Дотоод ертөнц хэмээх гоо үзэсгэлэнгийн хайгуулд зах хязгаар байдаггүй бололтой. Нууцхан хүсэл, тэмүүлэл далдхан оршдог ч сэтгэл хэмээх орон зайд хааяа ч болов гэсэн эрх чөлөөг олгох хэрэгтэй мэт.
Өнөөдрөөс эхлэн би энэ эрх чөлөөг өөрийнхөө сэтгэлд олгохоор шийдэн, буулган сийрүүлэхээр шийдлээ. Илэрхийлэл гэдэг зүйл гайхалтай л даа, гэхдээ миний хувьд мөхөс байвал ойлгоно биз ээ. Дотроо бодсоор л зөвхөн тэр нэг хэсэгтэйгээ амьдрал хэмээх бяцхан урланг төсөөлөхөөс илүүтэй илэрхийлэлээ улам баяжуулан, энэ ертөнцийн гоо үзэсгэлэнд шунан дурлаж, мэдлэг оюунаа хөгжүүлэхээр ийнхүү хуудас цаас, үзгийг хослууллаа.
Хайр - ноорог
Хайр бол хүн төрөлхтний хамгийн нандин, хамгийн эрхэм, хамгийн гайхалтай мэдрэмж. Хэн нэгнийг хайрласнаар өөрийгөө ямар сайн, сайхан хүн гэдгээ мэдэрч, энэ хорвоогийн хувь заяанд талархах сэтгэл төрөх биз ээ. Амьд байгаль, хүн хайрын мэдрэмжээр холбогдож нэг нэгнийгээ хайрлан энэрч, зохицон амьдарсаар ирсэн билээ, амьдарсаар ч. Бид үүнийг өөрсдөө ч мэдээгүй байдаг.
Наран мандаж гэрлээ харамгүй түгээхэд өчигдөр оройн сэрүүнд нуугдан байсан цэцэгс дэлбээгээ тал бүрээс нээн, талархаж буйгаа үүгээр илэрхийлнэ. Хайрыг хүсч, шаардаж бус сэтгэлийн дулаан илчээрээ төөнөхөд л энэ хайр өөрөө тархан, бусдад шим тэжээлээ, үр өгөөжөө өгсөөр байдаг. Ертөнцийн гоо үзэсгэлэн энэ сайхан илчтэй хором бүрийг алдахыг хүсдэггүй байх л даа.
Уран шувуу тал нутгийн үзэсгэлэн гоог бишрэн, уянгалуулан жиргэхэд, сэрүүн салхи тээр алсаас навчсыг сэрчигнүүлэн би ч бас гэх шиг...
No comments:
Post a Comment