Утга уянгын илэрхийлэлд саатахдаа ч энэ хорвоод мэндэлсэн агшнаас энэ мөч хүртэлх сэтгэлийн орон зайг өгүүлэхийг хүсэн хичээн зорилоо.
Тэр нэгэн намар оройн сэрүүнд
Даваа хүү ижийгээн сахин суухдаа
Өдөр хоногийг уртасгаж болдог бол
Өндөр тэнгэр минь ижий бурхныг минь
Өнө хойшид үр надтай нь
Өргөн хорвоог хамт туулуулж хайрлаач хэмээн
Дотор сэтгэлдээ залбиран
Гаднаа тайван сэтгэлийн илэрхийлэл
Инээмсэглэл тодруулан байлаа.
Хорвоо ертөнцийн жам хойно
Хойшлуулж болдоггүй нь тэнгэрийн гэсгээл
Хоромхон төдий л сэтгэл тайвшруулж, итгэл төрүүлчихээд л
Хөтлөлцөн авч оддог нь үнэний тавилаан
Аргадах сэтгэлээн тайвшруулж ч амжаагүй байтал
Аз жаргалын цэгээхэн хүсэл шиг нь
Аав боллоо шүү дээ та, охинтой боллоо хэмээх мэдээ
Аюулхай цээж рүү нь чих цангинан цуурайтлаа
Асгарах гунигаан мартан амраг хань руугаа яаран гүйлээ
Алив охин минь хэмээн баярлан хөөрөхдөө
Ай Хөх тэнгэр минь таньдаа баярлалаа
Амь бурхан минь үрдээ үр болон мэндэллээ
Амьдрал чамд би ямар их хайртай гээч ...
... Ижий хэмээх бурхны тавилантай
Инээж уйлахын заагтай ертөнцөд
Энэхэн биеийн эхлэл оршиж
Энэрэнгүй хайрын сэтгэлийн баянд
Ээ би ямархан азтай төрсөн юм бэ?
Сүү шиг сэтгэлийн цагааханд умбалаа
Сүнс сүүдэр шиг айдаст хорвоог
Эцгийнхээ өврөөр аргадан холдуулж
Энх амгалан хичнээн жилийг хамт үдэв ээ?
Хүүхэд насны минь өдрүүд гэгээхэн бас жигүүртэй ч
Алхааг нь гүйцэх гэж хөтлөлцөн гүйж байсан
Аавын минь бэлэглэсэн өдрүүдтэй
Алсран холдон одож дээ ...
... Алс холыг зорин ирэхдээ
Амин үрдээ л битүүхэндээ бэлгийн дээдийг өргөнө
Аяа би хөөрөн гүйчихээд л
Айлын хүүхдүүдэд гайхуулан хуваалцана.
Хаашаа л явна сүүдэр нь юм шиг л
Хазайгаад үзээрэй хэмээн
Харцаараан айлгачихаад л
Харин ч мөн дог зоригтой алхдагсан
Алтан биш гуулин бөгжийг
Алив охин минь зүү дээ хэмээн
Алаг зүрхний угаасаа урлан өгсөн
Аминаас минь үнэтэй мэт тэр бөгжинд би хайртай
... Уудам цэлгэр талд тонгочиж өссөн
Урсгал усны мяралзаанд харцаан сэргээсэн
Моддын сэрчигнээн нь бүүвэйн дуу аялах мэт дотнохон
Миний төрсөн нутаг Дорнод сайхаан...
Гуч машины бүхээгт аав бидэн хоёр
Гурав дөрвөн хоньдтой ханьсан
Хот газрын соёлыг үзэхээр
Хоёр өдрийн зам туулж ирсэн анхны зун
Тэр нэг жилийн хүслээр Зайсан толгой гарч
Тэгвэл одоо ийшээ хэмээн даварч байсан давилуун үе
Хүүхэд бүхний хүслэн парк
Хүссэнээ тогло оо миний охин
Гар буу хаана байдгын хэмээн
Ганцхан асуултаар ангайлгаж байсан томоогүй нас
Арван найман насны хавар
Амьдрал надаас амины минь нэг хэсгээс авч одлоо
Алгуурхан биш нүд ирмэхийн зуур өрнөхөд
Үнэндээ би итгэж чадсангүй
Нулимс минь урссангүй
Сэтгэл минь ч өвдсөнгүй
Хажууд минь байгаа гэж
Хичнээн жил өөрийгөө хуурав
Харин нэг л өдөр
Сэтгэл минь мэдчихээд
Сэмэрдэг болчихож
Уяхан хорвоод уйлахгүй юм бол
Нулимсаар яах юм бэ?
Урсгаж сэтгэлээн тайвшруулахгүй юм бол
Жаргалтай гээд ч яахын бэ?
Сэтгэлийн баянд тань тансаг амьдарсаан
Сэмбэрүү цэцэг шиг хайрласан хайранд өлгийдүүлж торнисоон
Үнэнгүй хорвоотой тэмцэж амьдарсан
Өгөөмөр, хөдөлмөрч ААВТАЙ БИ БАЯН ХҮН.
Өнөөдөр ч, маргааш ч тийм ээ
Үргэлж хойшид, амь сэтгэлтэйгээн хамт
ӨНДӨР ТЭНГЭР ШИГ ААВТАЙГААН ХАМТ БАЙНА АА.
No comments:
Post a Comment