Хүмүүн гэгч сэтгэлийн амьтан, хүмүний ертөнц гэгч бүхэлдээ сэтгэлийн ертөнц юм. Сэтгэлгүйгээр хүмүний ертөнцийг тодорхойлох, төсөөлөх ахул хий хоосон, амьгүй сүг сүүдэр л төсөөлөгдөнө.
Сэтгэлээрээ энэ ертөнцийг чимж, адгуус амьтдаас ялгарч байдаг. Хүнээс ч илүүг сэтгэх чадвартай машиныг бид бүтээж чадах авч харин хүн шиг сэтгэлтэйг бүтээх чадвар буян амлаад ч, бурхан тахиад ч байхгүй билээ.
“Хүнийг хамгийн сайн ойлгодог хүн л хамгийн сайн зохиолч байдаг” гэсэн нэг үг ч бий. Хүнийг ойлгох гэдэг нь хүний сэтгэлийг л ойлгох явдал юм. Өөрөөр хэлбэл сайн уран бүтээлч нь сайн сэтгэлзүйч байдаг. Гэхдээ энэ нь зүгээр л нэг сэтгэлзүйн судалгааны ажилтан мэтээр хэлж буй хэрэг биш, харин хүмүүний сэтгэлийн өчүүхэн ч төдий болов хувиралыг маш энгийнээр, тийм атлаа тод уран илэрхийлэн харуулах явдал юм.
“Хүнийг таних тусам адгуустай нөхөрлөх юмсан гэсэн хүслэн төрдөг” Гёте
“Сайхан сэтгэл гэгч морь биш, түүнийг унаад хол явах боломжгүй” гэдэг нь мөн чанар бөгөөд борог өвсний шаргалтаж хатсан үзүүрт хяруу гялалзахад гуниг төрөх, зуурхан танилцсан нэгнийг гудамны булан тойрон эргэж ирэхгүйгээр одоход үүрдийн ижилсэлд ууссанаа мэдрэх, ээжийгээ энэрэн хайрлах, эх орчлонгийн явдалд итгэл алдрах энэ бүгд уг язгуурынхаа хувьд адилхан юм. Уран бүтээлч нь энэ сэтгэлийн язгуурт буй өчүүхэн ч атугай хөдөлгөөнийг сэрж мэдэрч, зураач хүн яг тэр өнгийг нь дотоод сэтгэлдээ харахын адилаар үгээр, өгүүлбэрээр хэрхэн яаж илэрхийлж буйд л хамаг учир нь байна. Эхэнд дурдсан сэтгэл, хийгээд сэтгэлгээний ялгаатай тал нь нарийн буюу ахуйн “хэрэглээний” бус түвшинд ялгаж салгахын аргагүй харилцан хамааралтай болж, сэтгэлгээний гоо сайхан гэгч төгс төгөлдөр урланг бүтээдэг.
No comments:
Post a Comment