуув. Ээж хүн бүхэнд хайрлагдам гоо үзэсгэлэнг эрж яваагаа хэлэхэд охин гунигтайгаар санаа алдаад
- Миний гоо үзэсгэлэнд харсан бүхэн сөхрөн унадаг нь үнэн. Гэхдээ би төгс биш. Учир нь жинхэнэ гоо үзэсгэлэнг ээж болоод л мэдэрдэг гэнэм. Би хэдийгээр бурханы хамгийн сайхан бүтээл мөн ч гэлээ ээж болсон цагтаа юугаар ч солимгүй тийм гоо үзэсгэлэнгээр үр хүүхэддээ хайрлагдахыг хүсэж байна. Тэгэхээр би энэ орчлонгийн хамгийн сайхан нь биш. Харин та бол тэр төгс гоо үзэсгэлэн яах аргагүй мөн гэжээ. Ингээд охин ээжийг ятган сэнхрүүлсээр нэгэнт ганцаардан зовж байгаа хүү дээрээ очихыг зөвлөв.  


Ээж цас, бороо, солонго, үзэсгэлэнт охиныг алмайруулам хүнд бодолдоо автсаар улам бөгтөр, улам жижигхэн, улам хөгшрөн муухай болоод хөлөө арай ядан зөөж алхсаар гэртээ хүрч иржээ. Гэртээ ирээд хүүгээ харж сэтгэл нь бага зэрэг тайвширсан эх тэр үед 


“Эвий хүү минь, эрх танхил үр минь. Чи л ганцаараа миний гоо үзэсгэлэнг голон гоморхдог. Тэгэхлээр энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол хүү минь, чи минь л байж таарна” гэж бодож байсан юм даа.

No comments:

Post a Comment