Нэгэн эмэгтэй нөхрийнхөө эзгүйд шургуулган дотроосоо гоёл чимэглэлийн хайрцаг гаргаж ирээд бодол болон гиюүрсэн байдалтайгаар доторхийг нь үзэж байна. Нөхөр нь гаднаас орж ирэх дуунаар нөгөөх хайрцгаа бушуухан шиг буцааж хийгээд нөхөр рүүгээ харан инээмсэглэв.
Асуулт: Энэ бүсгүй нөхрөөсөө юуг нуув?
Хүүхнүүдийн хариулт: Хайрцган дотор нь урьдах амьдралтай нь холбоотой юм байгаа байх... нууц амрагийнх нь захиа зурваснууд... шүлэг... зурагнууд... энэ харьцаагаа дуусгах уу, үргэлжлүүлэх үү гэж бодож байна... хайрцганд жирэмсний тест байгаа байх, гэхдээ өөрийнх нь биш, өөр хүнийх. Нөхрийгөө яахыг нь үзэх гэж хүнээс худалдаж авсан байх, хэрэг болсон үед үзүүлэх гээд....
Эмэгтэйчүүд шууд л, эхнэр нь нөхрөөсөө юу нуугаад байна гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэн хариулж байгаа биз? Хайрцаг дотор юу байгаа талаар л яриад байв.
Эрчүүдийн хариулт: Эхнэр нь нөхрөөсөө нэг хайрцаг нуучихлаа... ягаан хайрцаг нуусан.... хайрцаг л нуучихлаа шүү дээ....
Бүх эрчүүд ингэж хариулав. Шууд асуулт – шууд хариулт. Хайрцганд юу байгаа, яагаад түүнийг нууж байгаа, ер нь тэнд нөхрөөсөө нуух юм байгаа юу, үгүй юу гэдэг нь өөр асуудал, энэ тухай бол асуугаагүй гэдгийг туршилтанд оролцсон бүх залуус ойлгож байжээ.
Туршилтаар, эрэгтэй эмэгтэй хүн асуудлыг өөр өөрөөр хүлээж авч хардаг гэдэг нь батлагдаж байна. Эрчүүд – бодит, байж байгаа зүйлийг л анхаардаг бол эмэгтэйчүүд байгаа бодит зүйлд анхаарлаа хандуулдаггүй, бодол нь өөр тийш ургаад явчихдаг гэдэг нь харагдав.
Эхнэр нөхөр хоёр ямар нэгэн үдэшлэгт ч юмуу олон хүнтэй танхимд орж ирлээ гэхэд байгаа дүр зургийг өөр өөрөөр харан өгөгдлийг боловсруулж эхэлдэг. Эрэгтэй хүн юун түрүүнд тухайн танхимыг анзаараад, орох, гарах хаалга болон цонхнуудын байрлал, хэр олон хүн байна гэх мэт. Харин эмэгтэй хүн хүмүүсийн хоорондын харьцааг шууд харж эхэлдэг. Хэн нь хэнтэй ямар харьцаатай юм байна гэдгийг мэдрээд явчихдаг. “Энэ хоёрын дундуур нэг юм гүйсэн бололтой” гэх мэтээр маш сайн мэдэрдэг. Эрэгтэй хүн бол огт анзаарахгүй сэтгэл санаатай холбоотой аар саар зүйлийг эмэгтэй хүн анзаарч чаддаг.
Сэтгэл зүйч Игорь Толмачев:
Эмэгтэй хүний сэтгэхүй эрэгтэйнхээс өөр зүгт байдаг. Ерөнхийдөө хүмүүн бидний мөн чанар бол олон сая жилийн өмнөх шигээ л хэвээр байгаа юм шүү дээ. Анчин эрийн зарчим бол – ал, эсвэл зугт, ийм л байсан. Амьд үлдэхийн тулд тэрээр маш хурдан хугацаанд зөв шийдвэр гаргах ёстой.
- Алах уу
- Зугтах уу?
Харин эмэгтэйчүүд бол аюулгүй тайван байдалд, агуйдаа байж байдаг байсан учраас тэдэнд хурдан бодож шийдвэр гаргах хэрэгцээ байсангүй. Тийм болохоор эмэгтэй хүн аливаа ахуйн асуудалд хэд хэдэн хувилбарын шийдвэр эрэгцүүлэх боломжтой байж.
Ийм учраас эмэгтэй хүнтэй маргана гэдэг хэцүүхэн асуудал байдаг. Эрэгтэй хүний гаргаж тавьсан ултай суурьтай баримттай зүйлийн эсрэг эмэгтэй хүн зуу зуун няцаалт олж чаддаг. Эрчүүдийн амыг тагладаг хамгийн гол няцаалт нь
- “Яадгийн тэгээд?..”. Нээрээ л маргахын аргагүй байгаа биз?
Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг өөр шигээ сэтгэдэг байгаасай гэж хүсдэг, харин энэ нь угаасаа боломжгүй зүйл юм, яагаад гэвэл тэдний сэтгэхүй цаанаасаа, байгалиас заяагдсан.
Эмэгтэй хүнээс эр сэтгэлгээг хүлээгээд нэмэргүй, тэгснээс эм сэтгэлгээг нь хүлээж аваад дуугүй байж байсан нь бараг өлзийтэй. “Хэрэв эмэгтэй хүн буруутай байвал түүнээс уучлалт гуй” гэдэг хэлц зүгээр ч нэг бий болоогүй бололтой...
Эрчүүд өөрийнхөө төсөөллийн төгс эмэгтэйг бүх насаараа хайрлана хэмээн хайгаад хайгаад олж чаддаггүй, тэгээд мөрөөдлийн төгс эмэгтэйгээ хажуугаараа өнгөрөөчихөж гэж боддог.
Эрчүүдийн хүсээд, хүлээгээд байдаг төгс эмэгтэй гэж байдаг юм уу?
Эрчүүдийн ярианаас:
“Нэг юманд явах болоход улаан даашинз өмсөх үү, харыг өмсөх үү гээд бөөн юм болно, 10-20 удаа бодлоо өөрчилнө... Яг гарах гэж байснаа “үгүй ээ, Лена бас хар даашинзтай ирчихэж магадгүй” гээд л эргэж буцаад... би ерөөсөө ойлгохгүй байна, ямар ялгаа байгаа юм бэ, алийг нь ч өмссөн яадаг юм?...”
“Өөрөө өөрийнхөө зургийг авч байгаа эмэгтэйг харахад... ёо... үүн шиг аймар юм байхгүй байх...”
“Эмэгтэйчүүд цаг барьдаггүй, дандаа хожимдож ирдэг... худлаа ярьдаг...”
“Хүүхнүүд бүгд чалчаа, ам нь хуурай байна гэж байхгүй... яриад л байна, үнэн ядаргаатай...”
Тийм ээ, хүүхнүүд ярих дуртай. Утсаар хэдэн цаг ярина, хамт суугаад кино үзэхэд дуугүй үзнэ гэж байхгүй, эгээтэй л спортын тайлбарлагч аятай... Энэ бол эрчүүдийг хамгийн их бухимдуулдаг зүйл.
Бүсгүйчүүдийг элдэв долоон юм чалчдаггүй, зөвхөн хэрэгтэй зүйл л ярьдаг байгаасай гэж эрчүүд хүсдэг.
Эмэгтэйчүүд үнэхээр тийм чалчаа юу?
Өрөөнд нэгэн зөөлөн тоглоом тавиад гурван эмэгтэйг тийш нь оруулав.
Даалгавар: Энэ тоглоомыг хараад дүрсэлж хэлэх. Хүүхнүүд өрөөнд орж ирээд тоглоомыг харснаа “Өө, энэ чинь мэлхий юм биш үү?.... ямар инээдтэй амьтан бэ... Чернобылийн цацраг идэвхит туяаны нөлөөлөлд орсон мэлхий юм байна л даа... үгүй ээ, харь гаригийн амьтан байна... нүд нь өвчилчихсөн аварга хулгана байна аа...” гэх мэтээр хөхрөлдөн ярилцаж эхлэв. Энд нэг зүйлийг анхааруулахад, эдгээр бүсгүйчүүд нэг нэгийгээ огт танихгүй, дөнгөж сая л нүүр тулж байгаа улсууд. Гэтэл ердөө л 15 секунд өнгөрөхөд хэзээ язааны танилууд, найзууд мэт яриа өрнүүлээд эхэлж байгааг харахгүй юу? Бүр салах янзгүй гээч...
Одоо өнөөх тоглоомыг гурван залууд үзүүлье
Залуус өрөөнд орж ирээд ганц ч үг хоорондоо солилгүй, нэг нэг рүүгээ ч харалгүйгээр, зөвхөн тоглоомыг л ширтэж байснаа гараад явлаа.
1. “Өрөөнд зөөлөн тоглоом байсан, нэг тийм, сонин амьтан: 4 гартай, 2 хөлтэй, нүд нь хачин байрлалтай, тээр дээрээ”
2. “Зөөлөн тоглоом байсан, 5 шүдтэй, 4 гартай, том амтай, ам нь улаан. Буруу хийгдсэн мэлхий юмуу гэмээр хачин амьтан.”
3.“Харь гаригийн амьтан”
Харин хүүхнүүд тоглоомыг дүрслэх гэхээсээ илүү ургуулан бодсон түмэн зүйл ярив. Ийнхүү, эрчүүд “юу харснаа ярих” гэсэн даалгаварыг л яг таг биелүүлсэн бол хүүхнүүд “ургуулан бод” гэсэн даалгавар авсан мэт бүгд өөр өөрийн, бүхэл бүтэн үлгэр зохиож ярьлаа. Дүүд нь тийм тоглоом байхгүй гэдгийг ч дурьдаад авав.
