2010-11-02

Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг /Хэн нэгний шүлэг/


Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх
Дэлхийн аашинд дасаж ядах, хэнзхэн цэнхэр яргуй бүсгүй та
Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг
Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь бүсгүй та




Халтай жаргалтай хүний орчлонгоос хорвоогийн өнгийг мэдэрдэг
Хайрлаад ч үл барам ховор эрдэнэ минь
Дундрашгүй хайрын дуртгалыг тээсэн он жилүүдийн мөнгөн хэлхээс
Дуусашгүй амьдралын авралын сахиус нь бүсгүй та

Удмын хэлхээг залгах хүслийн чандмань эрдэнэ
Ургийн холбоог дархлах голомтонд гийсэн нар нь
Сэтгэл зүрхээрээ надад онгодын сахиус илгээсэн
Бүсгүй минь та тэнгэрийн хүн

Бүсгүй минь та толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтдэг.

Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Тэмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнээ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг

Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.


Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг

Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ
Бүсгүй минь та, бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай

No comments:

Post a Comment