2010-11-03

Яруу найрагч Доржпаламын ХУРЦ

Яруу найрагч Доржпаламын ХУРЦ гуайн уран бүтээлийг сонирхлоо. Уудам нутгийн сэлүүхэн сэтгэхүйтэй, утга уянгын халилыг сэтгэлийн, ухааны, мэдлэгийн цараараа илэрхийлсэн нь бяцхан санааг сэдүүлэхэд, урамшин олзуурхлаа. Бүлээн дулаан үгсийн хоршил нь, үнэн хатууг зөөллөн илэрхийлсэн ч амьдралын мөчлөгийг нүдэнд харагдтал, сэтгэл гэгэлзэж, шимширтэл өгүүлсэн найраглалд нь хэсэг халамцлаа. Уянгын гурван найраглалын хэсгээс сонирхуулья


Хорвоо гэдэг уужуухан бас давчуухан
Орон зайн орчил
Хоёр биш ганц төрөх хүмүүний тавилан
Олдсон заяаны оршил
Хослон амьдрахын хувь
Бидэндээ заяасан бурхны хишиг
Холдож чадахгүй аргамжаанд эрэгцүүлсэн хайр сэтгэл
Мөнхийн дурсгал


Нүд нүдээн олж дуугүйхэн ширтэлцсэн бүдэг таталбар
Үг үгээ отож нойроо хулжаасан бодлын зэрэглээ
Нүгэл, нүглийг умартаж нүцгэн тэврэлдсэн нүдгүй харанхуй
Үйл үйлээ дагаж, мөр мөрөөн түшилцсэн мөнхийн хязгааргүй


Үүрийн гэгээтэй жаргал авчирсан замын эхэн
Үрийн дуутай зүүдэнд ирсэн галын бурхан
Салхи хөлөглөн тэнгэрээс буугаагүй хүний элэгтэй бодгал
Сайнтай муутай орчлонгийн зайд хөл дээрээ тэнцсэн хүний үр

Үндэстэй мод цэцэглэдэг нь хур борооны хишиг
Үртэй хүн жаргадаг нь хүмүн бидний хишиг
Төрсний эцэст үхнэ гэдэг ертөнцийн хатуу хууль
Төвшин заяаг дээдлэнэ гэдэг өөрийн хүртэх хувь



Бие биеэ сэтгэлээр тэжээж
Бэрх хэцүүд итгэлээ нэгтгэж
Хатууд адилхан билүү байя
Харанхуйд ижилхэн дэнлүү байя
Хүйтэнд хоёулаа нөмөр байя

Эх эцгээ халамжаар шагнаж
Үеийн үедээ үлгэр больё
Үр хүүхдээ энэрлээр өсгөж
Энэ насны жаргалаа эдлэе.


Нуурандаа төөрсөн дэгдээхэй шиг
Хүний үр гасалж явна
Нугандаа хагдарсан цэцэг шиг
Хөөрхий охин гандаж явна
Хаашаа ч харсан хана хэрэм
Хаана очихоо үл мэдэн
Хараа цуцаан уймарч явна.


Нарны туяа шилэнд хугарч
Нойтон сормуус гялбуулна
Нас үеийн олон хүүхэд
Наргиа, инээд цэлэлзүүлнэ.

Минийх минийх гэж гайхуулдаг
Миний охин чинийх биш
Хэлсэн үгээ санана
Хэнхдэг цээж багтрана.

No comments:

Post a Comment