Сэтгэл зүйч Игорь Толмачев:
Бүсгүйчүүдэд хэл яриа илүү их хөгжсөн байдаг. Эрдэмтдийн тогтоосноор, эмэгтэй хүн өдөрт 21000–аас доошгүй үг хэлж байж сэтгэлийн тав тухдаа хүрдэг бол эрчүүд 7000 үг хэлсэн байхад л болоод явчихдаг. Үүний учир мөн л элэнц хуланцын үеэс үүдэлтэй. Ан гөрөө хийж явахад олон юм ярих шаардлага байхгүй, харин агнах гэж байгаа амьтнаа үргээчихгүйн тулд дуу чимээ гаргадаггүй. Харин эмэгтэйчүүд агуйдаа түмэн асуудлыг /хоол хийх, ангийн арьсаар хувцас урлах, хүүхдүүдээ харах г.м./ шийдэн амжуулдаг байв. Энэ бүх ажлыг хоорондоо ярьж хөөрөлгүйгээр хийнэ гэдэг боломжгүй байсан нь мэдээж.
Оросын шинжлэх ухааны академийн хүн судлалын институтын мэдрэлийн системийн хөгжил судалгааны лабораторийн эрхлэгч Сергей Савельев:
Эмэгтэй хүний тархины хэл ярианы төв эрэгтэй хүнийхээс харьцангуй том байдаг юм. Үүнийг том байлгахын тулд тархины бусад хэсгээс танагдсан гэсэн үг. Тийм болохоор, ялангуяа хүүхэд төрүүлэх насны залуу бүсгүйчүүд хэдэн цагаар “утаснаас дүүжлээстэй” байдаг, ийш тийш залгаад л яриад байна... Энэ бол цэвэр зөн, хүн бол байгалийн амьтан гэдгийн баталгаа. Аливаа амьд амьтны зөн бол – үр төлөө үлдээхэд оршдог. Хэдий чинээ олон холболт хийнэ – үр төлөө үлдээх холболтонд хүрэх боломж төдий чинээ нэмэгдэнэ, үүнийг байгаль цаанаас нь хийгээд өгсөн учраас эмэгтэй хүний дотоод ухамсар нь ажиллаж байгаа нь тэр: өдөр ч шөнө ч, амаа хамхилгүй хэн хүнтэй яриад байхад бэлэн...
Эмэгтэй хүн хэдий яриа ч гэсэн бас сонсож чаддаг, сонсох тун ч дуртай. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг. Үүнийг нь ойлгодог ёс суртахуунгүй этгээдүүд “хүүхэн панаалдахдаа” амжилттай ашигладаг. Ямар ч хүүхнийг зад панаалдаж хүссэнээ хийлгэж болдог гэж эрчүүд хэлдэг.
Светлана Барковская, сэтгэл зүйч:
Эрэгтэй хүн хайр сэтгэлээ үгээр илэрхийлэхэд нь эмэгтэйчүүд их дуртай байдаг. Өөрт нь яаж үхэж байгааг нь яриулах, өөрийнхөө гоё сайхныг яриулах, нэг үгээр хэлэхэд, эрчүүдэд өөрийгөө тольдох дуртай. Чи тийм ийм гээд л магтаад ярихад нь хүүхнүүд нүдэн дээр цэцэглээд ирдэг, яг л тордуулж байгаа цэцэг мэт. Чихэнд чимэгтэй үг сонсох – энэ бол хүүхнүүдийн нэн чухал хэрэгцээ!
Эр хүний зүрхэнд хүрэх зам ходоодоор нь дамждаг гэдэг бол эм хүний зүрхэнд хүрэх зам чихээр нь дамждаг гэхэд болно. Хайртай хүүхэн чинь танд уурлаад яваад өгсөн бол чихэнд нь чимэгтэй үгээр зэвсэглээд оч. Таныг уучлахгүй хөөгөөд байвал бүү цөхөр. Зүгээр л, та хангалттай их яриагүй байна л гэсэн үг. Түүний ямар сайхан, харин та өөрөө ямар тэнэг гэдгийг чинь ханатлаа сонсоогүй байна гэсэн үг. Бас “би чамд хайртай” гэдгээ ч хэлээрэй, харин худал хэлж хэрэггүй шүү.
Эрэгтэй хүнд харц чухал байсаар ирсэн нь ан хийхэд хараа чухал байсны илрэл. Харин эмэгтэй хүн харанхуй агуйд чихээ илүү ажиллуулдаг байсан. Тиймээс, эр хүн харж дурладаг, эмэгтэй хүн сонсож дурладаг.
No comments:
Post a Comment